Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2234

 

МАГАДЛАЛ

 

2017.10.20                                                     Дугаар 2234                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

Г. Э нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02412 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч М О Х Н Н У Т З холбогдох,

 

Ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л. Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л. С, Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 1986 оноос хойш, 2000 оноос Тээврийн дээд сургуульд багшаар ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Тээврийн дээд сургуулийн захирал, удирдлагын баг шуурхай хурал хийж, 2016 оны 6, 9 дүгээр сард оюутнуудын өгсөн өргөдөл гомдлын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулна гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ хурал дээр захирал Ж.Пүрэвсүрэн “энэ хүнийг сахилгын арга хэмжээгээр халахаар цалин хөлс нь бүрэн олгогдохгүй хохирно, өөрийн хүсэлтээр болговол бүх цалин хөлс нь олгогдоно” гэсэн. Ингээд хүний нөөцийн менежер н.Энхцэцэг та надад хүсэлтээ бичээд өг гэсний дагуу хүсэлт бичиж өгснөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Г. Эхувьд байгууллагын захирал, удирдлагын дарамт шахалт, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр дайрч давшилсан үйлдлээс болж сэтгэлийн хямралд орж, бодит байдалд ажлаасаа гарах, чөлөөлөгдөх бодит шалтгаан байхгүй байхад хүсэлт бичиж эрх ашгаараа хохирсон. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14-т хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт “ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэжээ. Ажилтан өөрийн санаачлагаар ажлаас гараагүй. Байгууллага сахилгын арга хэмжээгээр халах байсан гэсэн тайлбар гаргаж байна. Бид сахилгын зөрчлийн талаар яриагүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөр байгаа. Хурлын тэмдэглэл дээр “энэ хүн шиг муу хүн байхгүй” гэж ярьсан нь тогтоогдсон. Шийдвэр гаргасан хүмүүс шүүх хуралдаанд гэрчээр ирж халъя гэж ярьсан гэдэг. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, цалингийн нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.Энхбаяр нь ажиллах хугацаандаа тогтмол зөрчил дутагдал гаргаж байсан бөгөөд хичээлийн жилд 1-2 удаа шуурхай зөвлөгөөнд багшийн ёс зүйн асуудлаар ордог байсан боловч өөрийн ажил байдалд дүгнэлт хийн, сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байгаагүй. 2015-2016 оны хичээлийн жилд 2 удаа Г.Энхбаяр багшийн ёс зүйн асуудлаар Удирдах зөвлөл шуурхай хурал зөвлөгөөн хийсэн байдаг. Үүнд 1 дүгээр улиралд тэрээр багшийн ёс зүйн зөрчил гаргаж, Э-3 ангийн оюутан Н.Өрнөхбатад гар хүрсэн асуудлаар шуурхай зөвлөгөөнд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орсон боловч хууль хяналтын байгууллагад тухайн асуудал нь шалгагдаж байгаа шалтгаанаар уг байгууллагаас гарах шийдвэрийг хүлээж, түүнд авах арга хэмжээний талаар дахин хэлэлцэхээр болж хойшлогдсон боловч дахин хуралдаагүй, сахилгын арга хэмжээ авагдаагүй өнгөрсөн. 2016 оны 02 дугаар улиралд багшийн ёс зүйн асуудлаар дахин зөрчил гаргаж, оюутны мэдлэгийг мөнгөөр үнэлж дүн тавих асуудал илэрсэн. Төгсөх ангийн оюутнуудын өргөдөл, гомдлын мөрөөр сахилгын зөвлөл шуурхай хурал хийсэн бөгөөд багш оюутны мөнгө төгрөг өгсөн, авсан асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, гарсан шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах, тэр хүртэл энэ зөрчлөөр арга хэмжээ тооцохыг түдгэлзүүлэх гэсэн шийдвэр гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр удирдах зөвлөл энэ асуудлаар дахин хуралдсан. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрт Г.Энхбаяр багшийн мөнгөтэй холбоотой зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, дахин хэлэлцэхээр хойшлуулсан тул 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Тээврийн прокурорын газраас ирүүлсэн 2882 тоот тогтоолын дагуу уг асуудлыг дахин хэлэлцэх, эцэслэн шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцсэн. Дээрх хуралд 2016-2017 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд багш Г. Эажилласан байдлыг сургалтын албаны хичээл зохицуулагч багш Г.Халиуны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж өгсөн тайлан болон 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ш-2 ангийн оюутнуудаас ирүүлсэн уг багштай холбоотой өргөдлөөр гаргасан зөрчил, гомдол мөн 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд Хүний нөөцийн менежер болон хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн нарын хийсэн Тээврийн дээд сургуулийн нийт багш нарын ажлын үзүүлэлтийг оюутнуудаар дүгнүүлсэн түүвэр санал асуулгын дүн зэргийг үндэслэн Г.Энхбаярыг ажлаас халах шийдвэрт хүрсэн. Хурлын шийдвэр гарахын өмнө тус сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэн сахилгын зөрчлөөр багшийн ажлаас халагдах нь хүний нэр төртэй холбоотой асуудал бөгөөд дараа нь ажилд ороход сөрөг ихтэйгээс гадна багшид олгогдох санхүүгийн асуудалд хүндрэл гарах учир    өөрийнх нь саналыг сонсоё гэхэд Г.Энхбаяр нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдая гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг хүсэлт гаргахад хариуцагчийн зүгээс шахаж дарамталсан зүйл байхгүй. Тэрээр өөрөө сахилгын зөвлөлийн хуралд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, өргөдлөө гаргаж, хуульд зааснаар тэтгэмж авсан. Бүх үйл баримтыг зөвшөөрсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хариуцагч М О Х Н Н У Т З холбогдох нэхэмжлэгч Г. Энэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх өөрийн шийдвэрийн үндэслэлээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, Ажилтны өргөдөл, Тээврийн дээд сургуулийн сахилгын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын 17/03 дугаартай тэмдэглэлийг үндэслэл болгожээ. Тушаалын хуульд нийцсэн эсэх тухайд хэсэгтээ "УБТЗ-ын дээд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тушаалын агуулга нь ажилтны хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ" гэсэн байна. Гэтэл уг тушаалд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар юм уу, ажилтны санаачилгаар юм уу, энэ талаарх хөдөлмөрийн хуулийн заалтыг заагаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт гэдэг заалт нь хугацаа тохиролцох тухай заалт байна. Гэтэл уг тушаалд хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс тасалбар болгон цуцалж, ажилтны 2016 оноос хойшхи ажилласан хугацаанд оногдвол зохих ээлжийн амралтын хоногийг оруулаагүй, хохироосон байна. Тэрчлэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ноос 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийг дуустал Г.Энхбаярыг ажлаа хүлээлцэхээр хууль бусаар ажиллахыг үүрэг болгосон байна. Үнэндээ дээрх тушаал нь бүхэлдээ хууль бус шийдвэр юм. Харин хурлын тэмдэглэлд хууль ёсны шийдвэр нь үндэслэлийн хамт гарч тусгагдсан байгааг шүүх "хэт нэг талыг барьснаас" анхаарсангүй.

Хөдөлмөрийн гэрээг хэний санаачилгаар цуцалсан тухайд, бодит байдалд буюу тээврийн дээд сургуулийн сахилгын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын 17/03 дугаартай тэмдэглэлтэй танилцахад нэхэмжлэгч Г.Энхбаярыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Уг тэмдэглэлд "Дэд захирал Щ.Баяраа “хөдөлмөрийн гэрээг зохих журмын дагуу цуцлах санал оруулж байна", "Дэд захирал В.Сэлэнгэ багш Г.Энхбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зохих журмын дагуу цуцлах санал оруулж байна", "сургалтын менежер Т.Алтанцэцэг “хөдөлмөрийн гэрээг цуцлах санал оруулж байна", "ДХЭХТ-ийн эрхлэгч Д.Ганчимэг хөдөлмөрийн гэрээг цуцлах санал оруулж байна", "Хүний нөөцийн менежер Д.Энхцэцэг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах түвшинд байна" гэсэн байна. Хурлын хэлэлцэх асуудлын төгсгөлд Т.Энхбаяр багштай холбоотой асуудлаар хурлын шийдвэр гаргах" гэсэн байна. "Захирал Ж.Пүрэвсүрэн сахилгын зөвлөлийн гишүүдийн саналыг сонслоо. Багшийн ёс зүй, ажлын хариуцлага, сахилга бат алдагдуулсан зөрчил гаргасан, зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж байна" гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг ажил олгогчийн санаачилгаар гаргасан байна. Харин хэлбэрийн хувьд энэ шийдвэрийг цаасан дээр буулгахдаа "хууль зөрчсөн" болон "өөр хүсэл зоригийг халхавчлах зорилготой" тушаал гаргасан байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдлийн тухайд, ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж заасан байна. Бодит байдалд ажилтан Г.Энхбаяр "зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу", "сайн дурын үндсэн дээр" бичгийн хүсэлт өгөөгүй.

Ажилтан Г.Энхбаярыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагт сургуулийн 205 тоот хурлын танхимд дуудаж оруулаад дэд захирал тэргүүтэй удирдлагын 5 хүн /ҮЭХ-ны дарга Т.Отгонбаяраас бусад/ хөдөлмөрийн гэрээг цуцлах санал оруулж, эхлээд ажилтныг стресст оруулсан, Хуралдаанд оролцсон хүний нөөцийн менежер Д.Энхцэцэг хэлэхдээ"Сахилгын шийтгэлээр ажлаас халагдвал энэ багшид тэтгэмж
олгогдохгүй бөгөөд 13 дахь сарын шагналт цалин, багш нарын жилийн ажлын гүйцэтгэлд оногдох мөнгө олгогдохгүй" гэж айлгасан, Ерөнхий нябо Н.Оюун, "Өөрийн хүсэлтээр ажлаас халагдвал НД-аас олгогдох гэнэт халагдсаны тэтгэмж болон 13 дахь шагналт цалин, сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө, ажилласан хугацаанд ноогдох кредитын мөнгө олгогдоно" гэж амалсан, төгсгөлд нь захирал Ж.Пүрэвсүрэн "Сахилгын зөрчлөөр хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргаж байна" гэж эцсийн шийдвэрээ танилцуулсан.

Захирал Ж.Пүрэвсүрэн "Та сахилгын зөрчлөөр гарвал ажил төрөлд дараа нь ороход таны нэр төрд сөрөг үр дагавартай, иймд таны үгийг сонсъё" гэж дарамталсан. Захирал Ж.Пүрэвсүрэн, За ойлголоо. Тэгвэл хүний нөөцийн менежертэй уулзаж өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгөөрэй" гэж шахаж шаардсан.

Ажилтныг шоконд оруулж муужруулсны дараа "таны нэр төрд сөрөг үр дагавартай, та үгээ хэл, таны үгийг сонсъё" гэж тулгасан. Ингээд өөрийн хүсэлтээр ажлаас гаръя гэсэн ам аваад "Хүний нөөцийн менежертэй уулзаж өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгөөрэй" гэж даалгасан, Эдгээрийг "зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу", "сайн дурын үндсэн дээр" бичгийн хүсэлт гаргасан гэж ойлгох уу? Гэтэл анхан шатны шүүх "...би өөрийн хүсэлтээр ажлаас гаръя" гэсэн ганцхан үгийг Г. Этайлбар гэж сугалан аваад "... дээрх хүсэлтийг ажил олгогчийн дарамт шахалт доор үйлдсэн гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлт нь дээр дурьдсан баримтуудаар няцаагдаж байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хурлаас гараад 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өргөдлөө өгсөн болон хүний нөөцийн менежерийн шаардсанаар өөрийн хүсэлтийн үндэслэлээ юу гэж бичсэн тухайд дүгнэлт өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын зөвлөлийн "хөдөлмөрийн гэрээг цуцлах" шийдвэр болон ажилтны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн өөрийн сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэлтээр өгсөн гэх бичгийн хүсэлт хоёрын уялдаа холбоог хайхарсангүй, ажилтны өргөдөл өгөх үндэслэл болсон бүтэн 3 сарын турш эмнэлгийн акт чөлөө авч байсан баримт, эсхүл хүнд өвчтэй болж, группт гаргасан буюу эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссын акт байгаа эсэх талаар огт тодруулсангүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн тухайд, "хөндлөнгийн оролцоо", "ажил олгогчийн шахалт шаардлага", "ажил олгогчийн зүй бус нөлөөлөл" гэдэгт юу байдаг, юуг хэлэх вэ гэдгийг, нөгөө талаас ажилтны "зөвхөн өөрийн хүсэл зориг", “сайн дурын үндсэн дээр” гэдэг юу байдгийг огт ойлгохгүйгээр, огт мэдэхгүйгээр "өөрийн дотоод итгэл үнэмшлээр" үндэслэлгүй шийдвэр гаргалаа.

Хэрэгт байгаа үндэслэлтэй нотлох баримтуудыг үнэлсэнгүй, хөдөлмөрийн гэрээг цуцалсан хоёр шийдвэр байхад "хөндлөнгийн байр сууриа алдсанаас" нэгийг нь үнэлсэнгүй, Иймд "нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай" гэдгийг өөрчилж, нэхэмжлэлийг хангахаар нэмэлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч М О Х Н Н У Т З холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлаас өөрийн хүсэлтээр гарах хүсэлт бичээгүй, дарамт шахалт байсан...” гэж үндэслэсэн бол хариуцагч байгууллага эс зөвшөөрч “...өвчний улмаас өөрөө өргөдлөө бичиж өгөөд тушаал гарсан тул буцаан авах боломжгүй...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Энхбаяр нь хариуцагч байгууллагын Тээврийн дээд сургуульд багшаар ажиллаж байсныг захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 тоот тушаалаар өөрийн хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цуцалж ажлаас халсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан өвчний улмаас биеийн байдал доройтсон тул цаашид ажиллах боломжгүй гэсэн хүсэлт, хуралдааны тэмдэглэл дээр өөрийн хүсэлтээр гарах боллоо гэж хэлсэн нь ямар нэгэн заналхийлэл, шахалт үзүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдоогүй, мөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа хууль зүйн үндэслэлийг заагаагүй байх боловч хүсэлтээр нь чөлөөлж байгаа гэсэн агуулгыг тусгасан байна. Иймд хуулийн зүйл заалтыг шийдвэртээ баримтлаагүй байгааг уг тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хангахгүй орхиж, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ