Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 269

 

 

 

 

 

 

 

Б.Б, Б.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б, Б.О нарт холбогдох 1806011672003 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хулангийнхан овгийн Бямбаагийн Батчимэг, 1985 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, охин, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....../,

2. Боржигон овгийн Буяндэлгэрийн Одонбаяр, 1982 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ...... тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: ....../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 228А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон;

Б.Б, Б.О нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны 50 дугаар байрны 45 тоотод оршин суух хохирогч Л.Батцэнгэлийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хаш хөөрөг, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг өвлийн гутал, хөөрөгний даалин, “Нокиа” загварын гар утас зэрэг хөрөнгө хулгайлж, 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хулангийнхан овогт Бямбаагийн Батчимэг, Боржигон овогт Буяндэлгэрийн Одонбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Бт 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.От 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Б.От оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Б.Бийн цагдан хоригдсон 63 хоног, Б.Оын цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож,

Б.Б, Б.О нар нь хохирлын 1.690.000 төгрөгийг хувь тэнцүүлж нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний ар гэрийн амьдрал хүнд, аавтайгаа хамт амьдардаг. Аав хүнд хөдөлмөр хийж өндөр насны тэтгэвэрт гарсан хүн байдаг. Биеийн байдал нь маш муу, ганцаараа байхад хүндрэлтэй. Надаас өөр харж хандах хүн байхгүй. Намайг хэрэгт холбогдоход бие нь улам муудсан. Иймд өндөр настай эцгийг минь бодож, хэргээ үнэн зөвөөр хүлээсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Б.Б тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч, хийсэн хэрэгтээ гэмшиж, цаашдын амьдралдаа буруу зүйл хийхгүй байхыг ухамсарласан. Надад ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолд гомдох зүйл байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Б.О нь өмнө 4 удаагийн ял шийтгэлтэй. Хүчиндэх, танхай, дээрэмдэх, хулгай гэх мэт зүйлээр шийтгэгдсэн. Хэдийгээр хохирол, төлбөрийг төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй нөхцөл байдал байгаа боловч шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүйгээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хамгийн бага ял буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б, Б.О нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны 50 дугаар байрны 45 тоотод оршин суух хохирогч Л.Батцэнгэлийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 1 ширхэг хаш хөөрөг, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг өвлийн гутал, хөөрөгний даалин, “Нокиа” загварын гар утас зэрэг хөрөнгө хулгайлж, 1.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Бийн “...надад байсан түлхүүрээр онгойлгож ороод мөнгөн аяга, хөөрөг зэрэг зүйлийг хулгайлсан. Надад нэг айлын түлхүүр байгаа гэж Б.От хэлсэн чинь Б.О “Тэр айлд чинь очъё, би арыг нь даана” гээд надаас түлхүүр аваад хаалга онгойлгосон.” гэх мэдүүлэг /хх-62-63/,

шүүгдэгч Б.Оын “...Б.Б надад “манай ахын гэрийн түлхүүр байгаа, ...мөнгөн аяга, хөөрөг байгаа тэрийг нь авчихъя гэсэн, ... мөнгөн аяга, хөөрөг хоёрыг нь би халаасандаа хийгээд, үүдэнд байсан бор өнгийн гутлыг нь бариад гарсан. ...цайз 16 явж байгаад таксины жолоочид зарсан.” гэх мэдүүлэг /хх-64-65/,

хохирогч Л.Батцэнгэлийн “...гал тогооны тавиур дээр байсан дунд гарын мөнгөн аяга, номын сангийн цоожтой өрөөнд байсан шинэ цагийн ногоон хаш хөөрөг, Нокиа загварын гар утас, зүү ороож хийсэн торгон дайлан, өвлийн хагас түрийтэй бор гутал зэрэг эд зүйл алга болсон байсан. ...орцны жижүүр Бүрнээтэй тухайн үед Б.Б хулгай хийж байгаад таарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-19-20/,

“Тод Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Б.Б, Б.О нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б, Б.О нарын бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Харин анхан шатны шүүх, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Б, Б.О нарыг бусдын орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлсан талаар дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “орон байранд нэвтэрсэн” хүндрүүлэх шинжийг заалгүй орхигдуулсан байх тул энэхүү магадлалаар зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзэхэд үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Оын гаргасан “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хулангийнхан овогт Бямбаагийн Батчимэг, Боржигон овогт Буяндэлгэрийн Одонбаяр нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ