Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2022/0067/Э |
Дугаар | 69 |
Огноо | 2022-08-12 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Э.Ө
Улсын яллагч Б.С
Хохирогч Д.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат, ...-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Замын-Үүд сумын 2 дугаар баг, ... тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа туслах малчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл ... овогт Н.М-д /РД:.../-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулах Элгэн баян худалдааны төвийн үүдэнд Д.Э-ыг над руу томорлоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар газарт байсан архины шилний хагархай амсар хэсгээр нүүрнийх нь зүүн хэсэгт 1 удаа зүсэж , эрүү орчмын зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Хохирогчийг зүс танина. Тэр өдөр айлаас бөөнөөрөө гараад Элгэнбаян дэлгүүр орсон юм. Э-аас 500 төгрөг гуйсан чинь залуу хүн байж ажил хийгээч гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрээс гарах үед шоронгийн атаман ийм малга өмсдөг юм гэх үг яриад байсан. Тэгэхээр нь шар хөдлөөд газарт байсан архины шилний хагархайг аваад нүүр рүү нь цохьчихсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгааг ойлгож байна. Хохирогчид 800,000 төгрөг эмчилгээний зардалд төлсөн. Одоо эмнэлгийн төлбөр 2,741,000 төгрөгийг төлж барагдуулна. Миний хувьд хөдөөө айлд туслах малчин хийдэг, сардаа 250,000-300,000 төгрөгийн цалин авдаг ” гэсэн мэдүүлэг
Хохирогч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тухайн өдөр би Замын-Үүд сумын 2 дугаар багт байрлах Элгэн баян худалдааны төвөөс архи аваад гарч байсан чинь М надаас мөнгө гуйхаар нь “ чи одоо залуу хүн байж ажил хийгээч” гэсэн чинь юм хэлээгүй зогсоод байсан, тэгээд би авсан архиа бариад явж байсан чинь хүн дуудах шиг болсон, тэгээд эргээд харсан чинь М гэх залуу гартаа хагархай архины шил барьчихсан зогсож байснаа нүүрэн тус цохьсон. 06 сарын 13-ны орой эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад явсан. Дараа нь өвдөөд, идээлсэн, 21-нд эмнэлэгт үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэсэн. Ер нь бол эрүүний яс гарсан. Ингээд мэс засалд орж үхэжсэн арьсыг нь авч дахиж оёдол тавиулаад эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад М 800,000 төгрөг өгсөн, би эмчилгээндээ зарцуулсан” гэсэн мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09/
7х8 см хэмжээтэй 100 гр жижиг ерөөл архины хагарсан шилний хүзүү хэсгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/
2022 оны 06 сарын 13-ний өдрийн хохирогч Д.Э-ыг хүлээж авсан эмнэлэгий яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 21-22/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “1. Д.Э-ын биед гэмтэл тогтоогдлоо.
2. Д.Э-ын биед зүүн эрүү орчмын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарах болно” гэсэн 04/170 тоот дүгнэлт /хх-ийн 23-24/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн “Д.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш гэмтлийн гаралтай өвчнөөр авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, мөнгөн дүнгийн лавлагааг хавсралтаар хүргүүллээ. Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар 2,741,000 төгрөгийг гэм буруутайд этгээдээс гаргуулах чиглэлээр төрийг төлөөлөн прокурор томилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэсэн 19/21 тоот лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, зарцуулсан зардлын лавлагаа / хх-ийн 28-29/
Шүүгдэгч Н.М нь урьд ял шийтгэл эдэлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 34-35/
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-39/
Хохирогч Д.Э-ын цагдаагийн хэлтэст гаргасан ” Миний бие 2022 оны 06 сарын 13-ны өдөр М-оор нүүрэн тус газраа шилээр цохиулж хөнгөн гэмтэл авсан. Би эмчилгээний зардалд 800,000 төгрөг бэлнээр авсан. М-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 45/
Иргэний нэхэмжлэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э нь 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 19:14 минутанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Элгэн баян худалдааны төвийн үүдэнд бусдад нүүрэн тус газраа архины шилээр зүсүүлсэн гэх хэрэгт хохирогч Д.Э нь 2022 оны 06 сарын 13-наас 2022 оны 06 сарын 21-ний өдөр нэгдсэн эмнэлгийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,741,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.М-оос гаргуулж Эрүүл мэндийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг давсгэрт үйл ажиллагаа явуулах Элгэн баян худалдааны төвийн үүдэнд Д.Э-ыг “ 500 төгрөг өгсөнгүй, шоронгийн атаман гэх байдлаар томорлоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар газарт байсан архины шилний хагархай амсар хэсгээр нүүрнийх нь зүүн хэсэгт 1 удаа зүсэж , эрүү орчмын зүсэгдсэн шарх бүхий учруулсан үйл баримт болжээ.
Хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь 2022 оны 06 сарын 27-ны өдөр 04/170 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Н.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох хохирогч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2022 оны 06 сарын 27-ны өдөр 04/170 тоот дүгнэлт, 7х8 см хэмжээтэй, 100 гр жижиг ерөөл архины хагарсан шилний хүзүү хэсгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Д.Э-д эмчилгээний зардалд 800,000 төгрөг төлсөн нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байх ба хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн болно.
Харин хохирогч Д.Э нь 2022 оны 06 дугаар сарын 13-наас 21-ний өдрийн байдлаар Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас эмчилгээ үйлчилгээ авсан байх 2,741,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 19/21 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Д.Э-ын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 2,741,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 28, 30/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 2,741,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7х8 см хэмжээтэй 100 гр жижиг Ерөөл архины хагарсан шилний хүзүү хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ... овогт Н.М-ыг /РД:.../ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ... овогт Н.М-ыг /РД:.../ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 7х8 см хэмжээтэй 100 гр жижиг Ерөөл архины хагарсан шилний хүзүү хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Н.М-оос гэм хорын хохиролд 2,741,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.М нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц