Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 68

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Э.Ө

Улсын яллагч Б.С

Өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Х.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн                             

                      

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харъяат, ...-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан ... овогт ...-д /РД:.../ холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ж. нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын ... тоотод эхнэр А.С-г суран бүсээр ороолгон зодож, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн   гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Манай эхнэр ажлынхантайгаа Алтай таван богд руу аялалаар явсан юм. Ингээд Сайншандад 6 сарын 23-ны үед ирсэн. Тэгээд Шандад 2 хоносон, том охин бид 2 нийлээд бараг 500-гаад удаа утас руу нь залгасан боловч утсаа авахгүй, эсвэл холбогдохгүй байсан. Тэгээд нэг холбогдохоороо одоо машинд суулаа гээд худлаа хэлээд байсан юм. 26-ны өглөө ирж байж магадгүй гээд вагон тоссон, 13 дугар вагоноос бууж ирсэн, архи уучихсан, архи нь гараагүй байсан. Би чинь чинь ямар сонин юм бэ, үр хүүхдээ боддоггүй юм уу, олон хоног явлаа шүү дээ гэхэд үхлээ, үхлээ гээд байсан. Нэг найзаараа архи авахуулаад шарыг нь тайлж жаахан архи өгсөн. Тэгээд 10 цагийн үед хүүхдүүдээ тоглож бай гэж гаргаад эхнэр С-г хэнтэй архи уусныг асуухад үнэнээ хэлэхгүй байхаар нь суран бүсээр орооолгож зодсон, мөн өдрийнхөө 13 цагийн орчимд мөн суран бүсээр ороолгосон. Нийтдээ 8-9 удаа ороолгосон. С-ийн биед миний үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 91,000 төгрөгийг одоо хурлын дараа төлнө, сая төлөх гэсэн боловч хэрэгт байгаа данс буруу бичигдсэн байна гэсэн. Би аваарт орж байсан, нуруу өвчтэй, мөн сахарын өвчтэй, групп тогтоолгохоор бичиг баримтаа өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Аюулын зэргийн үнэлгээ “ Өндөр” гэсэн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-7/

 

Бор өнгийн 1 метр 9 см урттай аралгүй суран бүсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчиййн тогтоол /хх-ийн 9/

 

Хохирогч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 06 сарын 14-ний өдөр манай ажлын хамт олон аялалаар явж байгаад 2022 оны 06 дугаар сарын 23-нд Сайншандад ирсэн. Тэгээд би тэр өдөртөө гэр рүүгээ явах байсан чинь найзтайгаа тааралдаад шандад 2 хоночихоод Замын-Үүдэд гэртээ ирсэн тэгсэн нөхөр уурлаад өөрийнхөө суран бүсээр хэд хэдэн удаа ороолгосон. Тэгээд найзтайгаа нийлж архи уучихаад ахиад суран бүсээр ороолгохоор нь цагдаа руу манай охин дуудлага өгсөн. Намайг гэртээ ирэхэд манай нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байсан. Манай нөхөр тэр өглөө эрүүл байсан. 2-12 насны дөрвөн хүүхэд байгаа. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Манай нөхрийн өөрийнх нь хэрэглэж байсан хуучин бүс нь байгаа юм. Төмөр арал нь байхгүй. Тухайн үед хүүхдүүд байгаагүй гадаа гаргачихсан байсан. Миний нуруу, мөр, гуя, хоёр гарын булчин хэсэгт ороолгосон хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг зодуулж байхыг хэн нэгэн хүн хараагүй хүүхдүүдийг цэцэрлэг дээр тоглуулахаар явуулчихсан байсан. Би хэн нэгэн хүнээс аврал эрж дуудаагүй. Тэр хооронд хүүхдүүд ирсэн. Намайг зодчихоод гарч яваад архи уучихаад согтуу орж ирсэн, тэр үед нь би том охин Нарансолонгод хандаж аав чинь ээжийг нь ахиад зодвол цагдаа дуудаарай гэж хэлчихсэн байсан, тэгсэн манай нөхөр архи ууж орж ирчихээд ахиад нөгөө суран бүсээр нуруу, хөл, гар луу ороолгож гараараа хоёр удаа нүүр лүү алгадсан тэгсэн охин цагдаад дуудлага өгсөн. Би охиндоо хэлсэн байгаа. Ахиад зодохдоо нилээн согтуу байсан. Ахиж зодоход хүүхдүүд гэрийн гадаа тоглож байсан би тухайн үед том охин руугаа толгойгоороо дохиж цагдаа дууд гэж хэлсэн, тэгээд цагдаа ирсэн. Манай нөхөр архины хамааралгүй. Урьд нэг удаа гараараа цохиж зодож байсан суран бүсээр ороолгож зодож байгаагүй урьд зодсныг нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж шүүхээр орж ял шийтгүүлж байсан. Намайг аялалаар яваад ирэх өдрөө ирээгүй гэж хардаад зодсон байх. Одоо хамт амьдарч байгаа уур амьсгал хэвийн болсон надаас уучлалт гуйсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15/

 

Насанд хүрээгүй Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай ээж 2022 оны 06 сарын 14-нд ажлыхантайгаа зугаалгаар явна гээд явсан юм. Ээж маань 2022 оны 06 сарын 26-нд гэртээ ирсэн. Тэгсэн аав дүү бид нарыг гарч бай гэж хэлэхэд би дүү нарыгаа аваад гарч цэцэрлэг дээр тоглож байгаад ирсэн тэгсэн ээжийн хоёр хөл, хоёр гар, ар нуруу нь хөхөрчихсөн байсан. Тэгсэн аав ээжид хандаж чамд дахиад юм зааж сурганаа гэж хэлээд бид нарыг ахиад гарч бай гэж хэлээд гаргасан би тэр үед гэрийн гадаа гэрийн хаяагаар хараад байж байхад аав хутга хайж олоод өөрийнхөө хацрыг зүсээд ээж рүү дайраад чи зүсээ биз дээ гэж хэлж байсан. Тэгээд суран бүсээр ээжийн гарыг ард нь хүлж байсан би тэр үед айгаад найзууд дээрээ очоод юм ярьж суусан. Хэсэг найзуудтайгаа байж байгаад гэртээ очсон чинь гэрийн хаалга дотроосоо түгжчихсэн ээж дотор нь хашиграад аав ээжийг үнэнгээ хэлээч гэж хашигарч байгаад чимээгүй болсон хэсэг байж байгаад аав бид нарыг дуудаж гэрт оруулсан. Гэрт ороход аав надруу дайраад зодох гээд байхад ээж урдуур орж ирээд намайг холдуулаад дүү бид нарыг гэрээс гаргасан би гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн. Аав ээжийг вагоноос тосож ирчихээд гэрт ороод дүү бид нарыг гадаа тоглож бай гэж хэлээд гаргасан. Ээж хувцастай байсан болохоор ил харагдах шархгүй байсан. Аавыг архи авна гээд дэлгүүр явсан хойгуур ээж надад өөрийнхөө биеийг харуулсан тэгсэн хоёр хөлийн гуя, хоёр гар тохойноос дээш, ар нуруу нь маш их хөхөрчихсөн аав чинь зодсон гэж хэлж байсан. Ээжийг гурил элддэг бөөрөнхий модоо хоёр гуя руу цохисон, өмдний бүсээр ороолгосон гэж надад хэлсэн. Ээж надад аав чинь ахиад зодвол цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэр үед ээжийн гарыг ард нь хүлж байхад ээж эсэргүүцээд гараа мулталсан тэгсэн аав ээжийг зүгээр байгаач гээд 2-3 удаа алгадаж байсан өөр зүйл хараагүй. Хутга хайж олоод өөрийнхөө баруун хацрыг жоохон зүссэн ээжийг үнэнгээ хэл хэлэхгүй бол чамайг бас ийм болгоно гэж хэлж байсан.  Аав ээж хоёр архи уухаараа дандаа хоорондоо зодолддог юм. Би тэр үед цагдаад хандаж байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Гэрч Ж.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ах маань одоохондоо тогтсон ажилгүй 2021 оны 11 сард осолд ороод нуруундаа гэмтэл авчихсан, тэгээд ажил хийж болдоггүй юм. ... Би ахтайгаа ойрын харилцаа холбоотой байдаг. Ахын гэрээр байнга л очдог 4 хүүхэдтэй. Ааш зан их дөлгөөхөн байдаг. Зоддог байсан талаар мэдэхгүй байна зодож байгаагүй байх. Урьд ээжийгээ өмөөрч эхнэртээ гар хүрч байсан өөрөөр зодож байгаагүй. Эхнэр С- нь архины хамааралтай эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан архи ууж л байдаг архи уухаараа их агсан ахыг хэл амаар доромжлоод хэрүүл нэхээд байдаг юм”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Х.Ж нь 2022 оны 06 дугаар сарын 26-нд Замын-Үүд  сумын ... тоотод эхнэр А.С-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч А.С нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 91000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Ж-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

 

          2022 оны 06 сарын 26-ны өдрийн яаарлтай тусламжийн хуудас /хх-ийн 36/

         

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 06 сарын 27-ны өдрийн “1.А.С-ийн биед духны дунд хэсэгт, баруун мөрний хэсэгт, баруун бугалганы гадна хажуу хэсэгт, баруун шууны дотор дунд талд , зүүн мөрөн дээр, зүүн бугалга гадна талд, хэвлийн зүүн доод талд, баруун шилбэний дотор дээд талд, зүүн гуяны гадна хажуу хэсгээр, зүүн шилбэний гадна хажуу хэсгээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

 3. А.С-ийн биед үүссэн гэмтлүүдийн зүүн шилбэний гадна хажуу хэсгээр цус хуралт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны дунд хэсэгт, баруун мөрний хэсэгт, баруун бугалганы гадна хажуу хэсэгт, баруун шууны дотор дунд талд , зүүн мөрөн дээр, зүүн бугалга гадна талд, хэвлийн зүүн доод талд, баруун шилбэний дотор дээд талд, зүүн гуяны гадна хажуу хэсгээрх цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/168 тоот дүгнэлт /хх-ийн 37-38/

 

Шүүгдэгч Х.Ж нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48-49/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүхийн 2021 оны 04 сарын 07-ны өдрийн  27 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-55/

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн “ төрийг төлөөлөн прокурор томилж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” 19/0 тоот албан бичиг, түүнд хавсаргасан С-ийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 91,000 төгрөг гэсэн лавлагаа /хх-ийн 60, 61/

 

Дорноговь аймгийн Заымн-Үүд сумын 3 дугаар багийн ажлын албаны 2022 оны 07 сарын 01-ний өдрийн “ Тус багийн иргэн Х.Ж /ТЯ89012211/ нь Болдтөмөрийн... тоотод ам бүл 6 оршин суудаг үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 67/

 

... регистрийн дугаартай Х.Ж-ийн иргэний үнэмлэхнгий хуулбар /хх-ийн 68/

 

... регистрийн дугаартай Х.Ж, ... регистрийн дугаартай Хөлдөн овогт А.С нарын ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69/

Х.Ж “сахарын диабет “ өвчтэйг тодорхойлсон амбулториор эмчлүүлэгдсэдийн картын хуулбар ....зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Ж нь согтуугаар 2022 оны 06 сарын 26-ны өдрийн 10, 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын ... тоотод байрлах гэртээ эхнэр А.С-г “ Сайншанд суманд хэнтэй архи уусныг нь асууж, үнэнээ хэлэхийг шаардаж, улмаар 2 удаагийн үйлдлээр суран бүсээр 8-9 удаа биеийн хэсгийг нь ороолгож, зодсон үйл баримт болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.С-ийн биед учирсан гэмтлийн тогтоолгохоор Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийг шинжээчээр тохилсон байх бөгөөд шинжээч эмч П.Г нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр “ хохирогчийн биед зүүн шилбэний гадна хажуу хэсгээр цус хуралт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, духны дунд хэсэгт, баруун мөрний хэсэгт, баруун бугалганы гадна хажуу хэсэгт, баруун шууны дотор дунд талд , зүүн мөрөн дээр, зүүн бугалга гадна талд, хэвлийн зүүн доод талд, баруун шилбэний дотор дээд талд, зүүн гуяны гадна хажуу хэсгээрх цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах” болохыг тогтоосон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч,  харгалзан дэмжигч, гэр бүлд амьдарч байгаа хүн” зэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрахаар заасан байх ба хохирогч А.С нь шүүгдэгчийн хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулан амьдарч байгаа эхнэр  болох нь хэрэгт авагдсан ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-ийн 69/ тогтоогдож байна.

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн хэлбэртэй талаар заасан ба бие махбодын хүчирхийлэлд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдийн хэнийг ч боловч аливаа хэлбэрээр зодсон, гэмтэл учруулсан байхыг ойлгох юм.

Дээрх хууль зүйн ойлголтын хувьд үзвэл хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, шүүгдэгч нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэлийг үйлдсэн гэж үзэх ба энэ  утгаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “ энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ж-ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.С, насанд хүрээгүй гэрч Х.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч П.Г-ийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 04/168 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ “ Өндөр” гэсэн үнэлгээний тэмдэглэл, бор өнгийн 1 метр 9 см урттай, аралгүй суран бүсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэргээр нотлогдож байна.

 

Иймд Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүнд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсэн, ухамсарлаж байгаа боловч хэнтэй архи уусныг үнэнээр нь хэлүүлэх зорилгоор зодож гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүлйийн 2-д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох юм.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч А.С-ийн хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх ззүйл байхгүй талаараа мэдүүлэг өгсөн байна /хх-ийн 15/.

 

Харин хохирогч нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19 цаг 25 минутанд  Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас эмчилгээ үйлчилгээ авсан байх 91,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 19/0 тоот албан бичиг, түүнд хавсаргасан А.С-ийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 91,000 төгрөг гэсэн лавлагаа /хх-ийн 60, 61/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 91,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчид 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” ,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч нь 91,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн зам тээврийн осолд орж нуруундаа гэмтэл авсан, харагдах байдал нь хөл нь доголон явдаг, мөн сахарын диабет өвчтэй тул 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах “ гэсэн дүгнэлдүүдийг гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

 

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ талуудын мэтгэлцээн, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж, түүнд зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь Дорноговь аймгийн Заымн-Үүд сумын 3 дугаар баг,  Болдтөмөрийн ... тоотод ам бүл 6 оршин суудаг нь /хх-ийн 67/ хэрэгт тогтоогдсон байгааг дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн 1 метр 9 см урттай, аралгүй суран бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Х.Ж-г /РД:.../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ... овогт Х.Ж-г 6 /зургаа/ сарын хугацаагаар оршин суух газар болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязргаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн 1 метр 9 см урттай, аралгүй суран бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн дааьгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Х.Ж-ээс  гэм хорын хохиролд 91,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ж-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.Ц