Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 759

 

 

 

 

 

 

     2018 оны 04 сарын 19 өдөр

     Дугаар 182/ШШ2018/00759

            Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Н-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: С ХХК -нд холбогдох

Илүү төлсөн талбайн үнэ 20,223 ам доллар буюу 45 451 596 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.   

                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээ барилгын захиалагч СХХК-тай хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар нийт 73,46 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийх, 1 м.кв талбайн үнэ 1890 ам.доллар байхаар тохиролцсон ба энэ гэрээгээр хариуцагч нь барилгыг 2009 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр болсон. Анхны гэрээгээр нийтийн эзэмшлийн талбай м.кв-ын хэмжээнд ороогүй. Харин сүүлд 2013 онд өөрчлөлт оруулахад нийтийн эзэмшлийн талбайг нэмсэн байсан. Нэхэмжлэгч Ннь талбайгаа анхнаасаа захиалж бариулсан. Пийс тауэр нь тухайн үед босоогүй, баригдаж байсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Ингээд бид 5 удаагийн төлөлтөөр талбайн үнийг бүрэн төлж дуусгаж, 2013 онд талбайгаа хүлээн авсан. Энэ үед хэн аль нь хэмжилт хийгээгүй. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13/151 албан бичгээр улсын бүртгэлийн газарт хандаж, нэхэмжлэгч Н-ийннэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарсан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 онд хөрш талбай эзэмшигч нар талбайдаа хэмжилт хийлгэж, дутуу байна гэж яригдаж эхэлсний улмаас бид 2015 онд “Хот Айл” ХХК-д хандаж талбайн хэмжилт хийлгэхэд талбай 62,76 м.кв буюу 10.7 м.кв-аар дутсан, өөрөөр хэлбэл гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл бидний анхны тохиролцоонд нийтийн эзэмшлийн талбай орохгүйгээр 73,46 м.кв байсан бол 2013 оны нэмэлт өөрчлөлтөөр нийтийн эзэмшлийн талбайг оруулсан байгаа юм. Үүнийг тухайн үедээ Н-ийнээж мэдээгүй, гарын үсэг зурсан. Хэдийгээр хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэдий ч нийтийн эзэмшлийн талбайг хувь хүн өмчлөх боломжгүй юм. Талбайн хэмжээг дутуу гэдгийг мэдсэнээс хойш нэхэмжлэгчийн ээж Б.Отгонбаяр нь итгэмжлэлийн үндсэн дээр СХХК-д удаа дараа хандаж байсан байдаг. Бид шаардлага гаргах эрхээ алдаагүй, хөөн хэлэлцэх хугацаандаа байна. СХХК нь мөнгийг буцаан өгнө гэж амаар хэлдэг боловч өгдөггүй. Хариуцагч нь Хот айл ХХК-ийн хэмжилтийг зөвшөөрөхгүй шүүхээр шинжээч томилуулсан бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч Уран-Асар ХХК нь талбайн хэмжээг үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62,22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14,05 м.кв, нийт талбай 76,27 м.кв гэж тогтоосон. Ерөнхийдөө манай хэмжилтээс зөрүү их гараагүй учир бид анхны хэмжилт буюу Хот айл ХХК-ийн хэмжилтийг үндэслэн С ХХК-иас дутуу талбай болох 10.7 м.кв талбайн үнэ 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөгийг нэхэмжилж байна. 1 м.кв талбайн үнэ 1890 ам.доллар, валютын ханшийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 2247.52 төгрөгөөр тооцсон байгаа гэв.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Н-тэй2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1-д “Пийс Тауэр” оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 203 тоот, 73.6 м.кв /нийтийн эзэмшлийн/ талбайг гэрээнд заасан нөхцлөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 73.6 м.кв талбайг Х.Наранд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн. Ннь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан. Анхны гэрээнд нийтийн эзэмшлийн талбай ороогүй байсан. Харин сүүлд 2013 онд гэрээнд өөрчлөлт оруулж нийтийн эзэмшлийн талбайг нэмсэн байдаг, үүнийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Ингээд 2013 онд талбайгаа хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь талбайг хүлээн авахдаа хэмжилт хийн авах ёстой байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй, хүлээн авснаас хойш бүтэн 2 жил ашиглаж, үйл ажиллагаа явуулсны дараа 2015 онд хөрс талбай эзэмшигч нарын мэдээллийн дагуу хэмжилт хийлгэн талбайг дутуу байсан, энэ үеэс мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 349.1-д заасан 6 сарын дотор гомдлын шаардлагаа гаргах боломжтой байхад гараагүй, энэ эрхээ алдсан. Тэгээд ч талбайн зөрүү нь мэдэх боломжгүй далд доголдол биш юм. Манайд талбайн зөрүү байгаа талаар шаардлага гаргаж байсан зүйл байхгүй, энэ талаараа нэхэмжлэгч нотлоогүй. Нөгөө талаар уг харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан.  Нэхэмжлэгч нь талбайн зөрүүг нэхэмжлэхдээ Хот айл ХХК-ийн хэмжилтийг үндэслэдэг. Бид үүнийг зөвшөөрөхгүй шинжээч томилуулсан. Шүүхээс томилогдсон Уран-Асар ХХК-ийн дүгнэлтээр үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62,22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14,05 м.кв, нийт талбай 76,27 м.кв гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардаж байгаа 62.76 м.кв нь 62.22 м.кв болж багассан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ннь хариуцагч С ХХК-д холбогдуулан илүү төлсөн талбайн үнэ 20,223 ам доллар буюу 45 451 596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг худалдан авсан талбай нь дутуу, доголдолтой болохыг 2015 онд хэмжилт хийлгэж мэдсэн учир илүү төлсөн талбайн үнийн зөрүүг шаардах эрхтэй, шаардлага гаргах эрх хөөн хэлэлцэх хугацаан дотроо байгаа гэж тайлбарласныг хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь талбайг анх хүлээн авахдаа хэмжиж авах ёстой байсан, талбайн зөрүү нь далд биш ил доголдол, энэ талаар хуульд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж мэтгэлцсэн.

 

Зохигчдын хооронд 2008.07.21-ний өдөр 04 дугаартай худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Ннь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ЭТНО Peace tower худалдаа үйлчилгээ, оффисын зориулалттай барилгаас 73,46 м.кв талбайг, 1 м.кв талбайн үнийг 1890 ам.доллараар тооцож, 138 839 ам.доллараар бариулах, хариуцагч нь орон сууцыг 2009 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Талууд харилцан тохиролцож 2013 онд уг гэрээнд: 2008.07.21-ний өдөр 13/10/29 дугаартайгаар “Ннь СХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах буй “Пийс тауэр” оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхарт 203 тоотын 73.46 м.кв талбайг /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ 1 м.кв талбайн үнийг 1890 ам.доллараар тооцож, 138 839 ам.доллараар бариулах, хариуцагч нь орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр” нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд энэхүү гэрээнд Х.Нарангаас 2013.12.12-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу түүний ээж Б.Отгонбаяр гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх 2013 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2008.07.21-ний өдрийн 13/10/29 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгч Ннь 2008.07.21-ний өдөр 41,652 ам доллар, 2009.08.04-ний өдөр 55,534 ам доллар, 2011.11.24-ний өдөр 13,884 ам доллар, 2012.03.19-ний өдөр 13,884 ам доллар, 2013.02.27-ны өдөр 13,430 ам доллар, нийт 138,384 ам доллар төлсөн,

хариуцагч С ХХК нь гэрээний зүйл болох үйлчилгээний объектыг 2013.07.24-ний өдөр ашиглалтанд оруулж, үүнээс 73,46 м.кв талбайг нэхэмжлэгч Х.Наранд хүлээлгэн өгсөн, Ннь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020809 дугаарт бүртгэгдэн 000291548 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг 2013.12.17-ны өдөр авч, уг өдрөөс талбайдаа үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

 

Дурдсан үйл баримтууд нь зохигчдын тайлбар, 2008.07.21-ний өдрийн 04 дугаартай гэрээ, 2008.07.21-ний өдрийн №13/10/29 тоот  гэрээ, 000291548 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэсээс шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд үүссэн харилцааг шүүх тэдний гаргасан тайлбар, 2008.07.21-ний өдрийн 13/10/29 дугаартай гэрээний 2 дугаар зүйлийн 2.8, 4 дүгээр зүйлд заасныг үндэслэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна гэж дүгнэсэн бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй болно.

 

2008.07.21-ний өдрийн 13/10/29 дугаартай гэрээний 1.1-д талууд нийт 73.46 м.кв талбайдаа нийтийн эзэмшлийн талбайг оруулахаар тохиролцсон байх боловч нийтийн эзэмшлийн талбай нь дангаар өмчлөх сууцны талбайд тооцогдохгүй, харин дундын өмчлөлийн талбай болох талаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан.

Тиймээс зохигчдын тохиролцсон 73,46 м.кв талбайд нийтийн эзэмшлийн талбай орохгүй учир уг талбай нь доголдолтой гэж нэхэмжлэгч тал маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Н-ийнхариуцагч С ХХК-иас гэрээний дагуу хүлээн авсан 73,46 м.кв талбай нь Хот Айл ХХК-ийн 2015.02.06-ны өдрийн талбайн хэмжилтийн зургаар 10,7 м.кв-аар дутуу, хариуцагч С ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нэхэмжлэгч Н-ийнөмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу 2018.02.23-ны өдрийн 1900 дугаартай шүүгчийн захирамжаар Уран-Асар ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тус компанийн 2018.03.22-ны өдрийн дүгнэлтээр Н-ийнөмчлөлийн Пийс тауэр оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 203 тоот талбайн хэмжээг үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62,22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14,05 м.кв, нийт талбай 76,27 м.кв болохыг тогтоожээ.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Н-ийнхүлээн авсан үйлчилгээний зориулалттай гэрээнд заасан 73,46 м.кв талбай /нийтийн эзэмшлийн талбай багтсан/ нь 62,22 м.кв буюу 11 м.кв-аар дутуу болох нь тогтоогдож байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дутуу 10,7 м.кв талбайн үнэ болох 20,223 ам доллар буюу 45,451,596 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ннь тухайн үедээ буюу 2013.12.17-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхлэхдээ, тодруулбал талбай хүлээн авсан өдрөөс хэмжилт хийж талбайн хэмжээ дутуу байгаа талаар мэдэх, түүнчлэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д зааснаар доголдолтой талбайг хариуцагч С ХХК-иар түүний зардлаар засуулах, доголдлыг арилгуулах эрхээ Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар 6 сарын дотор хэрэгжүүлэх боломжтой байхад эрхээ хэрэгжүүлээгүй, дурдсан шаардлагыг 2015.02.06-ны өдөр Хот Айл ХХК-иар хэмжилт хийлгэх хүртэл тус компанид огт гаргаагүй болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч Х.Наранг талбайн хэмжээг хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар талбайн доголдлын талаар мэдэж хүлээн авсан, шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэлээ.

 

Учир нь гомдлын шаардлага нь гэрээний оролцогч талууд бие биедээ тавих шаардлага байдаг учир үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаатай хольж ойлгох боломжгүй бөгөөд гомдлын шаардлагад нэг тал гэрээний нөхцөлийг зөрчсөн, гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө талдаа тавих шаардлага хамаарна.

Өөрөөр хэлбэл талууд гэрээндээ гомдлын шаардлага гаргах хугацааг тохироогүй, талбайг хүлээн авах үед хэмжиж, доголдлыг илрүүлэх боломжтой байхад хэн аль нь хэмжиж хүлээн авч, хүлээлгэн өгөөгүй, талбайн м.кв дутуу байгаа явдал нь хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй, түүнчлэн барилгын ашиглалтын явцад мэдэгдэх боломжтой далд доголдол биш тул нэхэмжлэгч талын гаргасан “нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацаан дотроо байгаа, бид талбайн зөрүүг тухайн үед нь мэдэх боломжгүй, 2015 онд хэмжилт хийлгэж мэдсэн учир уг хугацаанаас гомдлын шаардлага гаргах хугацааг тооцно” гэх тайлбар няцаагдаж байна.

 

Иймд С ХХК-нд холбогдох илүү төлсөн талбайн үнэ болох 20,223 ам доллар буюу 45,451,596 төгрөг гаргуулах тухай Н-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч С ХХК нь шинжээчийн ажлын хөлс төлөөгүй, шинжээчээр ажилласан Уран-Асар ХХК нь шинжээчийн дүгнэлтийн хамт 150,000 төгрөгийн нэхэмжлэхийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн              56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс болох 150,000 төгрөгийг нэхэмжлэгч Нхариуцах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хариуцагчийн төлөөлөгч Б.Гүнжээд шүүх хуралдааны товыг түүний 99996114 дугаарын утсаар мэдэгдсэн, өмгөөлөгч Э.Уянгасайхан “төлөөлөгч Б.Гүнжээ хурлын товыг мэдэж байгаа, эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй” гэж тайлбарлан хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх тэдний нэг ашиг сонирхолтой, хариуцагчийн төлөөлөгч Б.Гүнжээ шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа нотолсон баримт болон шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтийг ирүүлээгүй байгаа байдлыг харгалзан хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар С ХХК-нд холбогдох илүү төлсөн талбайн үнэ болох 20,223 ам доллар буюу 45,451,596 төгрөг гаргуулах тухай Н-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нарангаас тэмдэгтийн хураамжид төлсөн 385,210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, түүнээс 150,000 төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан Уран-Асар ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Т.ЭНХТУЯА