Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/615

 


 

 

 

 

 

 

   2022          07           25                                    2022/ШЦТ/615

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,  

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч И.Хонгор,

шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *************А-т,

- мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ************** У нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205006381434 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уурхайчин мэргэжилтэй, *************** ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ********************* тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******************,

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ХАБ-ын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, *******************тоотод оршин суух,

- урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, *******************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, 3, 4-р хорооллын эцсийн зам дээр сууж явсан машин болох иргэн Э.Уын эзэмшлийн “Тоёота Акуа” 34-98 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд гуперыг өшиглөж хагалсан, мөн Э.Уын бичлэг хийж байсан “Самсунг А9 про” загварын гар утсыг цохиж унагаан дэлгэцийг нь хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

- Шүүгдэгч Э.У нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, 3, 4-р хорооллын эцсийн зам дээр “машины гупер өшиглөж хагаллаа” гэх шалтгаанаар хохирогч Ц.Аыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “...Найзуудын хамт такси барьсан. Найзууд буудалд буугаад үлдсэн бөгөөд би “цаашаа явъя” гэсэн У нь “буу пизда минь” гэж хэлсэн. Тэгээд 4-5 удаа толгой руу цохисон. Тэгэхээр нь би уураа барьж чадаагүй тэрний машиныг өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай. 1.450.000 төгрөгийн зардал гарна гэсэн тул энэ зардлыг шүүгдэгч Э.У-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Э.У мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 13-нд хувиараа такси үйлчилгээнд явж байсан. 100 айл орчмоос 4 залуу гар өргөөд суусан. Улмаар 3, 4-р хороолол орно гэсэн. Замаараа архи, пиво авч “Очир” нэртэй буудалд очоод найзууд нь буугаад буудал орсон. А нь тэр буудал руу орохгүй гээд намайг “мөнгийг чинь өгнө, дуугай яв” гээд хараагаад доромжлоод байхаар нь “явахгүй” гэж хэлээд буулгах гэсэн чинь буухгүй болохоор нь татаад буулгасан. Гэтэл бууж ирээд миний машины гуперыг өшиглөж хагалсан. Мөн гар утас шидэж хагалсан. Тэгэхээр нь би цээж руу нь 1 удаа цохисон. Одоо хохирол төлбөрөө барагдуулж авсан. А эмчилгээ хийлгээд хохирол төлбөр нэхэмжлэх юм бол төлж барагдуулахаа илэрхийлж байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.У-ын:

“...Нөгөө 2 залуугаас “хаашаа явах” талаар асуухад намайг “дуугаа чимээгүй яв эртхэн харимаар байна” гэхээр нь “чи хаягаа хэлээч ээ” гэхэд “дуугаа яв гэж байгаа юм биш үү пизда” гэснээ ууттай хоолны үлдэгдлийг машин дотор асгаад байхаар нь буугаад “өөр машинд сууж яв” гэхэд “үгүй би чамаар хүргүүлнэ” гээд хэл амаар доромжлоод байсан. Машинаас буучхаад намайг харааж байснаа машины хойд талын гуперыг 1 удаа өшиглөж хагалсан. Тэгээд нөгөө залуу миний баруун талын хавирга руу 1 удаа зөөлөн цохихоор нь нөгөө залуугийн цээж рүү нь гараараа 1 удаа цохиход замын хажуу талын боржууранд тээглэж унасан. Босож ирээд над руу дайраа намайг барьж авч зодчих гээд байхаар нь бичлэг хийсэн. Бичлэг хийж байсан утастай гар руу гараараа 1 удаа цохиод гар утсыг маань газарт унагаасан. Дахин “яаж байгаа юм бэ” гэж хэлээд бичлэг хийхэд гар руу цохиж миний утсыг зам руу газар унагахад утасны дэлгэж хагарсан. “Самсунг А9 про” загварын 400.000 төгрөгийн үнэтэй утас байсан. Дэлгэцийг нь таньдаг хүнээрээ 130.000 төгрөгөөр янзлуулсан. Миний машинд учирсан хохирол 590.000 төгрөг, үнэлгээний 40.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21 дэх тал/,

2. Хохирогч Ц.А-ын:

“...Таксины жолоочид “Мөнхсайхантай хамт цааш нь гэр рүүгээ хүргүүлье” гэхэд “явахгүй буу пизда минь” гэж хэлэхээр нь “чи такси үйлчилгээнд энэ хүртэл явна гэж хэлчхээд цааш нь явахгүй гэдэг нь яаж байгаа юм” гэж хэлтэл бууж ирснээ куртикнээс татаж чирч буулгахад халаас урагдсан. Тэгээд машинаас нь буучхаад уурандаа зүүн хойд талын гуперыг өшиглөж хагалсан. Таксины жолооч миний толгой руу 4-5 удаа цохисон. Тэрнээс болж шүд хугарсан. Тухайн үед нүүр хавдсан байсан. Би таксины жолоочийн биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Миний шүдийг гэмтээсэн тул эмчилгээний мөнгө 800.000-1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17 дахь тал/,

3. Гэрч Д.М:

 “...Тухайн үед А таксины жолоочтой явах явахгүй дээрээ хоорондоо муудалцаж маргалдаад таксинаас тэр 2 буугаад А машиных нь гуперыг өшиглөж хагалсан. Таксины жолооч уурандаа Аын цамцнаас бариад тэр 2 заамдалцаад жолооч Аын нүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Миний архи гарч байсан болохоор би тухайн таксины жолоочтой Аыг өмөөрч муудалцаж хэрүүл маргаан хийгээгүй. Дараа нь цагдаа нар ирсэн. Би тэр 2 муудалцаж байхад хажууд нь хараад зогсож байсан. Манай ажлын хамт олон тэрэлжид амарч байхдаа хоорондоо муудалцаж маргаан хийж зодолдоогүй, ...Аын цамцнаас бариад тэр 2 заамдалцаад жолооч Аын нүр рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

4. Гэрч Б.А:

 “...Тэгэхээр нь би “Гүн нуур” зочид буудлын хяналтын камерыг очиж үзэхэд бичлэг дээр таксины жолооч Э.У эхлээд Ц.Аыг машинаас чирч буулгаад нүүр рүү нь 1-2 удаа цохиход хойшоогоо унаж байсан. Босож ирээд машины гуперыг өшиглөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дахь тал/,

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг /хавтаст хэргийн 131 дэх тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 сарын 18-ны өдрийн №5002 дугаартай шинжээчийн:

“...Ц.А-ын биед зүүн зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, баруун дээд үүдэн 1-р шүдний гэмтэл, зүүн гарын долоовор хурууны хумсны хэвтэшний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр, механизмаар үүснэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36 дахь тал/,

7. “Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “...34-98 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуперын үнэлгээ 450.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 43 дахь тал/,

8. “Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “... “Самсунг А9 про” загварын гар утасны үнэлгээ 120.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 39 дэх тал/,

9. “Эвада” шүдний эмнэлгийн нэхэмжлэл /хавтаст хэргийн 76 дахь тал/,

10.Шүүгдэгч Ц.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 77-91 дэх тал/,

11. “Сүлд үнэлгээ” ХХК-ийн автомашины үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.А нь хохирогч Э.У-ын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Э.У нь хохирогч Ц.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.А-ын өмгөөлөгч И.Хонгор “Хохирогч Э.У-ын эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа. Мөн энэ гэмт хэргийн улмаас Ц.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд цаашид шүдний эмчилгээ хийлгэх бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардлыг Э.У-аас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.У нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.А, Э.Уын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.А нь:

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, 3, 4-р хорооллын эцсийн зам дээр сууж явсан машин болох иргэн Э.У-ын эзэмшлийн “Тоёота Акуа” 34-98 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд гуперыг өшиглөж хагалсан, мөн Э.Уын бичлэг хийж байсан “Самсунг А9 про” загварын гар утсыг цохиж унагаан дэлгэцийг нь хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу нийт 570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Э.У нь:

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хороо, 3, 4-р хорооллын эцсийн зам дээр “машины гупер өшиглөж хагаллаа” гэх шалтгаанаар хохирогч Ц.А-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Эд хөрөнгө гэмтээсэн” гэж бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Өмчлөх эрхийн эсрэг болон Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.А, Э.У нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Аыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Э.Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ут 570.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ц.А төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.А-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Ц.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.А, Э.У нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд шүүгдэгч Ц.А нь 1 удаа ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Э.У нь 3 удаа ял шийтгүүлж байсан бүртгэлтэй байх ба шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.А-ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн”, шүүгдэгч Э.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шударга ёсны зарчим, шүүгдэгч нарын хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нарт тус бүрд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205006381434 дугаартай хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А, Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **************** А-ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч **************** У-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Э.У нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А, Э.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А, Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.А, Э.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А, Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ