Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2208

 

МАГАДЛАЛ

 

2017.10.13                                               Дугаар 2208                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

“И Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01835 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “И Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н Ш Г А холбогдох,

 

Баянгол дүүргийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийгдэж дууссан болохыг тогтоож, Н Ш Г А шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ариунаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: "Ө"     ХХК-ийн нэхэмжлэлтэй "И Х" ХХК-д холбогдох эзэмшил газраа чөлөөлүүлэх, учирсан хохирол 6 234 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр "Ө" ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар олгогдсон 3601 м.кв талбай бүхий хэмжээтэй газарт байрлуулсан хариуцагч "И Х" ХХК-ийн тоног төхөөрөмж барилгыг албадан буулгаж газрыг чөлөөлөн, төмөр хашааны үнэ түүнийг дахин барих зардал болох 6 234 800 төгрөгийг хариуцагч "И Х" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, манай компани 6 234 800 төгрөгийг төлбөрийг төлж барагдуулсан ба манай компанийн тоног төхөөрөмж, трансформаторыг буулгасан. Ингээд шүүхийн шийдвэрт заагдсан "Ө" ХХК-ийн 3601 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг чөлөөлөх, төлбөр төлөх ажиллагаа хийгдэж дууссан. Гэтэл тус албанаас шүүхийн энэхүү шийдвэрийг гүйцэтгэхдээ, 2010 онд шинэчлэн хийсэн кадастрын зургыг үндэслэн газар чөлөөлөх ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ асуудал одоо хүртэл дуусахгүй сунжирсаар байгаа бөгөөд тус албанаас мөн л энэ 2010 оны зургийн дагуу шаардсаар байна. Шүүхийн 108 дугаарт шийдвэрт заагдаагүй газар чөлөөлөх ажиллагааны талаар маргаан үүссэн тул шүүхээр асуудлыг шийдвэрлүүлсэн ба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх алба гомдол гаргасан боловч Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээгээд Дээд шүүхрүү гомдол гаргалгүйгээр уг магадлал хэвээр үлдсэн байгаа. Иймд Сүхбаатар дүүргийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа ба уг шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Шүүхээс, газар чөлөөлөхөд баримтлах зураг бол Нийслэлийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамж, 2005 оны газрын баталгаат хэмжээг 3601 м.кв болохыг тогтоосон акт, "Ө" ХХК 3601 м.кв газар чөлөөлүүлэх байтал одоогийн байдлаар 3790 м.кв газар эзэмшиж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Шинжээчийн дүгнэлтэнд, 2010 он ба 2005 оны баталгаат зургаар аль алинд нь "Ө" ХХК-ийн эзэмших 3601 м.кв газрын хил хаа байгааг тодруулан дүгнэсэн байдаг ба 2005 оны кадастрын зургаар "Ө" ХХК-д чөлөөлүүлэх газар байхгүй, 2010 оны зургаар газар чөлөөлөхдөө илүү газар чөлөөлсөн болох нь харагддаг. Энэ учир байдлыг шийдвэр гүйцэтгэгч н.Оюунсүрэн, н.Мөнхбаяр нарт хэлж удаа дараа гомдол гаргасан боловч хууль бус ажиллагаа явуулсаар байна. Манай зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлт гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хүссэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу ирүүлсэн байх тул хуульд заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Баянгол дүүргийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийгдэж дууссан болохыг тогтоож, Н Ш Г А шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр "Ө" ХХК-ийн Нийслэлийн засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар олгогдсон 3601 м.кв талбай бүхий хэмжээтэй газарт байрлуулсан хариуцагч "И Х" ХХК-ийн тоног төхөөрөмж барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөн төмөр хашааны үнэ, түүнийг дахин барих зардал болох 6 234 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3601 м.кв талбай бүхий газрыг "И Х" ХХК-ийн газраас чөлөөлж "Ө" ХХК-д шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр "И Х" ХХК-ийн газрыг чөлөөлсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч "И Х" ХХК нь нэхэмжлэлдээ Н Ш Г А шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж өгнө үү гэжээ. Шүүхийн шийдвэр бүрэн биелсэн эсэх талаар урьд шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шийдвэр хүчинтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заалтад заасныг баримтлан Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хариуцагч Н Ш Г А уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг хаахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч "И Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "И Х" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр "Ө" ХХК-ийн Нийслэлийн засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар олгогдсон 3601 м.кв талбай бүхий хэмжээтэй газарт байрлуулсан хариуцагч "И Х" ХХК-ийн тоног төхөөрөмж барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөн төмөр хашааны үнэ, түүнийг дахин барих зардал болох              6 234 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3601 м.кв талбай бүхий газрыг "И Х" ХХК-ийн газраас чөлөөлж "Ө" ХХК-д шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр "И Х" ХХК-ийн газрыг чөлөөлсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээд болох төлбөр авагч "Ө" ХХК-ийн эрх ашгийг хөндөж байгаа тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож төлбөр авагчийг гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “И Х” ХХК нь хариуцагч Н Ш Г А холбогдуулан Баянгол дүүргийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж дууссан болохыг тогтоож, “ажиллагааг дуусгавар болгохыг Н Ш Г А даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шүүхийн шийдвэрт заагдсан "Ө" ХХК-ийн 3601 м.кв талбай бүхий хэмжээтэй газрыг чөлөөлөх, төлбөр төлөх ажиллагаа хийгдэж дууссан байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах...” гэж үндэслэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байхад 108 дугаар шийдвэр хүчингүй болсон тул уг газар чөлөөлөгдөөгүй...” гэж тайлбарласан байна.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр “И Х” ХХК-иас тоног төхөөрөмж болон барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөн төмөр хашааны үнэ, дахин барих зардалд 6 234 800 төгрөгийг гаргуулан “Ө” ХХК-д олгон шийдвэрлэж, “Ө” ХХК-ийн эзэмших эрхээр олгогдсон 3601 м.кв газар чөлөөлөгдөн, үүнээс 189 м.кв газрыг илүү эзэмшиж байгаа болох нотлох баримт авагджээ. /хх 18-21/

Анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шүүхийн шийдвэрээр 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төлгөлдөр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэхээргүй байна. Учир нь “И Х” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж газар чөлөөлөгдсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т “төлбөр төлөгч төлбөрөө төлсөн тул шийдвэр гарган гүйцэтгэх баримт бичгийг хаана” гэж заасныг хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах үндэслэлтэй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдээр “Ө” ХХК-ийг татан оролцуулах хүсэлтэй байгаа гэх боловч энэ талаар анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй, мөн ямар ач холбогдолтой байх талаар тодорхой баримтгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ