Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/441

 

 

                                              

 

 

 

 

 

 2022           06            08                                           2022/ШЦТ/441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт М-ын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210000000661 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт М-ын М нь Монгол Улсын иргэн, ...

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

М.М нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ... гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Стай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар заазуур ашиглаж зүүн гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь “зүүн шууны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: Болсон хэргийн талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Эрүүгийн 2210000000661 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18:10:56 цагт “гарыг нь заазуурдсан, цус алдаад байна, согтуу хүн” дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), гомдол, мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэргийн газарт буюу Хан-Уул дүүргийн ... үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас), 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хэрэгт хураагдсан заазуурт үзлэг хийхэд нийт 27 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, өргөн нь 7см, ажлын хэсэг нь никель өнгөтэй, ногоон өнгийн лентээр бариул хэсгийг битүү ороосон эрээн өнгийн хуванцар материалаар хийгдсэн бариултай заазуур байсан тухай тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 6, 7-8 дугаар хуудас),

3. Хохирогч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед манай аавын төрсөн эгчийнх нь хүүхэд болох М ах над руу залгаад гипсийн ажил байна ирээд хийх үү гэж ярихаар нь би тэгье гэж хэлээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед М ахын ажиллаж байгаа газар болох Хан-Уул дүүргийн ... гэх газар очсон тухайн өдөр ажил хийгээгүй. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны 07 цагийн үед ажилд гарсан, 13 цагийн үед хоол идчихээд М ах хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй 1 шил архи авч, М ах түүнтэй хамт ажиллаж байгаа танихгүй залуу бид гурав хувааж уусан. ...Тэгж байхад Өмнөговь аймгаас Мөнхбаяр залгаад өрлөгийн ажил эхэлчихлээ маргааш өглөө шууд гарчихаа замын зардлыг чинь шилжүүлчихье гэж ярьсан. Би М ахад дүү нь маргааш Өмнөговь очиж барилгын ажил хийхээр болчихлоо гэж хэлсэн. ...М ах бид хоёр ...дэлгүүр ороод 1 шил архи аваад М ах, хамт ажиллаж байгаа танихгүй залуу бид гурав барьж байгаа хаусан дотор уусан. Миний бэр эгч болох М над руу залгаад үүдэн дээр чинь ирж байна гэж ярихаар нь би очиж тосож аваад та тойроод гэрийн урд хүрээд ир би багажуудаа ачна гэж хэлчхээд гэр лүү ороод мишокоо хураагаад байж байхад араас М ах пизда минь гээд хэлэхээр нь би эргэж хартал М ах баруун гартаа заазуур барьчихсан над руу далайхаар нь би зүүн гараараа нүүрээ хамгаалахад миний зүүн гарын шууны гадна хэсгийг заазуураар зүссэн. М эгч гаднаас орж ирээд шууд цагдаа, түргэн дуудсан. ...М ах бид хоёр бага зэргийн согтолттой байсан өөрсдийн үйлдлээ хянах чадвартай байсан. ...Бид хоёр хоёулхнаа байсан миний гарыг заазуураар зүссэний дараа М эгч гэрт орж ирсэн. ...Гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

Хохирогч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:

“...М.М надад бэлнээр 500.000 төгрөг өгч хохирол барагдуулсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

4. Гэрч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ж.С залгаад ахаа би Төв аймаг руу явах зам дагуу байдаг Жаргалант эко гэх нэртэй газарт байна, маргааш Өмнөговь явах ажилтай болчхоод гэр рүүгээ очих шаардлагатай байна, машингүй байгаа учраас та машинтайгаа ирээд гэр рүү хүргээд өгчих гэж хэлсэн  байсан. ...Би өөрийн ... улсын дугаартай “Ниссан Эдван” ...автомашиндаа 2 хүүхдээ суулгаад С-ийг авахаар Хан-Уул дүүргийн ... руу явсан. ...Жаргалант эко ...хотхоны гадна талд очоод С-ийн ...дугаар руу залгаад эгч нь ...ирчихлээ гэж хэлсэн чинь С нь мөн манай нөхрийн хамаатны эрэгтэй хүн болох М гэх залуутай хамт гараад ирсэн. ...С машинд суух гэснээ, ...би багажуудаа аваад ирье гэж хэлээд ...гүйгээд явсан. Харин М зогсож байгаад нээрээ надад гэрийн түлхүүр байгаа шүү дээ очиж онгойлгохоос, цаадах чинь орж чадахгүй юм байна гэж хэлээд чи машинтайгаа тойроод бид хоёрын байгаа Монгол гэрийн хажууд хүрээд ир гэсэн. ..Би тухайн үед машинаа асаагаад М-ын хэлснээр машинтайгаа Ундармал ...хүнсний дэлгүүрийн хажуу талаар тойроод ертөнцийн зүгээр хойшоо явтал хэсэг Монгол гэрүүд харагдсан. Аль гэр гэдгийг нь мэдэхгүй байсан учраас Сийн дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Монгол гэрүүдийн хаалгыг нь анзаартал бүгд хаалттай нэг гэрийн хаалга нь онгорхой байхаар нь ...орох гэтэл М өөдөөс гарч ирэхээр нь би Ваанчиг багажуудаа аваад, гараад ирье гэсэн яасан бэ гэж асуутал М хариуд нь “би гарын заазуураар заазуурдчихсан гэхээр нь би “чи одоо юу яриад байгаа юм бэ, хэдүүлээ байгаа юм, ...заазуур чинь хаана байгаа юм гэж асуугаад гэр рүү нь гүйгээд орсон. С Монгол гэрийн ертөнцийн зүгээр баруун талын шалан дээр суучихсан цус гоожиж байгаа гараа барьчихсан, эгчээ миний гарыг М заазуурдчихлаа шүү дээ гэсэн Би эмнэлгийн болон Цагдаагийн байгууллагад хандсан. Удалгүй ...мэргэжилтнүүд ирсэн. ...Тухайн үед Жаргалант эко гэх нэртэй газарт очоод анх С-тай уулзалдахад түүний гар болон биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

5.Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Монгол Хаус ХХК-д барилгын ажлаа хийж байсан. Би ажлаа хийж байтал тэнд байсан нэг залуу танай байрладаг гэрт цагдаа нар ирсэн бөөн юм болоод байна гэж хэлсэн. Гэрт очтол Ваня /С/ гар нь боолттой байсан. Түргэн ирсэн анхан шатны тусламж үзүүлж байсан. Цагдаа нар ирээд М-ыг аваад явсан. ...Тухайн өдөр би ажлын гэртээ хоол хийгээд байж байтал Ваня гаднаас гэрт орж ирээд өчигдөр уусан чинь одоо шартаж үхлээ гэж хэлэхээр нь би одоо наад архиа боль гэж хэлэхэд байнга гуйгаад байсан. Тэгсэн чинь М Ваня дэлгүүр орж хоолны ногоо авч ирэхдээ дэлгүүрээс 1 ширхэг 0.75-н архи аваад ороод ирсэн. Тэр архийг бид 3 хамтдаа уусан, ...уучхаад ажлаа хийхээр гарсан. Намайг ажлаа хийж байх хойгуур ийм зүйл болсон байсан. Ваня, М нар тодорхой хэмжээний согтолттой байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

            6. Шүүгдэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би хамаатны дүү С руу залгаж гипсийн ажил байна хийх үү гэж ярихад С тэгье гээд 12 цагийн үед ...- гэх нэртэй газар ирсэн, ирэхдээ согтуу байсан. 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ...С дэлгүүр орчоод ирье гэж яваад ...архи авч ирээд архиа надтай хамт ажиллаж байсан Х-тай хувааж уусан, надаа өгөхөөр нь би уугаагүй. Цайны дараа би С-тай ...дэлгүүр орж Хараа нэртэй 0,75 литрийн 1 шил архи, ногоо, ундаа аваад барилгын засвар хийж байгаа хаусан дотроо орж Х, С бид гурав хувааж ууж дуусгасан. ...С надад хандан би Өмнөговь явж найз дээрээ очиж ажил хийхээр боллоо бэр эгчийг дуудчихлаа одоо ирж байгаа байх гэж хэлсэн С-ийн бэр эгч болох М С-ийг авахаар ирсэн. ...Би М-ад тойрч ирэх замыг нь зааж өгөөд байрлаж байгаа гэрт очиход гэрийн цоож эвдээд С орсон байхаар нь уур хүрээд, гэрт ороход С хойшоо хараад хувцас, мишокоо бэлдэж байхаар нь би баруун гараа атгаж байгаад зүүн талын мөр хэсэгт нь нэг удаа цохиод, тэнэг юм уу, чи ирэхийн хооронд цоож эвдээд орчихсон байхын гэж хэлсэн. С уурлаад босож ирэхээр нь би хойшоо алхаад ширээн дээр байсан заазуур аваад Сийн зүүн гарын шуу хэсгийн зүссэн. Гарын шуунаас нь цус гарахаар нь би маарлаар цусыг нь боож байхад гаднаас М орж ирээд юу болсон бэ гэж асуухаар нь би заазуураар зүссэн гэж хэлсэн. М цагдаа, түргэнд дуудлага өгсөн байсан. ...Гэрийн цоож эвдсэн байхаар нь миний уур хүрээд цохиод авахад өөдөөс уурлаад босоод ирэхээр нь намайг зодчих байх гэж бодоод заазуур аваад гарын зүсчихсэн. ...Би дунд зэргийн согтолттой байсан өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Ж.С-т бэлнээр 500,000 төгрөг өгч хохиролгүй болгосон. ...Дарамт шахалт үзүүлж мэдүүлэг авсан үйлдэл байхгүй. ...Би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна, миний буруу. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №6198 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн шууны гадна дунд хэсэгт 8.5 см урт ирмэг тэгш цэгцлэлт хийж зангилаат оёдол тавьсан шархтай, зүүн сарвууны атгах хөдөлгөөн чөлөөтэй, зүүн гарын ядам, чигчий хурууны тэнийх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

-Ж.С-ийн биед зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх үйлдлээр үүснэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна /шинжээч эмч Н.Энхцолмон/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

            8. Яллагдагчийн хүсэлт (хавтаст хэргийн 59 дэх тал), Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №157 дугаартай тогтоол, санал (хавтаст хэргийн 60, 61-62 дахь тал),

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 38-39, 41-43 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.М нь Хан-Уул дүүргийн ... “... барилгын үйл ажиллагааг явуулж байгаа ажилчдын байрладаг гэрт 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр согтуурсан үедээ хохирогч Ж.С-тай гэрийн цоож эвдэж орлоо гэх шалтгаанаар маргалдаж заазуураар цохиж гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ж.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 13 дугаар хуудас), гэрч Ч.М, Б.Х нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 15-16, 20-21 дүгээр хуудас), шүүгдэгч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 6198 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас), гэмт хэргийн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас), 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хэрэгт хураагдсан заазуурт үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 6, 7 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М гэм буруугийн талаар маргаагүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хуульд заасан шаардлага хангагдсан гэж үзнэ.

Мөн шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг, хуульд заасан өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэл тогтоогдоогүй тул хуулиар олгогдсон өөрийгөө өмгөөлөн оролцох эрхийг хангасан болно.

Иймд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцов.

Хохирол хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, эмчилгээний зардлыг нэхэмжилж, шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт төлсөн 8000 төгрөгийн баримтыг ирүүлсэн, өөр баримт гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгч М.М хохирогчид 500,000 төгрөг нөхөн төлсөн талаар мэдүүлэх ба энэ талаар баримт авагдаагүй боловч хохирогч дахин мэдүүлэг өгөхдөө “хохирлын төлбөрийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул  шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч “шүүгдэгч М.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар тохиролцсон саналын хүрээнд саналаа дэмжиж оролцсон, шүүгдэгч ялыг зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн.

Шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч М.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос оногдуулах саналыг танилцуулахад  шүүгдэгч зөвшөөрч,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байх тул тохиролцсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн газрын үзлэгээр заазуур хураан авч, заазуурт үзлэг хийж, мөрдөгч 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эд мөрийн баримтаар тооцсон байх боловч прокурор яллах дүгнэлтийн хавсралтад хураагдсан эд мөрийн баримтгүй гэж бичиж, эд мөрийн баримт заазуурыг шүүхэд ирүүлээгүй зөрчил тогтоогдсон ба цаашид прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дээрх алдаа, зөрчлийг гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн М-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.С-т төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг хэргийн хамт прокуророос ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7 Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч М.М-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА