Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/587

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          07           07                                     2022/ШЦТ/587

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Ц.Сайнзаяа /томилолтоор/,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ Б-д холбогдох эрүүгийн 2205000001711 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ***********************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” төвийн гадна Ц.Б жолоодож явсан хаалга нь түгжээгүй, асаалттай байсан Ц.Бгийн өмчлөлийн 47 сая төгрөгийн үнэ бүхий 1651 УНР улсын дугаартай “Тоёота харьер” маркийн тээврийн хэрэгслийг гэртээ жолоодож очихоор өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Б-н:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны шөнө унтаж байхад манай дүү Ц.Буяннэмэх “ахаа машинаа өгчих би ойр юманд явчхаад ирье” гэхээр нь би “за тэг” гээд машинаа өгсөн. Тэгээд шөнө 03 цаг өнгөрөөд байж байхад цагдаагаас залгаад “1651 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөн үү, машин мөргөчхөөд зугтаасан байна” гэхээр нь би гайхаад дүү рүүгээ залгаад “юу болоод байгаа юм бэ, чи машин мөргөөд зугтаасан юм уу” гэсэн чинь “та хүрээд ирээ, би ирэхээр чинь тайлбарлая” гэхээр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын арын 13-р сургуулийн тэнд очсон чинь манай дүү “намайг ТҮЦ рүү ороод юм асуугаад гараад ирсэн чинь 1 хүн машин унаад зугтааж яваад ийм осол болчихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-20 дахь тал/,

2. Гэрч Ц.Б:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний орой ах Бгаас машиныг нь гуйж авч гараад найздаа буудлын өрөө авахаар хайж яваад 2022 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 02 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын арын зам дагуу байрлах “Бурхант” төвийн зочид буудал руу орж өрөө асуухаар ахынхаа 1651 УНР улсын дугаартай “Тоёота харьер” маркийн машиныг асаалттай нь “Бурхант” төвийн гадаа байрлуулаад дотогшоо орсон. Тэгээд “буудлын өрөө байхгүй” гэхээр нь буудлаас гараад ирсэн чинь миний машин байхгүй болсон байсан. Тэгээд би ах руугаа залгаад бас цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй миний машин хорооллын эцэст “нэг байрны гадаа байна” гэхээр нь очоод үзэхэд урд талаар нь юм мөргөсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд шалгахад миний машинаар зам дагуу байсан цагаан өнгийн “Ниссан санни” маркийн машин мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

3. Гэрч Г.Г:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын ард байдаг “Platinum” караоке ажлын байрандаа байхад 2 эрэгтэй 23 цагийн үед орж ирж үйлчлүүлсэн. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад тэр 2 эрэгтэй хүн гарахаар болоод нийт 460.000 төгрөгийн тооцоо хийхээр болоод 1 эрэгтэй нь 200.000 төгрөг төлөөд нэг намхан хар хувцастай ах нь үлдэгдэл тооцоогоо хийхгүй хамгаалагчтай маргалдаад эхэлсэн. Тэгээд хамгаалагч тэр хар хувцастай намхан ахыг гадаа гаргаад хаалгаа түгжсэн. Тэгээд бид нар тэр ахыг явахыг нь хүлээгээд тамхины өрөөний цонхоор харж байхад ...хойшоо зам гараад “Бурхант” төвийн гадаа хэсэг бөөлжиж байгаад нэг хар өнгөтэй “Харьер” машинд суугаад их хурдтай яваад өгсөн. ...Гар утсаа үлдээгээд маргааш нь ирж үлдэгдэл тооцоогоо хийгээд утсаа авсан. Жолооч талд нь суугаад тэр машиныг унаад явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 41-44 дэх тал/,

4. Үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-14 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Б нь хохирогч Ц.Б-н автомашиныг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч С.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Б нь:

2022 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” төвийн гадна Ц.Б жолоодож явсан хаалга нь түгжээгүй, асаалттай байсан Ц.Б-гийн өмчлөлийн 47 сая төгрөгийн үнэ бүхий 1651 УНР улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгслийг гэртээ жолоодож очихоор өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүй авч явсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Түүнчлэн тус гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь гэмт этгээд тухайн авто тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн санаа зорилгогүй, харин түр унах, дүрсгүйтэх, хорхойсох, зугтаах, оргох зэргээр авч явсан байна. Харин авто тээврийн хэрэгслийг завших зорилгоор авч явсан бол үйлдлийн аргаас нь хамааруулан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээр /хулгайлах, дээрэмдэх/ зүйлчлэхийг дурдах нь зүйтэй.   

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Бг “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

Хохирогч Ц.Б нь “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, 7.000.000 төгрөгийг хүлээж авсан” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч С.Бг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Бтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 168 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч С.Бгийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000001711 хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************ Б-г “Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ