Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/580

 

 

 

 

 

 

 

    2022          07          05                                    2022/ШЦТ/580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Батзаяа /томилолтоор/,

өсвөр насны шүүгдэгч Б.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч У.Бүдсүрэн, өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************Ч-ид холбогдох эрүүгийн 2205000001546 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***********************************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин” хороололд насанд хүрээгүй хохирогч Б.Б-г үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч Б.Б:

“...Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед өөрийн гэрийн гадаа буюу Баянгол дүүргийн 20-р хороо, “Эрин” хорооллын дотор байдаг сагсан бөмбөгийн шийд дээр найзуудтайгаа тоглож байх үед цаана арай том хүүхдүүд волейбол тоглож байсан. Бид нарыг тоглож байх үед өндөр, нүдний шилтэй, урт буржгар үстэй ахын бөмбөг над руу өнхрөөд ирэх үед би буцаагаад тухайн залуу руу өшиглөх үед цаашаа даваад явсан. Бид нар гэр гэрүүгээ харих гээд салаад явах үед түрүүний бөмбөг явуулсан өндөр нуруутай, нүдний шилтэй буржгар үстэй ах ирээд намайг унгаагаад “чи ямар даварсан гөлөг вэ” гээд миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, 

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 04-ны 6618 дугаартай шинжээчийн:

“...Б.Б биед хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3. Өсвөр насны шүүгдэгч Б.Чийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хавтаст хэргийн 37 дахь тал/,

4. Насанд хүрээгүй хохирогчийн эх Ч.Мөнхтуяагийн 5042380178 тоот дансанд хохирлын төлбөрийг шилжүүлэх талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь насанд хүрээгүй хохирогч Б.Бадрахыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Ч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, өсвөр насны шүүгдэгч Б.Чийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь:

2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрин” хороололд хохирогч Б.Бадрахыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, томографийн дүрс оношилгооны шинжилгээний хариу болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч Б.Чийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал, хохирол төлбөрт 329.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Ч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас уг хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин насанд хүрээгүй хохирогч Б.Бадрах нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “өсвөр насны шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч “Б.Ч нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дунд сургуулийн сурагч зэргийг харгалзан заавал нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах, хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Өсвөр насны шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь өмгөөлөгч А.Ганбат нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөлд байхгүй, хуульчлагдаагүй “торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан тул хүлээн авах боломжгүй.  

Мөн улсын яллагчаас “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасныг хүлээж авах шаардлагагүй гэж дүгнэсэн. Учир нь өсвөр насны шүүгдэгч Б.Ч гэмт хэрэг үйлдэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн байдлаар 17 нас 6 сар 12 хоногтой байсныг мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл-/хавтаст хэргийн 35 дахь тал/-ээр тогтоогдсон бөгөөд хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед арван найман насанд хүрээгүй болох нь “Хур” системийн лавлагаа-/хавтаст хэргийн 38 дахь тал/-гаар тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан үндэслэл журамд хамаарахаар байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд уг заалтыг хэрэглэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал буюу Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, урьд ял шийтгэлгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн зэрэг байдлыг харгалзан түүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чид ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, дээрх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000001546 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч *************** Ч-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ч-ид ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Ч-ид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалгасугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, өсвөр насны шүүгдэгч Б.Чид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Ч-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ