Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/590

 

 

 

 

 

 

 

     2022           7           18                                     2022/ШЦТ/590

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** Б-д холбогдох эрүүгийн 2205006771541 дугаартай хэргийг 2022 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Радио холбооны инженер мэргэжилтэй, ***********************ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт ********************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, *****************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хороо “Дако” 10а дугаар байрны 96 тоот гэртээ “миний хүүхдийг авхуулах гэж эмнэлэг хайлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч М.Отгоннямыг жирэмсэн болохыг мэдсээр байж зүүн хацар луу 2 удаа алгадан, хавсарч унаган, хана мөргүүлж биед баруун зүүн өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт, умайн булчингийн чангарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хохирогчийн аав, ээж 2 нь хөдөөнөөс ирэх гээд гэртээ байж байсан. Бид 2 аав, ээж хоёртой нь золгох мөнгөнөөс болж хоорондоо маргасан. Улмаар миний хүүхдийг “авхуулна, сална” гээд надаас 1 сая төгрөг нэхсэн. Тэгэхээр нь уурлаад гар хүрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.О цагдаагийн байгууллагад хандаж гаргасан “Хамтран амьдрагч Б намайг зодсон. Би жирэмсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/,

2. Хохирогч М.О:

 “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б бид 2 Бгийн гэрт манай аав, ээж хоёрыг очиж авах гээд байж байсан. Тэгээд би орон дээр хэвтэж байгаад унтчихсан байсан нэг мэдэхэд Б намайг цохиж сэрээсэн би хувцсаа өмсөөд гадаа гараад Бг хүлээгээд 20-30 орчим минут болсон. Тэгээд би буцаад гэр лүүгээ ортол Б бие засах өрөөнд тамхи татаад сууж байсан тэгэхээр нь “чи гарах болж байна уу, би бие засмаар байна” гэж хэлээд Бг гаргаад би өөрөө бие засах өрөөнд ороод эмэгтэйчүүдийн эмнэлэг хайгаад сууж байтал Б гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй баруун гараараа миний зүүн хацар луу 2 удаа алгадаад “чи эмэгтэйчүүдийн эмнэлэг хайж миний хүүхдийг авхуулах гэж байгаа юм уу” гэж уурласан. Ингээд бид 2 гэрээс гараад Бгийн “Соната-7” тээврийн хэрэгсэлд суух гэж байхад нь би машины түлхүүрийг нь өгөөгүй. Тэгээд бид 2 маргалдаж байтал Б зугтаад явсан. Би Бгийн араас хөөгөөд гүйгээд очтол миний А9 загварын гар утсыг авч чулуун дээр шидэж хагалсан. Тэгээд намайг дэгээдээд бөгсөн биеэр минь унагаасан би жирэмсэн байсан учир доошоо цус гараад эхэлсэн. Тэгээд Б гаднаас орж ирээд ...миний толгойноос 2 гараараа бариад миний толгойгоор хана мөргүүлээд байсан. ...Би өөрийн сонголтоор үр хөндүүлсэн. Тухайн гар утсыг Б 2021 оны 12 дугаар сард надад худалдаж авч өгч байсан. Гар утас эвдэрсэн гомдол санал байхгүй, гар утсыг үнэлүүлэх шаардлага байхгүй. Бд зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний мөнгө болох нийт 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 33 дахь тал/,

3. Гэрч Э.Б:

“...Отгонням манай гэрт 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхээс эхлээд амьдарч байгаад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б ахтай муудалцаж манай гэрээс явсан. ...тэр 2 бие засах өрөөнд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй маргалдаад бие засах өрөөнөөс гарч ирсэн. Тэр 2 хэрэлдээд нэг нэгэн лүүгээ хувцсаа шидэлцээд “одоо яв” гэж байсан. Б ах Отгоннямыг 1 удаа алгадсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

4. Гэрч Б.А:

“...2021 оны 10 дугаар сард 1 удаа цагдаад “96 тоот айлын хүмүүс хоорондоо зодолдож байна” гэж дуудлага өгсөн. Харин 2022 оны 02 дугаар сарын сүүлээр найз охин гэх эмэгтэй манай хаалгыг тогшоод “найз залуу намайг зодоод байна, та цагдаа дуудаад өгөөч” гэж орж ирж байсан. Энэ явдлаас хойш дахин зодоон цохион болоогүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дахь тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3115 дугаартай:

“...М.О биед баруун зүүн өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт, умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2022.02.07-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

6. Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрээс хуулбарласан баримтууд /хавтаст хэргийн 67-85 дахь тал/,

7. Шүүгдэгч Э.Б-гийн:

“...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Б нь хохирогч М.О эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Э.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Б нь:

2022 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хороо “Дако” 10а дугаар байрны 96 тоот гэртээ “миний хүүхдийг авхуулах гэж эмнэлэг хайлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч М.Отгоннямыг жирэмсэн болохыг мэдсээр байж зүүн хацар луу 2 удаа алгадан, хавсарч унаган, хана мөргүүлж биед баруун зүүн өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт, умайн булчингийн чангарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд хохирогч М.Отгонням нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 600.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохирол төлбөрийн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул түүний нэхэмжилсэн хохирлыг хэлэлцэхгүй орхив.

Харин хохирогч М.О нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах, цэргийн анги удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205006771541 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************** Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Отгонням нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон цэргийн анги удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ