Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 271

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Б, Г.Б, Г.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Г.Б,

хохирогч Б.Баяр-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Б, Г.Б, Г.Б нарт холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Эын Б, 1984 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: ..../,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 7 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан;

2. Б овгийн Гын Б, 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: .../;

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар З жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;

3. Б овгийн Гийн Г, 1994 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 4, өвөг эцэг, эмэг эх, ах нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .../;

1. Э.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арцатын гудамжинд иргэн Б.Нямсүрэнтэй маргалдаж, улмаар зэвсэг буюу хутга хэрэглэж түүний нуруу хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

- Г.Бтэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, ... байх иргэн Б.Баяр-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “BSB” загварын зурагт хулгайлж, 315.600 төгрөгийн хохирол учруулсан,

2. Г.Б нь Э.Бтой бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, ... байх иргэн Б.Баяр-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “BSB” загварын зурагт хулгайлж, 315.600 төгрөгийн хохирол учруулсан,

- ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-2-6 тоотод оршин суух Т.Золжаргалын өвлийн сууцны вакум цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч, эрэгтэй дотуур өмд, эмэгтэй дотуур өмд, хөхний даруулга, оймс, тавчик зэрэг хөрөнгө хулгайлж, 2.435.700 төгрөгийн хохирол учруулсан,

- Г.Бтой бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт иргэн П.Батбаатарын хар өнгийн куртик, иргэн О.Тэмүүлэнбаярын “Айфоне 6” загварын гар утас, ажлын малгай, саарал цамц зэрэг  хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн,

3. Г.Б нь Г.Бтэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт иргэн П.Батбаатарын хар өнгийн куртик, иргэн О.Тэмүүлэнбаярын “Айфоне 6” загварын гар утас, ажлын малгай, саарал цамц зэрэг эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Эын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Б овогт Гын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Б овогт Гийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Эын Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай
ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Гын Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Гийн Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр
зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод оногдуулсан 6 жилийн хорих ялыг, шүүгдэгч Г.Бөд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Г.Бод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын цагдан хоригдсон 257 хоногийг,  шүүгдэгч  Г.Бийн  цагдан  хоригдсон  38 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Боос 157.800 төгрөг гаргуулан, хохирогч Б.Баяр-Эрдэнэд, шүүгдэгч Г.Бөөс нийт 3.069.750 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Баяр-Эрдэнэд 157.800 төгрөгийг, хохирогч Т.Золжаргалд 2.695.500 төгрөгийг, хохирогч О.Тэмүүлэнбаярт 216.450 төгрөгийг, шүүгдэгч Г.Боос 136.450 төгрөгийг гаргуулан хохирогч О.Тэмүүлэнбаярт тус тус олгож,

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар
ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Э.Б, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Миний бие 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр явагдах Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсныг мэдэгдье. 2019 оны 3 дугаар сарын 25-наас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Хууль зүйн туслалцааны төвийн захирлын тушаалын дагуу “Улсын өмгөөлөгч нарын нэгдсэн сургалт”-нд оролцох болсон Иймд миний үйлчлүүлэгч Г.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн байцаалтын шатанд өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан. Хохирол төлбөрийг төлж, бусдад төлөх төлбөргүй болсон. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Би өндөр настай эмээ, өвөө, ажилгүй ахтайгаа хамт амьдардаг. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, дахин гэмт хэрэгт оролцохгүй байж бусдын нөлөөнд автахгүй шударга амьдарна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийг журамлан надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Баяр-Эрдэнэ “тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хорих ял шийтгүүлсэн. Энэ зүйл нь 2-8 жилийн хорих ялтай. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан энэ төрлийн гэмт хэргийн доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Г.Б нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргасан. Энэ ч утгаараа шүүх хуралдаан 2 үе шаттай явсан. Мөн өөрөө хохирогчоос гуйж авсан, түүнээс биш хүчээр авсан, заналхийлсэн асуудал байхгүй гэж маргаж байсан тул өмгөөлөгчийн хэлснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг ямар нэгэн байдлаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд юм уу, эсхүл оногдуулсан ял шийтгэл дээр нэмэгдүүлж оногдуулахаар заасан байдаг. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тэнсэх боломжгүй хүнд ангиллын гэмт хэрэг тул энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Э.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын гудамжинд иргэн Б. Нямсүрэнтэй маргалдаж, улмаар зэвсэг буюу хутга хэрэглэж түүний нуруу хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч Э.Бын “...бид хоёр муудалцаж ноцолдоод хамаг хувцас шороо болчихоор нь гэртээ орж хувцасаа сольчихоод гарч ирэхдээ хутга авч гарсан. Тэгээд бид хоёр ноцолдож эхэлсэн. Бид хоёр ноцолдож байхдаа барьсан байсан хутгаараа гурван удаа нуруунд нь хутгалсан.” гэх мэдүүлэг /1хх-96-97/,

хохирогч Б.Нямсүрэнгийн “...Э.Б гэр рүүгээ ороод гарч ирээд дахиад бид хоёр үргэлжлүүлээд муудалцаж байгаад нэг мэдэхэд дээр доороо орж ноцолдож эхэлсэн. Би Э.Бын дор орсон байхад Б намайг нуруу руу 2 удаа хутгалсан. Тэгээд би гэр рүүгээ ороход ээж цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /1хх-28-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Нямсүрэнгийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хий шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үед амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх 8598 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-48/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Г.Б, Э.Б нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, ... байх иргэн Б.Баяр-Эрдэнийн монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “BSB” загварын зурагт хулгайлж 315.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Г.Бийн “...ногоон өнгийн төмөр хаалгатай хашаанд байх гурван гэрийн голын гэрийн хаалгыг хөшиж ороод 42 инчийн “Би Эс Би” загварын зурагтыг хулгайлсан. Уг хулгайлсан зурагтыг Бын хамт Яармагийн эцэст явуулын танихгүй эмэгтэйд 80.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1хх-195-196/,

шүүгдэгч Э.Бын “...голын гэрийн амбаарын хаалгыг нь хүчтэй татахад онгойчихсон ба би дотогшоо ороод загварыг нь мэдэхгүй байна, хар өнгийн хавтгай зурагтыг аваад гарсан.” гэх мэдүүлэг /1хх-198-199/,

хохирогч Б.Баяр-Эрдэнийн “...Отгондорж утсаар залгаад “гэрт хулгай ороод, зурагт алга болчихсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр би эхнэр Мөнхнасангийн хамт гэрт очиж үзэхэд, хаалгыг нь хөшиж онгойлгоод, гэрт байсан миний эзэмшлийн 42 инчийн зурагтыг хулгайлсан байсан.” гэх мэдүүлэг /1хх-153-154/,

гэрч Д.Урантуяагийн “...би тэр залууд “80.000 төгрөгөөр авья, муу гардаг юм байна” гэж хэлэхэд “за тэг” гэж хэлээд надад 80.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөө авчихаад яваад өгсөн. Тэр залуу тухайн үед автомашинтай явж байсан ба автомашин дотор өөрөөс нь насаар ах нэг хүн явж байсан.” гэх мэдүүлэг /1хх-175-176/,

эд зүйлд үнэлгээ хийсэн баримт зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-2-6 тоотод оршин суух Т.Золжаргалын өвлийн сууцны вакум цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч, эрэгтэй дотуур өмд, эмэгтэй дотуур өмд, хөхний даруулга, оймс, тавчик зэрэг хөрөнгө хулгайлж, 2.435.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Г.Бийн “...гэрт нь хүн байхгүй байсан, байшингийн вакум цонхны салхивчийг түлхэж ороод гэр дотроос хар өнгийн цүнхтэй зүйл байсныг нээж үзэхэд шинээрээ ууттай оймс, дотуур хувцас зэрэг эд зүйл олон ширхэг байсан. ...Хашаа давж гарч ирэхэд гудамжинд урд талын айлын эгч тааралдсан. Тэгээд “намайг яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхээр нь би “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд цүнхтэй зүйлээ өргөөд 63 дугаар сургууль руу явсан. ... хоёр цүнхтэй зүйлээ жолоочид 40.000 төгрөгөөр зарсан.” гэх мэдүүлэг /2хх-35-36/,

хохирогч Т.Золжаргалын “...Дотор нь ороход манай байшин эмх цэгцгүй, байсан эд зүйлийг онгичсон байсан. ...Миний цүнхэн дотор эмэгтэй хүний дотуур өмд, 1 ширхэг нь 4500 төгрөгөөр зардаг үнэтэй 28 ширхэг, 1 ширхэг нь 3500 төгрөгөөр зардаг 51 ширхэг, эрэгтэй дотуур өмд 1 ширхэг нь 5000 төгрөгөөр зардаг 20 ширхэг, 1 ширхэг нь 3000 төгрөгөөр зардаг 23 ширхэг, 1 ширхэгийг нь 4500 төгрөгөөр зардаг 22 ширхэг, дотуур хувцасны хослол 1 ширхэг нь 25000 төгрөгөөр зардаг 25 ширхэг, 1 ширхэгийг нь 8500 төгрөгөөр зардаг хөхний даруулга 12 ширхэг болон нүүр гарын алчуур, хүүхдийн шилэн оймс, энгийн оймс, охидын шилэн оймс, хоёр унтлагын хувцас, төрөл бүрийн углааш, монгол оймс, халад, гэрийн өмд гэх мэт бараанууд байсан. ...Байшинд байсан цахилгаан агааржуулагч эвдэлж хагалсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-236-237/,

гэрч Д.Ишхандын “...Батука гэх залуу манай хойд хөрш айлын хашааг давуулаад, хар өнгийн хоёр ширхэг цүнх шидээд, өөрөө араас нь хашаа даваад гараад ирсэн. Тэгээд би Батука дээр очоод “чи яагаад айлаас хулгай хийгээд байгаа юм бэ” гэж асуухад “би Идэрээ гэх хүнтэй наймаа хийсэн, тэрийгээ авч болдоггүй юм уу” гэж хэлээд над руу гараараа далайгаад дайрахаар нь би түлхэж унагаад явсан. Батука босож ирээд цүнхтэй юмаа аваад 63 дугаар сургуулийн зүг рүү явсан.” гэх мэдүүлэг /1хх-244-245/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-220-226/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-228-230/,

хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-13-14, 16-17/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-210/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч Г.Б, Г.Б нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутагт иргэн П.Батбаатарын хар өнгийн куртик, иргэн О.Тэмүүлэнбаярын “Айфоне 6” загварын гар утас, ажлын малгай, саарал цамц зэрэг эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн болох нь:

шүүгдэгч Г.Бын “...Г.Б “ахынхаа хэлснээр бай, үгүй бол хутгална  шүү” гээд байхаар нь би “наад хүүхдүүдтэйгээ аятайхан харьцаач” гэхэд “чи яасан надтай муудалцаж зодолдох гээд байгаа юм уу” гээд дайраад байхаар нь “за за, ах больцгоогооч” гэж надтай юм ярьж байсан залуу хэлсэн. Тэгээд салж, Г.Б нөгөө саарал цамцтай эрэгтэйгийн хамт тусдаа зогсож байгаад, хүрч ирэхдээ тэр бандийн саарал өнгийн малгайтай цамц, “Кэй Эф Си” гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгайг нь өмсөөд хүрээд ирсэн. Тухайн үед Г.Б тэр саарал өнгийн цамцтай эрэгтэйгийн хар гэртэй, “Ай Фоне” загварын гар утсыг нь авчихаар нь би “наад утсыг нь өгчих” гэхэд хажуугаар надтай цуг байсан эрэгтэй нь “та манай найзын утсаар яах юм бэ, бид хоёр ажлаа тараад явж байна” гэхэд Г.Б уурлаад “чамд ямар хамаатай юм бэ, хутгалуулах гээд байгаа юм уу” гэсэн. Тэр үед Г.Бөд хутга байгаагүй тул “худлаа ярьж байгаа юм” гэж нөгөө хоёр хүүхдэд хэлсэн. ...би хар өнгийн бомбер куртик өмсчихсөн бандиас “куртикээ түр өгчих эргүүлээд, бороо намдахаар өгчихье” гэж хэлэхэд “за” гээд куртикээ тайлж өгсөн.” гэх мэдүүлэг /2хх-175-176/,

шүүгдэгч Г.Бийн “...өндөр нуруутай залууг нь “ахын дүү утсаар яриулчих” гэсэн чинь тэр залуу хар өнгийн “Ай Фоне 6” загварын утас гаргаж өгсөн. Тэгэхэд утсыг нь Монхоо аваад, тэр хоёрыг нэгдүгээр хорооллоор нилээд дагуулж явж байгаад Цамбагаравын Номин дэлгүүрийн үүдэнд очоод “одоо та хоёр яв” гээд өндөр нуруутай залуугийн цүнхийг нь нээж дотроос нь хар өнгийн бомбер куртик, “Кэй Эф Си” гэсэн бичигтэй хар өнгийн малгайг нь авсан. Тэгээд би замаас такси бариад нөгөө хоёр хүүхдийг үлдээгээд, Монхоо бид хоёр Дэнжийн мянгад байх найз Билгүүний гэрт очсон. Тэр гар утсыг нь маргааш өглөө нь Теди худалдааны төв дээр очиж, махлаг шар царайтай хүнд 100.000 төгрөгөөр зараад Монхоо бид хоёр мөнгөөр нь архи уусан.” /2хх-181-182/,

хохирогч О.Тэмүүлэнбаярын “...миний “Ай Фоне 6” загварын утас, юүдэнтэй саарал өнгийн цамц, ажлын малгай зэргийг авчихсан. Тэгээд тэр хоёрын нэг нь “ахдаа энэ утсаа өгчих, би хэд хоногийн дараа аваад өгье” гэж хэлэхээр нь “үгүй, болохгүй” гэхэд “тэгвэл хутгална шүү” гэж айлгаад байсан юм. ...Цамбагаравын замын урд талд байдаг автобусны буудал дээр ирээд тэр хоёр залуу “та хоёр эндээс зайл, бид хоёр явлаа” гэж хэлээд 23-36 УБӨ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Приус 10” загварын автомашинд суугаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /2хх-130-132/,

хохирогч П.Батбаатарын “...бид хоёроос “утас, мөнгө байна уу” гэж асуугаад манай найзын халааснаас гар утсыг нь авчихсан. Тэгээд бид хоёр “гар утсаа авья” гэсэн чинь “зүгээр байгаарай хутгална шүү” гээд айлгаад байсан. ...дарамтлаад явж байхдаа миний өмсөж явсан хар өнгийн куртик, манай найзын цамц, малгай, утас зэргийг авсан.” гэх мэдүүлэг /2хх-137-140/,

хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-163/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх1, х210/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, Э.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн, Г.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Г.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Бын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Г.Бийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Г.Бын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нийт 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Г.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Г.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзэхэд үндэслэл бүхий шийдвэр болсон байна.

 

Шүүгдэгч Г.Бын гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, шүүгдэгч Г.Б нь иргэн О.Тэмүүлэнбаярт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх төдийгүй анхан шатны шүүх хуралдаанд “Би тэр хүүхдийн хүрмийг гуйж авсан. Тэр хүүхэд өөрөө тайлж өгсөн” гэх зэргээр үйл баримтын талаар маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээх” талаар зохицуулалт нь тухайн этгээд өөрийн гэмт үйлдлийн үйл баримт төдийгүй прокурор, шүүхээс уг үйл баримтад өгч буй хууль зүйн дүгнэлт, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх хууль зүйн агуулгатай гэж үзнэ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна дээрх хуулийн мөн зүйлийн 1.3-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх” шаардлагыг Эрүүгийн хуульд заажээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Боос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 136,450 төгрөгийг гаргуулан хохирогч О.Тэмүүлэнбаярт олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь энэхүү хохирлыг төлсөн баримт хавтас хэрэгт байхгүй байна.  

Иймд шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ