Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/652

 

 

 

 

2022        08        03                                         2022/ШЦТ/652

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мд холбогдох эрүүгийн “2211 00000 0560” дугаартай, 186/2022/0359/Э индекстэй хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүчит шонхор зах дээр мах бэлтгэгч, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, хилчин хотхоны 11-41 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. С.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар сургуулийн орчим байрлах 5 давхар шинээр баригдсан байшинд Н.Амгаланбаттай харилцан зодолдож түүний биед тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд  зулгаралт  гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч С.М нь:...би Э.Жаргалын гэрт очоод байж байтал хоорондоо муудалцаад сандал барьж нэг нэгэн рүүгээ дайраад байхаар нь би дундуур нь орж боль гэж салгасан. Гэтэл намайг ирээд 2, 3 удаа цохисон, миний хамраас цус гоожсон, би эргэж хараад 2 удаа цохисон. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Амгаланбатын:..би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал багын найз Жаргал намайг шинэ байранд орсон, манайхаар ирээрэй гэж урьсан. Би эхнэр Аззаяа болон 3 настай охин Анхилууны хамт 22:30 цагийн үед тэднийд очиход Мягмардорж түүний эхнэр Туяа 3 хүүхдийн хамт мөн түүний найз Уртнасан, Жаргал, эхнэр Болоржаргал 3 хүүхдийн хамт байсан. Бид нар томчуул нийт долуулаа байснаас эрчүүд нийлж 2 шил виски хувааж уугаад кино үзээд сууж байтал Жаргал манай найз зайран юмаа мундаг хүн шүү гэхэд нь би эмчилгээгүй болсон байсан хүнийг хөл дээр нь босгож байсан тухайгаа ярихад Уртнасан надруу чиний бөө гэж юу байсан юм гээд үгээр идээд байсан. Би тухайн үедээ нэг их тоогоогүй орхисон. Бид нар нэмж виски уугаад байж байтал Уртнасан надруу чи ер нь юу юм бэ гээд үг хаяад байсан. Тэгтэл Мягмардорж гэх эрэгтэй ер нь найз Жаргалдаа хэл ээж нь нас бараад үлдээсэн хөрөнгөөр нь байр авснаараа баярхаад байна, чи ер нь найздаа хэл гээд намайг үгээр хатгаад байхаар нь би тоглоод Жаргалыг нойлоос гараад ирэхээр ;нь тоглоод найз нь чамайг цохичих уу гэтэл Жаргал “цохь цохь” гээд шанаагаа надад өгтөл цаанаас Уртнасан надад сандал авч өгснөө энүүгээр цохь гэхээр нь үгүй ээ би сандлаар хүн цохихгүй гээд Уртнасанг гараараа цохих гэтэл миний гар хүрээгүй, миний гарнаас Мягмардорж татаж аваад намайг хана руу шахаж байгаад нүүр толгой руу олон удаа цохиж, миний хамар, амнаас зөндөө их цус гарсан, Тэгтэл Жаргалын эхнэр Болоржаргал бид нарыг болиулаад намайг нойлд оруулсан. Жаргал уурлаад Мягмардорж, Уртнасан нарыг гэрээсээ хөөж гаргасан, явах гэтэл эхнэр машины түлхүүр авсан байхаар нь машин руу очтол машинд хүн байхгүй түгжээтэй байсан. Миний 3 настай охин цус харж байгаад уйлаад байхаар нь Жаргалаар такси бариулаад охиноо аван 06:00 цагийн үед харьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Жаргалын:..Тухайн өдөр би шинээр байранд орсон учир хэсэг найзуудыгаа гэртээ урьсан. Мягмардорж эхнэр хүүхдүүдтэйгээ, Амгаланбат эхнэр хүүхэдтэйгээ, Уртнасан нар 20 цагийн үед ирцгээсэн. Бид нар 2 шил виски, хэдэн шил пиво хувааж уугаад юм яриад хөзөр тоглоод байж байтал Амгаланбат юунаас болсон юм мэдэхгүй намайг цохичих уу гэхээр нь би тоглоод тэг тэг гэж байтал Уртнасан сандал Амгаланбатад авч өгөхөөр нь миний найзыг цохиулах гэлээ гэснээс болоод маргалдсан юм шиг байна лээ. Би яг сайн санахгүй байгаа, тасарсан байсан. Нэг мэдэхэд Уртнасантай унтлагын өрөөнд орсон байсан, гараад хартал Амгаланбатын нүүр цус болсон, Мягмардоржийн хамарнаас цус гарсан байсан. Би тэр хэдийг салгаад, хариад амарцгаа гээд явуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уртнасангийн:..тухайн өдөр манай найз Жаргал шинэ байранд орсон учир намайг гэртээ урьсан. Би 20 цагийн үед Чингэлтэй дүүрэгт байх тэдний гэрт Мягмардоржтой хамт очоод байж байтал удалгүй Амгаланбат эхнэр хүүхдийн хамт ирсэн. Бид нар баяр тэмдэглээд 2 шил виски хувааж уусан. Юм уугаад хоорондоо юм ярилцаад байж байтал надтай Амгаланбат гэх залуу гэр оронгүй, гуйлгачин гэх зэргээр доромжлоод байхаар нь тоохгүй байж байтал хутга, шил зэргийг гартаа барьж аваад байсан. Манай найз Мягмардорж боль гээд болиултал тэрнийг цохиж авахад Мягмардоржийн хамарнаас цус гарсан. Амгаланбатын эхнэр наадахаа зод, уухаараа байнга ингэж байдаг юм гэхээр нь Мягмардорж нүүрлүү нь ганц хоёр удаа цохисон байх. Тэгээд Жаргал бид хоёрыг цаад өрөөнд оруулсан. Бид хоёр зодоонд оролцоогүй.Тэгээд удалгүй байж байгаад Жаргал бид нарыг гаргаад гэр гэрлүүгээ явцгаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3156 дугаартай:

1.2. Н.Амгаланбатын биед тархи доргилт, дух, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, хамрын зүун угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.5.6.Дээрх гэмтлүүд нь 7-8 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

4.7.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

8. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Цолмон гэжээ. /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч: хавтаст хэргээс  хохирогч Н.Амгаланбатын мэдүүлэг         /хх-ийн 16-17 дугаар тал/, гэрч Э.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/, гэрч Б.Уртнасангийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3156 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: хавтаст хэргээс С.Мийн урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх тэмдэглэл /хх-ийн 35 дугаар тал/, гэрч Уртнасангийн мэдүүлэг /хх-27 дугаар тал/, 88.188 төгрөгийн эм авч өгсөн баримт /хх-ийн 76 дугаар тал/, 650.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 74 дүгээр тал/, Амгаланбатын гомдол саналгүй гэсэн баримт /хх-ийн 78 дугаар тал/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч С.М нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар сургуулийн орчим байрлах 5 давхар шинээр баригдсан байшинд Н.Амгаланбаттай харилцан зодолдож түүний биед тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд  зулгаралт  гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Н.Амгаланбатын:..тэгтэл Мягмардорж гэх эрэгтэй ер нь найз Жаргалдаа хэл ээж нь нас бараад үлдээсэн хөрөнгөөр нь байр авснаараа баярхаад байна, чи ер нь найздаа хэл гээд намайг үгээр хатгаад байхаар нь би тоглоод Жаргалыг нойлоос гараад ирэхээр нь тоглоод найз нь чамайг цохичих уу гэтэл Жаргал “цохь цохь” гээд шанаагаа надад өгтөл цаанаас Уртнасан надад сандал авч өгснөө энүүгээр цохь гэхээр нь үгүй ээ би сандлаар хүн цохихгүй гээд Уртнасанг гараараа цохих гэтэл миний гар хүрээгүй, миний гарнаас Мягмардорж татаж аваад намайг хана руу шахаж байгаад нүүр толгой руу олон удаа цохиж, миний хамар, амнаас зөндөө их цус гарсан, Тэгтэл Жаргалын эхнэр Болоржаргал бид нарыг болиулаад намайг нойлд оруулсан…гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

- гэрч Э.Жаргалын:.. Амгаланбат юунаас болсон юм мэдэхгүй намайг цохьчих уу гэхээр нь би тоглоод тэг тэг гэж байтал Уртнасан сандал Амгаланбатад авч өгөхөөр нь миний найзыг цохиулах гэлээ гэснээс болоод маргалдсан юм шиг байна лээ. Би яг сайн санахгүй байгаа, тасарсан байсан, нэг мэдэхэд Уртнасантай унтлагын өрөөнд орсон байсан, гараад хартал Амгаланбатын нүүр цус болсон, Мягмардоржийн хамарнаас цус гарсан байсан. Би тэр хэдийг салгаад, хариад амарцгаа гээд явуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

- гэрч Б.Уртнасангийн:..тухайн өдөр манай найз Жаргал шинэ байранд орсон учир намайг гэртээ урьсан. Би 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн газар нутагт байх тэдний гэрт Мягмардоржтой хамт очоод байж байтал удалгүй Амгаланбат эхнэр хүүхдийн хамт ирсэн. Бид нар баяр тэмдэглээд 2 шил виски хувааж уусан, юм уугаад хоорондоо юм ярилцаад байж байтал надтай Амгаланбат гэх залуу гэр оронгүй, гуйлгачин гэх зэргээр доромжлоод байхаар нь тоохгүй байж байтал хутга, шил зэргийг гартаа барьж аваад байсан. Манай найз Мягмардорж боль гээд болиултал тэрнийг цохиж авахад Мягмардоржийн хамарнаас цус гарсан. Амгаланбатын эхнэр наадахаа зод, уухаараа байнга ингэж байдаг юм гэхээр нь Мягмардорж нүүрлүү нь ганц хоёр удаа цохьсон байх. Тэгээд Жаргал бид хоёрыг цаад өрөөнд оруулсан. Бид хоёр зодоонд оролцоогүй.Тэгээд удалгүй байж байгаад Жаргал бид нарыг гаргаад гэр гэрлүүгээ явцгаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3156 дугаар дүгнэлт. /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтуурсан үедээ хохирогчийг ямар нэг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул  С.Мийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Мийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.        

Шүүгдэгч С.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/ таван/ сарын дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2.Шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /таван/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ