Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0434/З |
Дугаар | 221/МА2023/0697 |
Огноо | 2023-11-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2023/0697
“Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, өмгөөлөгч Н.М*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ж*******” ХХК
Хариуцагч Б*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Ж*******” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаар хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах, Б*******,*******ын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 659 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0434/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас Б*******,*******ад холбогдуулан “Ж*******” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах, Б*******,*******ын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 659 дүгээр шийдвэрээр:
“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6, 7, 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас Б*******,*******ад холбогдуулан гаргасан ““Ж*******” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах, Б*******,*******ын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, өмгөөлөгч Н.М******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрэн, зөв үнэлээгүй гэж үзэж байна.
3.2. "Ж*******" ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаартай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлагын тухайд:
Анхан шатны шүүхээс "... Б*******, аялал жуулчлалын яамны архивын өрөөнд бичиг баримтын үзлэг хийхэд "Ж*******" ХХК-иас дээрх огноогоор ирүүлсэн албан бичиг байхгүй болох нь тогтоогдсон, ...нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2016/002 дугаар хүсэлтээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ сунгуулах асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хариуцагчийн хувьд нотлогдохгүй байна" гэж дүгнэн нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
3.3.Нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан бөгөөд энэхүү хүсэлтийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гарган өгсөн, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 286 дугаартай Б*******, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандсан Санал хүргүүлэх тухай албан бичигт "тус дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглагч "Ж*******" ХХК нь газар ашиглах гэрчилгээ сунгуулах хүсэлтээ ирүүлснийг газар дээр нь шалгаж үзээд доорх дүгнэлтийг хийлээ" гэж дүгнэн газар ашиглах 2011/43 дугаартай гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй" гэх саналыг хүргүүлсэн байгаа нь нэхэмжлэгч "Ж*******" ХХК газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж байсан болох нь төрийн эрх бүхий байгууллагын албан бичгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж байна.
3.4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Б*******, аялал жуулчлалын яамны архивт үзлэг хийсэн үйл байдлыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үзлэг хийх захирамжийн биелэлтээ хангаагүй мөртлөө хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нэр бүхий албан бичгүүдийг хэрхэн үнэлж, няцаасан талаар шүүхийн шийдвэрт дурдсангүй.
3.5. Б*******,*******ын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/121 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч талаас нотлох баримт бүрдүүлэх хүсэлт шүүхэд гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөр төлсөн талаарх баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтаар газрын төлбөр төлсөн талаар тодорхой дурдсан, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 286 дугаартай Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн албан бичигт нэхэмжлэгчийг газар ашиглалтын зөрчилгүй, Баянзүрх дүүргийн Газрын албанаас төлбөрийн тооцоогүй, өр авлагагүйг тодорхойлсон тул газар ашиглах 2011/43 дугаартай гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй талаар дурдсан байна.
3.6.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 286 дугаартай Б*******, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн албан бичиг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Б*******,******* А/121 дүгээр тушаалыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслэн гаргаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг тухай бүр төлж ирсэн, төлбөрийн тооцоогүй талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан, ашиглаж буй газартаа аялал жуулчлал, отоглох, хооллох, амарч зугаалах зориулалттай аялал жуулчлалын бааз байгуулах талаар их хэмжээний хөрөнгө гаргаж барьсан барилгууд, дуусаагүй барилга шүүхээс газар дээр нь хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа төдийгүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 58 дугаартай Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн албан бичигт нэхэмжлэгчээс аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд б*******д нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргаж байсан талаар дурдаж уг үнэлгээг хийлгэхийг дэмжиж байгаа талаар тодорхой дурдсан нь тухайн газарт нэхэмжлэгчээс зөвхөн суурь цутгасан талаарх шүүхийн хийсэн дүгнэлт үгүйсгэгдэж байна.
3.7.Анхан шатны шүүхээс Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2. "Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ... үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн ба Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т шүүхийн шийдвэрт тусгасан дээрх зохицуулалт огт байхгүй атал шүүх хуульд байхгүй заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй ба нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт гарахад газрын төлбөрийг төлж байсан эсэх талаар маргаж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэлээ “шүүхийн шийдвэр гарах хүртэл газрын төлбөрийг төлөөгүй” гэж тодорхойлж шийдвэрээ шүүх хуралдаанд танилцуулахдаа уншиж сонсгосон боловч шүүхийн шийдвэр бичгээр гарахад зөрүүтэй байдлаар буюу шийдвэрийн үндэслэл бус дурдсан агуулгаар бичигдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнтэй нийцэхгүй байгааг дээд шатны шүүхээр хянуулахыг хүсэж байна.
3.8.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан.
Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан дээрх үүргийг хэрэгжүүлсэн, нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон нь баримтаар тогтоогдохгүйн сацуу зөвхөн таамаг байдлаар холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд марган бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байгаа төдийгүй уг актыг нэхэмжлэгчид хэрхэн, ямар байдлаар хүргүүлсэн эсэх болон сонсох ажиллагаа явуулаагүй нь ч баримтаар тогтоогдоогүй бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, нэхэмжлэгчээс газар ашиглаж байх цаг хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дэд бүтэц буюу цахилгаан, сантехникийн шугам сүлжээ татсан, дуусаагүй болон дууссан барилгууд баригдаж өнөөдрийг болтол хүлээгдэж байгаа тул дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
1.Сайдын тушаалын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн нөхцөл нэхэмжлэгчийн тухайд бүрдээгүй, эдгээр үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль бус байхад шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг буруугаар үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэнгүй.
Тухайлбал шийдвэрт “…маргаан бүхий тушаал гарсан өдөр болох 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл тооцон газрын төлбөрийг төлсөн гэх боловч харин шүүхийн шийдвэр гарч байгаа өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлөөгүй…” гэсэн дүгнэлт ойлгомжгүй, мөн үндэслэлгүй болжээ.
Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүрэг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүхий газар эзэмшигч, ашиглагчид хамааралтай болохоос газар ашиглах эрхийг нь дуусгавар болгосон буюу газар ашиглах эрхгүй этгээд төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19/1277 дугаар албан бичигт “…“Ж*******” ХХК нэрээр газрын мэдээллийн нэгдсэн систем болон газрын төлбөрийн орлогын тайланд бүртгэлгүй байна…” гэсэн нь нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар байршлын хувьд Хан-Уул дүүрэгт хамаарахгүй тул энэ нотлох баримт хэрэгт хамааралгүй.
Харин нэхэмжлэгч 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 2011/43 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”-ний 2.4-т зааснаар жилд 3.960.000 төгрөгийн газрын төлбөр төлөх үүрэгтэйгээс 2018 оны 1, 2 дугаар улирлын төлбөр 1.980.000 төгрөгийг мөн оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 3, 4 дүгээр улирлын төлбөр 1.980.000 төгрөгийг 9 дүгээр сарын 14-ний өдөр тус тус төлсөн болох нь Улаанбаатар хотын банкны орлогын мэдүүлгээр;
-мөн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулах 1 дүгээр албаны 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15/388 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 42010080 тоот актаар нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх үүссэн 2011 оноос маргаан бүхий тушаал гарсан 2018 оныг дуусталх хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэлгүй төдийгүй 602.137 төгрөгийн илүү төлөлттэй болох нь тус тус тогтоогдож байна.
2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 286 дугаар саналд “… “Ж*******” ХХК-иас гэрчилгээгээ сунгуулах хүсэлт ирүүлснийг газар дээр нь шалгаж үзэхэд 380 волтын цахилгаан татсан, 15х12 харьцаатай 2 давхар 6 барилгын төмөр бетон каркасын угсралтын ажил хийж гүйцэтгэсэн, хамгаалалтын хашаа барьсан, цахилгаан холбоо сүлжээ, техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, Архитектур төлөвлөлтийн даалгавар зураг төслөө Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар болон яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраар батлуулсан, Байгаль хамгаалах 2016 оны төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр төлөвлөгөөгөө тус тус батлуулж, тайлангаа өгсөн, газар ашиглалтын зөрчилгүй, Баянзүрх дүүргийн Газрын албанаас төлбөрийн тооцоогүй, өр авлагагүйг тодорхойлсон тул газар ашиглах 2011/43 тоот гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй…” гэсэн атлаа үүнээс хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хүргүүлсэн саналд газрын төлбөрөө төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй нийт 79 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтад нэхэмжлэгчийг хамруулсан нь үндэслэлгүй юм.
Тухайлбал энэхүү саналд нэхэмжлэгчийн тухайд хуулийн ямар нэг үндэслэл заагаагүй, зөвхөн “газрын төлбөр төлөгдөөгүй, бусад иргэн, аж ахуйн нэгжийн газарт барилга барьсан” гэх боловч бусад 78-ын тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн талаар тус бүрт нь тодорхойлсон байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******ын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “…шүүхийн үзлэг 2023 онд хийгдсэн, гэтэл газрын эрхийг 2018 онд дуусгавар болгосон. Үүнээс өмнө одоогийн барилга байгууламжийг барьсан байсан уу, 2018-2022 онд барьсан эсэхийг хэлж мэдэхгүй…” гэх тайлбар үндэслэлгүй болох нь дээрх саналаар, цаг хугацааны хувьд 2017 оны 5 сарын байдлаар 2 давхар 6 ширхэг сууцны каркас цутгагдсан байсан бол 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн шүүхийн үзлэгээр дүүргэлт хийгдсэн 6 сууц, мөн 6 сууцны суурь болон 1 давхрын цулгалт хийгдсэн 1 сууц байгаа болох нь тус тус тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн дүгнэлтүүд бодит байдалд нийцээгүй, энэ талаарх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд тушаал гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын зөрчсөн байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагад нийцсэнгүй.
3.Анх Сайдын 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/293 дугаар тушаалаар Богдхан уулын Хүрхрээгийн аманд 1.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчээс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан, мөн одоогийн маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байснаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин дээрх хүсэлтийг гаргасан боловч яамны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09/221 дүгээр албан бичгээр Сайдын 2018 оны А/121 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болсныг мэдэгдэж, тушаалын хуулбарыг хүргүүлсэн, мөн Б*******, аялал жуулчлалын яамны 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 05/1438 дугаар хариу албан бичгээс үзэхэд ч маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгчид дээрхээс өмнө гардуулаагүй, харин тухайн үед яамны цахим сайтад байршуулах байдлаар нэхэмжлэгч болон бусад иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулсан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно”, 38 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 45.1-т “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.5 газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэжээ.
Нэгэнт хуульд заасны дагуу газраа зохих ёсоор ашиглаж, газрын төлбөрөө төлж байсан, мөн газар ашиглах эрхээ сунгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзнэ.
Харин 2019 оноос хойших газрын төлбөрийг нөхөн төлүүлэхэд энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 659 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1/, 34 дүгээр зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б*******,*******ын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгон, тус компанийн газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, өмгөөлөгч Н.М******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН