Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 123/2022/0056/З |
Дугаар | 221/МА2023/0726 |
Огноо | 2023-12-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0726
“Г*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Г*******” ХХК
Хариуцагч Т*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ө******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0031 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 123/2022/0056/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас Т*******д холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ө******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч даалгах”-аар маргасан байна.
2.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0031 дүгээр шийдвэрээр:
“...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 401 дүгээр зүйлийн 401.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ө******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ... Анхан шатны шүүх "Г*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ө******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэхүү шүүхийн шийдвэрийг дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа болно. Үүнд:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ө******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т "Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн тул хариуцагч 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хуулийн дагуу эс үйлдэхүй байна гэж дүгнэн тодорхойлсон.
3.2.Шүүхийн дээрх үндэслэл, дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь заалтуудад заасан “шүүхийн шийдвэр нь.....шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.....хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй..." гэснийг зөрчсөнийг илтгэнэ.
Учир нь хариуцагч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэл, шалтгаанаа тухайн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгохыг анхнаас нь дэмжээгүй тул тухайн тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж тайлбарлаж маргадаг. Тэрнээс хариуцагчийн зүгээс палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх зөвшөөрөл аваагүй болохоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа гэж маргадаггүй. Хэргийн материалд 2021 онд нэхэмжлэгчийг палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал хайх байсан байна гэсэн нотлох баримт байхгүй.
Харин ч 2021 онд хариуцагч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс шалтгаалж хайгуулын ажлаа явуулж чадаагүй тухай үйл баримт тодорхой байгаа билээ.
3.3.Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох журамд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх зөвшөөрөл авсан байх зохицуулалт байхгүй. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын талбай дээрээ заавал байлгах ёстой баримт бичгүүдийн зөвхөн нэг нь бөгөөд дан ганц байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулснаар хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй ба Ашигт малтмалын тухай хуулийн 35.2-д заасан бичиг баримтуудыг байлгах ёстой байдаг.
3.4.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд заасан бусад бүх үүргийг биелүүлж байж хайгуулын үйл ажиллагаа явуулах ба байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулчихсан мөртлөө бусад баримт бичгийг бүрдүүлээгүй, хуулиар хүлээсэн нөхцөл шаардлагыг хангаагүй бол хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй.
Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулчихаад палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх зөвшөөрөл аваагүй шалтгаанаар хайгуулын ажлаа хийж чадахгүй байх нь тусдаа асуудал юм.
3.5.Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үедээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийг палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх зөвшөөрөл авахгүйгээр хайгуулын үйл ажиллагааг явуулах гэж байсан байна гэж дүгнэх бололцоогүй юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсаны дараа эсхүл батлуулахын өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх зөвшөөрөл авах нь өөр харилцаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-д төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, төлөвлөгөөний агуулга ямар байх, хэрхэн батлуулах зэргийг тодорхой тусгасан бөгөөд төлөвлөгөөнд палеонтологи, археологийн хайгуул, судалгааны талаар тусгахаар заагаагүй. Мөн төлөвлөгөө батлахад палеонтологи, археологийн хайгуул, судалгааны тайлан гаргуулсан байх шаардлага байдаггүй.
3.6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч "Г******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-021849 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Ө******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...түүх соёлын дурсгалт зүйлийг хэрхэн хамгаалах талаар төлөвлөгөөнд тусгаагүй, тухайн төлөвлөгөөгөө Ө******* сумын байгаль орчны байцаагч, Засаг дарга нартай зөвшилцөж боловсруулаагүй тул хариуцагч 2022 оны болон 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хуулийн дагуу эс үйлдэхүй байна...” гэж дүгнэн тодорхойлсон
3.7.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/618 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-д тус тус байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд юу тусгах талаар тодорхой заасан. Энэхүү хууль, журамд зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах талаар заавал тусгах шаардлага байхгүй.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.2-т заасан соёлын өвийг хэрхэн хамгаалах талаар зохицуулсан бөгөөд эдгээр хуулийн заалтын дагуу соёлын өвтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг.
3.8.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д "тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай орших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах" гэж заасан байдаг. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлөө авсны дараа энэхүү заалтын дагуу 2021 оны байгаль орчны төлөвлөгөөгөө боловсруулан батлуулахаар хүргүүлэхэд тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд санал өгч, зөвшилцөх ажиллагааг хийхгүй, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй байдаг. Зөвшилцөх гэдэг эрх зүйн хэм хэмжээ нь тухайн эрх зүйн харилцаанд оролцогчдын сайн дурын хүсэл зоригийн үндсэн дээр хэрэгжих боломжтой байдаг бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувьд тусгай зөвшөөрөл эзэмшигч тал боловсруулж, нөгөө талдаа хүргүүлсний үндсэн дээр хүлээн авсан тал танилцаад, төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид саналаа илэрхийлэх, улмаар тухайн саналын талаар харилцан санал нийлж тусгах, санал байхгүй тохиолдолд шууд батлах байдлаар хэрэгжих боломжтой.
Гэтэл санал өгч, зөвшилцөх ажиллагаа хийх нь битгий хэл хуульд байхгүй үндэслэл хэлж 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж, 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлахаас татгалзсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч тал байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авсан боловч тухайн төлөвлөгөөний агуулга ямар байхаас үл хамааран батлахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн нь тодорхой байхад шүүх зөвшилцөн боловсруулаагүй байна гэсэн үндэслэл хэлж, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөж байгаа нь шударга бус байна.
"Зөвшилцөх" гэсэн хууль зүйн ойлголтыг эрх зүйн харилцаанд оролцогч аль нэг тал зөвшилцөх асуудлаар нөгөө талдаа санал өгөх боломж олгосон эсэх, санал илэрхийлсэн бол тэрхүү саналыг нь хэрхэн тусгасан эсэх шалгуур үзүүлэлтээр ойлгож хэрэгжүүлэх ёстой бөгөөд заавал санал өгсөн байх, эсхүл санал өгөөгүй бол зөвшилцөөгүй гэж үзвэл тухайн хууль хэрэгжихгүй. Тухайлбал өнөөдөр Монгол Улсад байгаа бүх тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй зогсоно. Гэтэл шүүх зөвшилцөх гэсэн агуулгыг хэт явцууруулан тайлбарласан.
3.9.Хариуцагч тал байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулахдаа зөвшилцөөгүй, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд түүх соёлын дурсгалт зүйлийг хэрхэн хамгаалах талаар төлөвлөгөөнд тусгаагүй гэж огт маргадаггүй. Хариуцагчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй /захиргааны акт/-н агуулга нь тухайн тусгай зөвшөөрлийг олгох ёсгүй байсан тул тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа тухай юм.
Шүүх маргаж буй захиргааны актын хүрээнд, талуудын маргаж буй асуудлаар шийдвэр гаргах ёстой бөгөөд талуудын хэн аль нь маргаагүй асуудлыг гарган ирж дүгнэлт хийж шийдвэр гаргах нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийн өмнөөс түүний эс үйлдэхүйн /захиргааны акт/ агуулгыг тодорхойлж, тэрхүү тодорхойлсон агуулгаар захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж дүгнэж байгаа нь хууль бус юм.
Нөгөө талаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөний агуулга Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шүүгч тогтоох боломжгүй тусгай мэдлэг шаардсан асуудал юм. Гэвч шүүх тусгай мэдлэг шаардсан асуудлаар шууд дүгнэлт өгч, асуудалд хөндлөнгийн байр сууринаас хандах зарчмаа зөрчиж, маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “Энэ хуулийн 40.1, …-т заасан төлөвлөгөө, …-г мөн хуулийн 38.2, …-т заасны дагуу батална” гэж тус тус заажээ.
“Г*******” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Ө******* сумын нутагт орших “Хавцал уул” нэртэй газарт 5582,61 га талбай бүхий ХV-021849 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар анх олгосон, иймд дээрх хуульд заасны дагуу мөн оны 8 дугаар сарын 6-ны дотор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, сумын Засаг даргад хүргүүлэх үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр мөн оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ гаргасан боловч хариуцагч батлахаас түдгэлзсэн шалтгаанаа “…бэлчээрийн гол цөм, тодорхой тооны өвөлжөө, хаваржаа байгаа, агнуурын бүс нутагт хамаардаг, хариун буга, аргаль, угалз нутагладаг, зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авсан, түүх соёлын дурсгалт газар хамрагдсан…” гэж тайлбарласан болох нь 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 01/340 дүгээр албан бичигт тодорхой тусгагджээ.
2.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагчаас дээрх байдлаар төлөвлөгөөг батлахаас татгалзах, түдгэлзэх, эсхүл хариу өгөхгүй байх эрхгүй, өөрөөр хэлбэл энэ нь төлөвлөгөөг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд батлахыг хариуцагчид үүрэг болгосон зохицуулалт.
Учир нь хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгох эсэхэд санал өгөх эрхтэй болохоос бус нэгэнт олгогдсон, тухайлбал Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан 52 дугаар сонгон шалгаруулалтад оролцож 89 оноогоор хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон энэ тохиолдолд тухайн талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зөвшилцөн батлахаас бус татгалзах эрхгүй.
Энэ нь ч Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 13/5589 дүгээр албан бичгээр хариуцагч Т*******д хандаж “…“Г*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбай, ашигт малтмал эрэх хайхыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх зэрэг шаардлагыг харгалзан үзэж тус хуулийн 17, 20 дугаар зүйлийг үндэслэл болгон олгосон. Иймд тус компанийн хайгуулын үйл ажиллагааг дэмжиж хуульд заасан эрх, үүргийн дагуу хамтран ажиллах”-ыг хүссэнээр,
мөн Төв аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1684 дүгээр албан бичгээр “…“Г*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчсөн байх тул хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллах, татгалзсан хариу өгч байгаа тохиолдолд хууль зүйн үндэслэлтэйгээр тус компанид мэдэгдэх”-ийг үүрэг болгосон зэргээр тус тус батлагдана.
3.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 48 дугаар зүйлийн 48.8-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зөвхөн батлуулах бус мөн тухайн жилдээ батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажлыг тайлагнах үүрэгтэй байна.
Хариуцагчаас 2021 оны төлөвлөгөөг батлахаас татгалзсаны улмаас нэхэмжлэгч хайгуулын үйл ажиллагаа явуулж чадаагүй, гэвч аг хугацааны хувьд мөн оны төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах нь одоо ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 9 дүгээр сард 2021 оны төлөвлөгөөг батлахыг даалгах нь хууль зүйн үр дагаваргүй.
4.Түүнчлэн нэхэмжлэгчээс 2022 оны төлөвлөгөө батлуулах хүсэлтийг мөн оны 5 дугаар сарын 2, 6 дугаар сарын 24-ний өдөр тус тус гаргасан боловч хариу өгөөгүй, 2023 оны тухайд мөн оны 2 дугаар сарын 14-ний өдөр хандсан ч дахин татгалзсан, дээрх хуулийн 40.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахаар зохицуулсан байх тул жил бүр буюу 2022, 2023 оны тухайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг нэхэмжлэгчид хуулиар үүрэг болгоогүйгээс гадна энэхүү шаардлага нь цаг хугацааны хувьд 2021 оныхтой адил ач холбогдолгүй болжээ.
Иймд 2022, 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад болохыг тогтоож, батлахыг даалгах шаардлагагүй.
5.Харин нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаа 2024 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дуусгавар болохоос өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулах шаардлагатай, хариуцагчаас ч батлах үүрэгтэй болохыг тэмдэглэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй, тухайлбал соёлын өвийг хамгаалахтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг буруутайгаар тайлбарлан хэрэглэсэн боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах үр дагаварт хүргэхээргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э*******ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН