Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/581

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч С.Солонго,  

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Болдбаатарын Мд холбогдох эрүүгийн 2211000001132 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогтой Болдбаатарын М /РД: /,

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Баян-Арцат үйлчилгээний гудамж 4 тоотод оршин суух үндсэн хаягтай, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1-7 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Болдбаатарын М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1-7 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Атэй маргалдан, улмаар зүүн талын бүсэлхий орчим хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “...зүүн талд бүсэлхий орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1-7 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Атэй маргалдан, улмаар зүүн талын бүсэлхий орчим хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “...зүүн талд бүсэлхий орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний бие өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 1-7 тоотод байх нийтийн байранд өглөөний 05 цагийн үед орсон юм. Тэгсэн манай найз залуу миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би хувцсаа аваад явах гэж байгаад ширээн дээр байсан хутгыг аваад гараа зүсье гэж бодтол тэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би баруун талын гартаа ягаан өнгийн иштэй хутгыг барьж байгаад түүний ар нурууны доод хэсэг рүү нь 1 удаа хутгалсан. Тэгсэн найз залуу А гэрээс гараад яваад өгөхөөр нь өөрийгөө бас хутгалъя гэж бодоод өөрийн гэдэс хэсгийг хутгаар бага зэрэг зүссэн. Тэгтэл найз залуу болох А гэгч нь байрны жижүүр эмэгтэйг дуудаж ирээд өөрөө зугтаагаад яваад өгсөн...” гэх /хавтаст хэргийн 48-р тал/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 3-7 дугаар тал/,

Хохирогч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намайг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1-7 тоотод байхад манай найз охин М гаднаас өглөөний 07 цагийн үед нэлээдгүй согтолттой орж ирсэн. Тэгээд би Мг “яасан орой орж ирдэг юм бэ” гээд унтуулах гэж оролдсон. Гэвч унтахгүй хэрүүл хийх гээд байхаар нь би дийлэхээ болиод нүүр лүү “унт" гэж хэлээд хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй 2-3 удаа алгадсан. Унтахгүй уурлаад байхаар нь би гарч явахаар шийдээд толгойгоо угаагаад утсаар ярьж байсан чинь М манай гэрт байдаг хажуу айлын ягаан өнгийн хоолны хутгаар миний нурууны зүүн доод бөөрний ойролцоо 1 удаа дүрсэн. Тэгээд миний нуруун доод хэсгээс цус их гараад би Мг гэрт үлдээгээд гараад явсан. Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх өөрийн гэр лүүгээ явсан...” гэх /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,

Гэрч Д.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ байж байтал манай нийтийн байрны 20 тоотын хүмүүс хоорондоо муудалцаад байна гэхээр нь би тус тоот руу яваад ороход тус тоотод байх М гэх эмэгтэй нь согтуу нүцгэн хэвтэж байсан. Харин Анхаа гэх залуу нөхөр нь бөгөөд тэр эрүүл хажууд нь сууж байсан. Анхаа нь эхнэр болох М гэгчийг би чамайг шөнөжин хүлээсэн гэж хэлээд алгадаад авахаар нь би чи одоо эхнэрээ зодоод байгаа юм уу, би цагдаа дуудна шүү гээд тэдний гэрээс гарсан. Тэгээд байрандаа цэвэрлэгээ хийгээд байж байтал Анхаа гээд нөхөр нь М намайг хутгалчихлаа гээд хүрээд ирэхээр нь би цагдаа дуудна гэхэд та битгий цагдаа дуудаач гээд байхаар нь юу яриад байгаа юм дуудна гэж хэлээд цагдаа дуудсан. Анхаа гэгчийн зүүн талын бөөр хэсгээс нь цус гоожоод гараараа дарсан байсан...” гэх /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6154 дугаартай дүгнэлтэд:

М.Анх-Эрдэний биед зүүн талд бүсэлхий орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “4 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 5 цагаас би найзынхаа гэрээс гараад алхаад гэртээ очсон. Тэгээд А загнаад байхаар нь буцаад гарах гэхэд намайг цохиод алгадсан. Би сандраад найз руугаа залгах гэхэд миний гар утсыг өгөхгүй байхаар нь тухайн үедээ ийм үйлдэл хийчихсэн байсангэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна

Хохирогч М.Анх-Эрдэнийн мэдүүлэг, дээр дурдсан гэрч Д.Баярмаагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн №6154 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Анх-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Анх-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Маралдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч М.А хохирол нэхэмжлээгүй,

Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч М.Анх-Эрдэнийн үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 2,081,000 /хоёр сая наян нэгэн мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Мгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт хохирогч М.Анх-Эрдэнийн зүүн талын бүсэлхий орчим хутгаар хатгалсан гэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг ягаан өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогтой Болдбаатарын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 2,081,000 /хоёр сая наян нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг ягаан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.АРИУНБОЛД