Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/582

 

   С         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч З.С,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч С.Солонго нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Золзаяагийн Ст холбогдох эрүүгийн 2211000201111 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Золзаяагийн С /РД: УХ/,

Монгол Улсын иргэн, 2004 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 28-р гудамжны 574 тоотод оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 705 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн ба 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ял дуусгавар болсон,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.С нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг 72 дугаар сургуулийн хашаан дотор иргэн Э.Гтой харилцан маргалдаж улмаар Э.Гын толгойн хэсэгт цохиж газар унагаж толгой руу нь өшиглөн зодож “баруун хоншоорын хөндийн урд, гадна хананы зөрүүтэй, хугарал, духанд зулгаралт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг 72 дугаар сургуулийн хашаан дотор иргэн М.Содбаярын нүүрэн хэсэгт цохиж “дээд уруулын салстад язарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд эмтэрсэн гэмтэл” бүхий эруул мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 487 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч З.С нь

Шүүх хуралдаанд “ Би тухайн үед ах нартайгаа хамт очоогүй. Манай дүү нар малгай өгнө гээд дуудахаар нь очсон. Хүүхдүүдтэй маргасан байсан талаар нь би мэдээгүй. Тэр хүүхдүүд найзуудтайгаа ирчхээд намайг шатнаас чирч буулгасан. Тухайн үед би дунд нь орчихсон. Тэгээд ингэж олуулаа зодолдоод яах юм бэ. Нэг нэгээрээ зодолдъё гээд тэр хүүхэдтэй зодолдсон. Би яваад буцаж ирсэн зүйл байхгүй” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч З.С нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг 72 дугаар сургуулийн хашаан дотор иргэн Э.Гтой харилцан маргалдаж улмаар Э.Гын толгойн хэсэгт цохиж газар унагаж толгой руу нь өшиглөн зодож “баруун хоншоорын хөндийн урд, гадна хананы зөрүүтэй, хугарал, духанд зулгаралт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг 72 дугаар сургуулийн хашаан дотор иргэн М.Содбаярын нүүрэн хэсэгт цохиж “дээд уруулын салстад язарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд эмтэрсэн гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Стай зодолдохоор тохироод, зодолдож эхлэхэд ноцолдсоор С намайг нэг удаа унагааж, миний дагз хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Стай хамт байсан найз эмэгтэй нь бас түүний найзууд салгасан. Тэгээд бид хоёр салаад би найз Ууганаа, Бат-Эрдэнэ, Содбаяртай 72 дугаар сургуулийн хашааны хаалгаар гарах гээд явж байхад С 4-5 ах нарыгаа дагуулаад араас дуудахаар нь яваад очсон чинь С намайг элдвээр хараагаад байсан ба юу гэж хэлснийг нь санахгүй байна, тэгээд би тоолгүй эргэж хараад явах гэсэн чинь миний баруун шанаа руу гараараа цохихоор нь би нүүрээ дараад доошоо тонгойсон, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсөн чинь би газар ухаан алдаад уначихсан. ...Би хэрэг болсон өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн...” гэх /хавтаст хэргийн 19-25 дугаар тал/,

Хохирогч М.Содбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г Стай уулзсанаа учиргүй нэг нэгнийгээ барьцалдаж аваад ноцолдоод С Гыг газар унагаагаад гараараа нүүрэн тус газар нь цохичхоод хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Г босож ирээд Сын нүүр лүү нь цохисон чинь С хамт ирсэн залуучуудыгаа аваад яваад өгсөн. Тэгээд Г, Ууганбаяр бид гурав 72 дугаар сургуулийн хашаан дотор бага ангийн сургуулийн гадаа сандал дээр сууж байгаад гарах гээд 72 дугаар сургуулийн урд алхаж байсан чинь С ах нарыгаа дагуулчихсан ирээд С Гын нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон Г тонгойсон чинь нүүр лүү нь бас 2-3 удаа өшиглөөд газар уначихсан. Тэгсэн С нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд салж яваад хүн дуудах санаатай хашааны үүдэнд ирээд хартал хүн явж байгаа харагдахгүй байхаар нь би буцаад очих гээд алхаж байсан чинь С, ах нартайгаа хашааны хаалгаар гарах гээд алхаж байсан ба С миний уруулын хэсэгт гараараа нэг удаа цохичхоод яваад өгсөн. Тэгээд би Г, Ууганбаяр дээр очсон чинь 72 дугаар сургуулийн манаач гэх хоёр ах нэрийг нь мэдэхгүй байна ирчихсэн байсан ба Гын хамраас нь цус гараад тогтохгүй байхаар нь сургууль руу орж цусыг нь тогтоогоод Г, Ууганбаяр бид гурав гэмтэл рүү очиж үзүүлж эмчилгээ хийлгэсэн юм. Миний дээд уруулын дотор язарчихсан зүсэгдсэн, үүдэн дээд нэг шүд цохилтын улмаас бутарчихсан байсан...”  гэх / хавтаст хэргийн 29х-31 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн “...Э.Г нь Гэмтэл согог үндэсний төвд 2021 оны 12 дугаар сард гэмтлийн яаралтай тусламжийн төвөөс 150,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 150,000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч З.Саас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэх / хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

Гэрч Д.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 72 дугаар сургууль дотор хяналтын камераа хараад сууж байхад 72 дугаар сургуулийн хашаан дотор баруун захад 10 гаруй хүүхдүүд байсан ба хоёр хүүхэд хоорондоо зууралдчихсан байж байсан. Тэгэхээр нь би ганцаараа гарч очоод тухайн хоёр хүүхдийг салгасан чинь зүс таньдаг З.С Г хоёр хүүхдүүд дунд байсан. Тэгээд би тухайн залуучуудад “та нар боль юугаа булаацалдаж зодолдоод байгаа юм” гэж хэлээд сургуулийн хашаанаас гаргаад явуулсан. Тэгээд би сургуулийн хашааг тойроод буцаад сургууль руу ороод кофе аягандаа найруулаад хяналтын камераа хараад байж байхад удаагүй 20-30 минутын дараа сургуулийн төв хаалгаар 5-6 хүүхдүүд орж ирсэн ба хойд талын хаалгаар бас 5-6 хүүхдүүд бас орж ирээд хоорондоо уулзаад байсан. Тэгээд би түрүүний орж ирдэг хүүхдүүдийг хоорондоо яриад эвлэрч байна гэж ойлгоод хараад байж байхад хоорондоо зодолдох шиг болохоор нь дахиж гараад очсон чинь Гын хамраас цус гараад доошоо тонгойгоод явган сууж байхаар нь салгаад хамт байсан хүүхдүүдийг нь тараагаад Гыг нэг найзтай нь цуг сургууль руу ариун цэврийн өрөөнд оруулж цусыг нь угаалгасан. Тэгээд би сургууль дотроо 20-30 минут суулгаж байгаад найзтай нь цуг гаргаад явуулсан...” гэх /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч С.Эрхэс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г ах Сыг түрүүлж мөргөөд, С ах өмсөж явсан хувцасныхаа дээд талыг тайлаад Г руу дөхөж очсон чинь нүүрэн тус газар нь цохиод, С ах зөрүүлээд нүүр лүү нь цохиод байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисныг анзаараагүй...” гэх /хавтаст хэргийн 43-45 дугаар тал/,

Гэрч П.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...72 дугаар сургуулийн баруун талд байдаг шатан дээр 9-10 залуу байсан. Энэ дунд миний таньдаг С, Пүрэвээ гэх хоёр залуу байсан ба найзууд нь гэх 10 гаруй залуучууд байсан. Тэгсэн чинь Гэрэлт- Од хөөе гээд дуудсан чинь С яасан бэ яасан хөгшөөн, яг яагаад байгаа юм бэ гээд бууж ирсэн чинь араас нь хамт байсан Пүрэвээ хамт байсан хүмүүс буугаад ирсэн. Тэгээд С, Гыг чи надтай ингэж ярьдаг болцон юм уу гээд энэ хоёр нэг нэгнийгээ заамдсан ба Г З.Сын нүүр лүү духаараа Сын дух руу нь нэг удаа мөргөчихсөн юм. Тэгээд энэ хоёр барьцалдаж аваад С Гэрэлт- Одыг газар унагаасан. Тэр үед С.Ууганбаяр, Содбаяр бид гурав дундуур нь салгасан ба С хойшоо явж үзье гээд орилоод байсан. Тэгээд би дэлгүүрээс идэх юм аваад хүргэж өгөх ёстой байсан учир явъя гэж хэлсэн чинь Г, Содбаяр, С.Ууганбаяр явахгүй байхаар нь би хаяад гэр лүү явсан ба салж Чингэлтэй дүүрэг 16- р хороо согоот 3-40д тоотод ирээд байж байхад 10-20 минутын дараа С.Ууганбаяр над руу залгаад Г, Содбаяр зодуулчихлаа гэж хэлэхээр нь би гэрээс гарч 72 дугаар сургууль дээр ирсэн чинь Г, С.Ууганбаяр, Содбаяр нар байж байсан. Намайг ирэхэд Содбаярын уруул нь хавдчихсан үүдэн нэг шүд нь хугарчихсан, Гын зүүн нүд нь хоёр хацар нь хөхөрчихсөн хамар нь хавдчихсан, гар өвдөөд байна гээд байж байсан. Г гэмтэл явъя гээд байхаар нь 10-н жилд хамт сурч байсан Эрдэнэ-Очирыг дуудсан чинь машинтай ирээд бид тав гэмтэл рүү машинтай явсан ...ба Г, Содбаяр эмчилгээ хийлгэсэн юм...” гэх / хавтаст хэргийн 54-56 дугаар тал/,  

Гэрч Г.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 72 дугаар сургуулийн хашаанд уулзахаар тохирч, Бат-Эрдэнэ, Содбаяр нарыг чатаар дуудаад, хамт явж очсон. Тохирсон газраа очтол Пүрэвээ 10 орчим хүүхдүүдтэй нийлсэн олуулаа байсан ба тэр дунд С гэж Пүрэвээгийн ах гэх ирсэн хүүхэд, Г нар маргалдан муудалцаж, нэг нэгээрээ зодолдохоор болсон. Тэгээд С Гыг хамж унагаагаад, нүүр лүү нь өшиглөөд эхлэхээр нь болиулж, салгасан. Г тухайн С гэх хүүхдийг гэмтээсэн зүйл байхгүй. Тэгээд салаад тарахаар болоод байж байтал С өөрийн ах гэх хүүхдүүдийг дуудсан байсан ба бид нар луу орилоод хэл амаар доромжлоод байсан. Тэгээд яг явах гэж байтал Гыг гэнэдүүлээд нүүр лүү нь гараар 2 удаа цохиход нь Г өвдгөө тулаад тонгойтол доороос нь нүүр лүү нь өшиглөсөн. Тэрнээс Гыг цохиж зодсон өөр хүн байхгүй. Тэгээд байж байтал сургуулийн 2 манаач гарч ирээд бид нарыг болиулаад, тэгээд тарцгаагаад яваад өгсөн. ...Тухайн өдөр зодоон болж дуусаад Г, Содбаяр бид гурав 72 дугаар сургуулийн хашаанд үлдчихсэн байж байхад Содбаяр уруулаа гараараа барьчихсан З.С намайг уруул руу цохичихлоо гээд байсан ба манаачтай хамт 72 дугаар сургууль орж Г ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаасан. Тэгээд бид гурав гэмтэл орсон юм.., ...тухайн зодоон болоод дуусах үед Гын биед хацар, нүд, дух нь хавдчихсан байсан. М.Содбаярын уруулын дотор хэсэгт язраад сэтэрчихсэн байсан...” гэх /хавтаст хэргийн 61-64 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаартай шинжээч эмч Н.Туяагийн дүгнэлт:

Э.Гын биед баруун хоншоорын хөндийн урд, гадна хананы зөрүүтэй, хугарал, духанд зулгаралт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт, тохой, шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 86-87 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 332 дугаартай шинжээч эмч Б.Цолмонгийн дүгнэлтэд:

 М.Содбаярын биед дээд уруулын салстад язарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо.

Шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

Хэрэг гарсан гэх хугацаанд үүсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 93-94 дүгээр тал/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/

шүүгдэгч З.Сын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус хөдөлбөргүй нотлогдож байна. 

Хохирогч Э.Г, М.Содбаяр нарын мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 23, 332 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Г, М.Содбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.  

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч З.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч З.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч З.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй өсвөр насанд байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 1 хэсэг,  8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар биелүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч З.Саас нийт 250,000 төгрөг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 04-41в тоотод оршин суух Э.Г /РД: МЖ03300618/-д 100,000 /нэг зуун мянга/ төгрөг,  

Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч Э.Гын үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 150,000 /нэг зуун тавь/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Золзаяагийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ст 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Саас нийт 250,000 төгрөг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын 04-41в тоотод оршин суух Э.Г /РД: МЖ03300618/-д 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, 

Хохирогч Э.Гын тусламж үйлчилгээ авсан зардал болох 150,000 / нэг зуун тавин мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД