Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/618

 

 

 

 

 

 

 

    2022         07            27                                       2022/ШЦТ/618

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч С.Бичинхүү,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************нарт холбогдох эрүүгийн 2005004681892 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт ******************* тоотод оршин суух,

- урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3/28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг биелүүлэхийг 6 сараар хойшлуулсан,

- Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.15, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 07 сар 24 хоногийн ялын зарим хэсэг болох 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосон,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 488 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн, *****************,

 

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******************* тоотод оршин суух,

- урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 439 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 542 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 13-ны
өдрийн 472 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 825 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан**************************.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Г.Д нар бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Гүнгэрваа” ХХК-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч, дунд гарын цагаан хаш хөөрөг 5 ширхэг, чүнчигноров хөөрөг 5 ширхэг, мөнгөн хөөрөг 3 ширхэг, хуучны хийцтэй эмэгтэй шүрэн шигтгээтэй бага гарын хөөрөг 2 ширхэг, их гарын хар болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын шар болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, дунд гарын халтар чанан хөөрөг 5 ширхэг, писү хөөрөг 2 ширхэг, ногоон хаш хөөрөг 1 ширхэг, гартааман хөөрөг 1 ширхэг, нийт 27 ширхэг хөөрөг болон 30 лан мөнгө, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, гаансны мөнгөн сэтгүүр 1 ширхэг, морины хонлойн тоног 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Бд 82.384.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Тухайн үед мөнгөгүй байсан бөгөөд Б-г “ганц том хийе” гээд бид 2 хамт явсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах болно…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Б, Д нар хохирлыг барагдуулах талаар нэг ч зүйл хийгээгүй. Мөн цагдаагийн байгууллага хулгай хийж авсан хүмүүс нь тодорхой байхад, хөөрөг хаана хаана зарснаа хэлсээр байхад олигтой ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна. Хэдийгээр шүүгдэгч нар буруугаа хүлээж байгаа ч хохирлыг яаж барагдуулах тал дээр санаачилгагүй байна. Хулгайд алдсан эд зүйл миний насаараа хурааж цуглуулсан эд хөрөнгө байсан учраас үнэхээр гомдолтой байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох зургууд, /1 дүгээр хавтаст хэргийн 10-26 дахь тал/,

2. Хохирогч Б.Б-ы:

 “...Миний бие Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах ТЭЦ-2 цахилгаан станцын өмнө талд байрлах “Гүнгэрваа” нэртэй бетон хийцийн үйлдвэрийг 1998 оноос хойш ажиллуулж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өглөө гэртээ байж байхад манай хүү Ариунболдоос “манай оффист хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд очоод харахад оффисын 1 давхрын гал тогооны өрөөний цонхоор ороод дээшээ гараад миний өрөө болон манай хүү гүйцэтгэх захирал А өрөөний хаалгыг эвдэлж ороод миний сейфтэй эд зүйлийг авч гаргаад хашааны гадаа задалсан байсан. Миний сейфийг гал тогооны цонхоор гадагш шидэж унагаагаад арын хэсгийг ханзлаад дотор нь байсан хөөргөнүүдийг авсан байсан. Дутсан хөөрөг нийт 27 ширхэг байсан. Сейфэнд өөр шулж авсан цул цагаан мөнгө 30 гаран лан, шүрэн хөөргөний толгой 2 ширхэг, морины хонлой мөнгөн тоног 1 ширхэг, гаансны мөнгөн сэтгүүр нэг ширхэг алдагдсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

3. Иргэний нэхэмжлэгч П.Ш:

“...фэйсбүүк зар харж байтал “Чүнчигноров хөөрөг 500.000 төгрөгөөр зарна” гэсэн пост байхаар нь би залгаад үзэхээр болсон бөгөөд мөнгийг нь шилжүүлээд Дэнжийн мянгаас нэг эмэгтэй хүнээс авсан. Надад 500.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/,

4. Гэрч Б.Отгонхүүгийн:

 “...Д ах “харьчхаад ирье” гээд явсан. Орой 19 цаг өнгөрч байхад ганцаараа уучихсан орж ирээд хөөрөг гаргаж ирээд надад үзүүлсэн. Би “авахгүй” гэхэд “ах нь чамд бэлэглэчихье” гээд ярилцаж байгаад хоорондоо маргалдаад байж байсан чинь Мөнхзаяа дундуур орж ирээд “би авъя надад өгчих” гэсэн. Миний санаж байгаагаар цагаан шар толгойтой маш том хэмжээтэй хөөрөг байсан. Мөнхзаяаг “100.000 төгрөг өгчих” гэж Д ах хэлсэн. “Мөнгийг нь маргааш өгье” гээд хөөргөө авсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дахь тал/,

5. Гэрч М.Мөнхзаяагийн:

 “...Уг хөөргийг П.Шинжээравдан гэх хүнд зарж борлуулсан. Би 2020 оны 12 сарын 20-нд найз Оюундарийн фейсбүүк-д уг хөөргийг “зарна” гээд зар оруулсан. Тэгээд тухайн үед П.Шинжээравдан сонирхож сэтгэгдэл бичихээр нь таньдаг болохоор мессенжерээр П.Шинжээравдан руу чат бичсэн. Тэгээд тухайн үед би Улаанбаатар хотод хашаа байшин түрээсэлж амьдарч байсан болохоор тэр хаягт дээр П.Шинжээравданыг хүрээд ир гээд хэлсэн. Тэгээд орой миний түрээсэлж байсан хашаанд ирээд хөөрөг үзээд худалдаж авахаар болж би өөрийн данс 5108246732 данс руугаа 500.000 төгрөг шилжүүлж авсан. Д “ах нь чамайг зарж үрэхгүй байх гэж итгээд чамд зарж байгаа шүү” гэж хэлээд надад зарсан. Би уг хөөргийг өвөө Маналжавт өгнө гэж бодоод худалдаж авсан. Тэгээд мөнгөгүй болоод уг хөөргийг фейсбүүк-ийн хөөргөний групп-д хөөрөг мэдэж болох хөөрөг хийдэг бололтой нэг хүнээс мессеж бичиж зургийн явуулаад асуусан. Тэгээд хөөргөний чулууны нэрийн “замагт мана” гэдгийг мэдээд хэдэн төгрөгийн үнэтэй болохыг хайж үзтэл “600.000 төгрөгийн үнэд хүрэх юм байна” гээд найз Оюундарийн фейсбүүк-д уг хөөргийг “зарна” гээд зар оруулж зарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

6. Гэрч Б.А:

 “...Би 2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой ажил дээрээ байж байгаад 21 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад гэр лүүгээ харьсан. Хамгийн сүүлд манай ажилтан Цэцэгмаа миний дараа удалгүй гарсан. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад манай ажилтан Дэлгэрцогт түрүүлж ирээд хулгай орсон талаар мэдсэн. Би удалгүй ирээд хулгай орсон өрөөнүүдээр явж үзэхэд миний жижиг сейф болсон захирлын өрөөнд байсан том сейф байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

7. Шүүгдэгч Г.Б-гийн гэрчээр өгсөн:

 “...Тухайн өглөө би хот руу орж ирээд өөрийн дугаараас Дын дугаар  луу залгасан “уулзах уу” гээд уулзсан. Хороолол хавьцаа л орой уулзсан санаж байна. Уулзаад Д “ганц нэг пиво аваад өгчих” гээд би пиво авч өгсөн. Д “өмнө нь очиж байсан нэг залуу байгаа тэднийд очъё” гэсэн. Такси бариад 5 шараас баруун тийшээ яваад призер даваад хэсэг явж байгаад замын урд талд 2 давхар хуучны байрны гадаа очсон. Очоод нөгөө айл руугаа Д түрүүлж ороод гарч ирээд “нүүчихсэн байна” гэхээр нь таксигаа явуулаад үйлдсэн. Мөнгө ер нь тааруухан болчихсон байснаа Дд хэлэхэд “ингэж байхаар нь хоёулаа энэ хавиар юм судлаад орох уу” гэсэн. Би хэсэг бодож байгаад “оръё” гэж хэлээд тэр хавиараа хэсэг алхаад судалсан. Призрээс урагшаа нэлээн явсан. Тэгээд харахад өндөр торон хашаатай хашаан дотор шаравтар гэмээр өнгөтэй 3 давхар вакум цонхтой барилга байхаар нь хашааг нь давж ороод хамгийн наад талын булангийн цонхыг нь би онгойлгоод дотогшоо хамт орсон. Тэгээд эхлээд ярилцаж байгаад би түрүүлээд дээшээ гараад Дыг дуудсан. Дотор бичиж байсан камеруудыг хараад Дд хэлсэн. Эхлээд 2 давхрын нэг өрөөг Д хөшчих гээд би автиркаар хөшөөд онгойлгох гэж үзсэн. Тэгээд 3 давхар луу гараад ажилчдын суудаг гэмээр шилэн хаалгатай заал байсан санаж байна. Цааш нь бага зэрэг явахад булангийн өрөө цоожтой тэрийг нь автиркаар хөшиж байгаад бариултай нь гаргаж ирээд онгойлгосон санаж байна. Ямар ч байсан хэмжээ нь 60x80 см харьцаатай ч гэмээр үү цоож нь эргэдэг цоожтой тийм сейф байсан байх өргөхөд маш хүнд байхаар нь “юм байна, гарж байгаад эвдэлье” гэж яриад дахиад нэг өрөө рүү орсон санаж байна. Тэнд бас нэг жижиг сейф байхаар нь хаях гэж байхад Д “би буцаж гарч ирээд авчихъя, эхлээд томыгоо өргөөд гаргачихъя” гээд доошоо дамжилж буугаад анх орж ирсэн цонхоороо 1 давхраас шидсэн. Д буцаж ороод нөгөө жижиг сейфээ авч гарч ирсэн. Том сейфийг шидэхэд араараа задарчихсан байхаар нь хоёулаа хамт арыг сэтлээд онгойлготол дотор нь хайрцагтай хөөргөнүүд байхаар нь бүгдийг нь авсан л санаж байна ганц нэг үлдсэн байж магадгүй сайн хараагүй. Өөр гарын алганы дайтай цутгасан мөнгө, гаансны сэтгүүр өөр бас бус юм байсан байж магадгүй бүгдийг нь аваад хашаан дээгүүр давуулаад эвдсэн сейфээ үлдээгээд жижиг сейфээ эвдэлгүй давуулаад хоёулаа гарцгаасан. Тэндээсээ жижиг сейфийг нь задлаад үзэхэд хэрэгтэй зүйл байгаагүй баахан цаас бичиг баримт байхаар нь тэр чигт нь хойд талд нь төмөр ачдаг газар байхаар нь харахад вагон дээр төмөр задгай ачсан төмрийн хог байхаар нь тийшээ хоёулаа хамт өргөөд шидсэн. Тэндээсээ хөөргөнүүдээ авч яваад хажууханд байсан призр алхсаар дагаж алхсаар байгаад “Монос”-ын уулзварын наадхан тал хавиар байдаг вагоны призрээр гарч ирээд тэндээсээ хамт такси бариад “Саппоро” дээр буусан. 7-8 хоног болсон байх гайгүй нам жим байхаар нь хоёулаа очоод хөөрөгнүүдээ хувааж аваад салцгаасан. Цутгасан мөнгийг нь урт цагааны гадаа нэг нөхөрт хулгай хийснийхээ маргааш аваачаад өгсөн. Бэлнээр 260 гаран мянган төгрөг болсон. Сэтгүүр болон бусад ганц нэг нь яасныг мэдэхгүй байна. Хөөргөө сайн тоолж амжаагүй гаргаж ирж байгаад энийг чи, энийг би гээд тэнцүү хуваасан. Би 13 хөөрөг авсан үлдсэнийг нь Д авсан. Авсан хөөрөгнүүдээс содон хөөрөг нь гэвэл цагаан алаг гартаамархуу толгой нь арслан гэмээр сийлбэртэй шүрэн толгойтой хөөрөг байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал/,

8. Шүүгдэгч Г.Д-ын гэрчээр өгсөн:

 “...2020 оны 01 дүгээр сарын эхээр манай найз Г.Б хөдөөнөөс орж ирээд “уулзъя” гэсэн. Өмнө нь би 2 хоног уучихсан шартчихсан байсан. Тэгээд уулзсан. Намайг “битгий уу болиоч амьдарлаа бодооч” гэхээр нь би найзаасаа байсан мөнгийг нь аваад ганц юм аваад ганцаараа уусан. Тэгээд цаг орой болохоор нь “манай найз нэг залуу байгаа гэр нь 5 шарын цаана байдаг тийшээ очиж хонох уу” гэхэд Бадмаа “тэгье” гэсэн. Тэгээд Булгаа гэдэг залуугийн гэр лүү очсон. Өмнө нь ганц 2 удаа очиж хонож байсан халаасны нөхөр байгаа. Миний мэдэж байгаагаар 5 шар өнгөрөөд урагшаа 22 товчоо явахаар призр давахад замын урд талд байдаг цагаан 2 давхар байшингуудын нэгд нь очоод гэр лүү нь ороход түрээсэлж байсан хүн нь “явчихсан” гэж шинэ орсон хүмүүс хэлэхээр нь гарч ирээд Бтай уулзсан. Хоорондоо ярилцаад “хоёулаа буудлын мөнгө багатай байна ингэж байхаар ганц том юм хусчих уу” гэж Бгаас асуусан. Бадмаа хэсэг бодоод дугарахгүй байхаар нь би бага зэрэг гоморхсон чинь толгой дохисон. Тэгээд тэр хавьд байх зүүн тийшээ чигтээ явсан санаж байна, том том үйлдвэрүүдийн хашаа л байсан. Б энэ хавийг гайгүй мэдээд байсан. Төмөр хашаатай хашаандаа 3 давхар барилгатай нэг барилгыг сонгоод хэсэг харсан хүн нохой гээд байх зүйл байгаагүй. Хашаа даваад орсон, ...шөнийн 00 цагаас л лав хойшоо орсон. Хашааг даваад ороход дотор нь 3 давхар барилга байсан. 1 давхрын вакум цонхыг нь манай найз хөшөөд онгойлгосон. Манай найз түрүүлж ороод доор нь би хүлээсэн манай найз 2 давхарт нэг хаалга онгойлгож ороод тэндээ их удсан. Буцаж ирээд “хоёулаа дээшээ гаръя” гээд хамт дээшээ гарцгаасан. 3 давхарт гараад манай найз ямар ч байсан хаалгануудыг нь онгойлгоод намайг дуудсан. Тэгээд бид 2 нэг өрөөнд ороход манай найз “энэ нэг сейф байна өргөчих” гээд бид 2 өргөөд доошоо нэг давхар луу буусан. 1 давхрын анх орсон цонхоороо шидээд унагаад ар тал нь задарсан тэгээд автиркаар салгахад өөрөө урагдчихсан. Буцаж би ганцаараа ороод 3 давхрын бас нэг өрөөнд байсан жижиг сейфийг нь ганцаараа тэврээд гарч ирсэн. Эхний том сейф доторх юмнуудыг нь үзэхэд хайрцагтай хөөрөгнүүд байсан. Тухайн үедээ “авъя авъя” гээд авсан бас нэг олон даалингууд байхаар нь бүгдийг нь аваад хашааны завсраар цааш нь гаргаад хашаагаа даваад очиж аваад бүгдийг нь энгэртээ хийгээд явсан. 2 дахь жижиг сейфээ хашааны гадаа гаргаж байгаад бас эвдлээд задлахад дотор нь хэрэг болохоор зүйл бараг байгаагүй тэр хавьд нэг хашаа давуулаад хог руу шидсэн санаж байна овоолоостой вагон дээр ачсан хог байсан байх. Тэндээсээ Заяа зам заагаад алхсан 5-10 минут яваад зам дагуу төмөр зам дээр очсон. Тэндээсээ такси барих гээд хэсэг зогссон бага зэрэг халамцуу байсан болохоор машинд ороод унтсан. Жолооч машиныг нь санахгүй байна, хэсэг явж байгаад буусан. 7 хоногийн дараа л байх Б залгаад “за нөгөөдхөө авъя гайгүй юм шиг байна” гэсэн тэгээд нөгөө газар луугаа Заяаг дагаж яваад хоёулаа уулзаж байгаад хуваагаад авсан. Би лав тоолоход 14 билүү 15 хөөрөг авсан. 2021 онд Дарханд хамт ял эдэлж байсан Отгонхүү гэгч залуу дээр очиж ууж байгаад Мөнхзаяа гэдэг Дарханы хүүхэнтэй хороололд нийтийн байранд нь танилцаад уух юмгүй болчихоор нь Мөнхзаяад сүүлд үлдсэн “Чүнчигноров” хөөргийг 50.000 төгрөгөөр зараад эгч Үүрцайхийн охин Бадамхандын дансаар авсан. Тэгээд тэр мөнгөө очиж аваад архи уусан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

9. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-922/3940 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 103-108 дахь тал/,

10. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн хамт /1 дүгээр хавтаст хэргийн 149-162 дахь тал/,

11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн хамт, /11 дүгээр хавтаст хэргийн 170-179 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах  “Гүнгэрваа” ХХК-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч нийт 27 ширхэг хөөрөг болон 30 лан мөнгө, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, гаансны мөнгөн сэтгүүр 1 ширхэг, морины хонлойн тоног 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Бд 82.384.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нараас нийт 82.384.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Бд олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б, Г.Д нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь:

бүлэглэж 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах  “Гүнгэрваа” ХХК-ийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай ажлын байранд нэвтэрч, дунд гарын цагаан хаш хөөрөг 5 ширхэг, чүнчигноров хөөрөг 5 ширхэг, мөнгөн хөөрөг 3 ширхэг, хуучны хийцтэй эмэгтэй шүрэн шигтгээтэй бага гарын хөөрөг 2 ширхэг, их гарын хар болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын шар болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын цагаан шүрэн хөөрөг 1 ширхэг, дунд гарын халтар чанан хөөрөг 5 ширхэг, писү хөөрөг 2 ширхэг, ногоон хаш хөөрөг 1 ширхэг, гартааман хөөрөг 1 ширхэг, нийт 27 ширхэг хөөрөг болон 30 лан мөнгө, 2 ширхэг хөөрөгний шүрэн толгой, гаансны мөнгөн сэтгүүр 1 ширхэг, морины хонлойн тоног 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Бд 82.384.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б, гэрч Б.Отгонхүү, М.Мөнхзаяа, Б.Ариунболд нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

“Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах зоорь, авто мухлаг, хөргөх ба бараа зөөх төхөөрөмжийн автомашин, гарж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж /тээшний хэсэг/, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг хамааруулан ойлгоно. 

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Б, Г.Д нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 82.384.500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар хохирол төлбөр төлөөгүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Б-гаас 41.192.250 төгрөгийг, шүүгдэгч Г.Д-аас 41.192.250 төгрөгийг тус тус гаргуулж нийт 82.384.500 төгрөгийг хохирогч Б.Б-д, мөн шүүгдэгч Г.Д-аас 500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Ш-д тус тус олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаагийн бүртгэлтэй, шүүгдэгч Г.Д нь Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 6 удаагийн бүртгэлтэй байх бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа тэдний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Б-гийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 41 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005004681892 дугаар хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****************** нарыг бүлэглэж “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг тус бүр 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Д нарт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бгаас 41.192.250 төгрөгийг, шүүгдэгч Г.Д-аас 41.192.250 төгрөгийг тус тус гаргуулж нийт 82.384.500 төгрөгийг хохирогч Б.Б-д, мөн шүүгдэгч Г.Д-аас 500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Ш-д тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-гийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 41 /дөчин нэгэн/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Д цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.ДАЛАЙХҮҮ