Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/389

 

 

                                              

 

 

 

 

 

  2022           05            23                                          2022/ШЦТ/389

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Л-гийн Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000529 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Л-гийн Б нь Монгол Улсын иргэн, ...

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Л.Б нь Хан-Уул дүүргийн ... тоот хувийн орон сууцанд хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа 2022 оны 03 дугаар сарын 20-ний өдөр монетон бугуйвч, хүзүүний зүүлт хулгайлж, 2.920.800 төгрөгийн хохирол Ё.Тт учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс би хохирогчийн гэрт хүүхэд асрагчаар ажилд орсон. Ажлаа хийгээд айлынхаа өрөөг цэвэрлэж, эд хогшлыг нь эмхэлж байх үед доод давхарт уутанд хийгээд тавьсан эд зүйл байхаар нь үзэхэд бугуйвч, хүзүүний зүүлт байсныг загвар нь таалагдаад авсан. Бугуйвч, зүүлт авсан талаараа гэрийн эзэгтэйд хэлээгүй. Би өөрөө бугуйвч зүүлт хийдэг болохоор загварыг нь дуурайлгах гэж авсан боловч буцааж өгөөгүй байх үед бугуйвч зүүлт алга болсон байна гэхээр нь 10 хоногийн дараа буцааж авчирч өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Эрүүгийн 2210000000529 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13:37:58 цагт “энэ айлд ажиллаж байсан эмэгтэй үнэт эдлэл, алтан ээмэг, хулгайлсан байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

2. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн ... тоот, 3 давхар, шаргал өнгийн амины орон сууцанд 14 цаг 30 минутаас 15.00 цагийн хооронд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас), мөн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цаг 05 минутаас 15 цаг 15 минутын хооронд Хан-Уул дүүргийн ... хотхоны авто зогсоолд байрлах Д.Б-ийн эзэмшлийн ...улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас),

3. Хохирогч Ё.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Манайх “...” ХХК-аар дамжуулан хүүхэд асрагчийг авахаар болсон. Л.Б 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоогоос 3 хоногийн өмнө сувдан бугуйвч, бүрмэл шаргал өнгийн хүзүүний зүүлт шинээрээ хайрцагтай байсан чинь хайгаад олоогүй. Тухайн эд зүйл нь байх ёстой учир хүүхэд асрагч Л.Б-ийн хамт хайсан боловч олоогүй. Бийг дахиад хайгаадах гэсэн чинь нэг хойрго хандаад байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр урьд үзэж шалгаж байсан 3 давхрын коридорт байсан хайрцгийг үзсэн чинь өөр ээмэгний хайрцагт хийчихсэн байсан. Тэгэхээр нь гайхаад Б-ээс энэ яагаад энд орчив гэсэн чинь Б би хийсэн, чи хэзээ хийсэн гэсэн чинь би өчигдөр хийсэн. Яагаад авсан юм гэсэн чинь надад орчин үеийн юм байхгүй, би өөрөө бугуйвч зүүлт хийдэг учир энэ бугуйвч, зүүлтийн хийцийг дуурайж хийх гэж авч явсан юм гэсэн. Тэгэхээр нь би чи хүний юм яагаад аваад явж байгаа юм гэсэн чинь Б би ер нь зүүхгүй юм билээ гэсэн. Тэгээд энэ юм олдохгүй байх үед монетон ээмэг харагдахгүй байсан. Тэгэхээр нь Б-ээс асуусан чинь мэдэхгүй, би аваагүй гэсэн. Тэгээд зуучилсан “...” ХХК руу яриад менежер нь ирсэн. Бид хэд ярилцаад цагдаад хандаж шийдье гэсэн. Цагдаа ирээд явсны дараа эд зүйлээс дахин шалгахад монетон ээмэг гэрт байсан. Одоогийн байдлаар манайхаас ...алга болсон бугуйвч, зүүлтийг олсон. Тухайн бугуйвч, зүүлт хоёр шинээрээ байсан. Тэгсэн зүүсэн бололтой хуучирсан байна. ...Бугуйвч нь сувдаар хийсэн Шанель брэндийн бугуйвч байсан. 2 жилийн өмнө 750 евро буюу 2.225.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Диор брэндийн шармал бүрмэл зүүлт 2 жилийн өмнө 1.470.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Энэ хүн  ийм үйлдэл дахин давтан гаргах бий, бид нарт зуучилсан компани энэ хүнийг дараагийн айлд зуучлах вий гэдэг үүднээс цагдаагийн байгууллагад хандсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

4. Гэрч Б.Б (...” ХХК-ийн ерөнхий менежер)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Манай байгууллага “...” ХХК нь зуучлалын агентлаг болон амралтын газар ажиллуулдаг. Манайх хүүхэд асрагч, гэрийн эзэгтэйн туслах, өндөр настан асрагч гэсэн ажлын байранд хүмүүс авч, ажил олгогч нар зуучилдаг байгууллага юм. Манай байгууллагад Солонго гэх эмэгтэй хүүхэд асрагч авах талаар хандсан. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Л.Б манай байгууллагад хүүхэд асрагчаар ажиллахаар ирж уулзаад холбогдох баримтын бүрдүүлж ажилд авсан. Л.Бийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ... байранд Солонгын хүүхэд асрагчаар 1 хоногийн туршилт хийгдэж Солонготой Б нар тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаатай гурван талт гэрээг байгуулсан. Үүнээс хойш Л.Б нь ажлаа хэвийн гүйцэтгэж, үйлчлүүлэгч нартай холбогдож асуухад хэвийн ямар нэг асуудалгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байсан. Тэгсэн  04 дүгээр сарын 08-ны өдөр Солонго утсаар холбогдоод хайрцаг багалаа савтай байсан бугуйвч, зүүлт олдохгүй байсан чинь өнөөдөр өөр газар хайрцаг багалаа боодлыг хаяад дангаар нь хийсэн байсныг олсон. Тэгээд Бээс асуусан чинь би авч явж загварыг нь харчхаад эргэж авчрах гэж байгаад мартсан байна гэж хэлсэн. Бусад зүйлийг одоогийн байдлаар бүртгэж шалгаагүй, өөр юу алга болсон талаар мэдэхгүй гэсэн. Би өөрийн биеэр очиж уулзсан чинь Б өөрөө тухайн бугуйвч, зүүлтийн загварыг нь хараад хийх гэж авч явсан, буцааж авчрахаа мартсан байна лээ гэж хэлсэн. Бугуйвч хийх материал авах гэсэн боловч материал ирээгүй учир хийгээгүй гэж тайлбарласан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Л.Бийг ажилд авахдаа анкет бөглүүлсэн, оршин суух, цагдаагийн газрын тодорхойлолт, батлан даагчийн хуудас, эрүүл мэндийн шинжилгээнүүдийг бүрдүүлж авсан. Л.Б манай байгууллагад ажилд орохдоо хүүхэд асрагчаар ажиллаж байгаа, мөн ажилд анхны айл нь энэ айл байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

5. Шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            Би өөрийнхөө хийсэн хэрэгт маш их харамсаж байна. Би бусдад мэдэгдэлгүй эд зүйлийн авсандаа харамсаж байна би уг ижил зүүлт бугуйвч хийх зорилготой авсан. Тэгээд мэдэгдэлгүй буцаагаад өгчих санаатай байсан. Би хэлэхгүй авсандаа харамсаж байна. Би Ё.Тунгалгын гэрт ажиллаж байх үедээ өөрт нь мэдэгдэлгүй монетон бугуйвч, зүүлт зэргийг авсан үйлдэлтэй их харамсаж байна. Би тухайн эд зүйлүүдийг 10 хоногийн дараа буцаагаад байсан газар нь тавьсан. Дээрх хоёр зүйлийн загвартай адилхан бугуйвч, зүүлт хийх зорилготой байсан. Би хэлж аваагүй. Би өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа хэрэгт холбогдлоо. Дахин ийм зүйл хийхгүй. Хэрэгсэхгүй болгож өгч болох бол уу, би өр толгойлсон эмэгтэй юмаа хоёр оюутан хүүхэдтэй,  ажил хийхгүй болохгүй. Бусдад учруулсан хохирлоо барагдуулсан. Би буцаагаад авчраад өгчих юм чинь гэж бодсон болохоор хэлээгүй юм. Мэдэгдэлгүй өгчихнө гэж бодсон. “...” ХХК-ний ноолуурын үйлдвэрт ноолуур ялгагчаар ажиллаж байгаа. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

6. Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №ХУ1-22-363 дугаартай “Chanel” брэндийн 2 жилийн өмнө худалдан авсан бугуйвч 1.680.000, “Dior” брэндийн хүзүүний зүүлтийг 1.240.000 төгрөгөөр, нийт 2,920,800 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), хувийн сууц, газар өмчлөлд нь бүртгэлтэй тухай эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), 2021 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд ... ХК-нд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) болон “...” ХХК, Л.Б нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “...” ХХК, Л.Б нарын хооронд байгуулсан Харилцан тохиролцсон хамтын ажиллагааны гэрээ, Л.Бийн хувийн мэдээллийн талаарх анкет, ... хүүхэд асрагч зуучлалын төвийн, Э.Энхжин нарын хооронд хийсэн батлан даагчийн хуудас (хавтаст хэргийн 17-28 дугаар хуудас) зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Б-т холбогдох гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Л.Б нь хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх “Хийморь” хотхоны А4 тоот хувийн орон сууцнаас 2022 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хохирол Ё.Тийн 1.680.000 төгрөгийн үнэтэй “Chanel” брэндийн монетон бугуйвч, “Dior” брэндийн 1.240.000 төгрөгийн үнэтэй хүзүүний зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 2,920,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ё.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...”...” ХХК-аар дамжуулан хүүхэд асрагчийг авахаар болж ...Л.Б 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...сувдан бугуйвч, бүрмэл шаргал өнгийн хүзүүний зүүлт шинээрээ хайрцагтай байсан чинь хайгаад олоогүй. ...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр урьд үзэж шалгаж байсан 3 давхрын коридорт байсан хайрцгийг үзсэн чинь өөр ээмэгний хайрцагт хийчихсэн байсан. ...Б-ээс энэ яагаад энд орчив гэсэн чинь би хийсэн, чи хэзээ хийсэн гэсэн чинь би өчигдөр хийсэн, яагаад авсан юм гэхэд  надад орчин үеийн юм байхгүй, би өөрөө бугуйвч зүүлт хийдэг учир энэ бугуйвч, зүүлтийн хийцийг дуурайж хийх гэж авч явсан гэсэн. ...монетон ээмэг харагдахгүй байсан. ...Цагдаа ирээд явсны дараа эд зүйлээс дахин шалгахад монетон ээмэг гэрт байсан. Одоогийн байдлаар манайхаас ...алга болсон бугуйвч, зүүлтийг олсон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

-Гэрч Б.Билгүүнзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Л.Б-ийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ... байранд Солонгын хүүхэд асрагчаар ...тохиролцсоны үндсэн дээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаатай гурван талт гэрээг байгуулсан. ...04 дүгээр сарын 08-ны өдөр Солонго утсаар холбогдоод хайрцаг багалаа савтай байсан бугуйвч, зүүлт олдохгүй байсан чинь өнөөдөр өөр газар хайрцаг багалаа боодлыг хаяад дангаар хийсэн байсныг оллоо гэсэн. ...Би ...очиж уулзсан чинь Б өөрөө тухайн бугуйвч, зүүлтийн загварыг нь хараад хийх гэж авч явсан, буцааж авчрахаа мартсан байна лээ гэж хэлсэн. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

Яллагдагч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Ё.Т-ын гэрт ажиллаж байх үедээ өөрт нь мэдэгдэлгүй монетон бугуйвч, зүүлт зэргийг авсан. ...10 хоногийн дараа буцаагаад байсан газар нь тавьсан. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас), Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №ХУ1-22-363 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын  лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

“...” ХХК, Л.Б нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “...” ХХК, Л.Б нарын хооронд байгуулсан Харилцан тохиролцсон хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр шүүгдэгч Л.Б нь хохирогчийн гэрт хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар авсан нь хангалттай тогтоогдсон байна.

Мөн “Хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэх” 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний зургаа дугаар зүйлд “хүүхэд асрагч үүргийн”-ийн талаар зохицуулсан байх ба тус зүйлийн 6.21-т хүүхэд асрагч нь гэрийн эзэгтэйн аливаа үнэт эдлэл болон гэр орны бусад үнэтэй эд хөрөнгөд дур мэдэн гар хүрэх, хэрэглэх, хулгайлах зэрэг үйлдэл гаргах нь гэрээг цуцалж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхэд шууд үндэслэл болно. ...мөрдөж ажиллах үүрэгтэй” гэсэн байх ба уг заалтыг Л.Б танилцаж гарын үсгээ зурсан байна. Гэвч Л.Б хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчиж, хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа гэрийн эзэгтэйн үнэт эдлэлийг хулгайлсны улмаас гэрээний нэг тал буюу эрүүгийн хэргийн хохирогч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр гэмт хэрэг илэрсэн үйл баримт байна.

Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авах нь хулгайлах гэмт хэрэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг эзэнд нь мэдэгдэлгүйгээр авсан, улмаар хохирогчид 300.000 төгрөгөөс буюу бага хэмжээнээс дээш 2,920,800 төгрөгийн хохирол учруулсан нь хулгайлах гэмт хэргийн ердийн шинжийг хангасан байна. Харин шүүгдэгч хохирогчийн гэрт хэлцлийн үндсэн дээр буюу ажил үүрэг гүйцэтгэхээр нэвтэрч ажиллаж байхдаа эд хөрөнгө хулгайлсан байх тул хүндрүүлэх шинжээр зүйлчлэх шаардлагагүй юм.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Т-т 2.920.800 төгрөгийн хохирол учирсан ба  шүүгдэгч хохирогчийн эд хөрөнгийг биет байдлаар буцаан өгсөн тул төлөх төлбөргүй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлт гаргасан. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ өөрийн буруугаас болж анх удаа гэмт хэрэгт холбогдлоо, миний бие өрх толгойлсон эмэгтэй, хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг, ажил эрхэлж байгаа зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт хэлсэн.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй юм.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудаст Л.Б нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй гэж тэмдэглэгдсэн нь түүнийг ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав. 

 

Шүүгдэгч Л.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг буюу гэм хорыг арилгасан, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан, түүнд тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх хуулийн шаардлага хангагдсан гэж үзэж, улсын яллагчийн хэлсэн ялын саналыг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэв.

   III. Бусад асуудлаар. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн Л-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О овогт Л-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн  үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн 2210000000529 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ё.Т-т төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Б-ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА