Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/588

 

 


 

 

 

 

 

 

 

2022            7          08                                            2022/ШЦТ/588

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Ш.Анужин,

хохирогч М.Т,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** У-т холбогдох эрүүгийн 2205000000078 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Фужи-Алтай” ХХК-д дээвэрчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт ******************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.У нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн урд талд хохирогч М.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Т мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Хамар янзлуулах хагалгаанд ороход 4.050.000 төгрөг шаардлагатай энэ төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилнэ. Мөн томографийн шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгөө төлүүлэх хүсэлтэй байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.Т-ийн:

“...2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөөний 07 цагийн үед найз охин Отгончимэг түүний ажлын 2 охинтой хамт машинтайгаа Цамбагаравын автобусны буудлын ойр явж байхад У гэгчтэй таарсан. У манай найз охиныг фэйсбүүк чатаар урьд нь доромжлоод байхаар нь би тэр үед таарчхаад Ут хандаж “битгий манай найз охиныг доромжлоод бай, уучлалт гуй” гэж хэлэхэд над руу “чи ямар хүнээр оролдсон гэдгээ мэдэж байна уу” гэхээр нь би “мэдэхгүй байна” гээд байж байтал манай найз охин “чимээгүй явъя” гээд намайг дагуулаад явсан. Тэгээд өдөр нь хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна, Уын найз гэх Төөмкө гэгч фэйсбүүк чатаар над руу “найз яагаад байгаа юм, одоо уулзаж учраа олъё, орой Цамбагаравын ойролцоо байрлах “Титэм” плазагийн гадна уулзъя” гээд байхаар нь би түүнд хандаж “Би Цамбагарав руу явж амжихгүй, чи “Өргөө” дээр хүрээд ир” гэсэн чинь орой нь 11 цагийн үед Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах “Өргөө” кино театрын урд би найз охин болон 2 найзынхаа хамт машинтай очсон чинь Төөмкө, У болон түүний нэг эрэгтэй найз гурвуулаа 3 машинтай ирчихсэн байсан. Тэгээд Төөмкө гэгч нь намайг “хойшлоод байрны дунд очъё” гэхээр нь би “тэгье” гээд “Өргөө”-гийн хойно байрлах байрны голоор ороход Ууганаа байхгүй болчихсон болохоор нь би “Ууганаа яасан юм” гэсэн чинь Төөмкө “Ууганаа одоо ирж байгаа” гэхээр нь би тоохгүй тэд нарыг хаячхаад машинаа асаагаад хөдлөөд “Оргил” төвийн туслах замаар гарч ирээд хорооллын эцэс тал руу эргээд “Оргил” худалдааны төвийн урд зам дээр явж байтал миний машины урдуур Төөмкө “Акуа” маркийн машинтайгаа шахаж орж ирээд намайг зогсоосон чинь араас нөгөө найз нь “Соната-6” маркийн машинтай хойноос тулж ирээд зогссон. Би машиныхаа цонхыг буулгаад Төөмкө гэгчид “Би явъя” гэсэн чинь тоохгүй машиндаа суугаад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн чинь 20 минутын дараа Ууганаа араас машинтайгаа ирээд дотроос нь 5 хүн бууж ирэхээр нь би машинаасаа буугаад Ууганаад хандаж “яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь Ууганаа юм дуугаралгүй над руу ирээд намайг зүүн гараараа миний баруун шанаа руу 1 удаа цохихоор нь би салах гээд ноцолдож байтал Ууганаа миний бэлэг эрхтнээс чанга базтал тэнд хамт ирсэн ах нь бололтой 1 залуу бид хоёрыг салгаад намайг “Хоёулаа юм яръя” гээд Ууганаагаас холдуулсан чинь Ууганаа дахиж араас ирээд духаараа миний хамар хэсэг рүү мөргөсөн. Би цагдаад юу болсон талаар ярьсан чинь намайг “гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд гомдлоо гарга” гээд явуулсан. Ууганаа намайг цохиж миний хамарт гэмтэл учруулсныг манай найз охин Отгончимэг харсан. Би хамрын хагалгаанд орж хамраа тэгшлүүлэх шаардлагатай. Тухайн гарах зардлыг Уаар төлүүлэх хүсэлтэй байна. ... “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөг, “Лазер мед” эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэхэд хэд болох талаар “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24, 27 дахь тал/,

2. Гэрч Б.О:

“...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа буугаад машинтайгаа өглөө 10 цагийн үед найз залуу болох Т, найз Солонго нартай “Титэм” плаза эргээд харих гэж байхад У гээд таньдаг залуу замын хажуу эгнээнд машинтайгаа явж байсан. Замын хажууд бид нар машинтайгаа зогсоод Т машинаас буугаад Утай очиж уулзсан. Т Ууганаад “манай найз охиныг битгий янхан, гичий гээд доромжлоод фэйсбүүкээр мессеж бичээд бай” гээд тэр 2 муудалцсан. Ууганаа Ттэй дух духаа нийлүүлээд зодолдчих гээд байхаар нь би найз Солонгоотой хамт машинаас буугаад Тийг салгаад авч явсан. Орой 20 цагийн үед Төөмкө гэх залуу Т руу фэйсбүүкээр “Өргөө дээр уулзъя” гэсэн. Орой Ттэй хамт “Өргөө” автобусны буудал дээр очиход Төөмкө урдаа нэг охин суулгачихсан, Ууганаа урд талд машинтайгаа зогсож байсан. Тэгээд Төөмкө араас дагаад явчих гэхээр нь ардаас нь дагаад нэг байрны дунд очиж зогссон. Т машинаасаа буугаад Төөмкөтэй уулзчихаад машиндаа орж ирээд “нээх юм ярьсангүй, явья” гээд машинтайгаа хөдөлсөн. Хорооллын “Оргил” худалдааны төвийн урд явж байхад араас Төөмкө машинтайгаа ирээд “Ууганаа ирж байна, наанаа зогсож бай” гээд Ууганааг хүлээсэн. Ууганаа машинтайгаа араас ирээд дотроос нь 5-6 залуучууд машинаас нь бууж ирээд Тийг дуудсан. Би машины толинд юу болохыг хараад сууж байсан. Т тэд нар дээр очоод юу болсон талаар мэдэхгүй байна. Цагдаа нар ирэхэд бүгд тарцгаасан Т харин хамраа дарцан ирж байсан. Би Тээс юу болсон талаар асуухад “У ах нараа дуудаж ирчхээд ардуур нь явж байснаа гэнэт нүүр рүү мөргөчихлөө” гэж надад хэлсэн. ...Тийн хамрыг У мөргөснөөс болж хугарсан. Гэмтлийн эмнэлэг ороод зураг авхуулахад “хамар нь хугарсан байна” гэсэн. Тухайн үед хамраас цус гарсан, гэхдээ их хэмжээний цус гараагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 12 дахь тал/,

3. Насанд хүрээгүй гэрч С.Т:

“...Миний бодлоор Т миний машиныг унаад осол гаргасан. Тэгээд би “мөнгөө төлөөрэй” гээд жолооны үнэмлэхийг нь авсан байсан. Тэрийгээ авах гээд Уаас намайг асууж маргалдсан. Над руу Тийн фэйсбүүк чатаар найз охин болох Отгончимэг “уулзъя, Тийн үнэмлэхийг авъя” гэхээр нь би “100.000 төгрөг өгөөд аваарай” гэж хариу бичсэн. Тэгээд орой хороололд “Өргөө” кино театрын урд ярьж байгаад уулзсан. ...Тэгээд Тийг “дагаад яв” гээд нэг байран дундуур ороод Ууганааг хүлээсэн. Удалгүй Т яваад өгөхөөр нь араас нь машинтайгаа очиж зогсоогоод урд нь гарсан. Ууганаа хоёр ахыгаа дагуулаад араас нь “Оргил” худалдааны төвийн хойд талд ирсэн. Т бууж ирээд Уыг гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Ууганаа Тийн 2 гарыг нь бариад нүүр хэсэг рүү нь 1 удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

4. Гэрч С.С:

“...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа өглөө 06 цаг өнгөрч гараад цуг ажилладаг Отгончимэг, түүний найз залуу Т, найзтайгаа цуг ажлаас гарсан. Тэд нар намайг гэрт хүргэж өгнө гэсэн. “Титэм” плазагийн урд замаар дээшээ “Цамба” руу явж байсан. Тухайн үед би зүүрмэглээд нүдээ аньчихсан машины хойд талын суудлын баруун талд нь явж байсан. Т машинаа зогсоогоод “Саппоро”-гийн ард бууж хаалга дуугарахад нь би сэрсэн. Юу болоод байгаа юм бол гээд машинаас буухад У гэх залуу, Т 2 би бие рүүгээ “пизда вэ, лалар минь” гээд нэг залуугийн тухай хэрэлдээд хараагаад байсан. Уыг “чи одоо яах гээд байгаа юм” гэтэл Отгончимэг уурлаад “хая хая явъя” гээд Ттэй машинтайгаа суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 994 дугаартай:

 “...М.Т-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Амь насанд аюул учруулахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

6. Шинжээч Г.Энхбаатарын:

“...М.Тийн биед үүссэн гэмтэл шинэ гэмтэл байна. Зарим тохиолдолд цус гарна, зарим тохиолдолд цус гарахгүй тохиолдол байдаг, хамар битүүрдэг. Хүний хамар руу нэг удаа мөргөхөд хамар хугарах боломжтой...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

7. Хохирогч М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирол төлбөрийн талаарх баримт, томографийн зураг, чих хамар хоолойн оношилгоо эмчилгээ зөвлөгөө /хавтаст хэргийн 34-38 дахь тал/,

8. Шүүгдэгч Э.У-ын:

“...Би тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Өглөө Т духаараа надтай мөргөлдсөн. Тэрнээс чанга мөргөсөн юм байхгүй. Намайг өглөө нэг залуу алгадсан гэж бодоод байсан алгадаагүй юм шиг байна. Би шөнөжин нойргүй явж байсан. ...Өглөө намайг дээрэлхээд байгаа юм шиг байсан болохоор Тийг барьж байгаад 1 удаа мөргөчихсөн. Т намайг мөргөсний дараа хамраа дарсан болохоор би цус гарсан үгүйг мэдэхгүй байна. Би шууд яваад өгсөн. Т хамраа дараад машин руугаа явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44, 46 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.У нь хохирогч М.Т-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Э.У нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.У-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.У нь:

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн урд талд хохирогч М.Т-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.У нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд хохирогч М.Т өөрт учирсан гэмтэлтэй холбоотой томографийн зураг авхуулсан, эмчилгээ хийлгэсэн, ирээдүйд хамрын мэс засалд орох төлбөр зэрэгт нийт 4.170.000 төгрөгийг нэхэмжилснээс баримтаар тогтоогдож байгаа 120.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.У төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хохирогч М.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.050.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхив.

Харин хохирогч М.Т нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал, баримтаар тогтоогдож байгаа хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000000078 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *************** У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Т нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ