Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/366

 

 

                                              

 

 

 

 

 

   2022           05            16                                           2022/ШЦТ/366

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч Д.О,

шүүгдэгч Д.П нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Х овогт Д-гийн П-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210004210366 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Дгийн П нь Монгол Улсын иргэн, ...

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.П нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний Хан-Уул дүүргийн ...-Б тоотод өөрийн төрсөн дүү Д.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

-Д.Оийн барьж байсан I phone 11 pro загварын гар утсыг шал руу шидэж дэлгэцийг нь гэмтээн түүнд 450,000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.

Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний эд зүйл Д.П-н агуулахад байдаг юм. Цагаан сар болох гээд дээлээ авахаар очиход П надтай дугарахгүй, янзгүй, ярвайгаад байсан. Би чемоданаас хувцсаа авах гэхэд П ах явлаа гээд гэрээ цоожлох гээд уурлаад над руу печээ шидсэн. П намайг эхлээд печээр цохиод, дараа нь элэгдээд үснээс зулгааж газар унагааж хоолой боож толгой руу цохих, шалны модны төмөр ишээр гэдэс рүү цохих зэргээр нэлээн удаан зодсон. Мөн утас булааж авах гэж зөндөө зодсон. Би ч утсаа өгөхгүй гэж нэлээд ноцолдсон. Хашхирч хөрш айлаас хүн дуудсан. Урд айлаас бас хүн дуудсан. Энэ хоёр хүн орж ирэх үед ах намайг зодоод байсан. Тэгээд миний утсыг ах цемент дээр шидэж эвдсэн. Цагдаа дуудахад ирэхгүй байсан. Зодуулсны улмаас 20 гаруй хоног хөл хөдлөхгүй, хажуу тийш харж хэвтэж чадахгүй байнга өвчин намдаах эм хэрэглэсэн.  Миний эгч надад чи ахыгаа уучилчих гэхээр нь би түүнд та нар 40 минут Пд зодуулчих гэж хэлсэн. Эмчилгээ хийлгэсэн ч нэхээд яахав гэж бодож байна. Харин гар утасны зардал 450.000 төгрөгийг нэхнэ гэв.

Эрүүгийн 2210004210366 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн, шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20:51:11 цагт “манай ах намайг зодчихлоо” гэсэн утгатай дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

2. Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн ах Д.П-н гэрт очсон. Агуулахаас нь ойр зуурын өөрийн хувцас, богино долгионы зуух зэрэг эд зүйлсийг авахаар агуулах руу орсон. Тэгээд би ахтайгаа мэндэлсэн чинь дугарч ядаад над руу ярвайгаад байсан. Тэгээд би хүүтэй нь ойр зуурын юм ярьчхаад агуулахаас хувцсаа авч байсан чинь манай ах гэрээ цоожлоод явах гээд байсан. Тэгэхээр нь би та байж байгаач би цагаан сараар хэрэглэх юмнуудаа авъя гэтэл манай ах уурлаад ямар их юм авдаг юм чи яасан дээрэлхүү юм гээд над руу печээ шидсэн. Тэгэхээр нь би хоёр гараараа хаасан. Урьд 7 хоногт нь би тэр агуулахаас өөрийн эд зүйлсээ авсан байсан. Тэгээд сүүлд дахиж очиж авахад намаг эд зүйлсээ авлаа гэх нэрийдлээр надад уурласан байх. Тэгээд намайг үсдэж аваад боогоод газар унагаагаад толгой руу нэлээн хэдэн удаа цохисон, хэдэн удаа цохисныг санахгүй байна. Намайг унагааж байгаад өшиглөсөн.  Босоод ирсэн чинь үсдэж доош нь дарсан, үсдэж байхад аймар өвдөж байсан. Тэгээд би хүүхдээс нь тусламж дуудаад өг гэж гуйхад хүүхэд нь сандал дээр суучхаад намайг зодуулж байгааг хараад байсан. Тэгээд би утсаараа цагдаа дуудах гээд утсаа гаргаж иртэл миний утсыг булаагаад авсан. Би гадаа гарч хажуу айлын Заяа эгчээс цагдаа дуудаад өг гэж гуйсан. Заяа эгч цагдаа дуудаж өгсөн. Би агуулахаас гарахад П араас гарч ирээд намайг зодох гээд байхаар нь би муухай орилтол хажуу айлын Заяа эгч гарч ирээд бид хоёрыг салгасан. П миний утсыг цементэн шатан дээр савж дэлгэц дээр нь цагаан зураас гаргасан. Тэгээд цагдаа ирсэн, П-г авч яваагүй. Би цагдаагийн байгууллагад хандсан. ...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. ...Атаархлын улмаас намайг зодсон гэж би бодож байна. Бид хоорондоо маргалдсан шалтгаан бол эд хөрөнгийн маргаанаас болсон. ...Намайг өмнө нь зодож байсан. Айлын бага дүү гээд байнга дээрэлхэж харьцдаг байсан. ...Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Намайг байнга дарамталж мөнгө нэхэж миний биед гэмтэл учруулсанд би гомдолтой байна. Д.П-д хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...Миний хохирлыг барагдуулаагүй байгаа. ...Гомдолтой байна, хуулийн дагуу шийдүүлмээр байна, гар утасныхаа дэлгэцийг засуулж авхуулмаар байна. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

3. Гэрч Д.Эрдэнэдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орой 21 цагийн үед манай дүү Гэрэлчимэг над руу залгаж П Оийг бараг 30-40 минут зодлоо гэж надад хэлсэн. Би маргааш орой нь Одончимэг эгчийнд ирээд болсон бүх зүйлийг сонссон. Тэгэхэд 30-40 минут зодсон зүйл байгаагүй. Пн хүү Будлангаас юу болсон талаар асуухад удаан зодоон болоогүй, 2-3 минут л болсон байх, эхлээд Отгоноо эгч эхлээд манай аавыг зохиод өшиглөхөөр нь аав хөлөөс бариад татаад унагаасан чинь хувцасны шүүгээ мөргөөд унасан, өөр нээх зүйл болоогүй гэсэн. Би сүртэй зүйл болоогүй байна гэж бодоод бөөнөөрөө цагаан сараар уулзалдахаараа 2 дүүгээ эвлэрүүлье гэж бодсон. ...Бид нар ах дүү нар байж ийм сайхан өдөр эв зүйгээ ол гэж хэлсэн. О өөрийнхөөрөө зүтгээд байхаар нь бид нар тоохгүй орхисон. ...П-д чи яах гэж дүүгээ цохисон юм гэж хэлэхэд өөрөө эхэлж өшиглөж цохисон гэж хэлсэн. Цагдаагаас дуудаад П-гаас мэдүүлэг авсан. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

4. Гэрч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би О, П нарын төрсөн ах нь юм. 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр бага дүү Д.О Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 3 дугаар гудамжны 47 тоотод ирэхэд нь төрсөн ах Д.П нь гэртээ байж байсан. Д.О гэрт нь орохдоо гадуур гуталтайгаа ороход гутлаа тайлаач гэх шаардлага тавьсан, манай дүү нар хоорондоо маргалдаж харилцан зодолдсон гэж би Д.Пн хүүхдээс сүүлд сонссон. ...Тэгээд цагдаад дуудлага өгсөн байна билээ. Би энэ хоёр дүүгийнхээ хэний ч талд орохгүй. ...Би хэрэг болсон гэх орой 2 дүү рүүгээ залгатал О утсаа аваагүй, харин П утсаа авч болсон явдлын талаар хэлсэн. П хэлэхдээ О намайг цагдаад янз бүрийн байдлаар хэтрүүлэгтэй хэлээд байна гэж хэлсэн. Тухайн үед болсон зодоон тийм ч удаан үргэлжлээгүй 2-3 минут болсон гэж сонссон. ...Манай дүү нар хоорондоо эв зүйгээ олоод хоёр тийшээ нэг нэгэндээ төвөг удахгүй хэрэг нь шийдэгдэх юм бол сайн байна. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

5. Шүүгдэгч Д.П-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 18 цагийн үед манай том эгч Д.Г над руу залгаад О танайх руу очиж байна хэрүүл маргаан болж магадгүй шүү чи хүүхдээ дагуулаад манайд хүрээд ирээ гэж ярихаар нь би хүүхдээ хувцаслаад гэрээсээ гарах гэхэд байшин дотор О ороод ирсэн. О намайг юу хийгээд байгаа гэж асуухаар нь би юу хийх вэ дээ гэж хэлэхэд үхсэндээ дугарч ядаад байгаа гэж хэлээд надаас хэрүүл хайж эхэлсэн. О гал тогооны өрөө рүү ороод гал тогооны тавилга дээр байсан богино долгионы зуухыг энийг авна гэж хэлээд тогноос нь салгахад би гэртээ ганцаараа амьдарч байна, ажлаасаа орой ирдэг наадахаар чинь хоолныхоо махыг гэсгээж хэрэглэдэг гэж хэлэхэд О дандаа хүний хогоор амьдрах юмаа чи гэж хэлэхээр нь миний уур хүрээд энэ хог юм бол хог руу хая гээд богино долгионы зуухыг аваад үүд рүү шидээд эргээд хартал О миний гэдэс хэсэг рүү баруун хөлөөрөө 1 удаа жийгээд баруун гараа атгаж байгаад миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би баруун талын хөлийг нь бариад цааш түлхэхэд О хаалганы хажуу талд байдаг хувцасны шкаф, түүний хажууд байдаг сандал хоёрын завсар унасан. Босож ирээд баруун хөлөөрөө миний зүүн талын хөлийн шилбэ хэсэгт 1 удаа өшиглөсөн. Дахиад өшиглөөд байхаар нь би зүүн талын хөлөөрөө хаагаад зүүн талын гараараа О-ийн хувцасных нь энгэр хэсгээс нь заамдаж аваад арагш нь түлхээд би эрэгтэй хүн шүү, чи эмэгтэй хүн, чи намайг дийлэхгүй гэж хэлэхэд О баруун гараараа миний шилэн хүзүү рүү гурван удаа цохиход миний шилэн хүзүү их өвдсөн. Уур хүрээд О-ийг татаад газар унагаагаад тайвшраач гэж хэлээд зүүн талын мөр хэсэгт нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхэд О цагдаа гэж орилоод байхаар нь би гадаа гарахдаа О-ийн гар утас нь шалан дээр унасан байхаар нь би гар утсыг аваад гарсан юм. Араас О гарч ирээд миний баруун талын гуя хэсэг рүү нэг удаа өшиглөөд, толгойн ар дагз хэсэгт 1 удаа гараараа цохихоор нь би зугтаагаад машиныхаа урд очоод зогссон чинь О хажуу талын хашаан дээр зогсоод Заяа эгчээ, цагдаа дуудаарай гэж орилоод байсан. Заяа эгч гарч ирээгүй. О хашаанаас буугаад над руу гүйж ирээд миний гар утсыг аваад ир гээд куртикнээс барьж аваад миний гар утсыг халааснаас авахаар нь би гар утас өгөөдөх гэж хэлсэн чинь О өгөхгүй, цагдаа дуудна, миний утсыг өг гээд хэлэхээр нь миний уур хүрээд Оийн гар утсыг газар цас руу шидчихсэн юм. О миний утсыг өгөхгүй байхаар нь би утас чинь энэ байна гээд цаснаас гаргаж ирээд От өгөхөд цагдаад дуудлага өгсөн. ...Би эрүүл байсан. ...Урьд өмнө зодоон хийж байгаагүй. 2020 оны 10 дугаар сараас хойш эд хөрөнгөтэй холбоотой хэрүүл маргаан хийж байсан. ...Би О-ийг газар унагаагаад зүүн талын мөр хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байна санал хүсэлт байхгүй. Д.О-ийн биед учирсан гэмтлүүд нь надтай ноцолдож байх үед учирсан байх. Д.О миний гэдэс хэсэг рүү баруун хөлөөрөө 1 удаа жийгээд баруун гараа атгаж байгаад миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохихоор нь би баруун талын хөлийн бариад цааш нь түлхэхэд О хаалганы хажуу талд байдаг хувцасны шкаф, түүний хажууд байдаг сандал хоёрын завсар унасан тэгэхэд тархи доргилт, нуруу хоёр хөлийн шилбэ, зүүн ташаанд цус хуралт гэмтлүүд учирсан байх. О босож ирээд баруун хөлөөрөө миний зүүн талын хөлийн шилбэ хэсэгт 1 удаа өшиглөсөн дахиад өшиглөөд байхаар нь би зүүн талын хөлөөрөө хаагаад зүүн талын гараараа О-ийн хувцасных нь энгэр хэсгээс нь заамдаж аваад арагш нь түлхсэн. ...Оийг татаад газар унагаасан тэгэхэд дух, дээд уруул, хэвлий, хүзүүнд нь зулгаралт гэмтлүүд учирсан байх. ...Би хохирлын барагдуулаагүй байгаа. ...Дарамт шахалт үзүүлж мэдүүлэг авсан үйлдэл байхгүй. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2507 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: зүүн мөрөнд 4хЗ см, зүүн далны доод хэсэгт Зх2см, нурууны гол доод хэсэгт 2x1 см, баруун гуяны ар доод хэсэгт 6х5см, баруун шилбэний урд дунд хэсэгт 4хЗ см, зүүн ташаанд 6х4см, зүүн гуяны дотор доод хэсэгт 7х4см, зүүн шилбэний урд дунд хэсэгт 4хЗ см улаан өнгийн цус хуралттай, баруун чамархайн хуйханд 2x1.5см хэсэгт үс унаж халцарсан, духны баруун хэсэгт 5x0.4см 2ш, дээд уруулын баруун хэсэгт 0.5х0.З см, хэвлийн урд дунд хэсэгт 3x1 см 2ш, хүзүүний урд хэсэгт 0.5х0.3см 2ш улаан өнгийн өнгөц зулгаралттай.

Дүгнэлт:

1. Д.Оийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн дал, нуруу, 2 хөлийн гуя, шилбэ, зүүн ташаанд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, дух, дээд уруул, хэвлий, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.01.31-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /Шинжээч эмч С.Чулуунсүх/. ...гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2619 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний урд дээд хэсэгт 5х4.5 см шаргал өнгийн цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй.

Дүгнэлт:

1. Д.П-н биед баруун шилбэнд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй /Шинжээч эмч Ц.Нандинцэцэг/. ...гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

 

8. Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №ХУ2-22-03с дугаартай “I phone 11 pro” маркийн гар утасны дэлгэцийг 450,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас),

            9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 68-р байрны 61 тоотод Д.П оршин суудаг тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), газар, амины орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.П нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-47-Б тоотод 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн дүү Д.О-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн мөр, зүүн дал, нуруу, 2 хөлийн гуя, шилбэ, зүүн ташаанд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, дух, дээд уруул, хэвлий, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан;  

-мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.О-ийн эзэмшлийн “I phone 11 pro” загварын гар утсыг шидэж дэлгэцийг нь гэмтээж, 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн ах Д.П-н гэрт очсон. ...би ахтайгаа мэндэлсэн чинь дугарч ядаад над руу ярвайгаад байсан. ...Агуулахаас хувцсаа авч байсан чинь ...манай ах уурлаад ямар их юм авдаг юм чи яасан дээрэлхүү юм гээд над руу печээ шидсэн. ...Тэгээд намайг үсдэж аваад боогоод газар унагаагаад толгой руу нэлээн хэдэн удаа цохиж байсан. ...унагааж байгаад өшиглөсөн.  Босоод ирсэн чинь үсдэж доош нь дарсан. ...хажуу айлын Заяа эгчээс цагдаа дуудаад өг гэж гуйсан. ...Заяа эгч гарч ирээд бид хоёрыг салгасан. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас) болон дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), гэрч Д.Эрдэнэдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орой 21 цагийн үед манай дүү Гэрэлчимэг над руу залгаж П Оийг бараг 30-40 минут зодлоо гэж надад хэлсэн. ...Пн хүү Будлангаас юу болсон талаар асуухад удаан зодоон болоогүй, 2-3 минут л болсон байх. ...гэсэн. ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),  гэрч Д.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...манай дүү нар хоорондоо маргалдаж харилцан зодолдсон гэж би Д.Пн хүүхдээс сүүлд сонссон. ...Тэгээд цагдаад дуудлага өгсөн байна билээ. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас), шүүгдэгч Д.Пн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2507 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас), Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №ХУ2-22-03с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүгдэгч П.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар маргасан ба хохирогч Д.О хэрэг гарсан өдрийн өмнө ууланд явж байгаад өөрөө гэмтэл авсан байсан гэж маргасан ба түүний мэдүүлэг нь шинжээчийн 2507 дугаартай ...Д.О-ийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн дал, нуруу, 2 хөлийн гуя, шилбэ, зүүн ташаанд цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, дух, дээд уруул, хэвлий, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2022.01.31-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. гэж дүгнэсэн дүгнэлтээр үгүйсгэгдсэн.

Иймд шүүгдэгчийн Д.П-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч Д.П-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.О-ийн гар утсыг шидэж дэлгэцийг гэмтээсэн болох нь нотлох баримтаар тогтоогджээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэж тодорхойлсон бөгөөд хөрөнгийн үнэлгээний байгууллага хохирогч Д.О-ийн гар утасны дэлгэцийн үнийг 450.000 төгрөгөөр тогтоосон тул шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Д.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч бүрэн дунд боловсролтой бичиг үсэг мэддэг тухайгаа илэрхийлж өмгөөлөгч сонгон авахгүй, өөрийгөө өмгөөлөн оролцоно гэсэн хүсэлт гаргасан бөгөөд шүүх түүний хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эд хөрөнгө нь гэмтсэн байна. Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний байгууллага нь гар утасны дэлгэцийн үнийг 450.000 төгрөгийг тогтоосон тул уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 450.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн хохирол нөхөн төлөх хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд 450.000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгч хохирлыг төлсөн талаар мэдүүлсэн, мөн хохирогч Д.О 450.000 төгрөгийг хүлээн авсан талаар бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Д.О энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах, биечлэн эдлэх ялыг 3.000.000 төгрөгийн торгох ялаар тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах гэсэн  дүгнэлтийг, шүүдэгч Д.Пгаас торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.П нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуульд заасан дээрх хөнгөн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хохирогч, шүүгдэгч нар төрсөн ах дүүсийн харилцаатай хүмүүс байх ба, ах дүүсийн хоорондын таарамжгүй харилцаанаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс, орлоготой зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналыг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх 1.700.000 төгрөгийн  торгох ялыг тогтоов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-гийн П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х овогт Д-гийн П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял; 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Д.От төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.О энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.П-н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА