Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/593

 

 

 

 

 

 

 

   2022           7            19                                    2022/ШЦТ/593

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Батзаяа,

хохирогч Н.Э, Я.Ж,

шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************** нарт холбогдох эрүүгийн 2105012841653 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн ******************** тоотод оршин суух,

- урьд Ардын армын шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 259 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.5 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, *****************,

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд газар тариалангийн ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт *********************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *************,

3. Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ****************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нар бүлэглэж 2021 оны 07 дугаар сарын 05-ны орой Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаанд “чиргүүл хүргэж өгөхгүй” гэх шалтгаанаар хохирогч Н.Эийн биед халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хөлөөрөө толгой, нүүр, хөлөнд нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч Б.М нь тухайн үйлдлийн явцад хохирогч Я.Жавзанпагамын үснээс гараараа татаж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э мэдүүлэхдээ: “...Тухайн үед миний бие хутга барьсан зүйл байхгүй. Б-тэй машины чиргүүлээс болж хоорондоо маргасан. Гэтэл хүүхдүүд нь ирээд үсдэж өшиглөж, цохих зэргээр миний биед гэмтэл учруулсан. Одоо шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа хохирол төлбөр байхгүй. Гэхдээ гомдолтой байна. Надаас энэ хүмүүс нэг ч удаа уучлалт гуйгаагүй...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Ж мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Миний нөхрийг болон намайг эдгээр 3 хүн нийлж байгаад зодсон. Бидний эрүүл мэндэд гэмтэл учруулчхаад одоо хүртэл уучлалт гуйгаагүй. Эрүүл мэнддээ учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн боловч одоо гаргаж өгөх баримт байхгүй байгаа тул нэхэмжлэх зүйлгүй...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 18-23 дахь тал/,

2. Хохирогч Н.Э-ийн:

 “...Би 2021 оны 07 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед Баасантай утсаар яриад “чиргүүлээ авъя” гэтэл Б “Баянгол дүүргийн 20-р хороо ахын хашаанд хүрээд ир” гэхээр нь би 22 цаг 40 минутад хэлсэн хашаанд нь яваад очсон. Би Баасанд хандаж “миний чиргүүлийг өг” гэхэд “чадахгүй” гээд намайг шанаадсан би эргүүлээд Баасанг 1 удаа өшиглөсөн. Тэгтэл хүү, охин 2 нь ирээд намайг салгаж аваад машин руу аваачаад Баасан хүүтэйгээ хамт миний машин руу ирээд намайг үсдэж өшиглөж, цохисон. Миний биед учирсан гэмтлийг Баасан, Баасангийн хүү, охин нар учруулсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

3. Хохирогч Я.Ж-н:

“...Би 2021 оны 07 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед манай нөхөр Баасантай утсаар яриад “чиргүүлээ авъя” гэхэд Баасан “БГД-н 20-р хороо ахын хашаанд хүрээд ир” гэхээр нь очсон. Манай нөхрийг Баасан болон хүү, охин нь зодож гэмтээсэн. Намайг Бгийн охин үсдэж газар унагаагаад чирсэн, миний үс зулгарсан, өвдөг гэмтсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

4. Шүүгдэгч Ц.Б-гийн:

 “...Би Н.Э, Я.Ж нарын биед халдаагүй. Манай хүү салгах гэж байгаад биед нь халдсан эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

5. Шүүгдэгч Б.Мийн:

 “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгаас нөхөр хадам аавын хамт БГД-н 20-р хороон дахь аж ахуйн хашаандаа ирсэн. Орой 22 цагийн үед Э гэдэг хүн эхнэрийн хамт ирээд “техникийн чиргүүлээ авъя” гэж хэлээд байсан. Манай аав өндөр халуунтай бие муу байсан тул “өглөө эрт ирээд аваачаад өгье” гэтэл Э “үгүй одоо авна” гээд “өгөхгүй бол хутгална” гээд аавыг мангасдаж унагаагаад эхнэртэйгээ зодох гэж дайрахаар нь би Э гэдэг хүнийг үсдэж дараад газар унагаасан. Ж гэдэг хүнийг цээж рүү нь гараараа түлхсэн. Тэгээд Э Ж гэдэг 2 хүн “цагдаа дуудна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

6. Шүүгдэгч Б.Жийн:

 “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах Гацууртын зүүн талын хашаанд байж байтал орой 18 цагийн үед Э эхнэрийн хамт хашаанд орж ирсэн. Э аавтай маань хэрэлдэж маргалдаад байхаар нь би холдуулах гэж салгасан. Тухайн үед би гэмтэл учруулъя гэж бодоогүй. Хэрхэн яаж халдсанаа санахгүй байна. Манай эхнэр М, Э-ийг алгадсан, эхнэрийг нь үсдсэн, аавтай хэрүүл хийгээд хутга гаргаж ирсэн болохоор нь эхнэр бид 2 маргааныг болиулах гээд тухайн 2 хүний биед халдсан. Харин би Жавзанпагмын биед халдаж цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6040 дугаартай:  

“... Н.Э-ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын баруун хэсэгт цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн гуя, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6039 дугаартай:

“... Я.Ж-ийн биед зүүн зулайн хуйхны ар хэсгийн үс халзралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нар нь бүлэглэж хохирогч Н.Э, Я.Жавзанпагам нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нар нь:

бүлэглэж 2021 оны 07 дугаар сарын 05-ны орой Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн хашаанд “чиргүүл хүргэж өгөхгүй” гэх шалтгаанаар хохирогч Н.Э-ийн биед халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж, хөлөөрөө толгой, нүүр, хөлөнд өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Б.М нь тухайн үйлдлийн явцад хохирогч Я.Жавзанпагамын үснээс гараараа татаж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд хохирогч Н.Э, Я.Ж нар нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин хохирогч Н.Э, Я.Ж нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.Б, Б.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Мийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Ж, Б.М нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, харин шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Ж нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Мийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105012841653 дугаартай хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********************** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Ж нарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

- шүүгдэгч Б.М-ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Э, Я.Ж нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Б.Ж, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ДАЛАЙХҮҮ