Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/620

 

 

 

 

 

 

 

 

    2022         07          28                                           2022/ШЦТ/620

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,   

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч/хохирогч А.Х, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

шүүгдэгч/хохирогч С.А, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **************Х-т,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус *************** А-т,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** С нарт тус тус яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн эрүүгийн 2205009521329 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ***************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***************,

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал зоогийн газрын менежер мэргэжилтэй, ***************** ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ********************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******************

3. Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********************ахлагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ******************* тоотод оршин суух,

- урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 591 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, ***************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

- Шүүгдэгч А.Х нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны гадна согтууруулах хэрэглэсэн үедээ “найзын үснээс зулгаалаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.Аийн үснээс зулгааж, толгой руу нь цохиж, биед нь тархи доргилт, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч С.А нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны гадаа хохирогч А.Хтэй маргалдах явцдаа ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэнд нь хөлөөрөө дэвсэж, биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч С.А, С.С нар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х мэдүүлэхдээ: “...02 дугаар сарын 28-ны өдөр 2 найзын хамт бааранд орсон. Баар хаагаад манай найз Нарангэрэл түрүүлээд баарнаас гарсан. Намайг араас нь гарахад манай найзыг үсдэж зодож, хэрүүл маргаан болж байсан. Тэнд байсан баарны хамгаалагч нар манай найзыг салгасан. Тэгтэл манай Нарангэрэлийг С.С, С.А нар нь араас хэл амаар доромжлоод байхаар нь би очоод “боль” гэж хэлээд нэгнийх нь үсийг гараараа илсэн чинь намайг үсдэж аваад зодож, газар унгаахад С.А нь миний нүүрэн дээр дэвссэн. Улмаар манай найз Ууганбаатар ирж салгасан...” гэв.

- А.Х хохирогчоор мэдүүлэхдээ: “...Би хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд одоогоор орох боломжгүй байна. Мөн хагалгаанд орсны дараа хамар дээр үүссэн сорвийг арилгах шаардлагатай. Иймд хамрын хагалгаа нь 3.700.000 төгрөг, сорвины эмчилгээний 1 оролт нь 350.000 төгрөг бөгөөд 3-4 удаа орох шаардлагатай. Эдгээр хохирол төлбөрийг Аээс барагдуулж авна. Гомдолтой байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найзуудтайгаа уулзалдаж, бааранд орсон. Би маргааш ажилтай байсан болохоор архи согтууруулах ундаа уугаагүй. Баар хаах болоод баарнаас гарсан. Х баарны гадаа сууж байсан. Хийг бид нарын хажуугаар гарахад нь зам тавьж өгтөл Сийг Х нь үсдээд дарсан. Би салгах гэхэд миний үснээс татаад газар унагаагаад намайг өшиглөсөн...” гэв.

- С.А хохирогчоор мэдүүлэхдээ: “...Томографт үзүүлсэн 130.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа А.Хээс нэхэмжлэх болно. Гомдолтой байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ “... Тухайн өдөр 4 гэр бүлээрээ гадуур гарч эхлээд караокед орж, дараа нь бааранд орсон. Баар хаах болоод гараад тамхи татаж байсан нөхрүүдийгээ хүлээгээд гадаа зогсож байсан. Гэтэл энэ охин /А.Х/ ирээд “хөгшин авгай нар юу хийж байгаа юм” гэж хэлэхээр нь би “хүн андуурсан юм биш үү” гэж хэлтэл Х миний үснээс зулгаасан. Тэгээд миний нүдний шил газарт унасан. Шилээ хайгаад олоод зүүгээд цаашаа явсан. Юу болсон талаар мэдээгүй. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаад гомдолтой байна. Цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч А.Х-ийн:

“...2022 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” нэртэй бааранд ороод 0.5 л хэмжээ бүхий 6 шил “Сэнгүүр” нэртэй пиво аваад Нараа, Ууганбаатар хоёртой хувааж ууцгаагаад бүжиглэж байгаад шөнийн 04 цаг болоод баар хаагаад хүмүүсээ гаргасан. Баарнаас гарч ирсэн чинь манай найз Нарааг үл таних 3 эмэгтэй үстээд зогсож байхаар нь би очоод найз Нарааг салгасан. “Та хоёр манай найз охиныг үстсэн биз дээ” гэж хэлээд үл таних нэг эмэгтэйн үсийг гараараа илсэн чинь үл таних 2 эмэгтэй миний үснээс зулгаасан. Газар унах үед үл таних нэг эмэгтэй нь шил зүүсэн нүүрэн дээр хөлөөрөө дэвссэн. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан, санал хүсэлт байхгүй. Дүгнэлт дээр гарсан гэмтлийг С.А гэх эмэгтэй миний нүүрэн дээр хөлөөрөө дэвсэж учруулсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

2. Хохирогч С.А-ийн:

 “...2022 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 04 цагт Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стелла” нэртэй бааранд нөхөр Болдбаатар, найз Цогтбаатар түүний эхнэр Нэргүй, найз Гомбо түүний эхнэр С, Нэргүйн найз үл таних 2 хүн нарын хамт ороод 250.000 төгрөгийн үнэтэй багц авсан. Өглөөний 05 цаг болж байх үед тус газраас бөөндөө гарсан. Би Сийн хамт баарны гадаа байх машины хажууд зогсож байсан чинь цагаан өнгийн хувцастай үл таних эмэгтэй /А.Х/ найз бид хоёрыг чиглээд ирсэн. Би зам тавьж өгсөн чинь Сийг үл таних эмэгтэй үстээд дарсан. Би салгах гэсэн чинь миний үснээс татаад нүүр хэсэг рүү өвдөглөсөн миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн, намайг дахиж унагаад толгой цээж хэсэг рүү цохисон тэгээд тэнд байх үл таних хүмүүс салгасан. А.Х гэх эмэгтэй ганцаараа миний эрүүл мэндэд халдсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

3. Гэрч А.Н-ийн:

 “...Би түрүүлж гараад алхаж байтал баарны үүдэнд зогсож байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс нэг эмэгтэй намайг хараад “энэ нөгөө янхан явж байна” гээд хэл амаар доромжилсон. Нэг эмэгтэй нь намайг ирж түлхээд нэг хүүхэн үстээд авсан, улмаар тэр хавд байсан хүмүүс салгаад тэгээд би босоод шууд цаашаагаа алхаад явсан чинь ард хүмүүс орилоод байхаар нь эргээд харсан чинь манай найз Хийг 2 эмэгтэй үстэж аваад унагаад тэгсэн нөгөө 2 хүүхний нэг нь Хийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Хийг 2 хүүхэн газар унагаад 1 эмэгтэй өшиглөөд тэгээд би очоод харахад маш их цус гоожоод нүдний шил нь хагараад хамар нь гэмтсэн харагдсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

4. Гэрч М.У-ын:

 “...Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Х лүү харсан чинь түүний хамраас цус гарч хамар нь далийсан байсан. Баарнаас гарч ирээд харсан чинь үл таних эмэгтэй Хийг үснээс нь татаад унагааж харагдсан. Газар унасан Хийн нүүр хэсэг рүү унагаасан эмэгтэйн найз бололтой үл таних эмэгтэй хүрч очоод хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 32 дахь тал/,

5. Гэрч Д.Б-ын:

 “...Нэргүйн 2 найзыг гаргаж өгчхөөд эргээд харсан чинь хүмүүс бужигнаад байсан. Манай эхнэр газар байх шиг байсан. Тэгээд бужигнаж байсан хүмүүсийг хамгаалагч болон тэнд байх үл таних хүмүүс салгасан. Манай эхнэр зулгаалгасан үсээ гартаа барьсан байдалтай түүнтэй маргасан гэх эмэгтэйн хамраас цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 35 дахь тал/,

6. Гэрч П.Л-ын:

 “...гадаа гараад би тасарсан нэг ухаан орсон чинь хүмүүс маргаад орилж байсан. Тэр газар луу явж байсан чинь манай эхнэр С газар нүдний шилээ хайж байсан. Би бужигнаж байсан хүмүүс дээр очсон чинь зодоон болоод дууссан байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 38 дахь тал/,

7. Гэрч Ш.Н-н:

 “...Эргээд ирсэн чинь хүмүүс зодолдож байх шиг байсан. Тэгсэн 2 хамгаалагч 1 эмэгтэйг тэр хүмүүсийн доороос босгож ирсэн чинь найз А байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 41 дэх тал/,

8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3665 дугаартай:

“...А.Х-ийн биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

9. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3722 дугаартай:

“...С.А-ийн биед тархи доргилт, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

10. Хохирогч А.Хийн хамрын хагалгааны үнэлгээ, /хавтаст хэргийн 106 дахь тал/,

11. Хохирогч А.Хийн хохирлын баримтууд, /хавтаст хэргийн 107-109 дэх тал/,

12. Шүүгдэгч А.Хийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хавтаст хэргийн 118-122 дэх тал/,  

13. С.А-ийн гэрчээр өгсөн:

“... А.Х гэх эмэгтэй ганцаараа миний эрүүл мэндэд гэмтэл учруулсан. Х нь миний үснээс татаад нүүр хэсэг рүү өвдөглөсөн миний хэвлий хэсэг рүү өшиглөж, газар унасан чинь үл таних эмэгтэй миний үснээс зулгааж намайг чирсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

14. А.Хийн гэрчээр өгсөн:

“...Намайг үсэдсэн тэгээд зөрүүлж үсдээд тэр хоёр эмэгтэй намайг газар унагаагаад харааны шил зүүсэн байхад дээрээ гутлаараа дэвссэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

15. С.Сийн гэрчээр өгсөн:

“... цагаан өнгийн куртиктэй нэг охин ирээд “та нар намайг зодлоо эд нар над руу дайраад байна” гээд хамт явж байсан найздаа хэлсэн. Тэр нь өндөр том биетэй эмэгтэй байсан. Тэр нь ирээд эхлээд баарны үүдэнд намайг үсдээд салгасан дараа нь дахиад байрны хажууд зогсож байхад ирээд үсэдсэн би ямар нэгэн байдлаар зөрүүлж үсдээгүй намайг цохисон нүдний шил унахаар нь би юу ч харахгүй шилээ хайгаад арай гэж олоод харахад манай эмэгтэй Аагий гэдэг найзтай бас муудаж байсан хамгаалагч нар ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

16. Шүүгдэгч С.С-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд,  /хавтаст хэргийн 153-158 дахь тал/,

17. Шүүгдэгч С.А-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /173-185 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.Х нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны гадна согтууруулах хэрэглэсэн үедээ “найзын үснээс зулгаалаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.А-ийн үснээс зулгааж, толгой руу нь цохиж, биед нь тархи доргилт, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан”,  

- “Шүүгдэгч С.А нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны гадаа хохирогч А.Х-тэй маргалдах явцдаа ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэнд нь хөлөөрөө дэвсэж, биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,  

- “Шүүгдэгч С.А, С.С нар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Х-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэн: “... Хавтаст хэргийн 49-51 дэх талд хохирогч С.А-ийн биед хийсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт 2022 оны 03 дугаар сарын 09-ний гарсан байх бөгөөд хэрэг болсон үйл явдлаас хойш 4 хоногийн дараа гарсан нь хугацаа хэтэрсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул хохирогч С.А-ийн биед үүссэн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч А.Х нь хохирогч С.А-ийн биед санаатайгаар халдаж гэмтэл учруулаагүй...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч С.С-ийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ: “...Миний үйлчлүүлэгч ямар үйлдлээр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэдэг нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж агуулагдаагүй бөгөөд хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч С.С-ийн өмгөөлөгч Д.Ганбаяр “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.С, А.Х нараас мэдүүлэг авахдаа нэг цаг хугацаанд нэг мөрдөгч мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Мөн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй бөгөөд “Стелла” баарны хамгаалагч нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн баарны гадаа байрлах камерын бичлэгийг гаргуулж авахгүйгээр зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Иймд С.Сийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал “...Мөрдөн шалгах ажиллагаа бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Жишээ нь шүүгдэгч А.Хийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхад нь түүнээс мэдүүлэг авсан. Мөн хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, ач холбогдолтой гэрч нараас мэдүүлэг аваагүй. Иймд миний үйлчлүүлэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Х, С.А, С.С нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.А, С.С нарыг:

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.А-ийн “...Стэй хамт баарны гадаа байх машины хажууд зогсож байсан чинь цагаан өнгийн хувцастай үл таних эмэгтэй бид хоёрыг чиглээд ирсэн. Би зам тавьж өгсөн чинь С.Сийг үл таних эмэгтэй үсдээд дарсан. Би салгах гэсэн чинь миний үснээс татаад нүүр хэсэг рүү өвдөглөсөн, өшиглөсөн, үснээс зулгааж намайг чирсэн. ...хэрэг гарах үед С.С бид хоёр л байсан өөр хүн байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Шүүгдэгч С.С-ийн гэрчээр өгсөн “...Өндөр том биетэй эмэгтэй байсан. Тэр ирээд эхлээд баарны үүдэнд намайг үсдээд салгасан, дараа нь дахиад байрны хажууд зогсож байхад ирээд үсэдсэн. Би ямар нэгэн байдлаар зөрүүлж үсдээгүй. Намайг цохисон нүдний шил газар унахаар нь би юу ч харахгүй шилээ хайгаад арай гэж олоод тэгээд харахад манай Аагий гэдэг найзтай муудалцаж байсан хамгаалагч нар ирээд салгасан. Яг юу болсныг сайн харж чадаагүй. Баарнаас гараад үгээр идээд байхаар нь “болъё, салцгаая” гэж зөндөө хэлж гуйсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Гэрч Д.Б-ын “...С болон манай эхнэр А 2 үлдсэн. Бид нар Нэргүйгийн 2 найзыг гаргаж өгчхөөд эргээд харсан чинь манай эхнэр газар байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

Гэрч П.Л-ын “...Гадаа гараад би тасарсан. Нэг ухаан орсон чинь хүмүүс маргаад ...манай энхэр С газар нүдний шилээ хайж байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан ба дээрх нотлох баримтуудаас үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны орчим шүүгдэгч С.А, С.С нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй.

Тодруулбал, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны гадаа шүүгдэгч С.А, С.С нар хоёулаа зогсож байсан, өөр хүн хажууд нь байгаагүй, шүүгдэгч А.Х тэр 2 дээр ирж “хөгшин авгай нар юу хийж байгаа юм”, “хэдэн оных юм” гэх зэргээр хэл амаар доромжилсон, улмаар шүүгдэгч С.Сийн үснээс татаж, нүдний шилийг газарт унгаасан, тухайн үед шүүгдэгч С.С хэн нэгэнд хүч хэрэглэсэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл баримт хангалттай тогтоогдоогүй байна. Харин уг маргаанаас болж шүүгдэгч А.Х, С.А нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч С.А, С.С нар нийтийн хэв журмыг “бүлэглэж” зөрчсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт явагдсан болохыг дурдаж,

- “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэсэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн,

- Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...., шүүгдэгч С.А, С.С нарыг гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ....шүүгдэгч...-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Сийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Учир нь шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих ёстой бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурор нарт үүрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.А, С.С нарын үйлдэл нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Харин хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд:

Шүүгдэгч А.Х нь:

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны гадна согтууруулах хэрэглэсэн үедээ “найзын үснээс зулгаалаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.А-ийн үснээс зулгааж, толгой руу нь цохиж, биед нь тархи доргилт, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.А, гэрч Ш.Нэргүй, Д.Болдбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3722 дугаар дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,  

Шүүгдэгч С.А нь:

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5-р хороо, “Стелла” баарны гадаа хохирогч А.Хтэй маргалдах явцдаа ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэнд нь хөлөөрөө дэвсэж, биед нь хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Х, гэрч М.Ууганбаяр, А.Нарангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3665 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч А.Х, С.А нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.Х, С.А нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Х, С.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Х, С.А нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан.

Хохирогч А.Х нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрт 749.598 төгрөгийг, хохирогч С.А нь 136.200 төгрөгийг тус тус баримтаар нэхэмжилсэн байх тул шүүгдэгч С.А-ээс 749.598 төгрөгийг гаргуулж хохирогч А.Х-т, шүүгдэгч А.Х-ээс 136.200 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ат тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Харин хохирогч А.Х, С.А нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч А.Х, С.А нарт тус бүрд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Х-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэн “...Миний үйлчлүүлэгч 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эх, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү....” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч  Д.Амаржаргал “...Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, ар гэрийн байдал, нөхөр нь өвчтэй хэвтэрт байдаг зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.Х, С.А нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Х, С.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн нөхцөл байдал буюу тэдний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205009521329 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянгол дүүргийн газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С, С.А нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ************ С-ийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч ***************Х-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч ************ А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, С.А нарт тус бүрд 3 /гурав/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, С.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ээс 136.200 /нэг зуун гучин зургаан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Ат, шүүгдэгч С.Аээс 749.598 /долоон зуун дөчин есөн мянга таван зуун ерэн найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Хт тус тус олгож, хохирогч А.Х, С.А нар нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

6. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, цагаатгагдсан этгээд С.С, шүүгдэгч С.А, А.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд С.С, шүүгдэгч С.А, А.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ