Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/579

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Р.Энх-Оюун

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Оод холбогдох эрүүгийн 2211000001176 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ганболдын О, /РД: У0/,

Монгол Улсын иргэн, 2004 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 7, аав, ээжийн хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 13 дугаар гудамжны 187 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ганболдын О нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны 18 цаг 30 минутын үед өсвөр насандаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын хөгжлийн төвийн урд насанд хүрээгүй хохирогч П.Быг зодож биед нь баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алимын салст, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ганболдын О нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны 18 цаг 30 минутын үед өсвөр насандаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын хөгжлийн төвийн урд насанд хүрээгүй хохирогч П.Быг зодож биед нь баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алимын салст, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр П.Б гэгчийг нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж авсан түүний баруун нүд нь хавдаж хөхөрсөн байсан юм...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна маш их харамсаж байна...” гэх /хавтаст хэргийн 47-48-р тал/

Насанд хүрээгүй хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр 2022 оны 4 дүгээр сарын 27-ны орой 18:20 цагийн үед хичээлээ тараад ангийнхаа Баатаржав гэдэг хүүхдийн хамтаар Хаан банкны “ATM” орох гэж явж байсан чинь араас нэг хүүхэд дуудаад намайг Буянаа гэж миний нэрээр дуудаж зогсоогоод надаас авто засварын хүүхэд таних уу гэж асуугаад би түүнд мэдэхгүй ээ гэж хариулсан чинь намайг шууд цохиод авсан... ” гэх /хавтаст хэргийн 7-р тал/

Насанд хүрээгүй гэрч Х.Мянганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 4 дүгээр сарын 27-ны оройн 18:30 цагийн үед хичээлээ тараад гараад ирсэн чинь манай таньдаг ах Г.О нь манай сургууль дээр ирчихсэн байсан тэгээд надаас асууж байсан өчигдрийн чамайг зодсон хүүхэд чинь хаана байна вэ гэж асуусан тэгэхээр нь би тэр хүүхдийн хичээл арай тарах болоогүй байхаа гэж хэлээд жаахан хүлээж байя гэсэн тэгээд О бид 2 сургуулиас наашаа зам хөндлөн гараад нэг ёсондоо баруун дөрвөн замын Барилгын коллежийн замын эсрэг талын Барилгын хөгжлийн төвийн урдах саатанд нөгөө намайг зодсон хүүхдийг гараад ирэх болов уу гэж бодоод бид 2 хүлээж байсан тэгсэн чинь өчигдрийн болсон явдлын хажууд нь хамтдаа зогсож байсан гэх хүүхдүүдийн нэг нь хичээлээ тараад зам хөндлөн гараад ирсэн. Тэгээд би тэр хүүхдийг П.Быг Оод зааж өгч байсан энэ хүүхэд өчигдөр намайг зодуулж байхад хажууд нь хараад зогсож байсан гэж Оод хэлсэн чинь О тэр П.Быг очоод цохиод авсан..." гэх /хавтаст хэргийн 18-р тал/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6346 дугаартай  дүгнэлтэд:

П.Бын биед баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний алимны салст, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх / хавтаст хэргийн 15-16-р тал/

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 04/2892 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /284,900 төгрөг/ / хавтаст хэргийн 40-41-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт, “мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч П.Бын мэдүүлэг, дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн №6346 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч П.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Г.Оод Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр настай байсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч П.Б 1,673,900 төгрөгийн хохирлын баримт гарган өгснөөс  шүүгдэгч Г.О 400,000 төгрөг төлснийг хасаж шүүгдэгчээс 1,273,900 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо малчны 2-84 тоотод оршин суух Пүрэвдоржийн Б /РД: ПК04312818/-д олгох,

Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч П.Бын үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 284,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ооос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганболдын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ооос нийт 1,557,900 төгрөгийг гаргуулан  Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо малчны 2-84 тоотод оршин суух Пүрэвдоржийн Б /РД: ПК04312818/-д 1,273,900 төгрөг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд 284,000 / хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөг тус тус төлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.АРИУНБОЛД