Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00637

 

 

 

 

 

 

 

 

   2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/00637

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Н-ийн

хариуцагч: ЖО ХХК-д холбогдох

ажилгүй байсан хугацааны олговорт 4 344 572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н  нь ЖО ХХК-д шатахуун түгээх станцын эрхлэгчээр ажиллаж байгаад үндэслэлгүйгээр халагдсан болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож шийдвэрлэсэн. Үүнээс хойш ЖО ХХК нь ажилд нь эгүүлэн томилох тушаал шийдвэр гаргалгүй, өнөөдрийг хүртэл цалин хөлсний олговор төлөгдөөгүй. Өмнө нь нийтдээ 6 удаа цалин хөлс олгуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Ийнхүү 7 дахь удаагаа нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажлын 151 өдрийг, нэг өдрийн цалин хөлсийг өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон 28 772 төгрөгөөр тооцож нийт 4 344 572 төгрөг, энэ хугацаанаас хойш буюу  2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажлын 60 хоногийн нөхөн олговор 1 726 320 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийтдээ 6 070 892 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж амаараа ярьлаа. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бол бичгийн хэлбэрээр хариуцагч тал хариу тайлбар өгөх боломжтой, үндэслэлээ тодорхой заасан байх шаардлагуудыг хангасан байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэж шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Тэгэхээр шүүхэд бичгийн хэлбэрээр гарган өгсөн 4 344 572 төгрөгийн шаардлагын хүрээнд энэ хэрэг хэлэлцэгдэх байх гэж ойлгож байна. Ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын асуудлыг удаа дараа шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн мөн талууд эвлэрсэн асуудал юм. Ажилд эгүүлэн тогтоолгох асуудал нь одоо хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Нөхөн олговортой холбоотой асуудлаар талууд 2016 онд эвлэрэн хэлэлцээд ажил олгогч 18 000 000 төгрөг төлөх ажилтан буюу нэхэмжлэгч ажлаас халагдах өргөдлөө өгөх гэсэн нөхцлөөр эвлэрсэн. Эвлэрлийн гэрээг аль аль тал нь биелүүлээгүй. Нэгэнт нөхөн олговроо нэхэмжилж байгаа бол эвлэрлийн гэрээ байгуулсан ажилтан ажилд эргэн орохгүй гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Энэ хугацаанаас эхлэн талуудын хоорондох хугацаа дуусгавар болсон асуудал яригдаж байна гэж ойлгож байна. Өөр шүүх шийдсэн байна гэдэг нь энэ шүүхийн шийдлийн үндэслэл болохгүй. Энэ нь хууль хэрэглээний асуудал болохгүй. 2016 оны эвлэрэлд талууд ямар нэг хүсэл зоригтой байсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байсан 18 000 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр дээр нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн энэ асуудал дээр төлбөр гаргуулж шийдвэрлэх нь зүй ёсны асуудал биш. Ажилгүй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч мөн адил сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч өөрөө шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүргээ байж нөхөн олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийг 4 344 572 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Н ийг төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ЖО ХХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт 4 344 572 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэл шүүхэд ирүүлснээс хэргийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл хугацааны шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаас 6 070 892 төгрөг гаргуулан эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжин оролцов.

Хариуцагч нь олговортой холбоотой асуудлаар талууд 2016 онд эвлэрэн хэлэлцээд ажил олгогч 18 000 000 төгрөг төлөх, ажилтан буюу нэхэмжлэгч ажлаас халагдах өргөдлөө өгөх гэсэн нөхцлөөр эвлэрсэн. Эвлэрлийн гэрээгээр байгуулсан ажилтан ажилд эргэн орохгүй гэсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэсэн үндэслэлээр маргасан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр шийдвэрээр Д.Н ийг ЖО ХХК-ийн ШТС-1, 5-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байх бөгөөд ЖО ХХК нь дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн аваагүйтэй холбогдон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тухай бүр шүүхээр дараах байдлаар шийдвэрлэсэн байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр шийдвэрээр Д.Н ийг ЖО ХХК-ийн ШТС-1, 5-ийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 215 499 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5061 дүгээр шүүгчийн захирамжаар 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 2 992 288 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2299 дүгээр шийдвэрээр 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 5 334 820 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 424 дүгээр шүүгчийн захирамжаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох хугацааны олговорт 12 883 071 төгрөгийг хариуцагч төлөхөөр эвлэрсэн,мөн шүүхийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 1281 дүгээр шийдвэрээр 2016 оны 5 сарын 20-ны өдрөөс мөн оны 11 сарын 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 3 547 456 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөн тус шүүхийн 1490 дугаар шийдвэрээр 2016 оны 11 сарын 21-ний өдрөөс 2017 оны 5 сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 3 913 072 төгрөг тус тус олгож эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн тогтоогдсон үйл баримт бий болсон, энэ талаар талууд маргаагүй болно.

Энэ удаад нэхэмжлэгч нь өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 4 344 572 төгрөг гаргуулан эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахыг  шаардсан ба уг шаардлагаа 2018 оны 03 дугаар  21-ний өдрийн шүүх хуралдаан дээр тодруулж олговрыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны 1 726 320 төгрөгөөр нэмэгдүүлэн шаардаж, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 37 507 төгрөг төлсөн, хариуцагч ЖО ХХК-иас нийт олговорт тооцон 6 070 892 төгрөг нэхэмжилж байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр шийдвэр биелэгдээгүй, Д.Н ийг одоог хүртэл ажилд нь эгүүлэн аваагүй, шүүхээс шийдвэрлэсэн олговрыг олгоогүй гэх үйл баримт дээр талууд маргаагүй тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрх Д.Н өд нээлттэй байна.

Хариуцагч талын нэхэмжлэгч маргаж байгаа “2016 оны эвлэрэлд талууд хүсэл зоригоороо эвлэрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байсан нийт 18 000 000 төгрөгийг хариуцагч бүрэн төлөх, нэхэмжлэгч ажилдаа буцаж орохоос татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 424 дүгээр шүүгчийн захирамжаар хязгаарлаагүй, хариуцагч “Жаст Ойл” ХХК нь  31 882 619 төгрөгийн олговрыг төлөхөөс эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн баталгаажуулж, шимтгэлийг тооцон төлүүлж нэхэмжлэгчийн гарт 12 883 071 төгрөгийг 2016 оны 8 сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж шийдвэрлэсэн байгаагаар үгүйсгэгдэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлж Д.Н ийг ажилд эгүүлэн аваагүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байлгасан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүргийг хариуцагч үргэлжлүүлэн хүлээж байна.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр биелэгдээгүй 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд ногдох олговрыг шаардах эрхтэй.

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны буюу ажлын 211 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор нь 6 070 892 төгрөг /Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 84 дүгээр шийдвэрээр Д.Н ийн дундаж цалин хөлс 633 000 төгрөг болохыг тогтоосон/ болж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүн болох 6 070 892 төгрөгийн олговрыг хариуцагч байгууллагад хариуцуулан гаргуулах үндэстэй.

Нэхэмжлэгчийг одоо өөр ажил эрхэлж байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт ЖО ХХК-иас 6 070 892 төгрөг гаргуулж, Д.Н ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг мөн даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг баримтлан хариуцагч ЖО ХХК-иас олговорт 6 070 892 /зургаан сая далан мянга найман зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н өд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар олговорт олгогдсон 6 070 892 төгрөгөөс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны  Д.Н ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж,сар тутмын нөхөн бичилтийг дэвтэрт нь хийхийг ЖО ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 112 084 төгрөг гаргуулан Д.Н өд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.УРАНЧИМЭГ