Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 5

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Хэргийн индекс: 114/2020/0028/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Д- А- У- Б- Х-”-т холбогдох

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагад: “Улсын ахлах бүртгэгчийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/533 дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг болох БГ/533 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх явцдаа эд хөрөнгийн хувийн хэрэгт барьцааны гэрээг хавсаргаагүй, барьцааны гэрээнүүдийг 2011 оны мэдүүлэг хүлээн авах болон барьцааны гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй, эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд барьцааны гэрээг бүртгэлгүй орхигдуулсан зэрэг үйлдлүүд нь хууль бус болохыг тогтоолгох,”

2. “Уг хууль бус үйлдлийн улмаас улсын бүртгэлд бүрэн гүйцэд бүртгээгүй Ү-2003004043,Ү-2003001432, Ү-2003008120, Ү-20030014151, Ү-2003007049 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг нөхөж бүртгэн, ХААН банкны барьцааны эрхийг баталгаажуулахыг “Д- А- У- Б- Х-”-т даалгах” шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                         М.Г-, Д.Н-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                            Б.Х- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн Дархан салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-, Д.Н- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- ХААН Банк ХХК-ийн Дархан салбарын Дархан бизнес төвөөс 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц.Б- /**********/ Н.Ц- /**********/ нар нь ЗГ/533 дугаартай зээлийн гэрээ, БГ/533 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 132,900,000 /Нэг зуун гучин хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийг “Авто үйлчилгээний барилга барих” зориулалтаар, жилийн 19.2%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгөөр бизнесийн зээл авсан бөгөөд энэхүү зээлийн барьцаанд:

1.П.Н-, Д.Б-, Н.Ц-, Н.А- нарын өмчлөлийн Ү-2003004043 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 1-60 айлын 44 тоот 27,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

2.Ц.Б-, Н.Ц-, Б.С- нарын өмчлөлийн Ү-2003001432 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг 20 дугаар хороолол 2-60 айлын 17 тоот 27.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

3.Ц.Б-, Н.Ц-, Б.С- нарын өмчлөлийн Ү-2003008120 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг 20 дугаар хороолол 2-60 айлын 18 тоот 26,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

4.Б.Долгорын өмчлөлийн Ү-2003014151 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 21 дүгээр хороолол 17 дугаар байр 25 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,

5.Ц.Р-, Н.Г-, Г.Э-, Г.Э- нарын өмчлөлийн Ү-2003007049 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол 10 байр 31 тоот 28,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2011.09.02-ны өдрийн №2027 дугаартай лавлагаа, 2011.08.29-ны өдрийн №1942 дугаартай лавлагаа, 2011.08.30-ны өдрийн №1971 дугаартай лавлагаа, 2011.08.29-ны өдрийн №1943 дугаартай лавлагаа, 2011.09.07-ны өдрийн №2061 дугаартай лавлагаагаар дээрх 5 ш үл хөдлөх эд хөрөнгө нь “Өнөөдрийн байдлаар үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байгаа” талаарх лавлагааг банканд ирүүлсэн юм. Банканд ирүүлсэн дээр дурдсан улсын бүртгэлийн 5 ширхэг лавлагааг үндэслэн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр барьцаалагч, барьцаалуулагч талууд нь барьцааны гэрээг байгуулж улмаар нотариатаар баталгаажуулаад “Д- А- У- Б- Х-”-т үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн барьцааг бүртгүүлэхээр хүргүүлэхэд 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 29/1-09 дугаартай улсын ахлах бүртгэгч нь барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн болохыг баталж тэмдэглэгээ, тэмдэг дарж баталгаажуулж буцаасан байдаг.

Манайх 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 5045/20/811 дугаартай албан бичгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх үл хөдлөх хөрөнгөнөөс 1 ш үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бүртгэсэн эсэх талаарх мэдээллийг авахаар хүсэлт хүргүүлсний дагуу тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1313 дугаартай албан бичгээр "... өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ХААН банкны барьцааны гэрээ бүртгэгдээгүй, нотлох баримт архивын хувийн хэрэгт байхгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Уг хариуг хүлээж аваад банкнаас дахин 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5045/20/951 дугаартай албан бичгээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “... 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр БГ/533 барьцааны гэрээнд Ү-2003004043, Ү-20030014151, Ү-2003007049 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг яаралтай нөхөн бүртгэж өгнө үү” гэсэн утгатай хүсэлтийг хүргүүлсэн боловч тус хэлтсээс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1486 дугаартай албан бичгээр "... ХААН Банкны Дархан салбар, иргэн Ц.Б- Н.Ц- нартай байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БГ/533 барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нөхөн бүртгэл хийх боломжгүйг мэдэгдэж байна. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийг тус Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Улсын бүртгэлийн хэлтэс, түүнийг төлөөлж байгаа тэр тусмаа улсын ахлах бүртгэгч нь тухайн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэсэн хуулийн тусгайлсан шаардлагын дагуу банкнаас нотариатаар баталгаажуулж хүргүүлсэн барьцааны гэрээ, бусад эх баримтыг хүлээн авч хянаад барьцааг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан ”Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн .. 8.1.4-т заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон гэрээнд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай тэмдэг дарж, мэдүүлэг гаргагчид буцаана” гэсэн заалтын дагуу барьцааны гэрээнд “эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн” тухай тэмдэг дарж, мэдүүлэг гаргагчид буцаасан байдаг. Гэвч улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.6 дах заалт, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулнагэсэн хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж эд хөрөнгийн хувийн хэрэгт барьцааны гэрээг хавсаргаагүй, 2011 оны мэдүүлэг хүлээн авах болон барьцааны гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй, эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд барьцааны гэрээг бүртгэлгүй орхигдуулсан хууль бус үйл ажиллагааны улмаас ХААН Банкны хууль ёсны эрх, эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, хохироход хүрээд байна.

Улсын бүртгэгчийн энэхүү үйлдэл нь  хууль бус бөгөөд банкны барьцааны гэрээг Эрхийн улсын бүртгэлд бүртгээд буцаасан атлаа эд хөрөнгийн хувийн хэрэгт барьцааны гэрээг хавсаргаагүй, барьцааны гэрээнүүдийг 2011 оны мэдүүлэг хүлээн авах болон барьцааны гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй, эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд зориуд санаатайгаар бүртгэлгүй орхигдуулсан зэрэг нь хуульд нийцэхгүй байна. Аливаа зээлийн барьцаа нь зээл төлөгдөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг. Гэтэл уг барьцааны гэрээг бүртгээгүйгээс болж тухайн зээл нь төлөгдөх боломжгүй байдал үүсээд байна.

Иймд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/533 дугаартай Зээлийн гэрээний салшгүй хэсэг болох БГ/533 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх явцдаа эд хөрөнгийн хувийн хэрэгт барьцааны гэрээг хавсаргаагүй, барьцааны гэрээнүүдийг 2011 оны мэдүүлэг хүлээн авах болон барьцааны гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй, эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд барьцааны гэрээг бүртгэлгүй орхигдуулсан зэрэг үйлдлүүд нь хууль бус болохыг тогтоож,  хууль бус үйлдлийн улмаас улсын бүртгэлд бүрэн гүйцэд бүртгээгүй Ү-2003004043, Ү-2003001432, Ү-2003008120, Ү-20030014151, Ү-2003007049 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг нөхөж бүртгэн ХААН Банкны барьцааны эрхийг баталгаажуулахыг “Д- А- У- Б- Х-”-т даалгах  нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-гээс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:- Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2003004043 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2-60 айлын 44 тоотод байрлах 27.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003001432 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2-60 айлын 17 тоотод байрлах 27.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003008120 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2-60 айлын 18 тоотод байрлах 26.0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003014151 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол 17 дугаар байр 25 тоотод байрлах 18.0 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан иргэн Ц.Б-, Н.Ц- нар нь 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/533 дугаарын барьцааны гэрээг ХААН банкны Дархан салбартай байгуулж 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эр хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх боловч уг барьцааны гэрээ нь мэдүүлэг хүлээн авах бүртгэлийн дэвтэр, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан, улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн хувийн хэрэг, архивд бүртгэгдээгүй байна. Мөн тухайн үед ахлах бүртгэгчээр ажиллаж байсан Ц.Б-ийн албан хэрэгцээнд хэрэглэж байсан тэмдэг уг барьцааны гэрээнд дарагдсаныг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан нотлох баримтууд хувийн хэрэгт байхгүй болно.

Иймд 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-д “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан, улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.6-д “улсын бүртгэлийн талаарх цахим мэдээллийг санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, түүний хадгалалт хамгаалалт, найдвартай байдлыг хангах, болон” Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчиж байгаа учир ХААН Банкны Дархан салбар иргэн Ц.Б-,Н.Ц- нартай байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/533 тоот барьцааны гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нөхөн бүртгэл хийх боломжгүй тухай тайлбарыг “ХААН Банк”-д болон шүүхэд тайлбарлаж байсан.

Гэвч гэрч Ц.Б-ийн мэдүүлгээс үзэхэд улсын бүртгэгч нь дээрх барьцааны гэрээг бүртгэж, өөрийн тамга, тэмдгийг дарж улсын бүртгэсэн тухай мэдүүлэг өгсөн байна. Өөрийн бүртгэсэн бүртгэл, нотлох баримтуудыг архивд хүлээлгэн өгсөн гэжээ. Тухайн үед ажиллаж байсан архивын ажилтан ойр, ойрхон солигдож,  өөр хүмүүс ажиллаж байсан, яг хэн нь ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна, өөрөөр хэлбэл холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нөхөн бүртгэл хийх боломжтой гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Ц.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:- ХААН банкны нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 5 ширхэг байрны бүртгэлийг бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Гэрч Ц.Б- мэдүүлэгтээ:- “Д- А- У- Б- Х-”-т 2009 оноос 2015 оны 10 сарын хооронд ажиллаж байсан. Ажиллаж байхдаа 21/09 билүү 21-09 дугаартай тамга тэмдэг хэрэглэдэг байсан. Гэрээг хүлээн авах тэмдэг, бүртгэв тэмдэг, барьцааны гэрээг бүртгэдэг 3 тэмдэг ашигладаг байсан ба гурвуулаа ижил дугаартай байсан. Тухайн гэрээнд миний хэрэглэж байсан тэмдэг дарагдсан бол тухайн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой, харин архивд ямар байдлаар орох нь архивчийн хамаарах асуудал. 2011 оны бүртгэлийн дэвтрийг би авч яваагүй, 2011-2015 он хүртэл төрд ашиглагдаж байсан архивын материалууд бүртгэлийн холбогдох газарт л байгаа байх.

2011 онд улс даяар эд хөрөнгийн бүртгэлийн цахимжуулалт хийгдсэн. Тухайн үед маш их хэмжээний давхардсан нотлох баримтуудыг ангилаад ач холбогдолтой нотлох баримтуудыг үлдээж мэдээллийн санд оруулж байсан ажлыг хийж эхлүүлж байсан. Тэр үед барьцааны гэрээг оруулаагүй асуудал архивчийн асуудал. Миний бүртгэгчийн эрх , үүрэг бол тамга, тэмдгийг дарах, тамга, тэмдэг дарагдсан бол тухайн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж ойлгох ёстой гэж бодож байна гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ  нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн “Х- Б-” ХХК-ийн Дархан салбараас хариуцагч “Д- А- У- Б- Х-”-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Улсын ахлах бүртгэгчийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ/533 дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг болох БГҮ/533 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх явцдаа эд хөрөнгийн хувийн хэрэгт барьцааны гэрээг хавсаргаагүй, барьцааны гэрээнүүдийг 2011 оны мэдүүлэг хүлээн авах болон барьцааны гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгээгүй, эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд барьцааны гэрээг бүртгэлгүй орхигдуулсан зэрэг үйлдлүүд нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн Дархан салбараас энэ хэргийн гуравдагч этгээд болох иргэн Ц.Б-, Н.Ц- нартай авто үйлчилгээний барилга барих зориулалтаар жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 132 900000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн П.Н-, Д.Б-. Н.Ц-, Н.А- нарын өмчлөлийн Ү-2003004043 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 1-60 айлын 44 тоот 27,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Ц.Б-, Н.Ц-, Б.С- нарын өмчлөлийн Ү-2003001432, Ү-2003008120 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг 20 дугаар хороолол 2-60 айлын 17, 18 тоот 27.0, 26.0 м.кв талбайтай тус бүр 2 өрөө орон сууцууд, Б.Долгорын өмчлөлийн Ү-2003014151 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул

аймгийн Дархан сум 4 дүгээр баг 21 дүгээр хороолол 17 дугаар байр 25 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 5.Ц.Р-, Н.Г-, Г.Э-, Г.Э- нарын өмчлөлийн Ү-2003007049 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороолол 10 байр 31 тоот 28,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг барьцаалж 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ/533, БГҮ/533 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг  байгуулсан байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тухайн үед ажиллаж байсан улсын бүртгэгч дээрх барьцааны гэрээнүүдэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 26 дугаар зүйлийн 26.2-т “...гэрээ нь хууль тогтоомжийн шаардлагыг хангаж байвал улсын бүртгэгч тухайн гэрээнд хувийн дугаар бүхий “бүртгэв” тэмдгийг дарж, гарын үсэг зурна” гэж зааснаар улсын бүртгэгч 29/1-09 дугаартай тэмдэг дарж, “бүртгэв” гэсэн тэмдэглэгээ хийж бүртгэсэн болох нь 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4 ширхэг барьцааны гэрээнүүд, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Шүүхээс барьцааны гэрээтэй холбоотойгоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2003001432, Ү-2003004043, Ү-2003008120, Ү-2003014151, Ү-2003007049 дугаартай хувийн хэргийн нотлох баримтуудад үзлэг хийхэд улсын бүртгэгчийн бүртгэсэн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  БГҮ/533 дугаартай 4 ширхэг барьцааны гэрээнүүдийг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргаагүй, цахим санд мэдээллийг бүртгээгүй, мөн 2011 оны бүртгэлийн дэвтэр алга болсон зэрэг нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, ePRS эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нэгдсэн системийн  цахим бүртгэлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “ гэрч Д.Б- мэдүүлэг өгсөн байна. ... холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нөхөн бүртгэл хийх боломжтой гэж үзэж байна” гэсэн тайлбар зэргээр нотлогдож, хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 26 дугаар зүйлийн 26.3-т “Гэрээг энэ хуулийн 26.1-д заасны дагуу бүртгэсэн бол гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 3.2-т заасан эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн бол энэ тухай эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт тэмдэглэнэ”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана”, 28.2.1-д “барьцааны гэрээ болон түүний хуулбар”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.6.-д “улсын бүртгэлийн талаарх цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх,хадгалах,...” гэж заасан үүргээ биелүүлээгүй буруутай  гэж үзлээ.

Иймд хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн Дархан салбарын барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх, хууль  ёсны ашиг сонирхол зөрчигдөж, бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх”, 5.1.3-д “бүртгэл нэгдсэн байх” зарчимтай нийцэхгүй байх бөгөөд хариуцагч байгууллага 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БГҮ/533 дугаартай барьцааны гэрээнүүдийг хувийн хэрэгт хавсаргах, бүртгэлийн дэвтэрт нөхөн бүртгэх, цахим санд бүртгэхээс татгалзсан  үндэслэлгүй,  хууль бус болохыг тогтоох нь зүйтэй.

2. Нэхэмжлэлийн Уг хууль бус үйлдлийн улмаас улсын бүртгэлд бүрэн гүйцэд бүртгээгүй Ү-2003004043, Ү-2003001432, Ү-2003008120, Ү-20030014151, Ү-2003007049 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг нөхөж бүртгэн, ХААН банкны барьцааны эрхийг баталгаажуулахыг “Д- А- У- Б- Х-”-т даалгах” шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд Ц.Б-, Н.Ц- нараас Ү-2003004043, Ү-2003001432, Ү-2003008120, Ү-20030014151, Ү-2003007049 тоот улсын бүртгэлийн дугаартай 5 үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн Дархан салбартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас дээрх гэрээнүүдийг хувийн хэрэгт хавсаргаагүй, цахим санд бүртгээгүй  үйлдэл нотлогдож байх ба гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн 2011 оны бүртгэлийн дэвтэр олдохгүй байгаа, хариуцагч барьцааны гэрээнүүдийг хувийн хэрэгт хавсаргах, цахим санд бүртгэхээс татгалзсан нь хууль бус байх тогтоогдсон тул улсын бүртгэлд бүртгэгдсэн  2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн БГҮ/533 дугаартай 4 ширхэг барьцааны гэрээнүүдийг хуульд заасан журмын дагуу бүртгэлийн дэвтэрт нөхөн бүртгэх, эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргах, улсын бүртгэлийн нэгдсэн системийн цахим санд мэдээллийг бүртгэх ажиллагаа хийхийг хариуцагч “Д- А- У- Б- Х-”-т даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.6, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,2, 5.1.3, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Х- Б-” ХХК-ийн Дархан салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х- Б-” ХХК-ийн Дархан салбар, Ц.Б-, Н.Ц- нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан БГҮ/533 дугаартай 4 ширхэг барьцааны гэрээнүүдийг нөхөн бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээнүүдийг бүртгэлийн дэвтэрт нөхөн бүртгэж, гэрээг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хавсаргах, улсын бүртгэлийн нэгдсэн системийн цахим санд мэдээллийг бүртгэхийг  хариуцагч “Д- А- У- Б- Х-”-т даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж, “Х- Б-” ХХК-ийн Дархан салбарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд нар нь  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ЭНХТУЯА