Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/00546

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/00546

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М-ийн

Хариуцагч: Б

Хариуцагч: Д

Хариуцагч: Н

Хариуцагч: А

Хариуцагч: О нарт

гэм хор учруулсны хохиролд 12 907 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагч Б, Л.Д , Н, хариуцагч Л.Д гийн өмгөөлөгч Т, иргэдийн төлөөлөгч Я, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 02 цагт манай хөрш айлын модны цех нь шатаж манайх руу гал дамжин манай гэр орныг шатаасан. Надад сэтгэл санааны болон эд материалын хохирол учирсан. Бид 1 дүгээр сарын 8-ны өдөр н.Бадамханд өмгөөлөгчийн хамт н.О  Л.Д  2-той зөвшилцөж 8-9 хоногийн дотор байшинд нь засвар хийгээд гэрт чинь оруулъя гэсэн боловч хариу өгөлгүй сар гаран болсон. Ийнхүү миний бие шүүхэд хандсан. Бид орон гэргүй болоод 14 сарын нүүр үзэж байхад өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй хүний гэр түрээслэн амьдарч байна. Гал үүдний амбаараас эхэлсэн. Гал гараад 5 минут өнгөрсөн байхад бидэнд галын талаар хэн ч мэдэгдээгүй. Шөнийн 02 цагт үүдний амбаарт юм дугараад байхаар нь гарч харахад гал гарч байсан. Бид 3 хүүхдээ гаргасан. Хаалга онгорхой байсан учир хаалгаар гал дамжин гэрийн доторх эд зүйлсийг шатаасан. Галын шалтгаан хажуу айлаас гэдэг нь нэгэнт тогтоогдчихсон. Цагдаагийн байгууллага эд хөрөнгөө үнэлүүл гэсний дагуу бид Итгэлт эстэймент ХХК-иар үнэлгээ үнэлүүлсэн. Үнэлгээний дүнг эд нар хүлээн зөвшөөрөөгүй учир Баянмодод ХХК-иар үнэлүүлэхэд 11 958 600 төгрөг гарсан. Үүнийг хариуцагч нараас нэхэмжилж байгаад сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 1 700 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Одоо гал гарсан байшингийн өмчлөгч нь Л.Д , гэм хор учруулсан этгээд Ч.Б , тэр цехэд хийсэн бүтээгдэхүүнийг Н  борлуулдаг тул хариуцагч нараас 12 907 680 төгрөгийг нэмэгдүүлсэн 1 700 000 төгрөгийн хамт 14 607 680 төгрөг гаргуулахаар шаардсан. Н д холбогдох шаардлагаас татгалзая, Л.Д , Ч.Б  нараас гаргуулах  хүсэлтэй. Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнд Баянмодод ХХК-ийн үнэлгээний дагуу 11 958 600, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, 2017 оны 7 сарын 14-ний өдрөөс 2018 оны 4 сарын 14-ний өдрийг хүртэл гэр түрээсэлсэн 9 сарын төлбөрт 450 000 төгрөг, Баянмодод ХХК-ийн үнэлгээний хөлс 250 000 төгрөг нийт 14 607 680 төгрөг болж байгааг бууруулж нийт 14 098 600 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Л.Д , Ч.Б , А.Н  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2017.01.07-ноос 2017.01.08-нд шилжих шөнө манай ххх тоотод орших хашаа байшинд гал гарч манай 32м2 бүхий байшин, тоног төхөөрөмж галд автан бид маш их хэмжээний хохирол амсаад байгаа. Бид дээрх гал хаанаас, ямар учир шалтгааны улмаас гарсныг одоог хүртэл мэдэхгүй. Манайх дээрх хашаанд 19 жилийн турш амьдарч, ажиллаж ирсэн бөгөөд бидэнд урьд нь ямар ч гал түймрийн аюул учирч байсан удаагүй. Тухайн өдөр гал хойноосоо эхэлж гарсан байдаг, салхи баруунаас зүүн чиглэж байсан, хариуцагч Ч.Б  нь гап гарсан гэх байшингаас оройн 24 цагийн үед гарч явахад ямар нэг гал гарах шинж тэмдэг байгаагүй, бүх зүйл хэвийн байсан. Гэтэл гэнэт л шөнийн 1 цаг 30 минутын орчим манай хажуу айл буюу нэхэмжлэгч нарын байшингийн талаас манай байшин дээвэр хэсгээсээ шатаж эхэлсэн юм. Бид эхэн үед манай байшингаас эхлээд гал гарсан учир гал манайхаас гарсанд бид буруутай мэт ойлгон, нэхэмжлэгч нараас уучлалт гуйж, амбаарыг чинь янзалж өгнө гэж байсан боловч бодит байдалд дээрх гал яг манай, бидний буруутай үйл ажиллагааны улмаас гарсан гэдэг нь тогтоогддоггүй. Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээ болон, галын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мөн нэхэмжлэгч ямар үндэслэлээр нэг айлын 5 хүнийг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Д  шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай хашаанд 9х10 хэмжээтэй нөхөр зээ хүү бидний амьдардаг, 6х6 хэмжээтэй Батулга эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байшин байсан. Гал гарах үед би унтаж байсан. Нөхөр маань бие засах гэж гараад ажлын амбаар араасаа шатаж байна гэсээр орж ирсэн. Бид бүгд босож ирээд гал команд дуудчихаад манай нөхөр эднийхийг дуудаад гарч ирээгүй. Манай нөхөр байшингийнхаа урьд байсан машинаа гаргасан. Тэр хугацаанд Б  эднийхийг мөн дуудаад гарч ирэхгүй байсан. Манай ажлын амбаар тэр чигтээ шатсан. Энэ амбаар нь 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөлийн орон сууц, энэ байшинд амьдарч байсан н.О  гэдэг хүү маань эхнэр авч хадмындаа амьдрах болсоор би ажлын багаж хэрэгслээ байршуулан ажилладаг. Манай хүргэн зургийн жааз хийдэг. Манай нөхөр ойр зуурын зүйлс хийж Нарантуул зах дээрх газар дээрээ тавьж борлуулдаг. Бид 12 907 680 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Мийн амбаар хагас шатсан. Амбаар доторх зарим эд зүйлс шатсан. Гал гарах үед хаалгаа онгойлгосноос болоод ламперан тааз нь хэсэг хэсэг хэмжээний газар хайлж урсаад хөшиг болон хана тааз зэрэгтээ нөлөөлсөн зүйл байгаа. Нэхэмжлэгч тал зарим зүйлсээ хэтэрхий өндөр үнэлсэн. Тэр үед Б.М нь дүүтэйгээ, ээжтэйгээ ирээд бид нарыг чирч зодож алгадсан. Тухайн үед би уур бухимдлаасаа болж ингэж байна гэж бодоод өнгөрөөсөн. Түүний дараа Бадамханд гэж өмгөөлөгч хүүхнийг дагуулан ирсэн. Бид нар өвлийн хүйтэн тул байшинг чинь хүүхдүүдтэйгээ нийлээд янзлаад гэр оронд нь оруулаад өгье гэж хэлж байсан. Би өөрөө их хэмжээний хохирол амссан учир энэ хэргийг хариуцмааргүй байна. Хамгийн сүүлд гал түлсэн хүн нь Ч.Б . Галын дүгнэлт маш тодорхой гарсан. 3 үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Итгэлт эстэймэнт ХХК 12 907 680 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв 9 251 000 төгрөг, Баянмодод ХХК нь 11 951 600 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээрээс жишээ дурдахад Итгэлт эстэймент ХХК нь 11 метр модон хашааг 105 000 төгрөгөөр үнэлсэн бол Хөрөнгийн үнэлгээний төв 4 метр хашаа гээд үнэ тавиагүй, Баянмодод 2мм-ийн банзан 4 метрийн урттай 3 куб метр 54 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх жишээтэй: Буйдангийн үнэлгээ гэхэд Итгэлт эстимэйт ХХК нь 15 000 000 төгрөгөөр үнэлж, эдэлгээний үнэд 300 000 төгрөг хасаад 12 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ мэтчлэн зөрүүтэй үнэлгээ гаргасан. Гутлууд гэхэд л хүн хэрэглэх гутал огт байхгүй байхад өндрөөр үнэлсэн учир би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид манай байшинд гал гарсан гэдэгт маргахгүй. Харин галаас үүдэн иргэн Б.Мийн байшингийн амбаар болон доторх эд зүйл шатсан байгаа дээр маргаж байна. Тухайн үедээ Б.Мийн байшинг үзээд нийтдээ 4 сая гаран төгрөгийн зардал гарах юм байна. Тэр мөнгийг нь гаргаад байшинг нь янзлаад өгье гэж хэлж байсан. Үнэлгээ хийлгэсэн үнэлгээтэй холбоотой бүх асуудал эхэлсэн. Цагдаагийн байгууллагын алдаа нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлдээ галд шатсан болон үлдсэн зүйлсийг тодорхой тусгах ёстой байсан. Гэтэл тэдгээрийг огт дурдаагүй бөгөөд нөгөө талыг нь танайхаас гал гарсан байна гээд нөгөө талыг нь танайх эд хөрөнгөө үнэлүүл гэж хэлдэг. Тэгэхээр нэхэмжлэгч тал өөрийн санаанд таарсан бүхий л зүйлийг үнэлүүлсэн. Галын байцаагч нар галын акт тогтоохдоо галд шатсан болон үлдсэн зүйлсийг тус тусад нь гаргадаг байтал үүн дээр гараагүй. Тухайн үед хариуцагч нар галын акттай холбоотой гомдол саналаа гаргаагүй учраас өнөөдөр яах аргагүй нотлогдчихоод яваад байна. Анхны үнэлгээний дүнд эхлээд нэхэмжлэгч, дараагийн дүгнэлтэд хариуцагч тал гомдол гаргасан. Дахиад 2 дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлгүй хариуцагч тал дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтүүдээс харахад эд зүйлсийн үнэлгээ бодит байдалд нийцэхгүй байна. Жишээ нь гутлууд. Зургаас харахад тийм хэмжээний мөнгө гарахааргүй харагддаг, өмсөх боломжгүй хуучныг шинэ үнэ өгсөн. Гэр хөлсөлсөн асуудал дээр яг мөнгө авалцаж өгөлцсөн баримт байхгүй. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг бөгөөд Үнэлгээтэй холбоотой асуудал маргаантай байгаа учраас хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид байшинд шаардлагатай засварын ажлыг хариуцаж болно. А.Н ийг модон эдлэлийг борлуулж зардаг гэдэг утгаар хариуцагчаар татсан нь ойлгомжгүй. Гэм хорыг өмчлөгч Л.Д  гал гаргасан гэх Ч.Б  хариуцах ёстой юм уу гэдэг тал дээр бас л эргэлзээтэй байна. Хэдийгээр өмчлөгч нь Л.Д  байх боловч гэм хор учруулсан этгээд Ч.Б  гэдэг нь харагддаг гэв.

 

Хариуцагч А.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Би гэртээ 2 хүүхдээ хардаг. Би гал гарах үед гэртээ байсан бөгөөд ажлын амбаарт огт ороогүй. Би Л.Д тай хамт нэг хашаанд нөхөр Б  болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай байшин руу гал ороогүй ажлын амбаар шатсан. Тус ажлын байрны хөрөө рамыг хааяа л хэрэглэж байсан. Нөхөр маань ч бас хааяа л юм хийдэг. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Хариуцагч Ч.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ хэрэгт манай эхнэрийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Тухайн ажлын байранд хамгийн сүүлд гал түлээд гарсан хүн би юм. Би тэр өдөр нь ажиллаагүй, орой 21 цагийн үед гал түлээд шөнийн 12 цаг хүртэл ажил хийж байгаад буусан. Шөнө 02 цаг болж байхад гал гарсан. Намайг гарах үед гал буучихсан байсан гал гарахаар байгаагүй. Нэг их гал гарахаар их галтай байгаагүй намайг гарах үед гал буусан байсан. Амбаарт дотор байсан запас дугуй болон амаржийн шатсан гэж нэхэмжлэгч мэдүүлдэг боловч тэнд тэдгээр зүйлс байсан ул мөр байдаггүй. Бусад тайлбар нь Л.Д гийнхтай ижилхэн. Би нэхэмжлэлийн үнийн дүнгээс амбаар болон байшингийн дотор засал хийхийг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээний дүн дээр санал нийлэхгүй байна. Жишээ нь 11 метр 5м-ийн банзан хашаа гэж бичсэн байна гэтэл 8 м-ийг манай ажлын байр халхалдаг энэ мэтчлэн худал зүйлс байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагчаар Л.Д , Ч.Б , А.Н , П.Адъяа, А.О  нарт холбогдуулж гэм хор учруулсны хохиролд Итгэлт эстимэйт ХХК-ий үнэлгээ 12 467 680 төгрөг, үнэлгээний хөлс 200 000 төгрөг, гэрийн хөлс 240 000 төгрөг нийт 12 907 680 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Адьяа, А.О  нараас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, Баянмодот ХХК-ийн үнэлгээгээр гарсан нийт хохирлын дүн болох 11 958 635 төгрөг, үнэлгээний хөлс 250,000 төгрөг, гэр түрээслэн хөлсөлсөн 9 сарын төлбөрт 450 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 1 700 00 төгрөгөөр нэмэгдүүлэн өмнөх 12 907 680 төгрөгийн хамт 14 607 680 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хуралдаан дээр хариуцагч А.Н д холбогдох шаардлагаас татгалзаж,нэхэмжлэлийн дүнг 14 098 600 төгрөг болгон дэмжив.

Хариуцагч Л.Д  нь гал яг хаанаас хэний буруугаас гарсныг буруу тогтоосон, эд зүйлийн үнийг хэт өндөр үнэлсэн гэж маргаж, өөрөө галын улмаас их хэмжээний хохирол амссан учир нэхэмжлэлийг хариуцахгүй, хариуцагч Ч.Б  нь гал гарсан байшинд орой 21 цагийн үед гал түлээд шөнийн 12 цаг хүртэл ажил хийж байгаад буусан, шөнө 02 цаг болж байхад гал гарсан гээд түүнийг гарах үед гал буурчихсан гал гарахаар байгаагүй гэж маргаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс амбаар болон байшингийн дотор засал хийхийг хүлээн зөвшөөрч, үнэлгээний дүнг зөвшөөрөхгүй эд зүйлийг буруу хэт өндөр үнэлсэн гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 01 цаг 37 минутад Сүхбаатар дүүргийн Алтайн 28-р гудамж 7 тоотод байрлах иргэн Л.Д гийн өмчлөлийн 4х8 хэмжээтэй мужаан цех, дотор нь байсан цехийн багаж, тоног төхөөрөмж шатаж, мөн Алтайн 28-р гудамжны 8б тоотод байрлах Б.Мийн 7х7 харьцаатай байшингийн үүдний амбаарын зүүн талын хана доторх эл хогшил болон байшингийн дотогшоо галын дөл орж тааз мөн эд хогшлын хамт галд өртөж шатсан үйл баримт бий болсон, талууд энэ талаар маргаагүй болно.

2017 оны 1 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад З.Оргилын хэрэг учралын газарт үзлэг хийсэн /хэргийн 224 хуудас/ тэмдэглэлээр,”...шатсан гэх банзан амбаар байсан гэх газарт очиход 4х8 хэмжээтэй банзан амбаар байсан гэснийг тэмдэглэлд дурдав.Үзлэгийг шатсан амбаарын дотор хэсэгт эхлүүлэхэд хөмрүүлж тавьсан пийшин, гол хэсэгт нь шатаж харласан хөрөө рам, шатсан компрессор,уран хөрөө, бор өнгийн харласан төслийн өлзий зуух, зүүн талд нь шатаж харласан хэвээ алдсан пүржинтэй төмөр ор, амбаарын баруун урд хэсэгт олон тооны ундааны хоосон хуванцар сав, эмх цэгцгүй овоолж тавьсан байх ба уг савнууд хайлсан байв. Уг шатсан амбаарын хэсэгт юү байсан нь тодорхойгүй банз тааз зэрэг нь бүрэн шатаж нүүрсжиж харласан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...Уг шатсан амбаар байсан гэх газрын урд талын хаалт модон хашаа шатсан байх ба уг хэсгээр дотогш орж урд талын айл болох ..8 тоот хашаанд үзлэг явуулахад модон жорлон, 20 тонны цэнхэр өнгийн контейнер, 2 ширхэг Монгол гэр, хашааны баруун хойд буланд зүүн талдаа модон таамбартай улаан тоосгон байшин байв. Уг байшингийн модон таамбар бүрэн шатсан байх ба таамбарт байсан шатсан эд зүйлсийг гаргаж тавьсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг шатсан гэх таамбараар дотогш орж үзлэгийг цааш явуулахад хохирогч уг нь бор өнгийн хаалга байсан, одоо шатаад харласан байна гэх төмөр бүргэд хаалга, зүүн талд нь төслийн дөл зуух зэрэг байв. Уг байшинг хэмжихэд 7х7 хэмжээтэй, хар өнгийн шатсан төмөр хаалгыг гадагш онгойлгож дотогш орж үзлэгийг цагийн зүүний дагуу эхлүүлэхэд,үүдний хэсгийн тааз харлаж шатсан, бусад өрөө болон лампер тааз нилэнхүйдээ хайлж шатаж унжсан байв. Шалаар хайлж шатсан тааз эмх цэгцгүй байв. Өрөөний зүүн хойд талд Г хэлбэрийн цагаан өнгийн диван, урд талд нь шилэн тавцантай ширээ, тавцан нь хагарч доошоо унасан, диваны зүүн үзүүр талд цагаан өнгийн угаалгын машин, унтлагын өрөө рүү орсон тасалгаа, ногоон өнгийн угаалтуур зэрэг байв. Уг хэсгээс унтлагын өрөөнд үзлэгийг явуулахад цагаан өнгийн хөлдөөгч, цагаан өнгийн 6 хавтастай хувцасны шкаф, бор өнгийн ширээ, дээр нь ном, суурин компьютер тавьсан байв. Уг өрөөнөөс гарч гал тогооны өрөөнд үзлэг явуулахад цагаан өнгийн шүүгээ цагаан өнгийн хөргөгч, урд хэсэгт нь цагаан өнгийн ширээ, цагаан өнгийн 4 хавтас 2 нүдтэй аяга тавагны шүүгээ, доороо шарах шүүгээтэй 2 ширэмтэй плитка зэрэг байв. Лампир тааз унжиж шатсан байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв....” гэжээ.

  Нийслэлийн онцгой байдлын газрын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 86/160 дугаартай Гал түймэр гарсан тухай акт/ хавтаст хэргийн 7 дугаар тал/-д “Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/160 дугаартай шинжээчийн дүгнэлтэд,...галын голомт нь мужаан цех гэх амбаарын дотор талдаа зуухнаас дээш гарсан дээврийн 2 зааг хэсэгт байна. Гал түймэр гарсан шалтгаан нь мужаан цех /амбаар/ доторх модон материалыг хатаах үеийн галлагааны явцад зуух, янданд их хэмжээний халалт үүсэж халалт нь амбаарын дээврийн яндан гарсан хэсгийн дотор талдаа шатах материалд төөнөж яндан, дээвэр 2-ын зааг хэсгээс гал эхлэн гарсан байх үндэслэлтэй.

Галаас Сүхбаатар дүүргийн 11-р хороо Алтайн 28-р гудамж 7 тоотод байрлах иргэн А.Н ийн 4х8 хэмжээтэй мужаан цех, эд хогшлын хамт, мөн Алтайн 28-р гудамжны 8б тоотод байрлах Б.Мийн 7х7 хэмжээтэй байшингийн тааз, 3х4 хэмжээтэй амбаар,эд хогшлын хамт шатаж өмч хөрөнгөнд нь  12 467 680 төгрөгийн хохирол учирсан гэжээ. 

 Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч ахмад П.Мөнхбатын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 101/160 дугаартай дүгнэлт/ хавтаст хэргийн 8 дугаар тал/-д,”...гал гарахад хүргэсэн шалтгаан нь мужаан цех /амбаар/ доторх модон материалыг хатаах үеийн галлагааны явцад зуух, янданд их хэмжээний халалт үүссэн, халалт нь амбаарын дээврийн яндан гарсан хэсгийн дотор талдаа шатах материалд төөнөж яндан, дээвэр 2-ын зааг хэсгээс гал эхлэн гарсан байх үндэслэлтэй....Галын голомт нь мужаан цех гэх амбаарын дотор талд зуухнаас дээш гарсан яндан дээвэр 2-ын зааг хэсэгт байна...ямар нэгэн эх үүсвэрээс гарсан гэх шинж тэмдэг илрээгүй...”гэжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 859 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолд гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ий хөрөнгө үнэлгээний /хэргийн 10-35 тал/ тайлангаар Б.Мийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 12 907 680 төгрөг, хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ий /хэргийн 106-121тал/ хөрөнгө үнэлгээний тайлангаар Б.Мийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 9 251 000 төгрөг, дүгнэлтийг үл зөвшөөрсөн нэхэмжлэгч талын хүсэлтээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-ий /хэргийн 183 тал/ хөрөнгө үнэлгээний тайлангаар Б.Мийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11 958 600 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 сарын 10-ны өдрийн 8/1083 тоот /хэргийн 82 тал/ албан бичгээр, 11-р хорооны Алтайн 28-7 тоот хаягт модон эдлэлийн үйлчилгээ эрхлэгч иргэн Л.Д , Ч.Б , А.Н  нар нь тус тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй” гэсэн.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2017 оны 5 сарын 26-ны өдрийн 10.7/91 дугаар /хэргийн 83 тал/ заавал биелүүлэх албан шаардлагад, тус модны үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байранд,”Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2.1.заалтыг зөрчиж ахуйн галын аюулгүй байдлыг хангаагүй, Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл БНбД 21-04-05, Олон нийт иргэний барилга БНбД 31-03-03-ын заавал мөрдөх 9-р хавсралтын 6 дахь заалтын дагуу дулаан болон утаа мэдрэгч систем төлөвлөөгүй, Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03-ын 1.6 газардуулга ба цахилгааны аюулгүйн арга хэмжээ, 6.2.26 заалтын дагуу цахилгааны шитны гал хамгаалагч стандарт бус, розитив эх үүсвэрүүдийг хананаас шатдаггүй галд тэсвэртэй материалаар аюулгүйгээр суурилуулж тусгаарлалт хийх, цахилгааны ил монтажтай утсыг зориулалтын хамгаалалтын бүрхүүлд сүвлээгүй, улайсах чийдэн нь хамгаалалтын шилэн бүрхүүлтэй байх шаардлага хүргүүлжээ.

Хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр галын голомт болох гал үүсч гарсан байшин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104487 дугаарын гэрчилгээгээр иргэн Л.Д гийн хувийн орон сууцны зориулалт бүхий өмч байх ба зориулалтын бус байранд модны жижиг үйлдвэрлэлийг ямар нэг зөвшөөрөлгүй эрхлэн явуулсан, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.2.1.”ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, шаардлага хангахгүй стандартын бус дулааны материал гэрэлтүүлэг ашиглаж байснаас түүний амбаар доторх модон материалыг хатаах үеийн галлагааны явцад зуух, янданд их хэмжээний халалт үүссэн, халалт нь амбаарын дээврийн яндан гарсан хэсгийн дотор талдаа шатах материалд төөнөж яндан, дээвэр 2-ын зааг хэсгээс гал эхлэн гарсан, үүний улмаас иргэн Б.Мийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Ч.Баттулгын хувьд өмчлөгчийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан байх тул гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зааснаар Б.Мт учирсан гэм хорыг Л.Д  хариуцан арилгах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гал гарах үед мэргэжлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны үйлдсэн акт баримтад үнэлгээ хийгдсэн эд хөрөнгүүд тухайлбал таамбарт байсан шатсан эд зүйлсийг гаргаж тавьсан байсныг гэрэл зургаар бэхжүүлсэн баримтаар шатсан гуталнууд, автомашины сэлбэг хэрэгсэл зэргийг хариуцагч талын маргаагүй, Хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-ий хөрөнгө үнэлгээний тайлангаар Б.Мийн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг 11 958 600 төгрөг гэж үнэлснээр тооцон, 11 958 600 төгрөгийг хариуцагч Л.Д д харьцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, гэр хөлсөлсний 450 000 төгрөг, Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний төлбөр төлсөн гэх 250 000 төгрөг нь мөнгө төлсөн ямар нэг баримтгүй, эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийсэн шүүхийн зардал гэдгийг нотолсон зүйлгүй, хэн нэгний гарын үсэг зурсан тодорхойлолт болон иргэд хоорондын үзэглэсэн гэрээ гэсэн бичвэрийг гэрийн мөнгө төлөгдсөн бодит хохирол гэх үндэсгүй, мөн иргэн өөртөө эрх зүйн үйлчилгээг төлбөртэй авах эсэх нь түүний хуулиар эдлэх эрх боломж тул энэ шаардлагыг хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн П.Адъяа, А. О , А.Н  нарт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, дэмжин шаардсан 14 607 680 төгрөгөөс үлдэх 2 649 080 төгрөг болон хариуцагч Ч.Б д холбогдох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.”хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр” хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэлийг заасан ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.”Үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийсэн бол үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс авна.”,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-д зааснаар шүүгчийн захирамжаар шинжээчийн гүйцэтгэсэн ажил, түүний үндсэн ажил үүрэгт хамаарахгүй тул хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар, нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр тус тус хуульчилсан.

Иймд хариуцагч Л.Д гаас шүүхийн зардал болох шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ хийлгэсэн үйлчилгээний нэхэмжилсэн хөлс /хэргийн 106-р тал/ 200 000 төгрөгийг гаргуулж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1., 56 дугаар зүйлийн 56.2., 106 дугаар зүйлийн 106.5., 106.6., 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                    

  ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.М шаардсан нэхэмжлэлийн зарим болох П.Адъяа, А. О , А.Н  нарт холбогдох шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар 11 958 600  /арван нэгэн сая есөн зуун тавин найман мянга зургаан зуу/ төгрөгийг хариуцагч Л.Д гаас гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгож, нэхэмжлэлээр шаардсан дүнгээс үлдэх 2 140 000  /хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах болон хариуцагч Ч.Б д холбогдох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч Л.Д гаас 200 000 төгрөг гаргуулж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ид олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Д гаас 206 287.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.УРАНЧИМЭГ

 

 

                  ШҮҮГЧИД                                               Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                  С.ХИШИГБАТ