Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2022/0614/Э |
Дугаар | 2022/ШЦТ/653 |
Огноо | 2022-08-03 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/653
2022 08 03 2022/ШЦТ/653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Х.Ж, Б.А, /шүүгдэгч нар нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х.Ж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А нарт холбогдох эрүүгийн “2211 00000 1262” дугаартай, 186/2022/0614/Э индекстэй хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эцэг, 2 дүүгийн хамт, Төв аймгийн Баянжаргалан сумын 2 дугаар баг, Улаан ухаагийн 4 дүгээр гудамжны 62 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 1-1981 тоотод оршин суух бүртгэлтэй,
-урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 841 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Х.Ж,
2. Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 1 дүгээр байрны 00 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 5-75 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Б.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ж, Б.А нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ACE" нэртэй цахим тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа насанд хүрээгүй хохирогч Э.Төрмөнхийн “Айфоне 12 про макс” загварын, насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхсүлдийн “айфоне 10 загварын” гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.985.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж нь мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Э.Төрмөнхийн:...би 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр оройны 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “АСЕ” нэртэй цахим тоглоомын газарт найз Билэгт, Мөнхсүлд, Хүслэн нарын хамт орж 46-55 дугаарын эгнээ ширээтэй компьютер дээр үйлчлүүлэн хоногоор тоглосон. Тэгээд тоглож байгаад маргааш өглөө нь буюу 6 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн орчим бид нарын нойр хүрч сууж байсан сандал дээрээ унтаад өгсөн. 09 цагийн орчим сэрэхэд миний ширээн дээр цэнэглээд орхисон “Iphone 12 pro max” загварын rap утас байхгүй байсан. Би гар утсаа урьд шөнө нь тоглож байхдаа сууж байсан ширээн дээрээ цэнэглээд тоглоомоо тоглож байгаад өглөө сандал дээрээ унтсан байсан. Манай найз Мөнхсүлдийн “Iphone X” загварын гар утас байхгүй байсан, камер шүүлгэхэд 2 ах аваад гарч байгаа нь харагдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхсүлдийн:..2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би гэрээсээ 22 цагийн орчим гарсан. Найз Билэгт, Төрмөнх нартай уулзаад цахим тоглоомын газар хонохоор болсон. Бид нар байнга үйлчлүүлдэг цахим тоглоомын газар болох “АСЕ” нэртэй газарт хонохоор болж тухайн цахим тоглоомын газарт 22 цаг 40 минутын орчим орсон. 2022 оны 6 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг болж байхад бид 3 ядраад унтчихсан, 08 цагийн орчим сэрэх үед миний гар утас болон найз Төрмөнхийн гар утас нь алга болсон байсан. Бид хоёр тухайн цахим тоглоомын газрын хүнд хандан хяналтын камерыг манай найз Төрмөнх бид нарын ард талд хонож тоглосон хүүхдүүд авсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Цахирмаагийн:...орой цагдаа нар ирээд манай доторх хяналтын камерын бичлэгийг үзэхэд хар куртиктэй урт үстэй залуу 2 ширхэг утас авч байгаа нь бичигдсэн байсан. Тэр хар куртиктэй залуу болохоор манай тоглоомын газраар сүүлийн 2 долоо хоног үйлчлүүлж байсан залуу мөн байсан гэх мэдүүлэг./хх-ийн 13 дугаар тал/,
2.4. “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан. хх-ийн 25-26 дугаар тал/,
Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч: шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс насанд хүрээгүй хохирогч Э.Төрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхсүлдийн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, гэрч Э.Цахирмаагийн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32-34 дүгээр тал/, яллагдагч Х.Жгийн мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/, яллагдагч Б.Аий мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Ж, Б.А нар нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдврлүүлэх хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Х.Ж, Б.А нар нь бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "ACE" нэртэй цахим тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа насанд хүрээгүй хохирогч Э.Төрмөнхийн “Айфоне 12 про макс” загварын, насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхсүлдийн “Айфоне 10” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.985.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- насанд хүрээгүй хохирогч Э.Төрмөнхийн:...Би 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр оройны 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “АСЕ” нэртэй цахим тоглоомын газарт найз Билэгт, Мөнхсүлд, Хүслэн нарын хамт орж 46-55 дугаарын эгнээ ширээтэй компьютер дээр үйлчлүүлэн хоногоор тоглосон. Тэгээд тоглож байгаад маргааш өглөө нь буюу 6 дугаар сарын 01-ний өглөө 07 цагийн орчим бид нарын нойр хүрч сууж байсан сандал дээрээ унтаад өгсөн. 09 цагийн орчим сэрэхэд миний ширээн дээр цэнэглээд орхисон “Iphone 12 pro max” загварын rap утас байхгүй байсан. Би гар утсаа урьд шөнө нь тоглож байхдаа сууж байсан ширээн дээрээ цэнэглээд тоглоомоо тоглож байгаад өглөө сандал дээрээ унтсан байсан. Манай найз Мөнхсүлдийн “Iphone X” загварын гар утас байхгүй байсан, камер шүүлгэхэд 2 ах аваад гарч байгаа нь харагдсан гэх мэдүүлэг./хх-ийн 6 дугаар тал/,
- насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхсүлдийн:.. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би гэрээсээ 22 цагийн орчим гарсан. Найз Билэгт, Төрмөнх нартай уулзаад цахим тоглоомын газар хонохоор болсон. Бид нар байнга үйлчлүүлдэг цахим тоглоомын газар болох “АСЕ” нэртэй газарт хонохоор болж тухайн цахим тоглоомын газарт 22 цаг 40 минутын орчим орсон. 2022 оны 6 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг болж байхад бид 3 ядраад унтчихсан, 08 цагийн орчим сэрэх үед миний гар утас болон найз Төрмөнхийн гар утас нь алга болсон байсан. Бид 2 тухайн цахим тоглоомын газрын хүнд хандан хяналтын камерыг манай найз Төрмөнх бид нарын ард талд хонож тоглосон хүүхдүүд авсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,
- гэрч Э.Цахирмаагийн:...орой цагдаа нар ирээд манай доторх хяналтын камерын бичлэгийг үзэхэд хар куртиктэй урт үстэй залуу 2 ширхэг утас авч байгаа нь бичигдсэн байсан. Тэр хар куртиктэй залуу болохоор манай тоглоомын газраар сүүлийн 2 долоо хоног үйлчлүүлж байсан залуу мөн байсан гэх мэдүүлэг./хх-ийн 13 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 25-26 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдсан талаараа тухайн цаг хугацаанд тоглоомын газрын үйлчлэгчид хэлж мэдэгдсэн, шүүгдэгч нар хохирсон иргэдийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан талаар шүүгдэгч нар болон хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч явсан хохирогч нарын эд зүйлсийг шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Х.Ж, Б.А нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Ж, Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Х.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
-мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Ж нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих, уг ялын хамрах хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, 8 /найм/ сарын хугацаанд дээрх нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,
Шүүгдэгч Х.Ж нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэгтэй ба уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих,
Шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус санууллаа.
Хохирогч нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн байх тул шүүх шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Х.Ж, Б.А нар нь шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон:
1. Шүүгдэгч Х.Ж-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,
-Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
- Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.Ж нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж, Б.А нарын 1 / нэг/ хоног баривчлагдсан хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
10. Шүүгдэгч Х.Ж, Б.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ж, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ