Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2021/0003/з |
Дугаар | 03 |
Огноо | 2021-03-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: ““Н”” ХХК
Хариуцагч: ОАТХТУБ Д.Б, Б.Б, ХШТД, ТУАБ Б.Ц нар
Гомдлын шаардлага: “ОАТХХШУБ Д.Б, Б.Б нарын бичсэн, ХШТД Б.Ц-ийн хянаж баталгаажуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаартай татварын Улсын байцаагчийн акт, актын үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн гомдлын шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, гомдол гаргагчийн өмгөөлөгч М.М, хариуцагч ТУБ Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “Н” ХХК-ийн захирал Г.Б шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “Үндэслэл: ОАТХХШТТУБ Д.Б, Б.Х нар “Н” ХХК-ний татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж улмаар 36.363.636.4 төгрөгийг төлүүлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0305015 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэж тус өдөртөө хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай тэмдэглэл үйлдэн, тус өдрөө 0305015 дугаартай шийтгэлийн хуудсаар 54.545.454 төгрөгөөр торгож, улмаар тасгийн даргаар баталгаажуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Үүнд: Нэг. ОАТХУБ Д.Б, Б.Х нар Орхон аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20191100292 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу манай компанийн татвар, ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийсэн. Улмаар манай компанийг 36363636440 төгрөгний зөрчил илэрч, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан заалтыг болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн.
Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн прокурорын 5/206 “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ба уг тогтоолыг эс зөвшөөрч Орхон аймгийн Ерөнхий прокурорт гомдол гаргаж улмаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргаж, улмаар хүчин төгөлдөр болсон. Ийм байтал татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэж ТУБ нар акт бичиж, шийтгэврийн хуудсаар торгосон нь үндэслэлгүй байна.
Манай компани 2014 онд Улаанбаатар хотын 100 айлын барилгын материалын дэлгүүрийн барилгачингийн замын эсрэг талын дэлгүүрээс орон сууцны бараа материал худалдан авсан. Бараа материал худалдан авахад НӨАТ-тай бараа материал зарж байгаа, дараа нь утсаар ярихад би явуулаад байна гэсэн. Улмаар 2014 оны зун, намар уг дэлгүүрлүү залгаад бараа материал авдаг байсан. 2014 оны сүүлээр надруу хот хоорондын таксигаар НӨАТ-ын бичигтэй тамга тэмдэгтэй падаан ирсэн. Уг падааныг тайландаа тусгасан. Манай компани “А” ХХК-аас хий падаан бичүүлж аваагүй. “А” ХХК-ийг хий падаан бичсэнийг манай компани мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Одоо “А” ХХК тайлангаас үзвэл падаанаар барилгын материал худалдсан гэж тайлагнасан байхад манай компани татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хоёр: Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй гэж үзэж Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба уг гомдлыг хянаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар маргаан таслах зөвлөлд хандсаны дараа шүүх хянахаар шийдвэрлэсэн. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.1 дэх хэсэгт “аймаг, нийслэлийн татварын албанд харьяалагдах татвар төлөгчийн гомдлыг тухайн аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл”-д гаргахаар заасан ба манай компанийн зүгээс хуульд заасны дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандаж, улмаар тус зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр онлайнаар хуралдаж, тус хуралдаанд манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон ба тус хуралдаанаас ТУБнарын гаргаж, тасгийн даргаар батлуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, улмаар 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэйг дурдаж шийдвэрлэсний дагуу шүүхэд хандаж байна.
Иймд ОАТХХШТТУБ Д.Б, Б.Хишигбат нар “Н” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж улмаар 36.363.636.4 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх, хохирлын шийтгэл нийт 54.545.454.60 төгрөгөөр торгосон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0305015 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, уг актын үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх худалдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтэст бүртгүүлэн татварын үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа нь барилгын үйлдвэрлэл, барилгын засал чимэглэл, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг ХХК. Энэ компани 2015 онд Орхон аймгийн Татварын хэлтсийн шилдэг татвар төлөгч гэсэн өргөмжлөлтэй. Компанийн хувьд 2015 оноос Эрдэнэт үйлдвэрт ажил гүйцэтгэсэн байгаа. Эрдэнэт үйлдвэрийн ажил гүйцэтгэхтэй холбоотой Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйтай холбодог бохир, баяжуулсан усыг асгадаг ган хоолойнуудыг шинэчлэх ажлыг хийсэн. Энэ ажлыг хийсэнтэй холбогдуулж 2019 оны 10 сараас эхэлж шалгаж эхэлсэн. Шалгахдаа “А” ХХК-аас падаан хий бичүүлж авч тайлагнаж, өөрийнхөө төлөх татварыг бууруулсан байна гэдэг асуудлаар шалгасан. Шалгах болсон үндэслэл нь Төв аймгийн Татварын хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 5/240424 дугаартай албан бичгийг бүх татварын хэлтсүүдэд хандаж бичиг явуулсан. Энэ албан бичигтээ манай Төв аймгийн Татварын хэлтэст бүртгэлтэй “А” ХХК нь 2016 онд 44 татвар төлөгчид 122 удаагийн хий бичилт хийсэн 6 118 498 404 төгрөг, 2017 онд 63 татвар төлөгчид 247 удаагийн бичилтээр 10 338 819 527 төгрөгний борлуулалтын НӨАТ-ын тайланд тусгаж төлбөрийн баримтаар борлуулалтын хий бичилт хийсэн талаар 2019 онд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч дүгнэлт гаргасан. Уг асуудлаар манай татварын хэлтсээс шүүхэд хандсан байгаа тул “А” ХХК-ийн 2013-2018 онуудад худалдан авалт хийсэн гэдгээр НӨАТ тайлангаа тайлагнасан танай Татварын хэлтэст бүртгэлтэй НӨАТ төлөгчид хяналт шалгалт хийхэд нөхөн татварын дүнг баталгаажуулж манайд ирүүлнэ үү гэсэн ийм албан бичгийг А гээд хүн явуулсан байдаг. Уг бичгийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс “Н” ХХК-д шалгалт явуулаад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаартай НӨАТ-ын төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдээд улмаар тус өдөртөө 0305015 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, нийт шийтгэлийн хуудсаар 54.545.454 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас гаргасан. Тухайн шийтгэлийн хуудсыг ТУБ Б.Х, Д.Б нар нь баталгаажуулж улмаар ТХХШД Б.Ц-ээр баталгаажуулж үйлдсэн актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан. Уг актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг асуудлаар тухайн үед “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ж гэдэг хүн тодорхой хэлсэн байгаа. Энэ нь бас нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл энэ шийтгэлийн хуудас нь дараах нөхцөл байдлаар хууль зүйн үндэслэлгүй буруу байна гэж үзэж гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь ОАТХУБ Д.Б, Б.Х, Б.Ц нар нь Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20191100292 тоот хяналт шалгалтын гэх томилолтын дагуу манай ХХК-ийн татвар ногдуулах төлөлтийн байдал, татварын хяналт шалгалт хийсэн. Улмаар манай ХХК-ийн 363.636.364.40 төгрөгний зөрчил илэрсэн гэж дүгнээд Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Орхон аймгийн Прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/206 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн ба уг тогтоолыг эс зөвшөөрч “Н” ХХК-ийн зүгээс Орхон аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргаж улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай дээрх тогтоолыг хүчингүй болгож хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 133 дугаартай тогтоолоор тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэр гаргаад улмаар уг шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж “Н” ХХК-ийн зүгээс үзэж байгаа. Тухайн шийдвэрт гомдол гаргагч Татварын хэлтэс гомдол гаргаагүй юм байна гэж үзсэн. Ийм байтал татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон гэж үзэж дээрхи актыг үйлдэж шийтгэврээр торгож байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь татварт ногдсон орлогоо нуух, татвараа төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг болон зөрчил нь санаатайгаар үйлдэгддэг. Эрх зүйн субьектив үйлдлийн санаа нь өөрийнхөө төлөх татварыг багасгахын тулд санаатайгаар энэ зөрчил, гэмт хэргийг үйлддэг байгаа. Гэтэл Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор дээрх хий бичилт хийсэн байгаа нөхцөл байдлыг мэдэхгүй, мэдээгүй юм байна гэдэг дүгнэлтийг хийж улмаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаасан байгаа. “Н” ХХК-ийн зүгээс зөрчил гаргаагүй гэдгийг харуулна. ОАТХУБ нарын дээрх маргаан бүхий гомдол гаргаад байгаа шийтгэвэр нь Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/206 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд үндэслэн гарсан юм. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай тэмдэглэлээр прокурорын байгууллагад хандаад прокурорын байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан энэ асуудал гэмт хэргийн шинжтэй байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн байна. Тийм учраас шийдэх гэж байгаа юм гээд шийтгэврийн хуудас бичсэн. Энэ нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй прокурорын шийдвэрт үндэслж байгаа хууль бус шийтгэвэр байсан нь үүгээр нотлогдож байна. “А” ХХК-аас ““Н” ХХК нь 2015 онд худалдан авалт хийсэн байгаа. Түүний борлуулалтын цэг болох Улаанбаатар хотод байрлах 100 айл худалдааны төвийн барилгын материалын дэлгүүрийн замын эсрэг талд орон сууцны материалуудыг худалдаж авсан. Бараа материал худалдан авахад НӨАТ орсон бараа материалыг зарж байгаа гэж хэлсэн байдаг. Үүний дараа нь утсаар яриад падаанаа авъя гэж 2015 оны 06 сард 4 удаагийн падаан авсан байгаа. НӨАТ-ийн баримт, падаанаа авмаар байна гэхэд 4 удаагийн падааныг өөрсдөө таксигаар явуулсан байдаг. Таксигаар явуулсан баримтын нийт дүн нь 363.636.634.40 төгрөгний худалдан авалтын падаанууд ирсэн. Үүнийг аваад Орхон аймгийн Татварын хэлтэст тайлагнаснаараа 2015 оны 3 дугаар улиралдаа батлаад Татварын хэлтсээс хүлээж аваад НӨАТ-ын падаан мөн байна гэж үзсэн. Энэ бол ямар нэгэн байдлаар дуурайлгаад хуурамчаар хийсэн хий бичилттэй падаан биш юм. Ийм учраас Орхон аймгийн Татварын хэлтэс 2015 оны 06 дугаар сард тайлагнасан энэ тайланг хүлээж аваад баталгаажуулсан байгаа. Энэ падаанууд нь серийн дугаартай мөн Төв аймгийн Татварын хэлтсээс өөрөөс нь олгогдсон падаан болохыг “А” ХХК-тай холбогдох Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй хэрэгт бас яригддаг. Энэ падаануудыг Татварын хэлтэс өөрөө өгсөн байна гэж гарсан. Хий бичилттэй падаан гэж хуурамчаар үйлдсэн падааныг хэлж байгаа юм. НӨАТ-ын падааны серийн дугаарыг хуурамчаар эсхүл давхардуулаад хэвлэлийн аргаар хийгээд улмаар тайлагнасан байхыг хэлнэ. Гэтэл үүнд ямар ч хий бичилт байхгүй гэдэг нь тогтоогдсон.
Дараагийн нэг үндэслэл нь зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн заалтад нийцэхгүй байна. Уг асуудлаар Орхон аймгийн шүүхэд урьд нь нэхэмжлэл гаргаад урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх журмаар шийдвэрлэнэ гэсний дагуу Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Татварын хэлтсийн Маргаан таслах зөвлөлд хандаж улмаар 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр онлайнаар хуралдаад тус хуралдаанаас ТУБ нарын гаргасан акт болон шийтгэврийг баталсан тасгийн даргын дээрх шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Ийм учраас хэвээр үлдээж байгаа шийдвэр нь мөн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Тодруулбал Орхон аймгийн Татварын хэлтэс 2016 онд “Н” ХХК-тай адилхан “А” ХХК-аас худалдан авалт хийсэн “П” ХХК-ийн НӨАТ-т ногдуулсан улсын байцаагчийн актыг өөрсдөө яг энэ өдөр хүчингүй болгосон. Тэгэхээр хууль зарим компанид илүү аятайхан таатайгаар үйлчилдэг, зарим компанид нь өөр үйлчилдэг байж болохгүй. Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт шударга ёс, тэгш байдал бол Монгол төрийн зорилго гэж заасан. Тэгэхээр “П” ХХК-ийн хөнгөлөлт эдэлж байгаа шийдвэр гарсантай адилхан “Н” ХХК-ийн хувьд ч гэсэн дээрх татварын өр бол “А” ХХК-ийн хий бичилт хийгээгүй, хуурамч тайлан, падаан гаргаж үйлдээгүй, “А” ХХК-ийн өөрийнх нь төлөх ёстой татварыг давхар “Н” ХХК-аас авах гэж шийтгэвэр гаргаж байгаа нь илт үндэслэлгүй байна.
Ийм учраас ТХУБ Д.Б, Б.Х, Б.Ц нарын “Н” ХХК-д татвар ногдуулалт төлөлтийг шалгаад улмаар 36. 363. 636 төгрөгийг нөхөн төлүүлэхээр, хохирол болон торгууль гэж нийтдээ 54.545.454.60 төгрөгөөр торгосон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 тоот НӨАТ-ын төлөлтийг баталгаажуулсан акт, түүний үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан. Энэ гомдлыг бүхэлд нь дэмжиж оролцож байна.” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өмгөөлөгчөөр оролцож дараах хууль зүйн санал, дүгнэлтийг гаргаж байна. Энэ зөрчлийн хэрэгт тодорхой хэдэн зөрчилтэй мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хууль зүйн хувьд баримт дутуу байснаас буруу дүгнэлт хийж улмаар шийтгэлийн хуудас гарсан асуудлууд байна гэж үзэж байна. Учир нь хий бичилттэй 4 падааныг ашигласан. Энэ нь хий бичилттэй, хуурамч падаан байсан гэдэг асуудал бол шийтгэлийн хуудасны үндэслэл болж байгаа юм. Тэгэхээр энэ падаануудыг хий бичилттэй, хуурамч падаанууд байсан юм байна гэдгийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайн падаануудыг хуурамч гэдгийг тогтоохын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтуудыг цуглуулж, бүрдүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан улсын байцаагч нар тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай байсан. Гэтэл тухайн падаануудыг хий бичилттэй болохыг тогтоосон ажиллагаа хийгээгүй байна. Нөгөө талаасаа хэрэг бүртгэлтийн хэрэгт падаануудыг хий бичилттэй юм байна гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болоод холбогдох эрх бүхий субъектүүдийн шийдвэр гаргаж хэрэгт хавсрагдаагүй байгаа нь сая нотлох баримт судлах үед харагдаж байна. Тэгэхээр энэ падаануудыг хий бичилттэй юу, хий бичилтгүй юу, үнэхээр худалдан авалт хийсэн үү, үгүй юу гэдгийг бүрэн тогтоосны үндсэн дээр шийтгэлийн хуудас бол гарах ёстой байсан байна. Улсын байцаагч нарын болоод хариуцагч нарын татгалзлын үндэслэл болж байгаа нэг асуудал байна. Энэ нь өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзахдаа гэмт хэргийн шинжгүй биш зөвхөн хөөн хэлэлцэх хугацаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарч байгаа болохоор прокуророос хаасан юм. Тогтоол үндэслэлтэй эсэхийг хариуцагч нарын татгалзал буюу хариу тайлбарт дурдсан байдаг. Гэтэл тухайн прокурорын тогтоол нь өөрөө нэхэмжлэгч компанийн гомдлоор хянагдаад хүчингүй болгоод улмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа нэмж хийгээд “Н” ХХК татвараас зайлсхийсэн, нуусан ийм асуудал гэмт хэргийн шинж байхгүй юм байна шүү гэдэг дүгнэлтийг прокурор хийгээд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал байна. Тэгэхээр энэ нь гэмт хэрэг ч бай зөрчил ч бай эс үйлдэхүй болон үйлдлээр үйлдэгддэг. “Н” ХХК-ийг буруутгаад шийтгэлийн хуудас гаргасан байгаа зөрчлийн хэргийн хувьд эс үйлдэхүйгээр үйлдэгдэх боломжгүй, санаатай үйлдлээр үйлдэгдэх зөрчил байгаад байгаа юм. Тэгэхээр тухайн падаануудыг хуурамч эсхүл хуурамч биш гэдгийг тухайн үедээ мэдэж байж санаатайгаар үйлдэнэ. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харахаар энэ падаануудыг хуурамч гэдгийг тогтоосон баримт байхгүй байна. Тэгэхээр зөрчил үйлдсэн ч гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Тийм учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой. Үнэхээр л зөрчил гэж үзсэн бол энэ зөрчил нь хэзээ гарсан, зөрчилтэй холбоотой хугацааг анхаарч үзэх шаардлагатай. Тэгэхээр Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр 1 дэх хэсэгт зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж зөрчил үйлдсэн хугацаа гэдэг асуудлыг тодорхой зааж өгсөн байгаа. Падаануудыг харахаар 2015 оны 06 дугаар сард үйлдэгдсэн байна. Падаануудыг хуурамч гэдгийг нь тогтоочихсон, асуудалгүй маргаангүй гэсэн асуудал байгаад энэ нь зөрчил мөн бол 2015 оны 6 дугаар сард гарсан зөрчил байна. Энэ зөрчилд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухайн хууль үйлчлэх ёстой. Энэ хуулийн зорилт нь зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөхтэй холбоотой бус мөн захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Мөн хууль өөрчлөх цаг хугацааны хувьд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж цаг хугацааг тодорхойлж өгсөн. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх зохицуулалтыг заасан. 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр алданги, торгууль гэсэн хоёр асуудал тавигддаг. Торгууль нь 10.909.090 төгрөг, алданги нь 7.272.727 төгрөг. Энэ бол захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа шийтгэлийн хэлбэр. Энд өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж алданги торгуулийг байхгүй болгох асуудал яригдахаар байна. Үүнийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Зөрчлийн шийтгэлийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийг дэмжиж байна. Мөн эрх зүйн байдлыг дээрдүүлэхтэй холбоотой өршөөлийн тухай хууль байгаа. Татварын хуульд зааснаар татвар төлөгч өөрөө татвараас чөлөөлөгдөх, өршөөгдөх эрх зүйн байдал, хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлэх ёстой гэсэн энэ үндэслэлээр саналыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна” гэв.
Хариуцагч ОАТХ-ийн ТУБ Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-д удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж явуулсан. Үүнтэй холбоотойгоор ямарваа нэг худалдан авалтад ААН, НӨАТ суутган төлөгчийн хувьд НӨАТ-ын хоёр үндсэн татварыг төлөх ёстой. “Н” ХХК нягтлан бодох бүртгэл, ямарваа нэгэн хуулийг дагаж мөрдөн хууль журмынхаа дагуу тайлан балансаа гаргаж үнэн зөв тайлагнах үүргийг хүлээнэ гээд дүрэмдээ өөрсдөө заагаад өгчихсөн байгаа. Үүний дагуу нягтлах бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг ёсчлон гүйцэтгэж Засгийн газар, Сангийн яамнаас баталсан баримт байна түүнийг үйлдэж тайлан балансаа гаргаж явах ёстой. Үүнтэй холбоотойгоор “А” ХХК-аас хий бичилттэй падаанаар авсан гэх 363.636.364.40 төгрөгний падаан хий бичилттэй гэдгээр ААН-ийн орлогын албан татвар, НӨАТ-ийн шууд нөлөөлөлтэй явж байгаа. Төсөвт төлөх НӨАТ-ийн 363.636.364.40 төгрөгийн падаан бичүүлснээрээ 36.363.636.40 төгрөгний НӨАТ-ыг төлөх татвараар бууруулж төсөвт хохирол учруулсан гэдэг үндэслэлээр хохирол тогтоогдож байгаа. Үүнтэй холбоотой хяналт шалгалтын явцад ямарваа нэг ажил үйлчилгээ, зардлын баримтыг ААН-ийн орлогын албан татварын хувьд шинэчилсэн нотлох баримт гаргаж өгөх юм бол хасаж өгөх зүйл заалт байгаа учраас тухайн үедээ ямарваа нэг баримт байгаа бол хасаж өгөх үүднээс тухайн төлөөлөгч Ж-д хэлж байсан. Үүнтэй холбоотойгоор Ж ААН-ийн хувьд бол ийм зарлагын баримтыг хасуулмаар байна гэж 4 иргэнээс авсан 4 ширхэг баримтыг авчирч өгснөөрөө аж ахуйн нэгжийн орлогын ЭҮ-т хийсэн 36 000 000 төгрөгийг хасаж өгч НӨАТ-ын 36.363.636.40 төгрөгийг зөвхөн нөхөн татвараар тавьж актыг үйлдсэн байгаа. Сүүлд шинэчилсэн нотлох баримт авчирч өгсөн учраас ААН-ийн орлогын албан татварт тавигдаагүй зөвхөн НӨАТ-д тавигдсан баримтууд. Энэ баримтуудыг өгснөөрөө тухайн иргэн “А” ХХК-аас худалдан авалтыг НӨАТ-ыг төсөвт төлөх албан татварыг бууруулах үүднээсээ “А” ХХК-ийн падаанд оруулж хассан гэдэг үйлдлээрээ нотлогдож байгаа. Ж нь анхны мэдүүлгээрээ “А” ХХК-ийн хүмүүстэй биечилж уулзаагүй, утсаар холбогдож байж бараа материалаа авсан. Энэ нь зүгээр нэг таксинд өгөөд явуулах материал биш тодорхой хэмжээний үнийн дүнтэй, овор ихтэй ийм материалууд байгаа. Зарим материалуудаа Замын-Үүдийн гаалиар оруулж ирээд шууд өөрийн үйлдвэр дээр буулгасан нь гаалийн мэдүүлэг дээр байдаг. Зарим материалуудаа гаалиар авч, зарим материалуудыг дотоодоосоо авсан гэж тайлбарладаг. Хотоос авсныгаа тээвэрлэж авсан байдаг. Ямарваа нэг материал авахад харилцах дансаар эсхүл цаасан баримтаар нотлогдох ёстой. Өөрийнх нь хэлж байгаагаар утсаар ярьж байгаад авсан гэдэг нь өөрийнх нь данснаас мөнгө шилжсэн нотлох баримт байхгүй. Ийм учраас “А” ХХК-аас авсан хий бичилттэй гээд байгаа падаан маань яах аргагүй зөрчлийг дагуулж байна гэдэг үүднээс НӨАТ-ын нөхөн татварыг тавьж, түүнд ногдох торгууль, алдангийг ногдуулан шийтгэлийн хуудсыг ТУБ нар бичиж прокурорт хянуулж гаргасан байгаа. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гурван тохиолдол байгаа. Гурван тохиолдлын аль нэг нь нотлогдох юм бол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж болно. Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт нотлох баримт болж байгаа. Үүнтэй холбоотойгоор ААН-ийн орлогын албан татварыг хасуулах 4 иргэнээс авсан гэсэн баримт авчирч байгаа нь зөрчил үйлдэгдсэн гэдгийг нотолж байгаа учраас хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн байгаа.
Иймээс ТУБ Б.Хишигбат, Д.Б бид нарын бичсэн 0305015 тоот шийтгэлийн хуудас нь хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас тус шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дансаар хийсэн гүйлгээ байхгүй бэлэн мөнгөөр хийсэн гэж байна. Цагдаагийн газар шалгагдаж байхдаа ч гэсэн өөрсдөө тайлбарлахдаа “А” ХХК-ийн хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Зарын дагуу утсаар яриад бараа материалаа авсан гэсэн. Тэгвэл утсаар яриад авсан юм бол бэлэн мөнгөө хэзээ нь өгөөд, тооцоо нийлээд хэдэн төгрөгний тийм бараа авчирсан, авсан энэний дагуу төлбөрийг энд төлж байна гэсэн тайлбар огт байхгүй. Их хэмжээний бараа материалыг авч байгаа мөртлөө энэнтэй холбоотой гарсан тээвэрлэлт, тээвэрлэлтийн гэрээ баримт огт байхгүй. Хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд хууль журмынхаа дагуу тайлангаа тайлагнах үүрэгтэй. Үүргийнхээ дагуу тайландаа юу тусгаж, ямар баримт падаан байх ёстой юм гэдгийг мэдэж байгаа байх. Тиймээс бэлэн мөнгө шилжүүлсэн баримт, бараа тээвэрлэж авсан баримт, тооцоо нийлсэн акт зэргийг хавсарган тайландаа тусгах шаардлагатай байсан ба тухай бүрд нь бүрдүүлээд явах боломжтой байсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн ТУБ нар “Н” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаартай шийтгэлийн хуудсаар 363.636.364.40 төгрөгийн зөрчилд 36.363.636.10 төгрөгийн нөхөн татвар, 10.909.090.90 төгрөгийн торгууль, 7.272.727.30 төгрөгийн алданги, нийт 54.545.454.60 төгрөгийн төлбөр тогтоосныг тус компани эс зөвшөөрч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, уг актыг үндсэн дээр бичигдсэн шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байна.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд нэмэгдсэн өртгийн албан татвараар 2015 онд “А” ХХК-иас НӨАТ орсон дүнгээр нийт 363.636.364.40 төгрөгийн бараа материалыг хий падаан бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн мэтээр НӨАТ тайлагнасан зөрчил гаргасан гэж үзжээ.
Гомдол гаргагч “Н” ХХК нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын хий падаан бичсэнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, НӨАТ-тай бараа материал худалдан авсан”, “зөрчил үйлдсэн, учруулсан хохирол нь нотлогдоогүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй”, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтуудыг хэрэглээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж маргажээ.
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын хий падаан бичсэнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх бичилттэй падаан гэх гомдлын үндэслэлийн тухайд:
“Н” ХХК нь 2015 онд “А” ХХК-иас НӨАТ орсон дүнгээр 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12727345 дугаартай падаанаар 76.500.000.00 төгрөгийн, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12727333 дугаартай падаанаар 81.972.728.00 төгрөгийн, 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 12727348 дугаартай падаанаар 105.800.000.00 төгрөгийн, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12727350 дугаартай падаанаар 99.363.636.40 төгрөгийн нийт 363.636.364.40 төгрөгийн бараа материалыг худалдан авсан гэж нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “ “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойш хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:”, 141 дүгээр зүйлийн 141.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог” гэж тус тус заасан байна.
Харин “Н” ХХК нь ”А” ХХК-иас бараа материал худалдан авсан гэх боловч хий бичилттэй падаан бичүүлж авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдлоо.
Үүнд: 1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэлтийн 202500019 дугаартай хэрэгт авагдсан “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн “...”А” ХХК-ийн захирал Г.Д нь Татварын ерөнхий газрын нэмэгдэл өртгийн албан татварын баримтыг ашиглан 2013 оноос 2018 оны 04 дүгээр сарын 23-ны хооронд бараа үйлчилгээний худалдан авалт хийсэн мэтээр тайландаа худал тодорхойлж ...татвар төлөхөөс зайлсхийсэн ..” гэсэн дүгнэлт, гэрч З.А-ийн “ “А” ХХК нь 2013 оноос хойш сар болгон тайлангаа өгдөг боловч өнөөдрийг хүртэл татвар төлөөгүй”, “А” ХХК-ийн захирал Г.Д нь НӨАТ-ын хий бичилт хийж байж болзошгүй..” гэсэн мэдүүлэг, гэрч М.Ж-ны “ ...Г гэдэг хүнээс бараа худалдаж аваад мөн 2014 оны сүүлээр НӨАТ-ын баримт таксигаар надад өгч явуулахаар нь би “Н” ХХК-ийн татварын тайланд оруулан тусгасан”, гэрч Г.Д-ын ““М” ХХК-ийн захирал Б.Г миний хүү байгаа юм.” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл “Н” ХХК нь “М” ХХК-ийн захирал Б.Г-той бараа материал худалдан авах тухай утсаар ярилцаж худалдан авалт хийсэн гэх боловч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын орлогын ордер, зарлагын баримтууд нь “А” ХХК-ийнх, харин “А” ХХК нь 2013 оноос хойш бараа материал борлуулсан мэтээр хий бичилт хийж нэмэгдсэн өртгийн албан татварыг худал тодорхойлж байжээ.
2. Гомдол гаргагч “Н” ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар хүчин төгөлдөр болсон шийдвэрийн үндэслэх хэсэгт “А” ХХК-ийг 2013 оноос 2017 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй болохыг, Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/206 дугаартай Прокурорын тогтоол /2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 202500019 дугаартай прокурорын тогтоолоор хүчингүй болгосон/, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаар Прокурорын тогтоолуудад “А” ХХК-ийг барилгын материалын борлуулалт хийдэггүй, хий бичилттэй падааныг “Н” ХХК-д өгсөн болохыг тус тус дүгнэсэн байна.
Иймээс ТУБ нар “Н” ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 74 дүгээр зүйлийн 74.1.4 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, ТУБтатварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3 “... нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ...” гэж заасны дагуу зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “А” ХХК-ийн төлөх ёстой татварыг давхар “Н” ХХК-иас авах гэж шийтгэвэр гаргаж байгаа нь илт үндэслэлгүй гэж тайлбарласан боловч “Н” ХХК нь “А” ХХК-иас худалдан авалт хийгээгүй, НӨАТ-ын падаан хий бичүүлж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан ногдуулж байна гэж үзэх үндэслэлгүй болно.
2. Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан гэх гомдлын үндэслэлийн тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1.1-д зааснаар ТУБ нь хуулиар хүлээсэн татварын хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлж зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааг явуулж, 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчлийг татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн анхан шатны баримтууд, нягтлан бодох бүртгэлийн баримтууд, татварын тайлангаар тогтоогдсон гэж үзсэн бол 6.1 дүгээр зүйлийн 2.2.3-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой.
Орхон аймгийн Татварын хэлтэс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/959 дугаартай албан бичгээр татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогоо нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үндэслэлээр “Н” ХХК-д хэрэг бүртгэлт хийлгэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар хүсэлт явуулжээ.
Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/206 дугаар тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
Татварын хяналт шалгалтын явцад “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. Ж нь дөрвөн иргэнээс нийт 363.636.363.57 төгрөгийн зарлагын баримтыг гарган өгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тооцуулан хасалт хийлгэсэн байгаа нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд хариуцагч нарын гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймээс Татварын ерөнхий хуульд заасан татварын хяналт шалгалт хийх журам, татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд томилолтын хугацаанд /хяналт шалгалт хийх хугацааг 44 хоног сунгасан/ багтаан татварын хяналт шалгалт хийж, хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийг тогтоогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсныг зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдоогүй, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
3. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтуудыг хэрэглээгүй, торгууль, алдангийг хасч тооцох” гомдлын үндэслэлийн тухайд:
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна.”, 10 дугаар зүйлийн 10.2-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.” гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл гомдол гаргагч “Н” ХХК-ийн зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гарч хүчин төгөлдөр болсон байхыг хуулиар зохицуулсан байна.
Иймээс дээрхи хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар “Н” ХХК-ийн нөхөн татварын торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй гэж үзлээ.
4. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд: Маргаж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 2015 оны 06 дугаар сард олгогдсон учраас 2015 онд үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “ Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” гэж заасан учраас хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тооцон, хугацаа хэтрээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Хэрэгт хуулбарлан хавсаргасан нотлох баримтуудыг эх хувиараа нотлох баримтаар ирсэн баримтуудаас шинжлэн судалсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 1.1.1, 2.2.3, 6.6 дугаар зүйлийн 1.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.1, 1.1.2, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан “ОАТХХШУБ Д.Б, Б.Б нарын бичсэн, ХШТД Б.Ц-ийн хянаж баталгаажуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай” ”Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА