Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга                         М.Баярмэнд

Улсын яллагч                                            Б.

Шүүгдэгч                                                    Д.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох 2223000000128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.        

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогтой *******ын *******  /Регистрийн дугаар:/

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Л.*******ийн гэрт болон гэрийн гадаа хохирогч Д.*******ийн нүүрэн тус газар нь удаа дараа цохиж түүний биед  тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, дух, баруун хацар, зүүн шанаа, дээд уруулд зулгаралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “ Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Д.ид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Л.*******ийн гэрт болон гэрийн гадаа хохирогч Д.*******ийн нүүрэн тус газар нь удаа дараа цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Д.******* өөрийг нь цохиж зодсон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр... Д.******* бид хоёр ...******* ахтай нэг шил архи хувааж уусан. Тэгээд би Д.*******тэй маргалдаж байснаа санаж байна юунаас болж муудалцсан талаараа мэдэхгүй байна. Д.******* намайг чи манай дүүтэй суухгүй. Манай дүүгээр тоглосон гэж надад хэлж байсан. Би тухайн үед чи юу яриад байгаа юм гэж хэлээд хоорондоо маргалдаад байж байтал Д.******* нүүр хэсэгт гараараа цохиод авахаар нь чи болиоч яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд би доошоогоо хараад хэвтчихсэн Д.******* миний нүүр толгой шанаа хэсэг рүү өшиглөөд байсан. Би Д.******* рүү чи одоо болиоч намайг арай дэндүү зодоод байгаа юм биш үү гэж хэлсэн. Тухайн үед ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлгээр

Д.******* Д.*******ийг зодсон талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Л.*******ийн “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ...Д.*******, Д.******* нар манайд согтуу орж ирээд Д.******* тантай золгоогүй юм байна гээд намайг түшээд бид хоёр сандлаас уначихсан юм. Тэгэхэд Д.******* чи хөгшин хүний хажууд намбатай байсангүй.  Хүнтэй зөв харьцсангүй гэж хэлэхэд Д.******* би хөгшин хүнтэй буруу харьцсан байж чи миний дүүтэй яаж харьцаж байсан билээ гээд тэр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд Д.******* Д.*******ийг цохисон. Тэр хоёр нэг нэгнийгээ заамдаад барьцалдаад зогсож байхад Д.*******ийн хамраас нь цус гараад байсан. Та хоёр битгий гэр орон цус болгочих гэрээс гар гээд тэр хоёр гадаа гарсан. Тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байсан. Би салгах гээд хүчрэхгүй байсан. Тэгээд удалгүй хоорондоо эв зүйгээ олчих шиг болсон. Тухайн үед Д.*******ийн нүд нь хавдчихсан байсан. Д.******* нүүр гараа угаагаад байж байсан. Д.******* хажууд нь суучихсан байсан. Тэгээд хонь нийлчих гээд байхаар нь яваад өгсөн. Тэгээд хонио эргүүлчхээд гэр рүүгээ дурандахад тэр хоёр барьцалдаад байж байх шиг харагдаж байсан. Тухайн үед ийм асуудал болсон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.*******ийн “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн үед манай гэрт Д.*******, Д.******* нар согтуу ороод ирсэн юм. Тэгээд манай аавтай мэнд мэдэлцэж байгаад нэг шил архи Д.******* нь гаргаж ирээд тэр архийг нь Д.*******, Д.******* хоёр аавтай хувааж уугаад тал хүртэл нь уусан. Тэгээд Д.*******, Д.******* хоёр хоорондоо маргалдаад муудалцаад байсан. Д.******* нь Д.*******ийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Д.******* чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж хэлэхэд чи манай дүүгийн амьдралаар тоглосон биздээ гэж хэлээд Д.*******, Д.******* хоёр барьцалдаад гэрээс гарсан. Д.******* нь Д.*******ийн толгой нүүр хэсэг рүү 5, 6 удаа өшиглөөд гараараа цохиод байсан. Манай аав бид хоёр салгах гээд хүчрэхгүй үгэнд орохгүй байсан. Манай хонь айлын хоньтой нийлчих гээд аав хонь руугаа явсан. Д.******* хамрынхаа цусыг угаагаад байж байхад Д.******* хажууд нь суучихсан хоорондоо эв зүйгээ олох шинжтэй байж байснаа Д.******* дахиад Д.*******ийн нүүр толгой хэсэг рүү нь цохиод зодоод байсан. Тэгээд удалгүй хоорондоо эвлэрээд сумын төв орж эмчид үзүүлнэ гээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Д.*******ид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн гэрч Б.*******ын “...2022 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 12 цагийн үед ******* сумын иргэн Д.******* гэгч хүнд зодуулсан гээд манай эмнэлэг дээр ирсэн. Д.*******ийн биед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд үзлэгээр биеийн байдал дунд, орчиндоо харилцаатай. Байрлал идэвхтэй, асуултад зөв тод хариулна. А-Д 124*77, 129*74, зүрхний цохилт 94, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ 97, Д.******* гэх иргэний зовиур нь хамраас цус гарна. Хүзүү хөшнө. Гэмтлийн байрлал нь нүүр дух хэсэгт зулгарч, 2 нүдний хавдар ихтэй байсан...” гэсэн мэдүүлгээр,

Мөрдөн шалгах ажиллагааны өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.*******гийн “...Би *******ийг эхлээд шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохисон дараа хамрын хэсэгт нь гараараа нэг удаа цохисон гэтэл хамрын цус гарсан тэгээд нийт хоёр удаа цохисон...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 000000345 дугаартай  “...Иргэн Д.*******ийн биед: Тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, дух, баруун хацар, зүүн шанаа, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үүссэн  байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Иргэн Д.*******ийн биед : Тархи доргилт баруун, зүүн нүдэнд цус хуралт, дух, баруун хацар, зүүн шанаа, дээд уруулд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Д.******* хохирогч Д.*******ийн нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Д.******* нь хохирогчийг нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Д.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч нь “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.        

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр  тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.*******д 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.НАНДИНЦЭЦЭГ