Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0976/З |
Дугаар | 221/МА2023/0740 |
Огноо | 2023-12-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2023/0740
“С*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “С*******” ХХК
Хариуцагч Б*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Б*******,*******ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 690 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0967/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С*******” ХХК-иас Б*******,*******ад холбогдуулан “Б*******,*******ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын “С*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 690 дүгээр шийдвэрээр:
“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б*******,*******ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/357 дугаар тушаалын “С*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хэсгээс голын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 13646 м.кв талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас уг тушаалын “С*******” ХХК-ийн газрын голын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай 6754 м.кв талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б*******, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч "С*******" ХХК-д Б*******,*******ын 2017 оны А/236 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газарт 2.0 га талбай бүхий газрыг анх олгосон.
Б*******,*******ын 2022 оны А/357 дугаар тушаалаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан газрын төлбөрөө төлөөгүй, 40.1.6 дахь хэсэгт заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан.
... анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “газрын төлбөрийн хувьд Налайх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн 2021 оны байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй, 2022 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрийг төлсөн байна” гэж дүгнэсэн тухайд Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу газар эзэмшигч нь газрын төлбөрийг улирал бүрийн эхний сард төлсөн байхаар хуульчилсан байхад хавтаст хэрэгт авагдсан баримтаар “С*******” ХХК нь газрын төлбөрийн өр үүсгэж байгаад буюу 2022 оны 7 дугаар сард төлбөрийг бөөнд нь төлж газрын төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй.
3.2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн 2022 оны үзлэгээр тогтоогдсон байхад өөрөөр “тухайн газарт ямарваа үйл ажиллагаа явуулсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл төрийн байгууллагаас тухайн газарт хяналт шалгалт хийж, зургаар баталгаажуулсан байхад өөр нотлох баримт байх ёстой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
3.3.Мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан.
3.4.Хэдийгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны агаарын зургаар тухайн газарт байшингийн болон гэрийн буйр цутгасан байгаа нь зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн газар ашиглах эрхийг хүчингүй болгох цаг хугацаанд буюу Б*******,*******ын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/357 дугаар тушаал гарах үед тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар буюу 2022 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас газрын үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч нь газраа ашиглаагүй, тодорхой үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлд хамаарч байна.
3.5.Газар ашиглах гэрээ байгуулаагүй байхын хувьд тухайн газрыг ашиглаж байгаа этгээдийн зүгээс гэрээ байгуулах хүсэлт гаргах идэвхтэй үйлдэл гаргах үүрэгтэй бөгөөд 2017 онд газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт гаргасныг эрх бүхий байгууллагын зүгээс б*******д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байхыг шаардаж гэрээг байгуулаагүй 2019 онд дээрх үнэлгээг хийлгэснээс хойш дахин хүсэлт гаргаагүй нь тухайн аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаа байхад гэрээ байгуулаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэн анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Сайдын тушаалд “…газрын төлбөр төлөөгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй…” гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байгаа буюу эдгээр нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй талаар шийдвэрт зөв дүгнэсэн атлаа “…газраа зориулалтын дагуу ашиглаагүй, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн…” гэсэнтэй холбогдуулж маргааны үйл баримтад, тухайлбал газраа зохих ёсоор ашиглаж байсан эсэх, мөн нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газраас голын энгийн хамгаалалтын бүстэй давхцал бүхий 13646 м.кв-ыг аялал жуулчлалын зориулалтаар цаашид ашиглах боломжтой эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.
1.Газрын төлбөрийн тухайд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийцсэн 01113-2017/02652 тоот актаас үзэхэд 2020 оны газрын төлбөрийг тухайн ондоо төлөөгүй ч 2021 оныхтой нэгтгэн алдангийн хамт бүрэн төлсөн, 2022 оны тухайд мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаарх 1681280 төгрөгийн төлбөрийг 26-ны өдөр бүрэн төлсөн байх тул хэдийгээр зарим оны төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасны дагуу улирал тутамд буюу хугацаанд нь төлөөгүй ч маргаан бүхий акт гарахаас өмнө төлбөрийн үлдэгдэлгүй болсон энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн зохицуулалт хэрэглэгдэхгүй.
2.Газар ашиглах гэрээ байгуулах тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “…шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан, Сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар 2.0 га газар ашиглах эрх олгосны дараа нэхэмжлэгчээс мөн оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулах хүсэлтийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан байх тул давж заалдах гомдолд дурдсанчлан “…гэрээ байгуулах хүсэлт гаргах идэвхитэй үйлдэл гаргах ёстой гэж нэхэмжлэгчийг буруутгаж болохгүй, нөгөөтэйгүүр гэрээ байгуулахыг газар ашиглагчаас шаардах нь ч хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.
3.Харин Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 8 дугаар сард хийсэн хээрийн судалгаагаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 2.0 га газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тухайн үед авсан фото зургаар тогтоогдохоос гадна үүнээс хагас жил гаруйн дараа хийсэн шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн фото зурагт авагдсан хашаа, байшин болон гэрийн цементэн суурийг газраа зохих журмын дагуу ашиглаж байсныг нотлох баримт гэж үзэхгүй.
Учир нь “С*******” ХХК-ийн 2016 онд боловсруулсан “Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл”-д аялал жуулчлалын цогцолбор бааз байгуулах, люкс буудал 20 ширхэг, энгийн амралтын 6 давхар 4 барилга, хүлээн авах хурлын танхим, энгийн буудлын 50 өрөө бүхий 3 ширхэг барилга, зочид буудал, рестораны зориулалт бүхий 2 давхар барилга, саун, массажны байр, гарааш, автомашины зогсоол, спорт тоглоомын талбайнууд, сүүдрэвч асар, цэвэр усны гүний худаг, бохир усны цооног, явган хүний зам, ажилчдын зуны болон өвлийн сууц, хашаа, зүлэгжүүлсэн талбай зэрэг барилга байгууламж барихаар тусгасан боловч өнгөрсөн хугацаанд эдгээрээс нэг нь ч баригдаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байна.
2017 онд нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгогдсоноос хойш маргаан бүхий тушаал 5 жилийн дараа буюу 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гарсан, иймд газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй гэх тушаалын үндэслэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “…гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэнд нийцжээ.
4.Түүнчлэн нэгж талбарын газрын байршлын зурагт тусгагдсанаар голын онцгой хамгаалалтын бүстэй 6754 м.кв-аар, ойн сан бүхий газартай 234 м.кв-аар, энгийн хамгаалалтын бүстэй 13646 м.кв-аар тус тус давхцаж байхад шийдвэрт ойн сан бүхий газартай давхцал бүхий хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл 234 м.кв газрын тухайд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор “ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр өвс хадах”-ыг хориглосон. Үүнээс үзэхэд аялал жуулчлалын зориулалтаар уг газрыг бусдад ашиглуулах боломжгүй.
Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэсэн нь голын энгийн хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулж болно гэж дүгнэх шууд үндэслэл болохгүй.
5.Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн нэгж талбарын 1261110612 тоот зурагт энгийн хамгаалалтын бүсэд хамаарах 13646 м.кв газрын 50-иас багагүй хувийг ой тэлэн ургах нөөц газар гэж тэмдэглэсэн, иймд нэгэнт газраа зориулалтын дагуу ашиглалгүйгээр хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, мөн ашиглах эрх олгосон газрын дийлэнх хэсэгт аялал жуулчлалын зориулалтаар төсөлд төлөвлөгдсөн барилга байгууламж барих боломжгүй буюу ойн сан бүхий газар, голын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ой тэлэн ургах нөөц газартай давхцаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/-т зааснаар газар ашиглах эрх хүчингүй болох, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болж уг хуулийн 39.1.4-т заасан газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэл тус тус бүрдсэн байх тул маргаан бүхий тушаалыг холбогдох хуульд нийцсэн гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 690 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Сайхан Талын Саравч” ХХК-ийн Б*******,*******ын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” А/357 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтын “…үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН