Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 04

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Б.Б

Хариуцагч: ОАОБГ-ын ГХТББХАМ, УХБ Ш.О

Гомдлын шаардлага: ОБГ-ын УБ-ийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0131420 дугаартай шийтгэлийн хуудсанд заагдсан торгуулийн хэмжээг хувь иргэний зөрчлөөс тооцож торгуулийн арга хэмжээг багасгах”-ыг хүссэн гомдлын шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Б.Б, хариуцагч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч Б.Б шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “Б овогтой Б миний бие нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-24-р байрны ард байрлах “S” цахим тоглоомын газрыг ажиллуулдаг бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 03-нд хөл хорионы дэглэм зөрчсөн үндэслэлээр ГХТХуулийн 34.2.1, Зөрчлийн тухай хуулийн 5.13.4-т заагдсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн ААНэгжид оногдуулах торгуулийн арга хэмжээ авагдсан. Миний бие нь тухайн тоглоомын газрын үйл ажиллагааг хувь хүн иргэнээр явуулдаг учраас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0131420 дугаартай шийтгэлийн хуудсанд заагдсан торгуулийн хэмжээг хувь иргэний зөрчлөөс тооцож торгуулийн арга хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.

              Гомдол гаргагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Ковид-19 цар тахлын нөлөөгөөр 2020 оны 01 сараас хойш хөл хорины улмаас ямар ч ажил орлогогүй нэг жил гаруй хугацаанд явж ирсэн. Тодорхой шалтгаан хүчин зүйлүүдийн улмаас хөл хорионы дүрмийг зөрчиж ажилласан ийм зөрчилтэй байгаа. Энэ зөрчлөөрөө ОАОБГ-ын Б Ш.О-ын шийтгэврээр 1 000 000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авахуулсан. Би хувь иргэнээр үйл ажиллагаа явуулдаг учраас энэ торгуулийн арга хэмжээг багасгаж тооцож өгөх хүсэлттэй шүүхэд хандсан.” гэв.

Хариуцагч ОБГ-ын ГХТББХАМ, УХБ Ш.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.Б-ийн нэхэмжлэлд дурдахдаа С цахим тоглоомын газрыг ажиллуулдаг ба хорио цээрийн дэглэмийн үед Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн тул торгуулийн арга хэмжээ авагдсан ба тус цахим тоглоомын газрыг хувь хүн иргэнээр ажиллуулдаг тул торгуулийн арга хэмжээг багасгаж өгнө үү гэсэн байна.

2021 оны 02 дугаар сарын 03-ны орой 22 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг 4-23-р байрны ард байрлах С цахим тоглоомын газар ажиллаж байна гэсэн мэдээлэлийг авч газар дээр нь очиж шалгахад С цахим тоглоомын газар нь ажилласан зөрчил илэрсэн ба эзэмшигч иргэн Б.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед мэдүүлэгтээ 2021 оны 01 дүгээр сарын 15-наас хойш ажилласан гэдгээ мэдэгдсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2.1, 34.2.2-д заасан гамшгаас хамгаалах тухай хууль, эрх бүхий байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлээгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Иргэн Б.Б-ийн эзэмшилд байх цахим тоглоомын газар нь Монгол улсын Иргэний хуулийн 25-р зүйл Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг гэх мэт шинж чанарыг агуулсан ба тухайн үед С цахим тоглоомын газрыг Монгол улсын Иргэн хуулийн 26-р зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу бүртгэгдсэн эсэх эрх зүйн чадварийг нь тогтоох боломжгүй байсан тул мэдүүлэг авах үед хуулийн этгээд гэж үзэж байна гэхэд за гэж хариулсан байдаг. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэн Б.Б-ийн ажиллуулдаг С
цахим тоглоомын газар нь хэний эзэмшилд байдаг, хуулийн этгээдийн эрх зүйн чадамжтай эсэх байдлыг улсын бүртгэл болон татварын газрын холбогдох лавлагаа мэдээллийг үндэслэн хуулийн хүрээнд шалган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ОАОБГ-ын ГХТББХАМ, УХБ Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ иргэний нэхэмжлэлд тодорхой хэмжээний зүйлүүдийг нягталж үзэх шаардлагатай гэж шүүхэд тайлбар өгөхдөө гаргаж өгсөн байгаа. Улсын бүртгэлд хуулийн этгээдээр бүртгэгдсэн эсэх мөн Татварын газраас хуулийн этгээд эсхүл иргэнээр татвар төлдөг болохыг тодруулах. Энэ баримтуудаар иргэн гэдэг нь хүлээн зөвшөөрөгдөж байгаа тохиолдолд иргэнээр үзэхэд татгалзах зүйлгүй. Учир нь тухайн үед Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд иргэнээс тайлбар мэдүүлэг авч байхдаа таны үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газар Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн шинж чанарыг агуулсан байна. Тийм учраас би таныг хуулийн этгээд гэж үзлээ гэсэн асуулт тавихад иргэн за гэж хариулсан учраас өөрийгөө хуулийн этгээд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн учраас тухайн үед хуулийн этгээд мөн, бишийг нь нягтлах шаардлага гараагүй. Ингээд зөрчлийн хэрэг материалыг хянан шийдвэрлэхдээ хуулийн этгээд гэж үзээд тооцсон. Татвар төлөгч болон Улсын бүртгэлийн тодорхойлолтуудаар цахим тоглоомын газар нь хуулийн этгээдийн нэршил дээр явдаг уу, явдаггүй юу гэдгийг тодорхойлсон тохиолдолд иргэнээр төлүүлэхэд  татгалзах зүйл байхгүй.”  гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

            Гомдол гаргагч Б.Б 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0131420 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хуулийн этгээд гэж 1 сая төгрөгөөр торгосон торгуулийн хэмжээг иргэнээр болгон торгуулийн хэмжээг багасгаж өгөх гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 ОАОБГ-ын ГХТББХАМ, УХБ Ш.О 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж цахим тоглоом нууцаар ажиллуулсан нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2-д заасан гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 4-д Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Гомдол гаргагч Б.Б Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4 дүгээр хорооллын 23 дугаар байрны ард байрлах “С цахим тоглоом”-ын газар ажиллуулдаг байна. 

Б.Б нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1-д “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх”, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4-д “...хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол...” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн  1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэсний дагуу УХБ Ш.О иргэн Б.Б-ийн гаргасан зөрчилтэй холбогдуулан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэлгүйгээр хуулийн этгээдэд оногдуулдаг торгуулийн хэмжээгээр торгосон нь үндэслэлгүй болжээ.

Иймээс гомдол гаргагч Б.Б дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн,  “С цахим тоглоом”-ын газрыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 10010238 дугаартай бүртгэлийн гэрчилгээний үндсэн дээр иргэний хувиар ажиллуулдаг болох нь Монголын татварын албаны тодорхойлолтоор нотлогдож байх тул  Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4-д “ ...хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ...” гэж заасны дагуу оногдуулсан торгуулийн арга хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.1, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0131420 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгосон торгуулийн хэмжээг 100.000 /нэг зуун мянга/ төгрөг болгон багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч Б.Б-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА