Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0424/Э |
Дугаар | 2022/ШЦТ/418 |
Огноо | 2022-05-31 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/418
2022 05 31 2022/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Х.Ө нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос П овогт Х-ийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210000000620 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
П овогт Х-ийн Ө нь Монгол Улсын иргэн ...
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Х.Ө нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “машин налж зогслоо” гэх шалтгаанаар маргалдаж Д.А, Н.М нарын нүүрэн тус газарт цохиж Д.А-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салст, баруун нүдний дотор булан, духанд цус хуралт, зүүн хацрын төвгөр, өвдөг, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, Н.М-гийн биед баруун хөмсөгний дээд хэсэгт шар, баруун дээд зовхи, зүүн зовхи, зүүн хөмсөгний урд дээд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэг, баруун гарын ядам хуруу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Ө мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө ... баруун талд байх караокены гадна ахыгаа авахаар хүлээж байтал хоёр согтуу залуу машин налж зогсоод хоорондоо чанга чанга яриад байхаар нь бууж тэдэнд машин битгий налаад бай гэж хэлээд маргалдсан. Эхлээд А-тэй нь маргалдаад түүний нүүрэнд цохисон чинь М нь салгах гэхээр нь бас түүнийг цохисон. Гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогч нарт хохирол төлсөн гэв.
Эрүүгийн 2210000000620 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 00:47:08 “Согтуу хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
2. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ш.М-гийн биед үзлэг хийхэд “баруун хөмсөг гэмтсэн байдалтай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас),
3. Хохирогч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 14-ний орой А, Л нартай нартай найз Б-ын төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн. Тухайн үед бид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, пиво уусан байсан. 2022 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нийг шилжих шөнө 00:10 цагийн үед “...” караокеноос сууж байгаад гарсан. Гэр рүүгээ харихаар болсон. Такси барих гээд зам дээр машины зогсоолын хажууд байж байгаад машин замаас такси зогсоочхоод найз А, Л нар дээр буцаж очиход А нэлээд согтсон байсан. Тэгээд найзыгаа машин суулгах гээд очиход манай найз зогсоолд зогсож байсан машины ар талын цонхыг хальт түшсэн. Тэгэхэд дотроос нь өндөр махлагдуу залуу гарч ирсэн. Манай найз А рүү хэлэхдээ “машин налаад яах гээд байгаа юм бэ” гээд уурласан. Тэгэхэд манай найз согтсон байсан учир тэр залуутай маргасан. Манай найзыг тэр махлаг өндөрдүү залуу, Х.Ө гэх хүн нь доромжлоод байсан юм байна лээ. Нэрийг нь сүүлд бид нараас уучлалт гуйхад нь мэдсэн. Тэр үед манай найз маргахдаа тэр залууг цохих гээд оноогүй. Тэгэхэд Х.Ө гэх залуу нь уурлаж хувцсаа тайлж дээгүүрээ шалдлаад манай найз руу дайрсан, нүүрний зүүн хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд хувцаснаас нь зуурч унагааж чирсэн. Би найзыгаа зодоон хийлгэхгүй гэж салгах үед намайг тухайн залуу баруун талын хөмсөг нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Би байдал бишид лээ гэж бодоод найзыгаа зодоон хийхээс нь өмнө найз Л-тойгоо тухайн залуугаас найзыгаа салгаж авсан. Манай найз А нь тухайн залууг цохиж зодсон гэмтэл учруулсан зүйл байхгүй. Манай найз Л А-ийг салгаж байхдаа манай найзууд цохиулсан байна лээ, тэрнээс биш тэр залуу намайг болон А-ийг цохисон ийм л асуудал болсон. Миний хувьд гомдол санал байхгүй энэ асуудлыг хурдан шуурхай шийдэж өгнө үү. Надад холбоотой санал хүсэлт алга, тухайн залуу надаас уучлалт гуйсан нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
4. Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 20-21 цагийн хооронд найз Б-ын төрсөн өдөр дээр Хан уул дүүргийн ...ийн замын эсрэг талд байрлах “...” гэх караокед очсон. Тэндээ дуулж ууж суусан. 2022 оны 04 дүгээр сарын 13-аас 14-ний шилжих шөнө гэр лүүгээ найз Л, М нарын хамтаар тухайн газраасаа гараад замын хажууд машин барьж харих гэж байхдаа машин андуурч өөр хүний машины ард талын шилийг түшсэн. Тухайн үед би нэлээн согтсон учир болсон асуудлыг сайн санахгүй байна. Сүүлд манай найз Л надад хэлэхдээ чи нэг бүдүүн залуутай муудалцаад зодолдох гэхээр чинь болиулж салгасан. Тэр үед Х.Ө гэх залуу нь намайг нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа цохиод, нүүрээ дарж суухад чинь чирсэн гэж байсан. Миний хувьд тухайн асуудлыг санаж байгаа. Мөн найз М тэр залуу над руу дайраад байсан учир намайг тэр залуутай зодолдохоос урьдчилан сэргийлж бид хоёрыг салгахдаа тэр залууд М хөмсөг рүүгээ цохиулсан. Тэгэхэд найз Л намайг салгах гэж байхдаа миний тохойнд нүдээ цохисон гэж байсан. Тэр үед намайг цохисон Х.Ө гэх залуу дээдэх хувцсаа тайлаад шалдан над руу дайраад байсан, найз Мг 1 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Намайг нүүрний зүүн хэсэгт цохисон юм.. Тухайн залуу бид нараас уучлалт гуйсан. Тэр үед найз нь гэх нэг залуу байсан. Надад холбоотой санал хүсэлт алга. Тухайн залуу надаас болон найзаас уучлалт гуйсан нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас),
5. Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрийнхөө ажил дээрээ Хан уул дүүргийн Зайсангийн "...” Оффис дээрээ найз А, Э нартай архи уусан. 00.15 цаг өнгөрч байхад сайн санахгүй байна, тэр үед А нь ууж байхдаа манай хүүхдийг гадаа зодуулж байна гарч салгая гэсэн. 4 дүгээр давхрын 401 тоотоос доошоо нэг давхар луу буухад баахан хүүхдүүд зодолдсон байсан. Би орилж чарлаад яагаад хүүхэд зодоод байгаа юм больцгоо та нар гэж хэлээд тухайн хүүхдүүдийг салгаж хөөж явуулсан. Тэгээд би дээшээ гараад харуулдаа наад хаалга үүдээ хаа, битгий хүн амьтан цуглуул гэж хэлээд доошоо буухдаа цагдаатай тааралдаад цагдаагийн хэлтэс дээр найз Энхбаатарын хамт ирж саатуулагдсан. ...Б гэх залуу нь манай ажлын зөөгч гэдгийг өчигдөр мэдсэн. Бусад хоёр залууг нь танихгүй. Б-ын хоёр найз манай А-ын хүүхэдтэй тэр залуучууд маргалдсан, бөөн бужигнаан болоод хэн хэнтэйгээ зодолдсоныг нь сайн мэдэхгүй байна. ...Манай оффис хяналтын камертай. ...Гомдол гаргагч талаас, Б гэх хүнтэй холбогдож ярихад юу болсон юм бэ гэж асуухад манай найзууд ажил дээр ирээд уусан. Би тэд нарт эвтэйхэн ууж байгаад яваарай гээд хэлсэн. Тэгээд гараад явсан гэж байгаа юм, тэгээд үлдсэн найзууд нь зодоон болоод байна гэж залгасан гэж ярьж байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),
6. Гэрч Ш.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр найз М, А нартай төрсөн өдөр тэмдэглэсэн юм. Тухайн үед бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэж пиво уусан байсан. 00:10 цагийн үед “...” караокеноос тооцоогоо хийгээд гарсан. Гэр гэр лүүгээ харих гээд такси барихаар машины зогсоол дээр байхад найз А нэлээд согтсон байсан учир ойролцоо зогсоолд зогсож байсан машины ар талын цонхыг хальт түшсэн. Тэгэхэд дотроос нь өндөр махлагдуу залуу гарч ирээд яах гээд машин налаад байгаа юм бэ гээд уурласан. Манай найз согтсон байсан учир тэр залуутай маргасан. Доромжлоод байсан учир манай найз түрүүлж цохиод тухайн залууг оноогүй. Нөгөө залуу ихэд уурлаж хувцсаа тайлж дээгүүрээ шалдалж найз руу дайрч нүүрний зүүн хэсэгт нь нэг удаа цохиод хувцаснаас нь зуурч унагааж чирсэн. Тэгэхэд би найзыгаа зодоон хийлгэхгүй гэж салгах үед би найз А-дөө зүүн нүд рүүгээ цохиулсан. Тэр залууд цохиулсан зүйл байхгүй. ...Х.Ө гэх хүнийг би танихгүй, өндөр махлаг залуу байсан. Бид нараас уучлалт гуйж учраа олоход нэрээ Х.Ө гэж хэлж байсан. Ө нь бас манай найз Н.М-гийн хөмсөг рүү нь цохисон, тэнд ийм л асуудал болсон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
7. Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр төрсөн өдөр болсон юм. Б-н тухайн үед ажил дээрээ байсан. Найз М, Л, А нар 19:00 цагийн үед над дээр ирсэн. 00.00 цаг өнгөрөөгөөд гэр лүүгээ явсан. Тэгэхэд манай найз нар гэр лүүгээ харина гээд такси барина гээд зам дээр үлдсэн, юу болсныг би мэдэхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),
8. Гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 22.00 цагийн үед найз Б-ийн найз охины төрсөн өдөр дээр Ө, З нартай Барилгачдын талбай ойролцоо газар найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж хамт байсан. Тэндээсээ 00:00 цагийн үед гэр лүүгээ харих гээд Ө, З бид гурав миний машинтай Замилангийн аавыг авах гээд Зайсан руу очсон юм. “...” гэх газрын урд машины зогсоолд машинаа тавиад машинд Ө үлдээд, З бид хоёр З-ийн аавыг авах гэж тухайн газар луу орсон. Манай найз аав А согтуу байна, та хоёр машин бариад өгөөч ээ гэсэн учир машиныг нь барьж өгөх гээд З- бид хоёр машиныг нь асааж халаах гээд гадагшаа гарсан. Гарахад найз Ө согтуу гурван залуутай муудалцсан маргасан байдалтай байсан. Юу болсныг би сайн мэдэхгүй. Манай найз руу тэр гурван залуу чи намайг цохисон гээд, манай найз бас уурласан байсан. Тухайн хүмүүс нэлээн согтуу байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
9. Гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А, А нартай хамт ажил тарсны дараа доошоо караокедоо орж, тэндээ ганц шил юм ууж сууж байгаад дээшээ оффисын өрөө рүүгээ дөрвөн давхарт 401 тоотод орсон. Тэндээ ажил төрлийн асуудал ярилцсан. А архи уусан учир машин бариулахаар хүүхдээ дуудсан. 00.10 цаг болж байсан. Манай хамгаалагч бид нар дээр хоёр дахь удаагаа орж ирээд, тухайн үед А-ын хүүхэд хүмүүстэй зодолдоод байна гэсэн. Салгах гээд доошоо бууж гарахад үүдэнд хэдэн залуус хоорондоо зодолдсон байдалтай газар цус болсон байсан. 3-4 залуугийн нүүр нь цус болцон байсан. Нэг залуу нь газар хэвтсэн байсан. Тэр үед А, А нарын хамт бид гурав салгах гэж гарсан. Тухайн үед би дээгүүрээ нэг нүцгэн залуутай хамт цус нөж болсон, бөөгнөрцгөөсөн. Тэр залуу руу тал талаас нь дайрсан байдалтай байсан учир бид нар очиж нөгөө хэдийг цааш нь түлхэж салгах арга хэмжээ авсан. Унасан залуу босож ирээд над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг 2-3 удаа өөрөөсөө холуулах зорилгоор түлхсэн. ...Цагдаа нар ирсэн. Ийм л асуудал болсон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас),
10. Шүүгдэгч Х.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
Миний хувьд Д.А, Н.М нартай маргалдсанаас болоод гэмтэл учруулсан. Д.А, Н.М нар согтууруулах ундааны зүйл хэт хэрэглэсэн байсан. Миний хувьд цохисноо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн хүмүүсээс уучлалт хүсэж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлттэй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5824 дугаартай:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи хүрэн ягаан өнгийн, алимны салстын гадна буланд хүрэн улаан өнгийн, баруун нүдний дотор булан хөх ягаан өнгийн, духны зүүн дээд хэсэгт 1.5x1 см улаан ягаан өнгийн цус хуралтуудтай. Зүүн хацрын төвгөрт 2x1 см хүрэн ягаан өнгийн, зүүн өвдөгт 1.5x1 см, 1x1 см, шилбэний урд дээд хэсэгт 1x0.5 см, баруун өвдөгт 1.5x1 см улаан хүрэн өнгийн тав тогтож буй зулгаралттай. Зүүн нүдний дээд, доод зовхи бага зэргийн хавантай.
1. Д.А-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, баруун нүдний дотор булан, духанд цус хуралт, зүүн хацрын төвгөр, өвдөг, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /шинжээч Л.Бямбатуяа/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5809 дугаартай :
Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгний дээд хэсэгт 2.5 см зах ирмэг тэгш бус шархтай, шарханд анхдагч цэгцлэлт хийсэн, баруун дээд зовхинд 4.0x1.0 см зах ирмэгээсээ шаргал өнгийн туяа орж буй, зүүн зовхины эргэн тойрон зах ирмэгээсээ шаргал өнгийн туяа орж буй хөх ягаан өнгийн, зүүн хөмсөгний урд дээд хэсэгт 1.5х1.0см бүдэг ягаан цус хуралтуудтай, зүүн хөмсөгний доод хэсэгт 4.0х0.3 см улаан ягаан өнгийн, баруун гарын ядам хурууны 3-р үенд 1.0х0.1 см, зүүн бугуйнд 0,5x0,5 см улаан ягаан өнгийн зулгаралтуудтай.
1. Н.М-ийн биед баруун хөмсөгний дээд хэсэгт шар, баруун дээд зовхи, зүүн зовхи, зүүн хөмсөгний урд дээд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэг, баруун гарын ядам хуруу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохилтын улмаас үүсгэгдэнэ, үзүүлэхээс 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч Д.Дунгаамаа/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),
13. Хохирогч Н.М, Д.А, яллагдагч Х.Ө нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас), Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаар тогтоол, санал (хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас),
14.Хохирогч Д.А-өөс хэрэгт ирүүлсэн дүрс оношилгооны хариу, үзлэг оношилгооны хийлгэсэн 130.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас),
15.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 72, 73, 77 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Х.Ө нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө “машин налж зогслоо” гэх шалтгаанаар хохирогч Д.А, Н.М нартай маргалдаж, Д.А-ийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салст, баруун нүдний дотор булан, духанд цус хуралт, зүүн хацрын төвгөр, өвдөг, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
-хохирогч Н.М-гийн эрүүл мэндэд баруун хөмсөгний дээд хэсэгт шар, баруун дээд зовхи, зүүн зовхи, зүүн хөмсөгний урд дээд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний доод хэсэг, баруун гарын ядам хуруу, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-хохирогч Н.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...А нэлээд согтсон байсан. ...манай найз зогсоолд зогсож байсан машины ар талын цонхыг хальт түшсэн, ...дотроос нь өндөр махлагдуу залуу гарч ирсэн. ...машин налаад яах гээд байгаа юм бэ гээд уурласан, манай найз согтсон байсан учир тэр залуутай маргасан. ...Х.Ө гэх залуу нь уурлаж хувцсаа тайлж дээгүүрээ шалдлаад манай найз руу дайрсан, нүүрний зүүн хэсэг рүү нь нэг удаа цохисон. ...Би найзыгаа зодоон хийлгэхгүй гэж салгах үед намайг тухайн залуу баруун талын хөмсөг нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас), хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...машин андуурч өөр хүний машины ард талын шилийг түшсэн. ...тэр үед Х.Ө гэх залуу нь намайг нүүрний зүүн хэсэг рүү нэг удаа цохиод, нүүрээ дарж суухад чинь чирсэн гэж байсан. Миний хувьд тухайн асуудлыг санаж байгаа. ...тэр залууд М хөмсөг рүүгээ цохиулсан. ...Х.Ө гэх залуу дээдэх хувцсаа тайлаад шалдан над руу дайраад байсан, найз Мг 1 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Намайг нүүрний зүүн хэсэгт цохисон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас), гэрч Ш.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...А нэлээд согтсон байсан учир ойролцоо зогсоолд зогсож байсан машины ар талын цонхыг хальт түшсэн. Тэгэхэд дотроос нь өндөр махлагдуу залуу гарч ирээд яах гээд машин налаад байгаа юм бэ гээд уурласан. Манай найз согтсон байсан учир тэр залуутай маргасан. ...Нөгөө залуу ихэд уурлаж хувцсаа тайлж дээгүүрээ шалдалж найз руу дайрч нүүрний зүүн хэсэгт нь нэг удаа цохиод хувцаснаас нь зуурч унагааж чирсэн. ...Ө нь бас манай найз Н.М-гийн хөмсөг рүү нь цохисон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас), гэрч О.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Гарахад найз Ө согтуу гурван залуутай муудалцсан маргасан байдалтай байсан. ...Манай найз руу тэр гурван залуу чи намайг цохисон гээд, манай найз бас уурласан байсан. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас), гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...үүдэнд хэдэн залуус хоорондоо зодолдсон байдалтай газар цус болсон байсан. 3-4 залуугийн нүүр нь цус болсон байсан. Нэг залуу нь газар хэвтсэн байсан. Тухайн үед дээгүүрээ нэг нүцгэн залуутай хамт цус нөж болсон, бөөгнөрцгөөсөн, тэр залуу руу тал талаас нь дайрсан байдалтай байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас), Х.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Миний хувьд Д.А, Н.М нартай маргалдсанаас болоод гэмтэл учруулсан, ...цохисноо хүлээн зөвшөөрч байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5824 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5809 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан гомдол (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Ш.М-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Ө нь гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүгдэгч Х.Өт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хуульд заасан шаардлага нөхцөл хангагдсан байна.
Шүүгдэгч нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнээр зүйлчлэх үндэслэлтэй тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх бөгөөд шүүгдэгчийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар: Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А, Н.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.А нь 130.000 төгрөгийн төлбөрийн баримт хэрэгт ирүүлжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Ө нь хохирогч нарт нийт 7.000.000 төгрөг нөхөн төлсөн талаар мэдүүлэх боловч холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй, улмаар хохирогчдоос тодруулахад 7.000.000 төгрөг аваагүй талаар шүүхэд мэдэгдсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байсан, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч нар оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдэгдсэн байгааг тогтоолд дурдав.
Хохирогч Д.А, Н.М нар гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч нь шүүгдэгч Х.Ө гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тул ялын саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч дээрх ялыг зөвшөөрч байгаа гэсэн тайлбар гаргасан.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Х.Ө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /шүүх хуралдаанд шинээр ирүүлсэн/ ял шийтгэгдэж байгаагүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Шүүхээс шүүгдэгч Х.Ө-ийг гэм буруутай болохыг тогтоосон ба Х.Ө нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын санал танилцуулахад шүүгдэгч зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар илэрхийлж байх тул хуулийн шаардлага хангагдсан гэж үзэж, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Ө цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Х-ийн Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.А, Н.М нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.А, Н.М нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардлыг болон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА