Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 161/2022/0126/Э |
Дугаар | 2022/ШЦТ/122 |
Огноо | 2022-08-22 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/122
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,
Шүүгдэгч С.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.э овогт С-гийн Л-д холбогдох эрүүгийн 2213001150162 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн технологич мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд ........... ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.э овогт С-гийн Л-, регистрийн дугаар:БЮ..............
Шүүгдэгч С.Л-ий холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Л- нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд 69-65 БӨҮ улсын дугаартай Тоёота провокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн урд талын замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч, хохирогч С.О-ийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
1.2. Шүүгдэгч С.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213001150162 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
2.1. Жолооч С.Л-гийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,
2.2. Зам тээврийн ослын газарт болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13 дахь тал/,
2.3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14 дэх тал/,
2.4. Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 21-26 дахь тал/,
2.5. Хохирогч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 39 дэх тал/,
2.6. Гэрч Г.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
2.7. Баян-Өлгий аймгийн Шинжилгээний албаны 2022 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 344 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
2.8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
2.9. Баян-Өлгий аймгийн автотээврийн төвийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
2.10. “Алтан көлик” авто сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн багшийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
2.11. Шинжээч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,
2.12. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0195 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 80-84 дэх тал/,
2.13. Шүүгдэгч С.Л- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дэх тал/,
2.14. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Л-ээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Л-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3.3. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
4.1. Шүүгдэгч С.Л- нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд 69-65 БӨҮ улсын дугаартай Тоёота провокс маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн урд талын замаар замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч, хохирогч С.О-ийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
4.1.1. Жолооч С.Л-гийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,
4.1.2. Зам тээврийн ослын газарт болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13 дахь тал/,
4.1.3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14 дэх тал/,
4.1.4. Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 21-26 дахь тал/,
4.1.5. Хохирогч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тус өдөр Сагсай сумаас аймгийн төвд ирсэн жүжигчид жүжиг тоглох гэж байгаа талаар сонсоод жүжиг үзэхээр ирсэн байсан. Тэгээд театрт 19 цаг 30 минутын үед очиж жүжиг үзэж суугаад 22 цаг өнгөрсөн үед тэндээсээ гараад хүү Эрдэнэтогтохын гэрт очихоор замын урд талаар алхаж явж байгаад зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлээд зам дээр унасан. Тухайн үед би эхлээд өөрийн гарах гэж байгаа талын эгнээ лүү харсан, холоос нэг машин ирж байгаа харагдсан тул би тэр машин ирэхээс өмнө амжаад зам гарчихъя гэж бодоод баруун зүүн тийш урсгалттай эгнээнээс нь гарч байх хугацаанд миний цүнхэнд байсан гар утас маань дуугарсан тул гар утсаа цүнхнээсээ гаргаж авах гээд цүнхээ уудлангаа замаар гарч байхад зүүнээс баруун тийш явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд л намайг мөргөөд зогссон. Тэгээд тэр машинаас жолооч нь болон бас нэг эмэгтэй бууж ирээд эмэгтэй нь надад хандаад “та ямар сонин юм вэ, замын голоор алхаад байхдаа яадаг байна” гээд намайг загнаад байсан. Тэр агшинд миний ухаан санаа балмагдсан байсан. Ингээд би замаас босох гэсэн боловч миний хөл маш их өвдөөд босож чадахгүй байсан тул тэр хоёр хүнийг түшиж баруун хөлөө чирж зууралдсаар байгаад замын хажууд очиж суусан. Тэр үед жолоочийн хажууд явсан эмэгтэй нь эмнэлэг болон цагдаа луу залгаад байсан. Би өөрөө цагдаа эмнэлэг яахав дээ, та нар миний хүүхдийг дуудаад өгөөч гэж ярьж байгаад өөрөө хүү Эрдэнэтогтох руу залгасан. Удалгүй түргэний машин цагдаа нар ч хүрээд ирсэн. Тэгээд тэд нар намайг эмнэлэгт дагуулсаар орсон..., ...Би С.Л-гээс нийтдээ 3,000,000 төгрөг нэхэмжилсэн юм. Үүнээс надад учирсан хохирлыг буюу миний нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг тэр надад бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 39 дэх тал/,
4.1.6. Гэрч Г.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Нөхөр бид хоёр 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 цаг 30 минутын үед аймгийн Хөгжимт драмын театрт жүжиг үзсэн. Жүжиг маань 22 цаг өнгөрөөд тарсан. Улмаар театраас гараад зогсоолд байршуулсан машиндаа очиж суугаад нөхөр бид хоёр машинтайгаа гэр лүү хөдлөөд явж байх замдаа Өлгий сумын 2 дугаар ахлах сургуулийн урд талын замын голоор нэг эмэгтэй хүн явж байгаа харагдсан. Тэгтэл би нөхөртөө хөөш хүн явж байна, хүн хүн гэж хэлэх хооронд нөхөр маань машиныхаа тоормосоо гишгээд зогссон. Нөгөө хүнийг яг тулж ирээд зогсох шиг болсон. Тэгээд нөхөр бид хоёр машинаас буугаад ирэхэд тэр хүн “хөл хөл” гэсэн байдалтай бөгсөн биеэрээ газарт суучихсан байсан. Тэгээд би сандраад цагдаа болон түргэн лүү залгасан. Удалгүй цагдаа түргэн хоёр хүрээд ирсэн тул би тэр хүний хамт эмнэлэгт очиж үзүүлсэн. Харин нөхөр маань тухайн газарт машиныхаа хажууд үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
4.1.7. Баян-Өлгий аймгийн Шинжилгээний албаны 2022 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 344 дугаартай “Иргэн С.О-ийн биед баруун тахилзуур ясны цууралт, билүү гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
4.1.8. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай “...С.Л-гийн цусанд этилийн спирт илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
4.1.9. Баян-Өлгий аймгийн автотээврийн төвийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаартай “...Тоёота провокс маркийн 69-65 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн байна. Тоормос нь явуулж шалгахад хэвийн ажиллагаатай, нэг гишгэлтээр жигд барьж байв. Жолооны механизм нь сул зайгүй хэвийн, дохионы гэрлүүд жигд ажиллагаатай. Гэрэлтүүлэх хэрэгслүүд болон хол, ойрын гэрлүүд бүрэн ажиллаж байв. Тоёота провокс маркийн 69-65 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдал нь осол гарах шууд шалтгаан болоогүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
4.1.10. “Алтан көлик” авто сургуулийн замын хөдөлгөөний дүрмийн багшийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай “...жолооч С.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад гол шалтгаан болсон байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
4.1.11. Шинжээч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Жолооч С.Л- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,
4.1.12. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн БӨА-22-0195 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 80-84 дэх тал/,
4.1.13. Шүүгдэгч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны орой Увс аймгаас ирсэн уран сайханчдын жүжиг үзээд тэндээс гарсан. Тухайн жүжиг аймгийн Хөгжмийн Драмын Театрт болсон бөгөөд жүжгийг эхнэрийн хамт очиж үзсэн бөгөөд театраас 22 цаг 30 минутын үед гараад театрын гадна талын зогсоолд байршуулсан өөрийн “Тоёота провокс” маркийн 69-65 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суугаад эхнэрийн хамт гэрлүүгээ хөдөлсөн. Би театрын урд талын зогсоолоос ухарч гараад төв замдаа ороол Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар бүрэн дунд сургуулийн урд талын засмал замаар гэрийнхээ зүг рүү буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглээд явж байхад урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ холын гэрлээс ойрын гэрэлд шилжүүлээгүй байсан тул тухайн тээврийн хэрэгслийн гэрэлд миний нүдийг гялбаад явж байсан. Ингээд явж байхад миний эхнэр “ хүүшээ урд чинь хүн явж байна зогсоорой” гэж хэлсэн энэ үед би машинаа зогсоохын хооронд л миний өөдөөс замын урд талаас хойд талруу хөндлөн гарч миний урдуур ороод ирсэн хүнийг урд талаараа шүргээд зогссон. Тэгээд машинаас буугаад ирэхэд миний машины урд талд нэг эмэгтэй хүн бөгсөн биерээ засмал зам дээр суучихсан байсан. Тэгээд тухайн хүнийг эхнэр бид хоёр хоёр талаас нь түшиж босгох гэтэл хөлөө гишгэж чадахгүй байсан тул аргалж түшээд засмалын хажуу талд нь суулгаад дараа нь эмч болон цагдаа дуудаж шалгуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
5.2. Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хүнийг дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд заасанчлан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
5.3. Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах, уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
5.4. Хохирогч С.О-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 39 дэх тал/, шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 344 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, зэргийг үндэслэн С.О-ийн биед баруун тахилзуур ясны цууралт, билүү гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Л-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэс хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас Хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба “Би С.Л-гээс нийтдээ 3,000,000 төгрөг нэхэмжилсэн юм. Үүнээс надад учирсан хохирлыг буюу миний нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг надад бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 39 дэх тал/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Шүүгдэгч С.Л- нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
2.4. Шүүгдэгч С.Л- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг С.Л-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
2.7. Шүүгдэгч С.Л-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
2.10. Шүүгдэгч С.Л- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
2.11. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.э овогт С-гийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Л-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.Л- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч С.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК