Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/580

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч С.Т,

нарийн бичгийн даргаар Б.Номинзул,

улсын яллагч А.Азжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Худууд овогт Соёлмаагийн Тт холбогдох эрүүгийн 2211000000970 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Худууд овогт Соёлмаагийн Т /УК/

Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жавхлант” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороо, сурагчийн 30-р гудамжны 308 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 8-р хороо, Баганат өргөө хороолол, 410-р байр, 1-9 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз болох Ц.Дтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 6-7 удаа цохиж түүний биед хамар яс, таславчийн зөрүүтэй хугарал, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз болох Ц.Дтэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 6-7 удаа цохиж түүний биед хамар яс, таславчийн зөрүүтэй хугарал, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр 2022 оны 04 дүгээр сарын 16:00 цагийн үед ажлаа тараад гэртээ харих гэж байсан чинь манай ажлын газрын залуу Ц.Дөө нь над руу гар утсаараа яриад намайг аваад хамт гэрт дөхөх гэсэн юм гэхээр нь би түүнийг авах гээд очтол тэр байгаа газраа байгаагүй тул би түүний гар утас руу нь залгасан чинь тэр зөрөөд явсан байсан. Тэгээд түүнийг байгаа газраа байж бай гэж хэлээд түүнийг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо цагаан байрны орчимд байна гэхээр нь очиж авсан. Тэр үед би машинаа Эрхэс гэдэг залуугаар бариулаад явж байсан. Тэгээд Ц.Дийг машиндаа суулгаад автал тэр уурлаж эхэлсэн чи надаар тоглоод байгаа юм уу гэх зэргээр хэлээд миний араас намайг боож аваад байсан. Би түүний суудлынх нь урдах сандал сууж байсан тул боолт орох гээд байхаар нь түүнийг цохиж авсан юм. Тэгээд бид хоёр салсан тэгээд цаашаа явж байгаад түүнийг Сансрын колонк дээр буулгаад бид хоёр цааш яваад гэртээ харьсан юм. Ингээд би өөрөө урд өмнөх гэрчийн мэдүүлэгтээ бүх болсон асуудлаа үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа тул надад цаашид нэмж хэлэх зүйл байхгүй ямар ч байсан бусдын бие махбодод хөнгөн хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх /хавтаст хэргийн 25-р тал/,

Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагаас эхэлж найз Т над руу залгаад дуудсан боловч байгаа газраа худлаа хэлээд байсан...улмаар ингэж явсаар байгаад дэнжийн цагаан байрны автобусны буудлын орчмоос Тын машинд суусан. Тэр үед Эрхэс жолоо барьж байсан. Т урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан. Би машины арын суудал дээр голлоод суусан бөгөөд машин дотор суумагц би Тт бухимдаж байгаагаа хэлэхэд “яасан ч яадаг юм” гэж хариулсан. Би эхэндээ тоглоод байна гэж бодсон боловч жинхэнээсээ хэрүүл маргаан хийгээд байсан. Ингээд машин хөдлөөд Баянбүрдийн тойрог руу явж байсан ба дотор нь Т бид хоёр зодолдсон. Т эргэж хараад намайг үсдээд нүд хамар луу гараараа 6-7 удаа цохисон” гэх /хавтаст хэргийн 7-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5518 дугаартай дүгнэлтэд:

Ц.Дий биед хамар яс, таславчийн зөрүүтэй хугарал, зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэх /хавтаст хэргийн 14-15-р тал/,

Гэрч Б.Эрхэсболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дөө орж ирээд шууд араас суудал дээр сууж байгаад Т луу өнгийгөөд мөргөх гээд байсан. Би түүнийг нь болиулах гээд байсан. Тэгээд Таа түүнийг цохиж авсан. Тэр үед Д нь урагшаа толгойгоороо тонгойгоод ороод ирсэн байсан. Тэр үед Т түүнийг нүүрэн тус газарт нь гараараа хэд хэдэн удаа цохиж авсан” гэх /хавтаст хэргийн 11-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Ц.Дий мэдүүлэг, дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн №5518 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч С.Тт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болох хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Д хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар хүсэлт өгсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй,

Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч Ц.Дий үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 176,000 төгрөгийг шүүгдэгч С.Таас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Худууд овогт Соёлмаагийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас С.Тыг чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч С.Таас 176,00 /нэг зуун далан зургаан мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         П.АРИУНБОЛД