Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/591

 

 

 

 

 

 

 

    2022          7           18                                     2022/ШЦТ/591

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Б.А, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********************* нарт холбогдох эрүүгийн 2105022681443 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Худалдааны менежер мэргэжилтэй, “**************** ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт ******************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******************,

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Механикийн инженер мэргэжилтэй, “***************** ажилтай, ам бүл 5, эцэг, эхнэр, 3 хүүхдийн хамт ******************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А, Г.Б нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын уулзварт хохирогч Э.Быг “машин өшиглөсөн” гэх шалтгааны улмаас түүний толгой хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун мөр, тохой, зүүн суга, бугалга, цээж, хэвлий, зүүн мөр, тохой, ташаа, хүзүүнд зулгаралт, цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найз Бтой уулзаж хамт хоол идэж пиво уусан. Улмаар баруун 4-н замын уулзвар дээр явж байтал хохирогч өөр хүнтэй маргалдаад зогсож байсан. Би хохирогчид хандаж “замаа чөлөөлөөч” гэж хэлтэл онгорхой байсан машины цонхоор шүлсээ хаяж улмаар машин өшиглөөд зугтаахаар нь араас нь хөөж байгаад барьж аваад “цагдаа дуудаарай” гээд цагдаа иртэл машиндаа суулгаад урагшаа уулзвар нэвтэрсэн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Б мэдүүлэхдээ: “...Миний эрүүл мэндэд энэ 2 хүн хамтдаа гэмтэл учруулсан. Эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 2.400.000 төгрөг, гар утасны дэлгэц хагалсан төлбөрт 1.400.000 төгрөг, хамрын хагалгаанд орох зардалд 2.400.000 төгрөг, нийт 6.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Б-ын:

 “...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө “Доргио” баарнаас гараад такси бариад харих гээд явж байгаад баруун 4 замын урагшаа чигээрээ уулзвар гараад явж байгаад эхнэр Оюундарьтай маргалдаад машинаас буугаад өөр такси барих гээд зогсож байгаад эхнэртэйгээ дахиад маргалдаад байж байсан чинь хажуу талаас танихгүй 2 залуу 1 эмэгтэйтэй ирээд “одоо боль” гэх мэтээр надад шаардлага тавьсан. Би тухайн үед бухимдсан байсан болохоор тэр 2 залуутай маргалдсан. Тэгээд тухайн үед нөгөө 2 залуу “машин руу өшиглөсөн, машинд суу, цагдаа дээр очно” гээд эхнэр бид хоёрыг машинд суулгахлаар нь би “машинаас бууна” гэсэн чинь намайг буулгахгүй байсан. Намайг ногоон эрээн хувцастай диссант загварын куртиктэй залуу нүүр лүү 1 удаа цохисон чинь урд талын сандал дээр сууж байсан цайвар өнгийн куртиктэй залуу намайг машинаас буулгаснаа араас хувцаснаас татаж буулгаад миний хувцас тайлагдсан чинь миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэр үед диссант ногоон эрээн хувцастай залуу нь араас бууж ирээд хамт нийлээд намайг нүүр лүү өшиглөөд дэвсээд цохиод зодсон. Тэр үед манай эхнэр салгах гэж оролдоход болиогүй ба хэсэг хугацааны дараа зодохоо болихоор нь би зам дээр гарч машинуудаас тусламж хүссэн чинь нөгөө ногоон хувцастай залуу ирснээ намайг 1 удаа нүүр лүү цохисон. Тэр үед цагдаа нар ирсэн. Тэгээд би өргөдөл гомдлоо гаргаж өгсөн. Тухайн үед намайг зодсон 2 залуу миний биед хөнгөн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

2. Гэрч Б.О:

 “...Тэр үед Б бид 2 маргалдсан чинь Б уурлаад “гэр лүүгээ харилаа” гээд машинаас буусан. Тэгээд би Бын араас харсан чинь гэрлэн дохионы уулзвар дээр 2 залуутай зууралдчихсан байхаар би машинаас буугаад таксины жолоочид тооцоогоо хийчхээд Б дээр яваад очсон чинь нөгөө 2 залуу Б-ыг хоёулаа нүүр лүү гараараа цохиод зодож байсан. Тэгэхлээр нь би яваад очсон чинь цохиж зодохоо болиод диссант куртиктэй залуу надад “танай нөхөр манай машиныг өшиглөсөн, хохирлоо барагдуулна” гэхээр нь “хохирлыг нь барагдуулна, битгий зод” гээд хэлсэн. Тэгсэн чинь “та 2 цагдаа иртэл хамт бай” гээд нөгөө 2 залуугийн “Приус-30” загварын цагаан машинд Б-тай хамт суусан. Б “явмаар байна, буумаар байна” гэсэн чинь диссант хувцастай залуу “чи ингэсэн, тэгсэн” гэж хэлсэн. Урд сууж байсан хар куртиктэй залуу “машинаа хөдөлгөхөө байж бай” гээд арын хаалгаа онгойлгоод Быг чирээд машинаас буулгаад чирээд гарцны орчим очсон чинь диссант эрээн хувцастай залуу машинаас буугаад Б дээр нь очоод нүүр лүү нь гараараа цохисон чинь Б газар унасан чинь нөгөө 2 залуу нийлээд өшиглөөд зодсон. Тэр үед би цагдаа дуудсан. Тухайн үед би “боль” гээд салгах гэсэн чинь “чи цаашаа бай” гээд намайг түлхээд ойртуулаагүй. Тэгээд би диссант хувцастай хүнийг нь “цагдаа ирж байгаа” гээд байж байсан чинь Б зам дээр гараад машин зогсоох гэж урдуур нь орж байгаад явж байгаа машины хажуугаар нь ойртоод шүргэгдээд унасан. Тэгээд би очоод замаас гаргасан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17- ны өдрийн 11168 дугаартай:

“...Э.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун мөр, тохой, зүүн суга, бугалга, цээж, хэвлий, зүүн мөр, тохой, ташаа, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 44-48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.А, Г.Б нар нь бүлэглэж хохирогч Э.Б-ыг “машин өшиглөсөн” гэх шалтгааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.А, Г.Б нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А, Г.Б нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А, Г.Б нар нь:

бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын уулзварт хохирогч Э.Быг “машин өшиглөсөн” гэх шалтгааны улмаас түүний толгой хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун мөр, тохой, зүүн суга, бугалга, цээж, хэвлий, зүүн мөр, тохой, ташаа, хүзүүнд зулгаралт, цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.А, Г.Б нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А, Г.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 2.400.000 төгрөг, гар утасны дэлгэц хагалсан төлбөрт 1.400.000 төгрөг, хамрын хагалгаанд орох зардалд 2.400.000 төгрөг, нийт 6.200.000 төгрөгийг нэхэмжилснээс баримтаар тогтоогдож байгаа 323.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.А, Г.Б нар нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хохирогч Э.Бын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.877.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхив.

Харин хохирогч Э.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.А, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А, Г.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.Б нарт тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105022681443 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **************** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.Б нарыг тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.А, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ