Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 181/2018/00113/И |
Дугаар | 181/ШШ2018/00475 |
Огноо | 2018-02-27 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2018/00475
2017 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2017/02612 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: Н-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ЭМ-д холбогдох
Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч 2018 оны 01 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц , А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Д.Х, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Ц ийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дугаартай “Албан үүргийн түр орлон гүйцэтгэгч томилох тухай” тушаалаар Б.Н намайг ЭМийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилсон билээ. Дээрх тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг ЭМийн хөгжлийн төвийн захирал томилогдох хүртэл хугацаагаар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн байгуулсан байдаг. Миний бие өнөөдрийг хүртэл хугацаанд тус албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахин ажилласан бөгөөд сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл шинээр томилогдсон ЭМийн сайд Д.С ийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1а/4768 дугаартай албан бичгээр Б.Н миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Ийнхүү албан бичиг ирүүлснээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4 дүгээр заалтыг үндэслэн ЭМийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гарсан байдаг. Энэхүү тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Б.Н би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. ЭМийн сайд А.Ц тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсэгт ЭМийн хөгжлийн төвийн ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаанд гэж заасан байдаг. Гэтэл дээрх ажлаас чөлөөлөх тушаал гарах үед Эрүүл хөгжлийн төвийн ерөнхий захирал томилогдоогүй байсан. Иймд Монгол Улсын ЭМийн сайд Д.С ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлд гаргасан тайлбараа дэмжин тайлбарлахдаа: Б.Н гийн Монгол улсын ЭМийн сайд Д.С ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/151 дугаартай тушаалаар ЭМийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаагаар тухайн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан. Улмаар Б.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ЭМийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.1.3-т заасан: Ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон ЭМийн сайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийн хангалтгүй биелүүлэх ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл Б.Н г ЭМийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу ЭМийн дэд сайд, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн даргын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн албан бичиг, түүнээс хойш хүргүүлсэн 10 гаруй удаагийн зөвлөмж, чиглэл хүргүүлсэн боловч ажилд нь алдаа зөрчил гарсан хэвээр, зөвлөмж чиглэлийн хэрэгжилтийн тайланг огт ирүүлээгүй, ЭМийн байгууллагаас өргөдөл, гомдол ирсээр байсан тул ЭМийн хөгжлийн төвийн захирлыг томилох хүртэл ажил албан тушаалд нь ажиллуулах боломжгүй гэж үзэж ЭМийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч ЭМанд холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжин оролцлоо.
Хариуцагч тал нэхэмжлэлийг үл зөвшөөрч, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тушаал үндэстэй гэж маргав.
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч ЭМанд холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан 2018 оны 01 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.”Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.”гэж заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ЭМийн хөгжлийн төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон 2017 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан.
2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/529 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2017 оны Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн , Б.Н г 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс ЭМийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, ажил хүлээлцүүлэх комиссыг байгуулжээ.
Талуудын хооронд бичгээр хийгдсэн хөдөлмөрийн гэрээ нь, гэрээний дагуу 2017 оны 03 сарын 31-ний өдрөөс ЭМийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаагаар тохиролцон хөдөлмөрийн харилцаа явагдаж ЭМийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллуулан, ТҮЭМ-9-3 шатлалаар цалин хөлсөө тохиролцон талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, бичгээр үйлдэн эрхлэх ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хөдөлмөрийн нөхцлийг бүрэн тусган гэрээний агуулгаа харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан шаардлагыг хангасан байна.
Тушаалд Монгол улсын 2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/529 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2017 оны Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.”ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг зохицуулсан.
Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан: Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ЭМийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Сахилгын хариуцлага хүлээлгэсэн сахилгын зөрчил гэж үзэж буй асуудлын талаар сахилгын зөрчил гэж үзэх үндэслэл юу болох буруутай гэж үзсэн нөхцөл шалтгаан тогтоогдсон баримт нотолгоо байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1. “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэстэй. Энэ нь нэхэмжлэгчийн маргаж буй 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 тоот тушаалын сахилгын шийтгэл ногдуулах сахилгын зөрчил, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна.
Ажил олгогчийн буруутгаж буй дараагийн үндэслэл нь 2017 оны 12 сарын 22-ны өдрийн А/529 дугаар тушаалд заасан 2017 оны Хөдөлмөрийн гэрээний 5.1.3 дахь хэсэгт Ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон ЭМийн сайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлэх гэсэн заалтын талаар тэмдэглэжээ.
Хариуцагч тал 5.1.3-т заасан ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүрэг болон ЭМийн сайдын баталсан холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлэх ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Албан тушаалд түр томилогдоно гэдэг нь өөрөө эрхэлсэн ажил албан тушаалдаа тэнцэх эсэхийг тодруулах туршилтын хугацаа юм. Гэтэл та түр томилогдсон хугацаандаа олон удаагийн алдаа дутагдал гаргаж байгаа нь таныг тухайн ажил албан тушаалд цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн тул ажлаас чөлөөлсөн. Алдаа дутагдал гаргасан, ажилдаа тэнцэхгүй гэх үндэслэл болсон шалтгаанууд нь Хөдөлмөрийн гэрээний 4.4.23-т засан “Хууль, УИХ болон ЗГ-ын тогтоол, шийдвэр, ЭМийн сайдын тушаал, яамны удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, тогтоосон хугацаанд бичгээр тайлан мэдээ гаргаж өгөх, Ажлын байрны тодорхойлолтод заасан - Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрээнд хийх ажлуудын 3.1.5-д заасан Төвийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах, 3.1.10-т заасан Төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах, төлөвлөлт, хяналт-үнэлгээг нэгдсэн удирдлагаар хангах, Ажлын байрны 5-р үндсэн зорилтын хүрээнд хийх ажлын: 3.5.1-д заасан Удирдах албан үүрэгтэй холбогдуулан ЭМЯ-аас өгсөн аливаа үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, УЗХ болон бусад шаардлагатай хурал, зөвлөгөөнд идэвх санаачлагатай оролцох гэсэн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Хөдөлмөрийн гэрээний 10.1.3-т хэрвээ гэрээний 5 дугаар зүйлийн аль нэг заалтыг зөрчсөн боп гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно гэж хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон байгаа юм. Өөрөөр хэлбэл Б.Н г ЭМийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаанд буюу ЭМийн дэд сайд, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн даргын 2017 оны 01 сарын 24-ний өдрийн албан бичиг, түүнээс хойш хүргүүлсэн 10 гаруй удаагийн зөвлөмж, чиглэл хүргүүлсэн боловч үйл ажиллагаанд нь алдаа зөрчил гарсан хэвээр, зөвлөмж, чиглэлийн хэрэгжилтийн тайланг огт ирүүлээгүй, ЭМийн байгууллагуудаас өргөдөл, гомдол ирсээр байсан тул ЭМийн хөгжлийн төвийн захирлыг томилох хүртэл ажил албан тушаалд нь ажиллуулах боломжгүй гэж үзэж Эрүул мэндийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2017.06.12-ны өдрийн 16/2271 дугаартай албан бичгээр 2017.06.09-ний өдрийн 10:30-д цагт хуралдахаар Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн 5-р хуралд ЭМХТ-ийн дарга болон албаны дарга З.Наранбаатар ирээгүйгээс болж хурал хойшлогдож, МУ-д мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн гадаадын эмнэлгийн мэргэжилтний асуудлыг хэлэлцэх байсан. Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журмын 2.7-д “Зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хурал хүчин төгөлдөр байна. Зөвлөлийн гишүүн нь хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй тухайгаа хурал болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө зөвлөлийн даргад мэдэгдэж, зөвлөлийн дарга зөвшөөрвөл саналаа цахим болон цаасан хэлбэрээр ирүүлж болно. Энэ тохиолдолд саналыг хүчинтэйд тооцно” гэж заасан. Гэтэл журмаар тогтоосон үүргээ биелүүлээгүй. 2017.05.02-ны өдрийн 2/1631 дугаартай албан бичгээр эмэгтэйчүүдийн хавдрын дурангийн мэс засал судлалын сургалтын хөтөлбөрийг ЭМХЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтийг судлахад 7 төрлийн нэмэлт өөрчлөлт оруулж ирэхийг шаардсан бичиг хүргүүлж байсан. Тухайлбал: 2017.05.03-ны өдрийн 2/1673 тоот албан бичгээр, Эмнэлгийн мэргэжилтэнд эмнэлгийн зэрэг олгох тушаалын төсөл боловсруулж ирүүлэхдээ: журмын 1.7-д заасан мэргэжлийн зэрэг давхцуулан олгохгүй байхын зөрчсөн. эмнэлгийн мэргэжилтний бичиг баримтыг дутуу ирүүлсэн. Төсөл хянахад шаардлагатай баримт бичгийг ирүүлдэггүй. Үүнээс болж цаг хугацаа алдах, дахин дахин нааш цааш явуулах, хариуцлагатай ханддаггүй явдал байна. 2017.11.20-ны өдрийн 16/4224 тоот албан тоотоор, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд он сар өдрийг бичиж баталгаажуулаагүй, баталгаажуулснаас хойш тухайн эмнэлгийн мэргэжилтэн болон ЭМБ-ын хүний нөөцийн мэргэжилтэнд шуурхай хүлээлгэн өгөөгүй зөрчил гаргадаг. 2017.10.26-ны өдрийн 2/3865 тоот албан бичгээр 2017.10.27-ны дотор шуурхай хангаж хэлэлцүүлэх асуудлын танилцуулга, 2017.10.26-ны өдрийн 3/352-Ө дугаартай албан тоотоор 25 иргэний өргөдөл, 2017.10.03-ны өдрийн 2/3598 дугаартай албан тоотоор 2017.07.20-ны өдрийн 3/2744 дугаартай албан тоот, 2017.05.24-ний өдрийн 16/2043 дугаартай албан тоот, ЭМийн сайд Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 491, А/472 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журмын 1.5 Төгсөлтийн дараах сургалт явуулах. зөвшөөрөл опгох, сунгах. хүчингүй болгохтой холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг ЭМийн хөгжлийн төв (ЭМХТ)- ийн Төгсөлтийн дараах сургалтын зохицуулалтын хэлтэс. (цаашид “ажлын алба” гэх) гүйцэтгэнэ. УИХ-ын гишүүн Б д гаргасан өргөдөл 2017.10.03-ны өдрийн 2/3598 дугаартай албан бичгээр зөвлөмж чиглэл хэрэгжүүлж ажиллах тухай Одоо ЭМийн хөгжлийн даргаар өөр хүн томилогдон ажиллаж байгаа бөгөөд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь ЭМХТ-ийн ерөнхий захирал томилогдох хүртэл хугацаагаар хийсэн тул Хөдөлмөрийн гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй гэж маргаж байна.
Хариуцагч тал дээрх тайлбартаа: ЭМийн хөгжлийн төвийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 340 дугаартай албан тоот, хавсралт, 2017 оны 05 сарын 08-ны өдрийн 494 дугаартай албан тоот, хавсралт, 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 641 дугаартай албан тоот, хавсралт, 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 826 дугаартай албан тоот, хавсралт, 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 842 тоот, хавсралт, 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 1219 дугаар тоот, хавсралт, 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 1381 дугаар тоот, хавсралт, 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 1304 дугаар тоот, хавсралт, ЭМ, спортын яамны Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн 0001597 дугаар гэрчилгээ, Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн 0018942 дугаар гэрчилгээ, ЭМ, Спортын яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн хурлын 2015 оны 06 сарын 17-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг тус тус ЭМны хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтаар ирүүлсэн.
Эндээс дүгнэхэд, Б.Н нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын хариуцлага тооцох үйлдэл болох тухай хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм журмыг зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэл сахилгын зөрчил тогтоогдохгүй, гэм буруутай үйлдэл болохгүй байна.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд “хөдөлмөрийн сахилгын хариуцлага”, “сахилгын зөрчил” гэсэн эрх зүйн тусгай ойлголтууд бий болдог ба хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд. Харин ажилтны гаргасан зөрчил түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм журмыг зөрчих, ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй юм. Тэгвэл Б.Н д сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл болох сахилгын зөрчил гаргасан байдал тогтоогдохгүй байна.
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлах үндэслэлийг тусгайд нь хуульчилсан байхад Монгол улсын ЭМийн сайдын “ажлаас чөлөөлөх тухай” А/529 тоот тушаалын Б.Н г хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэл нотлогдохгүй, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт заалтын үндэслэл тогтоогдохгүй баримтгүй учир дутагдалтай байгаа нь ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.
Талуудын маргааны талаар явагдсан мэтгэлцээнээс үзэхэд нэхэмжлэл шаардах эрхийн үндэслэлтэй болох нь нотлогдож, хариуцагчийн маргаж буй үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.
Ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй хэдий ч ажилтанд гардуулагдчихсан, ажлаас чөлөөлсөн үйл баримт бий болгогдсон, ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид үр дагавар үүсгэхгүй учир шүүх тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй.
Иймд Монгол улсын ЭМийн сайдын “ажлаас чөлөөлөх тухай” А/529 тоот тушаал хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох ЭМийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шаардах эрх үүссэн ба 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүртэл 8 сар ажлын 13 хоногийн олговорт 22 897 792 төгрөг гаргуулахаар шаардсан.
Талууд дундаж цалин хөлсийг тодорхойлж өгөөгүй, нийгмийн даатгал болон ЭМийн даатгалын дэвтэрийг хэрэгт өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлсийг Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 986 863 төгрөг, ажлын 55 хоногийн цалин /44,860х55=/ 2 467 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т ”Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон ЭМийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.”гэж зааснаар олговорт олгогдох 2 467 300 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгчийн дэвтэрт 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг, хариуцагчаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 54 427 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 160 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н г эрхэлж байсан ЭМийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, шаардлагаас Монгол улсын ЭМийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/529 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч ЭМнаас олговорт 2 467 300 /хоёр сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 2 467 300 /хоёр сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, ЭМийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 дугаар сарын 25-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч ЭМанд үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ЭМнаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 54 427 төгрөг бүгд 124 627 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ