Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/651

 

 

 

 

2022        08        03                                      2022/ШЦТ/651

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч С.Сүрэнхорол, шүүгдэгч Б.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дт холбогдох эрүүгийн “2211 00885 1297” дугаартай, 186/2022/0605/Э индекстэй хэргийг 2022 оны 7 дугаар сарын          06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймаг, Түнэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эмээ, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо, зээлийн 17-11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Д,

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даян” нэртэй зочид буудалд                  Т.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, дээд баруун 12 дугаар шүд булгаралт, буйланд цус хуралт, доод зүүн 35 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал, дээд зүүн 1 дүгээр шүдний хөдөлгөөн, дээд уруулд шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэг:   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

        1.1.  Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Цагаанхад гэх газарлуу ажилд явах гэж байхдаа найзуудтайгаа буудалд хоносон. Тэгээд 1, 2 шил архи хувааж уусан, хажуу өрөөний залуучууд орж ирж танилцъя гэсэн. Нэг найз нь орж ирээд хохирогч                            Мөнх-Эрдэнэтэй чатаар ярьж байгаад за би яваад очьё надад унааны мөнгө байна, уух юмны мөнгөн байхгүй гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ нь би батлан хамгаалахад сурч байсан, чамд зодоон зааж өгье гэж хэлээд мөргөөд байхаар нь би хоёулаа эр хүн шиг гар гараа барьж байгаад цохилцьё гэсэн. Би тэгээд тэгье гээд цохьсон. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Мөнх-Эрдэний:..би Энхнасан гэх залуутай 2014 оноос хойш нөхөрлөж байна. Энхнасан бид хоёр гэр бүлийн найзууд юм. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчимд найз Энхнасантай мессэнжер чатаар ярьсан, манай найз Баянбүрдийн тойргийн энд Даян гэх нэртэй зочид буудалд байна гэсэн. Би юу хийж байгаа, юм  бэ гэж асуухад бид нар архи ууж байна гэж хэлсэн. Дашмягмар нь Энхнасангийн дугаарыг аваад надтай ярьсан, намайг буудалдаа хүрээд ир танилцья гэсэн би ажил хийхгүй байгаа болохоор надад мөнгө байхгүй, Налайх дүүргээс гарна унааны мөнгө байна гэсэн. Дашмягмар зүгээрээ замын зардлаа даагаад хүрээд ир гэсэн. Дашмягмар надаас чи хэдэн шил архи уух юм бэ гэхээр нь би гурван шил архи авч ууя гэсэн.  Би Налайх дүүргээс эхлээд 4000 төгрөгний таксигаар 100 айлын автобусны буудал хүртэл явсан. Баянбүрдийн тойргийн ард байрлах Даян гэх нэртэй зочид буудал хүртэл 2000 төгрөгөөр таксидаж очсон. Би Даян гэх буудалд 17 цагийн орчимд очсон. Тухайн буудлын 2 давхарт миний уулзах гэсэн хүмүүс байсан. Намайг өрөөнд ороход Дашмягмар, Энхнасан хоёр байсан. Бид гурав 0.75 грамм архи авсан. Тухайн буудалд ирээд танилцсан Дашмягмар, найз болох Энхнасан нар буудалд байсан Насандэлгэр, Бат-Эрдэнэ нар тавуулаа 3 шил архи хувааж уусан. Би маргаан болсон асуудлыг сайн санахгүй байна, хамгийн сүүлд санаж байгаагаар Дашмягмар надад 0.5 граммын архи задлаад хундгалж өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, нэг сэрсэн миний уруулнаас цус гарсан, нэг шүд унасан, нэг шүд хугарсан байсан хэн намайг цохьсон гэдгийг би санахгүй сэрээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг.  /хх-ийн 7 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:..”Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ...” гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дэх хэсэгт. ”...Төр нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гаргасан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй...” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд  дүүргийн прокурорын газраас иргэний нэхэжлэл гаргаж ажиллах тал дээр дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн Төмөрчөдөрийн Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Даян нэртэй зочид буудалд иргэн Б.Дт толгой хэсэгтээ цохиулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Т.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэмтэл согог үндэсний төвөөс үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламжийн үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Даас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь “100900020080” дугаар дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар тал/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхнасангийн:.. би 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Насандэлгэр гэх найзын хамт Даян нэртэй зочид буудалд ороод бид хоёр хараа нэртэй 0,75 граммын архи уугаад унтсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр би өглөө буудлын өрөөнөөс гараад дэлгүүрт орсон Заанаа гэж дууддаг Дашмягмар гэх зүс таних залуутай таараад бид нар манай өрөөнд орж ирсэн. Би Налайх дүүрэгт амьдардаг                Мөнх-Эрдэнэ найзтайгаа мессенжер чатаар ярьж байгаад Мөнх-Эрдэнийг би хүрээд ирээч би энэ залуутай байна гээд Заанааг харуулсан, тэр хоёр ярьж байгаад         Мөнх-Эрдэнийг Налайх дүүргээс хүрээд ирвэл гурван шил архи авч өгий гэсэн. Заанаа бид хоёр Мөнх-Эрдэнэ гэх залууд өгөх 3 шил 0,75 граммын хараа нэртэй архи аваад хүлээж байсан Мөнх-Эрдэнэ Даян зочид буудалд ирсэн надтай хамт байсан Насандэлгэр гэх залуу гэрлүүгээ явсан. Мөнх-Эрдэнэ, Заанаа бид гурав авсан гурван шил архиа хувааж уусан. Мөнх-Эрдэнэ дахиж архи уумаар байна намайг гурван шил архиар үнэлж байна уу гээд Дашмягмарт үг хаяад байсан Дашмягмар хариуд нь би мөнгөгүй болсон байна гэж хариу хэлж байсан дахиж архи авах гэсэн ч Заанаа бид хоёр мөнгөгүй болсон байсан. Мөнх-Эрдэнэ, Заанааг өрөөнөөс гарахаар нь дагаж гараад л хэрүүл хийгээд яваад байсан. Би угтах үйлчилгээний ажилтны өрөөнд ороод ажилтан эмэгтэйгээс ус асуугаад ус уух гэсэн миний араас Мөнх-Эрдэнэ Заанаа хоёр орж ирээд Заанаа надад найзыгаа аваач хөгшөөн гэсэн тэгэхээр нь би та хоёр хэрүүл хийж байхаар учраа олооч гэж хэлээд ус авах гэж байсан. Дашмягмар Мөнх-Эрдэнийг нэг удаа цохисон Мөнх-Эрдэнэ газар ухаан алдаад унасан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ган-Эрдэнийн:...манай өрөөнд орж ирээд Мөнх-Эрдэнэ гэх залуу нөгөө Дашмягмарыг чаддаг юм бол цохиоч гээд маргаан үүсгэх гээд байсан. Дашмягмар нь Мөнх-Эрдэнийг согтуу байгаа юм чинь явчих гэж хэлсэн байдалтай байсан. Би буудлын нэг өрөөнд хүн оруулчихаад буцаад өрөөрүүгээ орж ирсэн Дашмягмар гэх залуу Мөнх-Эрдэнийг гараараа нэг удаа цохисон нөгөө цохиулсан залуу газарт унасан хэсэг хугацаанд хэвтэж байгаад амнаас нь цус гарсан байдалтай босоод ирсэн гэх мэдүүлэг./хх-ийн 15 дугаар тал/,

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7573 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Мөнх-Эрдэнийн биед дээд баруун 12 дугаар шүд булгаралт, буйланд цус хуралт, доод зүүн 35 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал, доод үүдэнд 32 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал, дээд зүүн 1 дүгээр шүдний хөдөлгөөн, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ;

3. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүссэн байх боломжтой

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10%-аар тогтонги алдагдана

5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Цолмон гэжээ. /хх-ийн 17-18 дугаар тал,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс хэргээс хохирогч Т.Мөнх-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/, гэрч Ц.Энхнасангийн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр  тал/, гэрч Д.Ган-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Б.Цолмонгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7573 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

         3.2. Шүүгдэгч хавтас хэргээс шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Даян” нэртэй зочид буудалд Т.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, дээд баруун 12 дугаар шүд булгаралт, буйланд цус хуралт, доод зүүн 35 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал, дээд зүүн 1 дүгээр шүдний хөдөлгөөн, дээд уруулд шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Т.Мөнх-Эрдэний:..би маргаан болсон асуудлыг сайн санахгүй байна, хамгийн сүлд санаж байгаагаар Дашмягмар надад 0.5 граммын архи задлаад хундгалж өгсөн. би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн  байсан нэг сэрсэн миний уруулнаас цус гарсан, нэг шүд унасан, нэг шүд хугарсан байсан хэн намайг цохьсон гэдгийг би санахгүй сэрээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:..”...иргэн Төмөрчөдөрийн                Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Даян нэртэй зочид буудалд иргэн Б.Дт толгой хэсэгтээ цохиулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Т.Мөнх-Эрдэнэ нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвөөс үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламжийн үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Даас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь “100900020080” дугаар дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг.     /хх-ийн 9-10 дугаар тал/,

-гэрч Ц.Энхнасангийн:.. Дашмягмар Мөнх-Эрдэнийг нэг удаа цохисон Мөнх-Эрдэнэ газар ухаан алдаад унасан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

-гэрч Д.Ган-Эрдэнийн:...манай өрөөнд орж ирээд Мөнх-Эрдэнэ гэх залуу нөгөө Дашмягмарыг чаддаг юм бол цохиоч гээд маргаан үүсгэх гээд байсан. Дашмягмар нь Мөнх-Эрдэнийг согтуу байгаа юм чинь явчих гэж хэлсэн байдалтай байсан. Би буудлын нэг өрөөнд хүн оруулчихаад буцаад өрөөрүүгээ орж ирсэн Дашмягмар гэх залуу Мөнх-Эрдэнийг гараараа нэг удаа цохисон нөгөө цохиулсан залуу газарт унасан хэсэг хугацаанд хэвтэж байгаад амнаас нь цус гарсан байдалтай босоод ирсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7573 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал, болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтуурсан үедээ хохирогчийг ямар нэг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Б.Мягмардоржийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Дыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.   

Шүүхээс шүүгдэгч Б.Дыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, төрд учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, төрд учруулсан хохирлоо төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ