Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01215

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..........оршин суух, …. овогт Д.А /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... тоотод оршин суух, ..... овогт Н.Н /Регистрийн дугаар: /-д холбогдох,

Гэм хорын хохиролд 3.900.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэнгэл, иргэдийн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Н.Н нь Б.Баянмөнх, Б.Пүрэвжав нартай бүлэглэн миний 9 тооны адууг 2013 онд хулгайлж, надад 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан. Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт 201417000179 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаад прокурорын хяналтанд байхдаа яллагдагч Н.Н Б.Баянмөнх, Б.Пүрэвжав нар гэм буруугаа хүлээж, бусдад учруулсан хохирлоо төлөхөөр хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/190 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Баянмөнх, Б.Пүрэвжав нар нь тухайн үедээ надтай ирж уулзаад миний хохирлыг өөрсөддөө таарч тохирох хэмжээний буюу нийт 3.000.000 төгрөг төлж барагдуулсан. Харин Н.Н нь надтай уулзаагүй бөгөөд хохирлоо барагдуулж нэг ч төгрөг өгөөгүй.  Эрүүгийн хэрэгт энэ гурав хохирлыг хэд, хэдэн төгрөгөөр хариуцах тухай дурдаагүй. Гэхдээ амаараа Б.Баянмөнх, Б.Пүрэвжав нар тус бүр 1.500.000 төгрөгөөр, Н.Н нь үлдэх 3.900.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон гэж хэлсэн. Үүний дагуу Н.Наас үлдэх төлөгдөөгүй хэсгийг нэхэмжилж байгаа. Мөнгөндөө машин тэрэг тооцож авах талаар огт яриагүй. Машины шаардлага ч байхгүй. Харин өөрөө машинаа худалдахаар авч очсон байх. Иймд үлдэгдэл 3.900.000 төгрөгийг Н.Наас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Н.Н нь Б.Баянмөнх, Б.Пүрэвжав нарт тус бүр нэг нэг автомашин зарсан бөгөөд хөлсөнд мал өгсөн нь хулгайн мал байсан. Б.Баянмөнх, Б.Пүрэвжав нар баригдаж Цагдаагийн байгууллагад шалгагдах хугацаандаа худал мэдүүлэг өгч Н.Нтай хамтран гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдүүлж, хохирлыг хамтран хариуцахаар гүтгэсэн байдаг. Н.Н тэдний худал мэдүүлгийн улмаас уг хэрэгт 2015 оны 6 сараас 11 cap хүртэл 5 cap шалгагдаж, Сүхбаатар аймагт удаан хугацаагаар байж маш их чирэгдсэн. Үүний улмаас хохирол төлөхөө илэрхийлэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ер нь бол хурдан салахын тулд хохирол төлөхөө илэрхийлсэн нь өнөөдөр хохирол нэхэмжлэх шалтгаан болсон. Гэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар үйлийн 10.8-д “Энэ хуулийн 10.7-д заасан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн хохирлын хэмжээгээр маргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасан байдаг бөгөөд Д.Аын нэхэмжилж байгаа 3.900.000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Д.Аад нийт 6.900.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг тул үүнийг Б.Баянмөнх, Б.Пүрэвжав нартай тэнцүү хэмжээгээр буюу Н.Н нь гуравны нэгийг хариуцах үндэслэлтэй байна. Энэ нь нэг хүн 2.300.000 төгрөг нөхөн төлөх ёстой гэсэн үг юм. Энэ 2.300.000 төгрөгнөөс Д.Аын үйлдлийн улмаас Н.Над учирсан хохирлыг хасч тооцох ёстой. Н.Н нь машин зардаг тул 2016 оны хавар Д.Аад хохиролдоо тооцож Маяти-1 маркийн улаан толгойтой, дэнхэр тэвштэй автомашиныг авахаар тохиролцсон байдаг. Нэгэнт авч өгөлцөхөөр харилцан тохиролцсон тул Д.А уг машины тэвшинд өндөрлөгөө хийлгээд аваад ир гэсэн байдаг. Үүний дагуу Н.Н уг машинд 700.000 төгрөгөөр өндөрлөгөө хийлгэсэн. Мөн Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум хүртэл нэг талдаа 800 км газар түлш хийж авч очсон байдаг. Гэтэл Д.А уг машиныг авахгүй гээд буцаасан тул ендөрлөгөө хийлгэсэн 700.000 төгрөг болон нэг талын 750 км замын 112 литр түлшний мөнгө 184.800 төгрөг буюу хоёр талын түлшний үнэ 369.600 төгрөг, нийт 1.069.600 төгрөгөөр хохирсон. Иймд төлвөл зохих 2.300.000 төгрөгөөс 1.069.600 төгрөгийн хохирлыг хасч, үлдэх 1.230.400 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Прокурорын тогтоолд дурдсан тул гэм буруу болоод учирсан нийт хохирлын хэмжээнд маргахгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        

Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.    

Нэхэмжлэгч Д.А нь Н.Над холбогдуулан гэм хорын хохиролд 3.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс 1.230.400 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсэгт маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Н.Н нь 2013 оны 11-12 дугаар сард бусадтай бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс бусдын малыг хулгайлж гэмт үйлдэл хийсэн, улмаар нэхэмжлэгч Д.Аад 6.900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/190 дүгээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.  /хх 3/

Дээрх тогтоол хүчин төгөлдөр гэдэгт талууд маргаагүйгээс гадна хариуцагч гэм буруугийн асуудал болоод нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээнд тус тус маргаагүй. 

Харин 6.900.000 төгрөгний хохирлыг гурван хүн тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой гэж маргаж байна.

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд хариуцагч нь Б.Батмөнх, Б.Пүрэвжав нартай хамтран нэхэмжлэгчид хохирол учруулсан тухай дурдсан байх бөгөөд учирсан хохирлыг тус бүрдээ хэдий хэмжээгээр хариуцах талаар тусгагдаагүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй байвал тэдгээрийг хамтран үүрэг гүйцэтгэгч” гэж ойлгохоор, түүнчлэн “үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй” байхаар мөн зүйлийн 242.3-д тус тус заажээ.

Нэхэмжлэгч хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй этгээд болох Б.Батмөнх, Б.Пүрэвжав нараас 3.000.000 төгрөгийг авсан үндэслэлээр үлдэх 3.900.000 төгрөгийг Н.Наас нэхэмжилснийг шүүх буруутгах үндэслэлгүй гэж үзэв. Хариуцагч хамтран үүрэг гүйцэтгэгч нараас ногдох хэсгээ тооцон жич шаардвал зохино.

Мөн Маяти маркийн тээврийн хэрэгслийг хохиролд тооцон өгөхөөр 2016 оны 1 дүгээр сард харилцан тохиролцсон, нэхэмжлэгч татгалзснаар 1.069.600 төгрөгний зардал гаргасан үндэслэлээр хохирлоос хасч тооцуулна гэж маргаж байх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг хохиролд тооцон олгох тухай хэлцлийг нэхэмжлэгч Д.Атай хийсэн болохоо, түүнчлэн 1.069.600 төгрөгний зардал гаргасан болохоо тус тус баримтаар нотлоогүй.

Гэрч Т.Энхбаяр, А.Энхжаргал, Б.Очирсүх нарын мэдүүлгээр хариуцагч “2016 оны хавар Маяти маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд авч очсон” үйл баримт тогтоогдож байх боловч ийнхүү тээврийн хэрэгслийг зөөвөрлөсөн хариуцагчийн үйлдэл нэхэмжлэгч Д.Атай хийсэн хэлцлийн улмаас түүнд аваачиж өгөх зорилгоор хийгдсэн болохыг нотлохгүй байна.   Хариуцагч нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн болохыг нотлох өөр бусад дэмжих баримтыг ирүүлээгүй тул дээрх тайлбар үндэслэлгүй.

Иймд Н.Наас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Аад олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Н.Наас 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Аад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 77.350 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ