Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/616

 

 

 

 

 

 

    2022          7            25                                    2022/ШЦТ/616

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Б.Солонго,

хохирогч Б.Б,

шүүгдэгч А.Т, Б.У тэдгээрийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** Т, **************** У нарт холбогдох эрүүгийн 2205011831539 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, **************-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ************* мужаан ажилтай, ам бүл 5, эх, 3 дүү нарын хамт *************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****************,

2. Монгол Улсын иргэн, ****************-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *************** мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т, Б.У нар нь 2022 оны 03 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хороо, “Би Ти Си” нийтийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хохирогч Б.Быг зодож, биед үүдэн дээд зүүн 2, үүдэн доод баруун 1, зүүн 1, 2-р шүдний сулрал, зүүн нүдний алимны салст, дух, хамар, уруул, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “...Тухайн үед 00 орох гэхэд хохирогч Б.Б нь зам хааж зогссон байсан бөгөөд хажуугаар нь бага зайтай байсан тул “зөрөөд гаръя” гэж түүнд хэлэхэд “багтаад гар” гэсэн. Тэгэхээр нь би “яаж ийм бага зайгаар гарах вэ? дээ, энэ чинь олон нийтийн газар шүү дээ” гэж хэлэхэд хохирогч уурлаад бид 2 маргасан. Мөн манай найзыг хохирогч Б.Б өшиглөөд цохиод байхаар нь найзыгаа өмөөрч цохисон асуудал байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг баримтаар нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлж байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “...Би 00 орчхоод гарах гэтэл хохирогч Б.Б зам хаагаад зогсож байсан. Би “ах зөрөөд гарчихъя” гэхэд “байж бай” гэсэн бөгөөд улмаар уурлаад маргалдаад намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд ганц нэг цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулах болно…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Энэ хүмүүсийн буруутай үйлдлээс болж миний шүднүүд суларсан бөгөөд одоо сайн эмчилгээ хийлгэхгүй бол болохгүй байна. Хэрэгт баримтаар 135.100 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн бөгөөд цаашид эмчилгээ хийлгэх зардлаа шүүгдэгч нараас гаргуулж авмаар байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б-ы:

“...2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би Ти Си” гэх нийтийн караокены гадаа Мягаатай уулзаж дотогшоо орсон. 00 цаг өнгөрч байх үед би бие засах гээд нойл руу орсон. Нойлд үл таних залуутай маргасан /Б.У, А.Т хоёрын хэн нь байсныг санахгүй байна/ тэгээд нойлын үүд хэсэгт хэвтэж байсан. Босож нүүрээ угаагаад үүд хэсэг рүү гарсан чинь үл таних /Б.У, А.Т/ 2 залуу манай найз Одбаярыг зодож байхаар нь би тэр 2 залуу дээр очоод түлхээд эргээд харсан чинь нэг нь чиний нүүр хэсэг рүү гараараа цохисон чинь нөгөө найз нь над руу дайрч тэр 2 намайг зодсон. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. А.Т, Б.У гэх нэртэй 2 залуу миний эрүүл мэндэд бүлэглэж халдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 17 дахь тал/,

2. Гэрч Б.М-н:

 “... “Би Ти Си” нийтийн караокед уулзахаар болсон. ...нийт 0,75 л хэмжээ бүхий 3 шил архи уусан. Би согтоод байсан учир 2022 оны 03 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байх үед би гэртээ харихаар явсан. Б Одбаяр хоёр тус караокед үлдсэн. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед Б руу залгасан чинь хүнд зодуулсан гэж хэлсэн. Би болсон хэргийн талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

3. Гэрч Д.О-ын:

 “...Би гарч тамхи татчихаад нойл хэсэг рүү явж байсан чинь Б нь Мягмарсүрэнтэй маргаж байсан үл таних 2 залуутай барилцаж аваад гарч ирж байсан. Үл таних 2 залуугийн 1 нь миний хажуугаар явж байсан чинь “наад залуугаа бариад аваарай” гэж хэлсэн. Би тэр залууг барьж авсан, миний барьж байсан залуу Б руу гүйж очоод найзтайгаа нийлж Б ахыг зодсон.  А.Т, Б.У нар нь Бы нүүр хэсэг рүү цохисон. Б-ы хамраас цус гараад тонгойх үед Т гэх залуу өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3970 тоот шинжээчийн:

“...Б.Б-ы биед үүдэн дээд зүүн 2, үүдэн доод баруун 1, зүүн 1,2-р шүдний сулрал, зүүн нүдний алимны салст, дух, хамар, уруул, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

5. Шүүгдэгч А.Т-ын:

 “...Би тогтоол уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

6. Шүүгдэгч Б.У-ын:

“...Би тогтоол уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дах тал/,

7. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон хохирол төлбөрийг төлж барагдуулсан баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч А.Т, Б.У нар нь бүлэглэж хохирогч Б.Б-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч А.Т, Б.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Шүүх хуралдааны өмнө хохирогч Б.Б-тай уулзаж хохирол төлбөрийг барагдуулах талаар удаа дараа оролдлого хийсэн боловч уулзахад хүндрэлтэй байсны улмаар хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулж чадаагүй. Цаашид хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэхэд нь зарцуулагдсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Т, Б.У нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Т, Б.У нар нь:

2022 оны 03 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хороо, “Би Ти Си” нийтийн караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хохирогч Б.Б-ыг зодож, түүний биед үүдэн дээд зүүн 2, үүдэн доод баруун 1, зүүн 1, 2-р шүдний сулрал, зүүн нүдний алимны салст, дух, хамар, уруул, хүзүүний цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Т, Б.У нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Т, Б.У нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд хохирогч Б.Б уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт баримтаар 135.100 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч А.Т, Б.У нар нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч А.Т, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин орлоготой, Мөн хэн аль нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг баримтын хүрээнд төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Т, Б.У нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.У нарт тус бүрд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205011831539 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********************* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.У нарыг тус бүр 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.У нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, Б.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Т, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ