Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 114

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

           Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

            Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Орчуулагч Ц.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Өвөрмонголын өөртөө засах орны Улаан хад хотын харьяат, 1989 оны 06 сарын 25-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс Өвөр монгол, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт амьдрах, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Улаан хад хотын Ба Лин баруун хошуу Дан Бан сумын Сү Ай Ли гацааны 1 дүгээр багт  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл,  хэрэг хариуцах чадвартай Алтанбарсын Хайрхан /HAILIHAN/ /Иргэний үнэмлэхний дугаар 150423198906253510, гадаад паспортын дугаар G44222814/  холбогдох эрүүгийн 20160100115 тоот хэргийг хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Алтанбарсын Хайрхан нь /Hailihan/ 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-аас явганаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Монгол улсын Хилийн тагнуулын 0108 дугаар ангийн хариуцсан 810 дугаар дугаар тэмдэгтийн хилийн боомт бүс газраар хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн мөн эрүүгийн 201601000115 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцогдон цагдан хоригдож байх үедээ 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн А жигүүр 1 давхрын 27 дугаар хорих өрөөнд хамт цагдан хоригдож байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сун Сюэ Гангыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүд рүү нь сойзны ишээр хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ                       

ТОДОРХОЙЛОХ нь :

-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Хайрханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Монгол Улсын хуулийг хүндэтгэж байна. Яагаад хууль зөрчөөд гэмт хэрэг үйлдсэн гэхээр Хятад улсад амьдрах боломж байхгүй, хүний эрх чөлөөг хүндэтгэдэггүй, ажил хийгээд амьдрах боломж бага юм. Би Монгол Улсад ажиллаж, амьдрах хүсэлтэй бөгөөд урьд нь хил зөрчиж баригдаад баривчлах ялаар шийтгүүлсэн. Тэгээд Монгол Улсаас албадан гаргасан юм. Ингээд 2016 оны 03 сард 700 юаниар виз аваад, 3 сарын 15-нд Монгол Улсын хилээр нэвтэрч 10 гаруй хоног Монголд ажил хийж байгаад 4 сард визний хугацаа дуусаагүй байхад хятад руу буцсан. Тэгээд дахиад Монгол руу явах гэхээр визний мөнгө байхгүй байсан учраас Хятадын хилээр алхаад Монголын хилийн торонд ирэхэд 2 цэрэг нуугдаад харж байсан тэгээд би алхаад явж очсон. Тэгээд Монголд амьдрах хүсэлтэй байгаа талараа хэлсэн чинь намайг баривчилсан. Бичиг баримтгүйгээр хил нэвтэрсэн буруугаа ойлгож байна. Миний хувьд монголд амьдрах хүсэлтэй бөгөөд энэ талаараа урьд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаж байсан боловч зөвшөөрөөгүй. Сүүлд улсын хилээр хууль бусаар нэвтэрснийхээ дараа хорих анги хоригдож байхдаа Сун Сюэ Гангтай хамт нэг өрөөнд байсан юм. Тэгээд бусад өрөөнд байсан 5 хятад хүнтэй наралгаанд гарах үед намайг зодно гэсэн бөгөөд тэр өглөө бие засчихаад усаа татаагүй байхаар нь хэлэхэд мартсан байна гэж хэлээд маргалдсан. Тэгээд түүнийг сойзны ишээр нүдийг нь хатгасан юм. Хийсэн хэргийн бурууг ойлгож байна ” гэсэн мэдүүлэг

-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хилийн зөрчлийн талаар материалууд, хилийн зөрчлийг шалгасан тухай тогтоомж  /1хх-ийн 45-64/

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох бариимтууд /1хх-ийн 75-76/

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний  ерөнхий газрын даргын 2014 оны 06 сарын 13-ны өдрийн “ Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлэн, ялаа эдэлж дууссан БНХАУ-ын иргэн Hailihan /1989 оны 06 сарын 25-нд төрсөн, эрэгтэй/-ийг 2014 оны 06 сарын 23-ны өдрийн дотор албадан гаргасугай” гэсэн  А/92 тоот /1хх-ийн 77/

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний  ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн УБ08/11-74 тоот дүгнэлт /1хх-ийн 79/

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 03-ны өдрийн 423 тоот шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 80-83/

Буцах үнэмлэхэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 89-93/

Хятад паспортод үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 94-98/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 114-126/

Хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 131-132/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 145-151/

Эд мөрийн баримтаар шүүгдэгч А.Хайрханы /Halihan/ G44222814 тоот хятад паспорт, Т00331945 тоот буцах үнэмлэх зэргийг тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 152/

Гэрч Ц.Нандинбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “ Би 2016 оны 06 дугаар 09-нөөс 14-ний өдрийн хооронд Амсарын хярын хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан. 20 цагаас шөнийн 02 цагийн хилийн манаа, цагийн манааны үүрэг гүйцэтгэж байсан дэд түрүүч Галбадрах, ахлах байлдагч Балжинням нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа 21 цагийн үед стэйхин хаалга буюу уулзвар хэсэгт үүрэг гүйцэтгэж байх үедээ гадаадаас дотоод руу нэг явган хүн илэрснийг мэдэгдээд хяналт тавьж байгаад өөрийн мөр хянах зурваст саатуул гэж үүрэг өгсөн.  21 цаг 10 минутын үед саатуулсныг мэдэгдсний дагуу саатуулан газар оронд очиж ангийн шуурхай бүлгийг дуудсан. Удалгүй шуурхай бүлэг ирж мөрийн чиглэлийг тодорхойлж хадгалж баримтуулжсан гэсэн мэдүүлэг /1хx-ийн 154/,

Гэрч Г.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн өдрийн манаанд гараад 810-р тэмдэгт өнгөрөөд буцаж явахдаа хилийн торноос 300 м зайд үл таних хүнийг харсан. Тэгээд явж болзошгүй чиглэлд очиж хяналт тавин нуугдсан. Тэгээд уг хүн нь гадаадаас Монгол руу чиглэлтэй явж байсан. Ойртоод хилийн торонд, тор даваад орж ирэхэд нь барьж авч саатуулсан. Ахлах байлдагч Балжиннямтай үүрэг гүйцэтгэж тус хил зөрчигчийг саатуулан харуулын даргад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 155-156/

Гэрч Ц.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 06 дугаар 12-ны өдөр 0108-р ангийн Хилийн албаны хотхон дээр засвар хийж байсан. Тэгээд 21 цагийн 810-р тэмдгийн чиглэлд хил зөрчигч илэрлээ гээд шуурхай жижүүр дуудсан. Тэгээд хил хамгаалалтын 2-р зааг буюу 2-ын хаалт дээр очиж хаалт манааны үүрэг гүйцэтгэсэн. Хил зөрчигч нь ганцаараа хууль бусаар улсын хил нэвтэрсэн. Өмнө нь бас хил зөрчиж хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч байсан хүн байсан. Торон доогуур нь шургаад гарсан байсан “гэсэн мэдүүлэг /1хх-ийн 157/

Гэрч Ч.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Амсарын хярын хилийн харуул манаанд гарч байсан. 20 цагаас шөнийн 02 цагийн харуул манаанд томилогдсон. Тухайн өдөр 20 цагаас ээлж солигдон дэд түрүүч Г.Галбадрах бүрэлдэхүүнтэй ээлжээ хүлээж аван 310-р тэмдэгтээс хаалга ороод буцаад 810-р тэмдэг рүү явж байхад Монголын хилээс 300 м зайтай Хятадын хил дотор үл таних хүн явж байсан. Цэргийн хүн биш байсан. Энгийн хувцастай байсан. Тэр үл таних хүн маань хилийн тор тойрч явж байгаад бид хоёрыг чиглэн ирсэн. Тор доогуур гараад ирэх үед бид хоёр буугаа тулгаж уг хүнийг саатуулан харуулын даргад мэдэгдсэн гэсэн мэдүүлэг/1хх-ийн 159-160/

Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хилийн 0108-р ангийн 0317 дугаар салбарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 21 цагийн үед /Амсарын хярын/ хилийн харуулаас томилогдсон дэд түрүүч Галбадрах ахлагчтай, ахлах байлдагч Балжинням нарын бүрэлдэхүүнтэй хилийн цэргийн манаа хилийн 810-р тэмдгээс баруун тийш  350 орчим метр зайд гадаадаас нэг явган хүн улсын хил зөрчсөнийг илрүүлэн хамгаалалтын нэгдүгээр заагын торон дээр саатуулсныг хил хамгаалалтын албаны дарга ахмад Энхманлайгийн хамт очиж газар дээр нь шалган улсын хил зөрчсөн БНХАУ-ын иргэнийг саатуулан ангийн байрлалд аваачсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 161/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн Хайрхан буюу HAILIHAN –ний нэр дээрх G44222814 тоот БНХАУ-ын паспорт дээрх зураг HAILIHAN –ний нэр дээрх Т00331945 тоот буцах үнэмлэх дээрх зураг болон 4х6 см хэмжээтэй цээж зургууд нэг зургууд мөн байна” гэсэн 4422 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-иийн 207/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 07 сарын 21-ний өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн Алтанбарс овогтой Хайрханы бүртгэлийн дугаар Т00331945, Е3FE75 /гадаад паспортын 44222814/ дугаартай хоёр хуудас гарын дардсууд өөр хоорондоо тохирч байна. Алтанбарс овогтой Хайрхан нь урд гарын хээний нэгдсэн санд MMN005210008542 дугаараар бүртгэгдсэн” гэсэн 4423 тоот дүгнэлт /1хх-ийн 212/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч БНХАУ-ын иргэн Сун Сюэ Гангын мөрдөн байцаалтад өгсөн “... 2016 оны 06 дугаар сарын 25-ны 07 цагийн үед өглөөний цайндаа орчихоод өрөөндөө ороод байж байтал хамт байдаг Хайрхан гэдэг хүн хүндэрч байсан тухайн үед эвгүй үнэр гараад байхаар нь өөрийнхөө курткийг аваад толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэж байтал Хайрхан гэнэт миний дээр гарч ирээд миний баруун талын нүд рүү сойзны ишээр хатгасан. Хэдэн удаа хатгасныг мэдэхгүй байна. Тэгээд би орилоод хажуу өрөөний хүмүүс хянагч дуудаж хянагч ирээд бид хоёрыг салгаж намайг нэг өрөөнд оруулаад тэгээд нэг цаг орчмын дараа намайг эмнэлэг рүү авч яваад 5 оёдол тавиулсан.  ” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26-27/

Aguafresh  гэсэн бичигтэй, ногоон өнгийн 12 см урттай  сойзны ишийг  эд мөрийн баримтаар  тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 6/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “ 1. Сун Сюэ Гангын биед баруун доод зовхинд сорви, баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн”шинжээчийн 9557 тоот дүгнэлт /1хх-ийн 30/

Хохирогч Сун Сюэ Гангын шүүхэд гаргасан өргөдөл /хх-ийн 80/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 08 сарын 24-ний өдрийн “1.Алтанбарсын Хайрхан нь одоогоор сэтгэцийн эмгэггүй байна.

2.Алтанбарсын Хайрхан нь хэргийн талаар мэдүүлэх чадвартай байна.

3. Алтанбарсын Хайрхан нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 829 тоот дүгнэлт /1хх-ийн 222-224/

Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 15/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Хайрхан нь / Hailihan / нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр БНХАУ-ын талаас явганаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Монгол улсын 810 дугаар дугаар тэмдэгтээр  хилийн боомт бүс газраар хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч хилийн маананд үүрэг гүйцэтгэж явсан цэргийн алба хаагч нарт саатуулагдсан,

 мөн дээрх үйлдэлдээ сэжигтнээр тооцогдон шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн А жигүүр 1 давхрын 27 дугаар хорих өрөөнд хамт цагдан хоригдож байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сун Сюэ Гангтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, түүний  нүд рүү нь сойзны ишээр хатгаж, бие махбодид нь баруун доод зовхинд сорви, баруун нүдний алимны салстын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгч А.Хайрханы /Halihan/ дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжүүдийг агуулж байх тул түүнийг хууль бусаар Монгол Улсын  хил нэвтрэх,  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжлэн судлагдсан Хилийн зөрчлийн талаар материалууд, хилийн зөрчлийг шалгасан тухай тогтоомж  /1хх-ийн 45-64/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох бариимтууд /1хх-ийн 75-76/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 145-151, эд мөрийн баримтаар шүүгдэгч А.Хайрханы /Halihan/ G44222814 тоот хятад паспорт, Т00331945 тоот буцах үнэмлэх зэргийг тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 152/, гэрч Ц.Нандинбаатар, Г.Галбадрах, Ч.Балжинням, Б.Отгонбаяр нарын мөрдөн байцаалтад өсгөн мэдүүлгүүд, Aguafresh  гэсэн бичигтэй, ногоон өнгийн 12 см урттай  сойзны ишийг  эд мөрийн баримтаар  тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 6/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “ 1. Сун Сюэ Гангын биед баруун доод зовхинд сорви, баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн 9557 тоот дүгнэлт /1хх-ийн 30/ хохирогч Сун Сюэ Гангын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Хайрханы /Halihan/ үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгчийн гэм буруу хэрэгт тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Хайрхан /Halihan/ нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 03-ны өдрийн 423 тоот шийтгэх тогтоолоор /хх-ийн 80-83/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байх ба  Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байх боловч уг хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасанд хамрагдаж байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь 2016 оны 06 сарын 14-ний өдрөөс эхлэн 2016 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл 136 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59,2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирол болон эд мөрийн баримтын талаар:

Хохирогч Сун Сюэ Гангад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд харин эмчилгээний зардалд 400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг  шүүхэд ирүүлжээ.

Хохирогч Сун Сюэ Гангын бие махбодид шүүгдэгч А.Хайрханы /Halihan/ үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан нь хэрэгт тогтоогдсон байх ба шүүгдэгч нь энэ гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд юм.

Гэтэл хохирогч Сун Сюэ Ганг нь өөрийн эрүүл мэндийг эмчлүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу өөрөөр хэлбэл тэрээр ямар эмчилгээ хийлгэж, ямар эм тариа хэрэглэсэн, яг хэдэн төгрөгийн зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул тэрээр эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Хайрханы /Halihan/ G44222814 тоот хятад паспорт, Т00331945 тоот буцах үнэмлэх зэргийг Гадаадын иргэн харьяатын Ерөнхий газарт шилжүүлж, Aguafresh  гэсэн бичигтэй, ногоон өнгийн 12 см урттай  сойзны ишийг устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч Алтанбарсын Хайрханыг / Hailihan / хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Шүүгдэгч Алтанбарсын Хайрханыг / Hailihan / Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч А.Хайрханд / Hailihan / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ сар, 5 /тав/ хоногийн баривчлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын баривчлах ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /тав/ сар, 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59,2-т зааснаар шүүгдэгч А.Хайрханы  / Hailihan / цагдан хоригдсон 136  хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч А.Хайрханд / Hailihan / оногдуулсан 5 сар 5 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсгэй.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Хайрханы / Hailihan / G44222814 тоот хятад паспорт, Т00331945 тоот буцах үнэмлэх зэргийг Гадаадын иргэн харъяатын Ерөнхий газарт шилжүүлж, Aguafresh  гэсэн бичигтэй, ногоон өнгийн 12 см урттай  сойзны ишийг устгасугай.

            7. Шүүгдэгч А.Хайрхан / Hailihan / нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Сун Сюэ Ганг нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Хайрханд / Hailihan / урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД