Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/00551

 

 

 

 

 

 

 

 

   2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/00551

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М ийн

хариуцагч: “НӨАГ ” улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8 420 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ххх тоотод оршин суух, Ч ын Г , хариуцагчийн өмгөөлөгч А.Д /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар № ххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

                                                                                                                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний нэхэмжлэлийн шаардлага нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны цалин олговорт 8 420 280 төгрөг гаргуулахаар шаардсан. Харин өнөөдөр хариуцагч талаас гаргасан тооцооллын дагуу 8 299 263 төгрөг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.М  2010 оны 05 дугаар сард НӨАГ т анх менежерээр орж ажиллан 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс Чанарын албаны дарга, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга, 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхад тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/199 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож сэлгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээр тус газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/199 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлагыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдсэнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1385 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 001/ХГ2017/01206 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. Хуульд заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй, ажилд эгүүлэн томилоогүйгээс шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл цалин хөлсөө авч чадахгүй хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах ба мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж  цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин болох анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойшхи цалин олговорт нийт 8 299 263 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч тал хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор буюу анхан шатны шийдвэр гарсан өдрөөс тооцоод байх шиг байна. Энэ нь боломжгүй. Учир нь хуулиараа зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдлоо шийдүүлэх эрхтэй. Шүүхийн шийдвэр өөрөө хүчин төгөлдөр болоогүй байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тооцох ёстой гэж бодох боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан энэхүү хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалтыг Хөдөлмөрийн тухай хуульд тасалдах асуулгыг суулгаж өгөөгүй гэж ярьж байна. Иргэний шүүхэд гомдол гаргахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Манай зүгээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар шүүх нэхэмжлэл гаргасан болон хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан үндэслэлээр тасалдал үүснэ гэж үзэж байна. Халсан тушаал өөрөө 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад маргах эрх бидэнд байгаагүй. Дээд шүүхийн тогтоол гарсан огнооноос хойш 3 сарын хугацааг тоолсон. Байгууллагын санхүүгийн асуудал нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Санхүүгийн энэхүү хүндрэлтэй байдал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс үүдэн гараагүй. Үүний дагавар нь энэ хүнийг хууль бус тушаал гаргасан албан тушаалтны гаргасан үйлдэлтэй холбоотой. Хуулиараа цалин хөлсөө нэхэмжлэх эрх нь байгаа учраас энэ шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон, нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад одоо эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаа Ц.М  нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 8 420 280 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Шүүхийн шийдвэр гарсан хугацаа бол 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу нэхэмжлэлд дурдагдсан энэ мөнгийг шаардах хугацаа нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байна гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбараас харагдаж байгаа. Энэ маргаан нь хэргийн харъяалалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан-ыг шүүхээр хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гомдол /нэхэмжлэл/ гаргахдаа эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш З сарын дотор шүухэд гомдол гаргахаар хуульчилсан.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зуйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 5 055 390 төгрөгийг манай байгууллагаас гаргуулж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг манай байгууллагад даалгасан.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг даалгаснаас хойш 10 сар орчим хугацаа өнгөрсний дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх нийт 8 299 263  төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д "... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гомдол гаргах" -аар заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.

Ц М  нь шүүхийн шийдвэрийн дагуу тус амаржих газрын даргын 2017 оны 12 сарын 25 өдрийн Б/414 дугаартай тушаалаар ажилдаа орж, өмнө эрхэлж байсан эмчилгээ эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа болно.

Тус байгууллага бол улсын төсвөөр санхүүждэг учир энэ хэмжээний мөнгийг төлөхөд хүндрэлтэй байгаа. Одоогийн байдлаар манайх 2,5 сая төгрөгийн өртэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ маргаанд Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Хөдөлмөрийн гэрээнээс үүдэлтэй ганцаарчилсан маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нарийвчлан тогтоож өгсөн учраас тэр хөөн хэлэлцэх хугацааг 185 дугаар зүйлийн 185.1, 69 дүгээр зүйлд заасныг баримтлах хууль зүйн үндэслэлтэй. Яагаад анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шаардах эрхтэй байсан гэж үзэж байгаа вэ гэвэл анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын гомдол гаргахдаа шинэ нотлох баримт заахгүй, шинэ шаардлага тавихгүй учраас нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл байсан шаардлагын хэмжээнд давж заалдах болон хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хянадаг. Тиймээс анхан шатны шийдвэр гарсан энэ өдөр нь 5 000 000 төгрөг төлөх үүрэг үүссэн. Хуулийн хүрээнд дахин дээд шатны шүүхүүдэд нэмж гаргах шинэ нотлох баримт бүрдүүлэх боломжгүй байдаг тул олговрын асуудлыг анхан шатны шүүхээр эцсийн байдлаар шийдвэрлэж байгаа гэдгээ мэдэх ёстой байсан. Мэдсэн тийм учраас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 сарын дотор 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гомдол гаргах ёстой байсан. Гэтэл 10 сарын дараа гомдол гаргасан нь 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчиж байгаа юм гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М  хариуцагч “НӨАГ ” улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 8 420 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч үндсэн маргаанд өмнөх бүх шатны шүүхийн хуралдаанд өмгөөлөгчөөр болон нэхэмжлэгчийг төлөөлөн оролцсон ба энэ хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд мөн нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр түүний эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцсон. Хуралдаан дээр хариуцагч талаас шүүхэд нэхэмжлэгчийн цалинтай тэнцэх олговрыг тооцсон 8 299 263  төгрөгийн дүнгээр шаардлагыг дэмжиж, хариуцагчаас олговорт 8 299 263  төгрөг гаргуулан Ц.М ийн эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин тайлбар гарган оролцов.

Хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэрээр Ц.М ийг “НӨАГ ”-н эмчилгээ эрхэлсэн даргын ажилд эгүүлэн тогтоож, олговорт хариуцагчаас 5 055 390 төгрөг гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1385 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1206 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 522 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1385 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тогтоогдсон үйл баримт бий болсон, нэхэмжлэгч 2017 оны 12 сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ажилгүй байсан талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч тал өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс, хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс, энэ нэхэмжлэлийг гаргасан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нийт 8 299 263  төгрөгийг гаргуулан эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахыг  шаардсан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн 522 дугаар шийдвэрт хяналтын шатанд гаргасан гомдол нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1206 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3.”давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол” анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно” гэж зааснаар 522 дугаар шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн 522 дугаар шийдвэрээр ажилтныг эрхэлж байсан ажил албан тушаалаас үндэсгүй халсан гэж үзэж нэхэмжлэгчийг эмчилгээ эрхэлсэн даргын ажилд эгүүлэн тогтоосон үйл баримт тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1.”Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж заасан.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг дээд шатны шүүхүүдэд нэмж шаардлага гаргах шинэ нотлох баримт бүрдүүлэх боломжгүй байдаг тул олговрын асуудлыг анхан шатны шүүхээр эцсийн байдлаар шийдвэрлэж байгаа гэдгээ мэдэх ёстой байсан учраас 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 3 сарын дотор шаардлага гаргах байтал 10 сарын дараа шаардсан нь үндэсгүй гэж маргаж байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т ”Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ.” гэж зааснаар үгүйсгэгдэж, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл ирүүлсэнд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацааны тасалдал бий болсон нөхцөл байдал болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зохицуулсан ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй, Ц.М ийг ажилд нь эгүүлэн аваагүй, шүүхээс шийдвэрлэсэн олговрыг олгоогүй гэх үйл баримтад талууд маргаагүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байлгасан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүргийг хариуцагч үргэлжлүүлэн хүлээх тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр биелэгдээгүй, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрх Ц.М т нээлттэй болно.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс, энэ нэхэмжлэлийг гаргасан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацаанд ногдох олговрыг шаардах эрхтэй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нь хариуцагч талаас тооцоолон бодож ирүүлсэн дүнг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч дэмжин шаардсанаар 8 299 263 төгрөгийн олговрыг хариуцагч байгууллагад хариуцуулан гаргуулах үндэстэй.

Нэхэмжлэгч одоо ажил албан тушаалаа эрхэлж байгаа талаар зохигчид маргаагүй ба энэ нь шаардлага гаргасан хугацаанаас хойно болсон болохыг тэмдэглэж байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 299 263 төгрөг гаргуулж, нэхэмжилсэн дүнгээс үлдэхийг хэрэгсэхгүй болгон, Ц.М ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг мөн даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1., 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч хороо “НӨАГ ” улсын төсөвт үйлдвэрийн газраас олговорт 8 299 263 /найман сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун жаран гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.М т олгож, нэхэмжилсэн дүнгээс үлдэх 121 017 /нэг зуун хорин нэгэн мянга арван долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар олговорт олгогдсон 8 299 263 төгрөгөөс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааны Ц.М ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, сар тутмын нөхөн бичилтийг дэвтэрт нь хийхийг “НӨАГ ” улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 147 738 төгрөг гаргуулан Ц.М т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж, оролцоогүй зохигчид шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд гардуулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.УРАНЧИМЭГ