Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 120/ШШ2021/0003

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: А.Энхбаатарын гомдолтой,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Ганчимэгт холбогдох,

Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.Энхбаатар, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагч Ж.Ганчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Очмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

А.Энхбаатар шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрогт би бие даан нэр дэвшсэн. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасны дагуу би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хаан банканд сонгуулийн зардлын дансаа нээлгээд тухайн үедээ сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Өмнөговь аймгийн Аудитын газарт очиж бүртгүүлэхээр нутгийн удирдлагын ордны 3 давхар 305 тоот өрөөнд суух аудитын мэргэжилтнүүдтэй уулзахад тухайн өрөөнд сууж байсан мэргэжилтнүүд бидэнд дээрээс ямар нэгэн зааварчилгаа ирээгүй гээд аймгийн аудитын газрын даргаасаа асууж миний бүртгэлийг бичиж тэмдэглэж авч үлдсэн болохоор би бүртгэчихлээ гэж ойлгосон.

Хэрэв дээд газартаа дамжуулах, бүртгүүлэх боломжгүй байсан бол энэ тухайгаа эргээд надад мэдэгдэх ёстой байсан. Хуульд Үндэсний аудитын газарт бүртгүүлнэ гэж заасан боловч Өмнөговь аймгийн Аудитын газар нь босоо удирдлагатай, Үндэсний аудитын салбар нэгж учраас тус байгууллагаар дамжуулан бүртгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Өмнөговь аймгийн Аудитын газраас миний зардлын дансны мэдээллийг дээд байгууллага болох Үндэсний аудитын газартаа хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргаж ажилдаа хайнга хандсаны улмаас миний эрх, ашиг зөрчигдөөд байгаа юм. Иймээс би хуулийн дагуу зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлсэн байхад банкны нэрийн мэдээллийг бүртгүүлээгүй гэж 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчил үйлдээгүй байхад намайг торгож байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, миний эрх зүйн болоод санхүүгийн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Хэрвээ тус хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шийдвэр гарах юм бол миний эрх зүйн болоод санхүүгийн байдал буцаад хэвийн байдалдаа орох юм.

Миний гомдлын шаардлага бол надад сүүлд гардуулсан 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах юм. Иймд зөрчил үйлдээгүй байхад өөрт байхгүй, төлөх боломжгүй 10.000.000 төгрөгийн торгох шийтгэл хүлээж ар гэр, ахуй амьдрал, сэтгэл санааны болон эд материалын хохирол амсаж буй байдлыг харгалзан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Ж.Ганчимэгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаартай шийтгэлийн бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн хэлж буйгаар хамгийн анх 0292185 дугаартай шийтгэлийн хуудсыг А.Энхбаатарт гардуулсан. Тэгээд 3 хоногийн дараа хариуцагчийн зүгээс буруу шийтгэлийн хуудас өгсөн байна гэж хэлээд маргаан бүхий 0174305 дугаартай шийтгэлийн хуудсаар сольж, засварлаж өгсөн гэсэн. Энэхүү шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг мэдэгдээгүй, бүртгүүлээгүй гэсэн шийтгэлд оногдуулсан байгаа. Тухайн үед шийтгэлийн хуудсыг засварлан дахин гардуулахдаа эх хувийг нь буцаан авсан учир А.Энхбаатарт эх хувиараа байхгүй. Харин зургийг нь авсан байсан. Шийтгэлийн хуудасны эх хувийг зөрчил гаргасан этгээдэд гардуулдаггүй, 0292185 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбарыг А.Энхбаатарт өгчихөөд Ж.Ганчимэг 3 хоногийн дараа буруу шийтгэлийн хуудас гардуулсан байна гээд тэр хуулбар хувийг буцаан авсан.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан гэдэг нь захиргааны байгууллагын албан тушаалтан учир захиргааны акт гаргахтай холбоотой ажиллагааг Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль гэсэн 3 хуулийн хүрээнд захиргааны акт хууль бус эсэхийг дүгнэх хэрэгтэй. Миний хувьд 0292185 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус захиргааны акт байна гэж үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө гомдол гаргагч талаас 0292185 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэхүү шийтгэлийн хуудсанд хүлээн зөвшөөрөхгүй бол хаана хандах, хэрхэх талаар заагаагүй байсан бөгөөд алдаагаа мэдээд А.Энхбаатараас анх гардуулсан шийтгэлийн хуудсаа буцааж авч, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг өгсөн байсан. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа процессын алдаатай байна гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх үүрэгтэй. Гэтэл Ж.Ганчимэг нь дээрх үүргээ хангалттай биелүүлсэнгүй. Учир нь шийтгэлийн хуудасныхаа үндэслэл гэж тодорхойлсон Татварын Ерөнхий газрын албан бичигт А.Энхбаатар Үндэсний Аудитын газарт сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хүргүүлээгүй гэсэн зүйл байхгүй. Мөн Хаан банкны дансны хуулга нь тухайн дансны орлого, зарлагын мэдээлэл.

Гэтэл яаж дээрх баримтуудаар зөрчил үйлдсэн болохыг нь тогтоож буйг ойлгохгүй байна. Түүнчлэн А.Энхбаатарын өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон гэдэг. Гэтэл мэдүүлэг авахдаа та яагаад Үндэсний Аудитын газарт дансны мэдээллээ бүртгүүлээгүй вэ гэсэн тулгасан асуулт асуухад А.Энхбаатар Би Өмнөговь аймгийн Аудитын газарт бүртгүүлсэн. Тийм учраас бүртгүүлсэн гэж ойлгосон гэж хариулдаг. Ийм нотлох баримтуудаар А.Энхбаатарыг зөрчил үйлдсэн болохыг нотолж байна гэж үзэх үү. Нөгөөтээгүүр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Эрүүгийн хууль тогтоомжид нийцэх ёстой. Хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тулгаж асуулт асуухыг хориглодоггүй ч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тулгасан, хөтөлсөн асуулт асуухыг хориглодог. Гэтэл миний үйлчлүүлэгчээс тулгаж асуусан байна. Иймээс А.Энхбаатараас байцаалт авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5-д заасан журмыг зөрчсөн тул нотлох баримтын чанараа алдсан буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.

Татварын Ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06/3212 дугаартай албан бичгээр нотлогдож байна гэсэн. Гэтэл зөрчлийн хэргийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нээсэн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу зөрчлийн хэргийг нээхээс өмнө прокуророос зөвшөөрөл аваад Сонгуулийн ерөнхий хороонд албан бичигт явуулсан байна. Үүнийг процессын алдаа, хэдийгээр 12 дугаар сарын 02-ны өдөр бүртгэж авсан ч ажлын 5 хоногийн хугацаа буюу 12 дугаар сарын 07-ны өдөр зөрчлийн хэрэг нээх ёстой байсан боловч 12 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээж буй нь хугацаа хэтрүүлсэн алдаа гаргаж хууль зөрчсөн байна.

Гомдол гаргагч А.Энхбаатарын хэлснээр Өмнөговь аймгийн Аудитын газар очиж, бүртгүүлсэн гэдэг. Энэ талаар шалгасан, нотолсон зүйл байхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх гэсэн 4 ажиллагаа явуулна. Наана нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёсгүй байтал Сонгуулийн ерөнхий хороонд албан тоот явуулсан нь хуульд заасан журам зөрчиж цуглуулсан нотлох баримт байна. Иймээс эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. Мөн захиргааны актыг бичгээр гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу шаардлага хангасан байх ёстой. Гэтэл хамгийн анх гардуулсан гэх шийтгэлийн хуудсанд гомдол гаргах эрхийг нь дурдаагүй алдаатай гаргасан. Сүүлд нь залруулсан. 0292185, 0174305 дугаартай шийтгэлийн хуудсууд хүчингүй, процессын алдаатай байна. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Ганчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 дугаар Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 06/3212 дугаар Зөрчил шийдвэрлүүлэх тухай албан бичгийн дагуу Монгол Улсын Их хуралд бие даан нэр дэвшигч А.Энхбаатарт холбогдох Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй гэх гомдол, мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт зааснаар 2028000292 дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 0174305 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

Монгол Улсын Их Хурлын 11 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч А.Энхбаатар нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2/390 дугаартай албан бичгээр нэр дэвшсэн нь нотлогдсон, Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3293 дугаартай албан бичгээр бие даан нэр дэвшигч А.Энхбаатар сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй нь тус тус нотлогдсон.

Түүнчлэн Хаан банк ХХК-нд нэр дэвшигчийн нээлгэсэн хандивын 5608062938 тоот дансны хуулга, холбогдогчоос авсан мэдүүлэгт бие даан нэр дэвшигч А.Энхбаатар нь зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна, харин энэ торгуулийн дүнд гомдолтой гэж хэлсэн зэргээс тогтоогдсон. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 21 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 05 дугаар дугаар сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын гурав, Сонгуулийн зардлын данс, 3.4 Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн нь тогтоогдсон. Иймд холбогдогч А.Энхбаатарт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан шийтгэлийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан миний бие гомдол мэдээллийг хүлээн аваад хуульд заасан ажиллагааг явуулж, прокурорын зөвшөөрлөөр нотлох баримт баримт цуглуулж ажилласан, хууль зөрчөөгүй.

Тухайн нэр дэвшигч нь дээрх мэдээллийг Аймгийн Аудитын газарт бүртгүүлэх биш Үндэсний Аудитын газарт бүртгүүлэх ёстой байсан. Зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол 5 хоногт багтаах ёстой байдаг. Гэвч энэ хэргийн хувьд зөрчлийн хэрэг нээсэн учраас 0174305 дугаар шийтгэлийн хуудсаар шидвэрлэгдсэн. Хэрэв хялбаршуулсан журмаар шийдсэн тохиолдолд 0292185 дугаар шийтгэлийн хуудас гарах ёстой байсан учраас буруу гэж зассан. Энэ шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчид өгөөгүй, албан ёсны тушаал гараад 0292185 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болсон. Иймд гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч А.Энхбаатараас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Ганчимэгт холбогдуулан гаргасан Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлан үнэлж, дүгнээд гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаар шийтгэлийн хуудсаар[1] гомдол гаргагч А.Энхбаатарыг сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэн арван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Ингэхдээ Татварын Ерөнхий газрын 2020 оны Зөрчил шийдвэрлүүлэх тухай 06/3212, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай 2879 тоот албан бичгүүдийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэмдэглэл үйлдэн мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасан харьяалал /Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21/-ын дагуу, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан торгох шийтгэл оногдуулсан байна.[2]

Гомдол гаргагчаас сонгуулийн зардлын дансаа нээлгээд тухайн үедээ сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг бүртгүүлэхээр Өмнөговь аймгийн Аудитын газарт очиж тэмдэглүүлсэн учир би бүртгэчихлээ гэж ойлгосон. Хэрэв дээд газартаа дамжуулах, бүртгүүлэх боломжгүй байсан бол энэ тухайгаа эргээд надад мэдэгдэх ёстой байсан. Хуульд Үндэсний аудитын газарт бүртгүүлнэ гэж заасан боловч Өмнөговь аймгийн Аудитын газар нь босоо удирдлагатай, Үндэсний аудитын салбар нэгж учраас тус байгууллагаар дамжуулан бүртгүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Миний зардлын дансны мэдээллийг дээд байгууллага болох Үндэсний аудитын газартаа хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргаж ажилдаа хайнга хандсан, би зөрчил үйлдээгүй гэж,

Хариуцагч талаас Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэхь хэсэгт нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчин А.Энхбаатар нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй зардлын дансны мэдээллээ Үндэсний аудитын газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчилд нь хуульд заасан шийтгэл оногдуулсан, хууль зөрчөөгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

Гомдол гаргагч А.Энхбаатар нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрог /Өмнөговь аймаг/-т бие даан нэр дэвшиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд сонгуульд оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.[3]

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна, 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа... нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна, 51.4-т ...нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй, мөн Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны А/45 дугаар тушаалаар баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам-ын гурав дахь хэсгийн 3.4-т ...нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш... нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ гэж тус тус зааснаас үзэхэд Сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч нь сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах төгрөгийн нэг данстай байхаар, нээлгэсэн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацаанд буюу санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө Үндэсний Аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэйгээр хуульчилжээ.

Гэтэл гомдол гаргагч нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 11 дүгээр тойрогт бие даан нэр дэвшин оролцохдоо 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хаанбанкны Өмнөговь төв тооцооны төвд сонгуулийн зардлын 5608062938 дугаартай данс нээлгэсэн байх боловч дээрх хууль болон журамд заасан хугацааны дотор буюу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд уг дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй болох нь Зөрчлийн 2028000292 дугаар хэрэгт авагдсан Татварын Ерөнхий газрын 2020 оны 06/3212 тоот, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 2879 тоот албан бичиг, түүний хавсралт болох Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Үндэсний аудитын газарт бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн бүртгэл /25 дугаарт 11 дүгээр тойрог, бие даан нэр дэвшигч, А.Энхбаатар гэж бүртгэгдсэн/, Үндэсний аудитын газрын 2020 оны 01/3293 тоот албан бичиг зэрэг болон бусад баримтуудаар[4] тогтоогдож байх бөгөөд дээрх хуульд нийцээгүй байна.

Гомдол гаргагчаас Өмнөговь аймгийн Аудитын газар нь босоо удирдлагатай, Үндэсний аудитын салбар нэгж учраас тус байгууллагаар дамжуулан бүртгүүлэх бүрэн боломжтой, аймгийн Аудитын газраас миний зардлын дансны мэдээллийг тэмдэглэж авсан атлаа Үндэсний аудитын газарт хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргаж ажилдаа хайнга хандсаны улмаас миний эрх, ашиг зөрчигдсөн гэх, мөн шүүх хуралдаан дээр ...миний шадар туслахаас дансны дугаар, банкны нэрийг Үндэсний аудитын газарт бүртгүүлэхээр шуудангаар явуулсан байх ёстой... гэх зөрүүтэй тайлбаруудыг тус тус гарган маргах боловч уг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын 2021 оны 294 тоот албан бичиг /А.Энхбаатар нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн талаарх мэдээллийг бичгээр болон цахимаар манайд ирүүлээгүй, дээрх мэдээллийг бүртгэх, дамжуулах эрх зүйн зохицуулалт манайд байхгүй гэх/-т, мөн аймгийн Архивын тасгийн 2021 оны 15 тоот /манай архивд нэр дэвшигч А.энхбаатарын менежер болон шадар туслахын бүртгэл, санал хураалтын нэгдсэн дүн зэргээс өөр баримт байхгүй гэх/-т, гэрч Т.Бүрнээбаярын ...2020 оны 05 дугаар сарын 26, 27-ны үед банкны данс, зардлын дансаа бүртгүүлэхээр хүсэлт болон банкны гэрээг барьж над дээр ирсэн зүйл байхгүй, би энэ хүнтэй уулзаагүй, хүн дуудаж өгөөгүй, сүүлд А.Энхбаатар ажил дээр ирээд над руу би чамтай уулзсан гээд дайраад байсан, энэ мэдээллийг хуулиараа аймгийн Аудитын газарт биш Үндэсний Аудитын газарт шууд гаргах үүрэгтэй гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар[5] няцаагдаж байх тул гомдол гаргагч А.Энхбаатарын гаргасан дээрх тайлбаруудыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ...өмнөх 0292185 дугаартай шийтгэлийг хуудсанд гомдол гаргах эрхийг нь дурдаагүй алдаатай гаргаснаа засварлаж маргаан бүхий 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан, эдгээр актууд эрх зүйн зөрчилтэй, процессын алдаатай захиргааны акт, хариуцагчаас зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хууль болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн... гэх агуулгаар тайлбарлан маргаж, 0292185 дугаар шийтгэлийн хуудасны хуулбар /гомдол гаргагчийн гар утсаар дарсан зураг гэх/-ыг гаргасан боловч уг баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлэн боломжгүй, шүүх хуралдаанд хариуцагчаас ...энэ зөрчлийн хэргийн хувьд зөрчлийн хэрэг нээсэн учраас 0174305 дугаар шийтгэлийн хуудсаар шидвэрлэгдсэн. Хэрэв хялбаршуулсан журмаар шийдсэн тохиолдолд 0292185 дугаар шийтгэлийн хуудас гарах ёстой байсан учраас буруу гаргаснаа зассан, энэ шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчид өгөөгүй, албан ёсны тушаал гараад энэ 0292185 дугаартай шийтгэлийн хуудасыг хүчингүй болгосон..., гомдол гаргагч А.Энхбаатараас Миний гомдлын шаардлага бол 0292185 дугаар шийтгэлийн хуудсыг биш надад сүүлд гардуулсан 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэсэн тайлбаруудыг гаргаж байх тул Татварын Улсын байцаагчийн зөрчлийн хэрэг нээж, холбогдох нотлох баримтуудыг цуглуусны үндсэн дээр гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй, тиймээс өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, гомдол гаргагч нь хуулийн дагуу тухайн сонгуульд нэр дэвшигчийнхээ хувьд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн талаарх мэдээллээ хуульд заасан хугацаанд холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, хуульд заасан хугацаанд мэдэгдэж, бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, сонгуулийн хуулийг зөрчсөн болох нь эрх бүхий албан тушаалтан буюу татварын Улсын байцаагчийн хуульд заасны дагуу уг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдож байх тул хариуцагч нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, 17.1 дүгээр зүйлийн 21-д Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу А.Энхбаатарт 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Татварын Улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэл бүхий, хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

Иймд А.Энхбаатарын Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч А.Энхбаатарын Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0174305 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ

1] Хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн 2028000292 дугаартай хэргийн 46 дахь талд

[2] Хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн 2028000292 дугаартай хэргийн 1-8 дахь талд

[3] Хавтаст хэргийн 37-41 дэх талд

[4] Хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн 2028000292 дугаартай хэргийн 12-13, 17-21, 30-31, 34 дэх талд

[5] Хавтаст хэргийн 33, 35, 55-56 дахь талд