Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1606

 

МАГАДЛАЛ

 

2017.7.19                                                Дугаар 1606                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01181 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Мөнхбатад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 51 414 945,52 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Отгонбаатар, Г.Оюун-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гэрэлмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ1905103365 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж     35 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1905103365 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр БГ1905103365 тоот ипотекийн гэрээгээр иргэн Н.Оюунбилэг, Т.Мөнхбат, М.Нандин-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 7/1-р байр, 8 тоот хаягт байршилтай 135,3 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай 8 тоот зогсоолын хамт барьцаалсан болно. ЗГ1905103365 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дууссан боловч Т.Мөнхбат нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 14 262 638,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 152 306,85 төгрөг, нийт 51 414 945,52 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд Т.Мөнхбатаас 51 414 945,52 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Н.Оюунбилэг, Т.Мөнхбат, М.Нандин-Эрдэнэ,  М.Мөнх-Эрдэнэ нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 7/1-р байр, 8 тоот хаягт байршилтай 135,3 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай 8 тоот зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банкнаас эргэлтийн хөрөнгийн зориулалтаар             35 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан. Эргэлтийн хөрөнгөөр авсан тус зээлд бараа татсан боловч Монгол улсад нүүрлэсэн санхүүгийн хямрал болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан худалдан авалт эрс муудаж, төлөвлөсөн бизнес зогсонги байдалд орж, алдагдал хүлээж эхэлсэн юм. Хариуцагчийн зүгээс банкны зээл хариуцсан ажилтантай уулзаж хямралаас шалтгаалан алдагдал хүлээж байгаагаа мэдэгдэж байсан ба тус банкнаас авсан зээл болон хүү нь ийм өндөр төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд өөрийн төлөх ёстой зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тооцоолж төлж барагдуулна. Үндсэн зээлийн төлбөр 35 000 000 төгрөг бөгөөд, үндсэн хүү 5 954 694 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 198 938 төгрөг, нийт 42 153 632 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан Т.Мөнхбатаас 50 571 812,59 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 843 132,93 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.Мөнхбат зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-ийг баримтлан барьцааны хөрөнгө болох Н.Оюунбилэг, Т.Мөнхбат, М.Нандин-Эрдэнэ, М.Мөнх-Эрдэнэ нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202011755 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 7/1-р байр, 8 тоот хаягт байршилтай 135,3 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 15 м.кв талбайтай 8 тоот зогсоолыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 410 809 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн       415 025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч "Голомт банк"ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс "зээлийн гэрээний үүрэгт 51 414 945.52 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэж, "үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах" тухай шаардлагыг орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн зарим шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй, талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Т.Мөнхбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51 414 945,52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр    35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн боловч буцаан төлөлт хийгдээгүй” гэж үндэслэж, хариуцагч нь “...хямрал болон бусад хүчин зүйлс нөлөөлсөн тул тухай бүрд нь банкинд мэдэгдэж байсан...” гэж тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзвэл шүүх дээрх нэхэмжлэлээр 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШЗ2017/03958 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг “зээлийн гэрээний үүрэгт 51 414 945,52 төгрөг гаргуулах тухай” гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

Тодруулбал, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2202011755 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 7/1 дүгээр байр, 8 тоот хаягт байршилтай 135,3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 15 м.кв талбай бүхий 8 тоот зогсоолын хамт барьцаалж, нэхэмжлэгч байгууллага нь шаардлагадаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодорхойлсныг иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамжинд орхигдуулж, хэрэг үүсгээгүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан байна.

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн 182/ШШ2017/01181 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                              Д.ЦОГТСАЙХАН

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ