Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Г.Энхмөрөн   

Улсын яллагч                                                       Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Д.Энхтуяа

Хохирогч                                                                      Г.Ууганзаяа  нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэнсмаагийн Бямбажавт холбогдох эрүүгийн 201610010173 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5-р баг Олон-овоо майхан овоо гудамжны 1-5 тоотод оршин суух хаягтай, ажилгүй, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогтой Дэнсмаагийн Бямбажав /РД:ЕВ91083109/

Прокурорын яллах дүгнэлтээр:  Яллагдагч Дэнсмаагийн Бямбажав нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Хаан банкны 5374 дүгээр салбарын ажилчдын хувцас солих өрөөнд нэвтэрч ахлах теллер Г.Ууганзаяагийн гар цүнхнээс 4870 юань буюу 1664614 төгрөгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бямбажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хулгайн гэмт хэрэг хийсэн нь үнэн. Гэмшиж байна. Миний буруу, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Г.Ууганзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирсэн. Би нөхрийнхөө 5374408484 гэсэн данснаас 4870 юань аваад мөнгөө баримтын хамт тухайн үед барьж байсан шар цүнхэндээ хийгээд ажлын хувцас сольдог өрөөндөө цүнхээ үлдээгээд өөрийн ажлаа хийхээр явсан. Тэгээд цайны цагаар хувцас сольдог өрөөнд ортол цүнх онгорхой, цүнхэнд байсан 4870 юань байхгүй байсан. Ингээд  хамгаалалтын албанд мэдэгдэж, цагдаа дуудсан. Энэ хэргийн улмаас надад 1664614 төгрөгний хохирол учирсан бөгөөд үүнээс 1354454 төгрөгийг нь тухайн үед эргүүлэн өгсөн. Одоо би Д.Бямбажаваас 310160 төгрөг авах дутуу байгаа бөгөөд энэ мөнгөө авчихвал гомдол санал байхгүй гэв.

Гэрч Г.Баянмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 40 минутын үед Замын-Үүд сумын Хаан банкны төв салбарт хамгаалагчийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба би 20 цаг хүртэл үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байсан юм. Тэгээд 12 цагийн орчимд Хаан банкны ерөнхий нягтлан хувцасны өрөөнөөс ажилчны мөнгө төгрөг алга болсон байна гэж хэлсэн ба надад камерийн бичлэг үзүүлсэн хаалгаар орж ирсэн эмэгтэйгийн зургийг харуулсан ба энэ эмэгтэй хулгай хийсэн байна гэж надад хэлсэн цагаан пyдвольк өмссөн 30 орчим насны эмэгтэй харагдсан ба энэ хүнийг орж ирвэл харж байгаад бариарай гэж хэлж байсан. Манай ажилтан Ууганзаяагийн мөнгө алга болсон гэж байсан … гэжээ. /хх-ийн 20 тал/

Гэрч Г.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12-13 цагийн орчимд үл таних 30 орчим насны намхан нуруутай эмэгтэй ганцаараа манай /булган/ дэлгүүрт орж ирээд эмэгтэй загварын цэнхэр өнгийн даашинз 1ш, шар өнгийн шорт 1ш, цагаан өнгийн пyдвольк 2ш, углааш 2ш, хөхний даруулга 1ш, дотоож 3ш, оймс 2ш, хар өнгийн бэлтгэлийн цүнх 1ш, хар өнгийн бариун өмд 1ш, яагаан өнгийн цамц 1ш, улаан хүрэн өнгийн бие тамирын хослол зэргийг 260000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед тэр эмэгтэйд Монгол мөнгө байгаагүй бөгөөд 800 юань надад өгөхөөр нь 1 юаныг 330 төгрөгөөр бодож үлдсэн 4000 төгрөгийг буцаан олгосон. Гэтэл 2-3 цагийн дараа надаас бараа худалдаж авсан эмэгтэйг цагдаа дагуулж орж ирээд энэ “хүн танай дэлгүүрээс бараа худалдан авсан уу, авсан бол барааг нь буцаах гэсэн юм” гэж хэлээд 155000 төгрөгийн бараа буцаалгасан. Миний бодлоор тэр эмэгтэй манай дэлгүүрээс хулгай хийсэн мөнгөөрөө хувцас худалдаж авсан юм шиг байсан … гэжээ. /хх-ийн 24 тал/

  • Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 тал /
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5 тал/
  • Төрийн банкны валют арилжааны баримтыг түр хураан авсан баримт /хх-ийн 6 тал/
  • Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 тал/
  • Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 11-12 тал/
  • Хаан банкны тодорхойлолт /хх-ийн 16 тал/
  • 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Төрийн банкны албан тоот, хавсралт /хх-ийн 18-19 тал/
  • Гэрч Ч.Төмөрхуягийн мэдүүлэг /хх-ийн 25 тал/
  • Гэрч Т.Баасандуламын мэдүүлэг /хх-ийн 27 тал/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/
  • Д.Бямбажавын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 тал/
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 41 тал/
  • Д.Бямбажавын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42-43 тал/
  • Арилжааны банкуудын албан тоотууд /хх-ийн 44-49 тал/
  • Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 53-55 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Бямбажав нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Хаан банкны 5374 дүгээр салбарын ажилчдын хувцас солих өрөөнд нэвтэрч ахлах теллер Г.Ууганзаяагийн гар цүнхнээс 4870 юань буюу 1664614 төгрөгийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгчийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Төрийн банкны 1000 юань солиулсан валют арилжааны баримт, DVD 1 ширхэг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Бямбажав нь хохирогч Г.Ууганзаяад 1664614 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс 310160 төгрөгний хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Бямбажаваас 310160 гаргуулж хохирогч Г.Ууганзаяад олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “...шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан ба шүүгдэгч Д.Бямбажав нь жирэмсэн болох нь хэрэгт авагдсан төрсний жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар /хх-ийн 53-54 тал/ батлагдаж байх тул түүнд оногдуулсан ялыг хойшлуулах боломжтой гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дэнсмаагийн Бямбажавыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбажавын эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбажавт 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бямбажаваас 310160 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ууганзаяад  олгосугай.

6. Шүүгдэгч Д.Бямбажав нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн Төрийн банкны 1000 юань солиулсан валют арилжааны баримт, DVD 1 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бямбажавт авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ