Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.Бд холбогдох 2216000000136 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, барилгын мэргэжилтэй, Баянтоорой тосгоны ЕБС-д туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... тосгонд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай, Хондого овогтой Очирбатын О.Б гэв.

         Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны төвд иргэн Ч.Атэй ямар ч шалтгаангүйгээр маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний торлогийн доорх цус харвалт, хориодын урагдал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.О.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч О.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...4 дүгээр сарын 14-ний өдөр хөдөө адуу малдаа яваад орой ирсэн. Ирээд жоохон архи уусан байж байгаад шөнө Авирмэд гэдэг хүнтэй зодоон хийгээд Авирмэдийн нүүрэн тус газар нь цохисон байсан. Маргааш нь очиж уулзахад миний шүд, нүд хоёр эвгүй байна. Ах нь очиж үзүүлмээр байна гэсэн. Тэгэхээр нь эм тарианы мөнгө гээд 300.000 төгрөг өгсөн. 05 дугаар сарын 10-ны үед надтай холбогдоод нүд жоохон гэмтэлтэй гарсан. Үзүүлэх гээд явж байна мөнгө хэрэг болоод байна гэж хэлэхээр нь 06 дугаар сарын 03-ны өдөр 1.800.000 төгрөг өгсөн байгаа. Авирмэдийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэмшиж байна. Тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан. ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

            Хохирогч Ч.Аийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний орой Цогт сумын Баянтоорой тосгоны төвд хөдөөнөөс оройн 22 цагийн үед цуг ажилладаг Нямдаваа гэх залуутай дэлгүүр орсон. Тэгээд дэлгүүр ороод тосгоны гудмаар буцаад явж байх замдаа хоёр мотоциклтой хүмүүс хоёр талаас гэрлээ тусгаж шахаж зогсоосон. Тэгээд бид хоёр зогсоод юун хүмүүс вэ гэж хараад байж байхад үл таних нэгэн залуу ирээд намайг шууд нүд, толгойн хэсэг рүү цохиод авсан юм. Тэгээд надтай хамт явж байсан Нямдаваа гэх залуу салгаж авсан. Тэгээд би хараад зогсож байхад учир шалтгаангүй надтай хамт явж байсан залууг газар унагаагаад цохиж аваад зодоод байсан.   ...Тэгээд намайг өмнөөс нь толгойгоор хэд хэдэн удаа мөргөөд авсан. Тухайн үед тэр залуу согтуу архи үнэртэж байсан юм. Тухайн залуу намайг мөргөөд зодсоноос гадна хэл амаар доромжлоод байсан юм. Тэгээд хажууд нь цуг явж байсан залуу зодоон хийгээд байсан залууг түшээд мотоциклд нь суулгаж аваад явсан юм. Тэгээд бид хоёр байрандаа ирээд хамраас гарсан цусаа угаагаад амарсан юм. ...эхний удаад 300.000 төгрөг өгсөн юм. Тухайн үед О.Б гэх залуу таны эмчилгээний зардлыг би барагдуулна гэж хэлээд 1.800.000 төгрөг шилжүүлээд тэрнээс хойш холбогдохгүй утсаа ч авахгүй байгаа” гэх мэдүүлэг /ХХ15-18/,

 

             Гэрч В.Н-ийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянтоорой тосгоны урьд байдаг Тэжээлийн аж ахуйд сахиур манаач ажилтай байсан. Тус өдөр оройн нь манайд гэрээтээр ажиллаж байгаа жолооч Авирмэд болон гагнуурчин Нямдаваа хоёр дэлгүүр хаахаас өмнө төв орчхоод ирье гэж хэлээд явсан байсан. Тэгээд маргааш нь болох 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө Авирмэд надтай уулзаж би урьд шөнө нэг танихгүй залуутай тааралдаж нүд рүүгээ мөргүүлээд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд шөнө ямар хүмүүс зодсоныг би таньж мэдээгүй одоо төв ороод учрыг нь олоод уулзаж нүдээ үзүүлнэ гэж явсан юм. Тэгсэн чинь тухайн өдрийн үдийн цайны цагт хүрээд ирэхээр нь би та хоёрт халдсан хүнийг олсон уу гэж асуухад танай хүргэн хүү О.Б гэдэг залуу байна гэж хэлсэн. Тухайн үед Авирмэдийн зодуулсан гэсэн нүд нь бага зэргийн улайрсан байдалтай байсан. Тэгээд Авирмэд би ямартай ч нүдээ үзүүлж байж учрыг нь ольё гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжинд аймаг орж үзүүлэхээс өмнө эм тарианы мөнгө зохицуулан авмаар байна гэж хэлсэн байсан. Тэгээд дараа нь аймаг ороод нүдийг нь эмнэлэгт үзүүлсэн гэмтэлтэй гэж гарсныг сонссон юм.” гэх мэдүүлэг /ХХ 30-31-р тал/.

 

           Гэрч М.Н-ийн “...2022 оны 04 сарын 14-ний өдөр Авирмэдийн хамт тосгоны төв ороод дэлгүүрээс тамхи ус ундаа аваад гудмаар мотоциклтэй буцаж явах замдаа үл таних нэг мотоциклтэй залуу хөөгөөд гэрлээ тусгаад шахаад орж ирээд зогсоосон. Тэгээд учир шалтгаангүй зогссон мотоциклоос нэг залуу бууж ирээд манай мотоциклыг жолоодож явж байсан Авирмэдийн нүүр болон толгой руу нь цохиод авсан тэгээд би мотоциклоос буугаад Авирмэдийг цохиод авсан залууг салгаж авахад намайг мөн адил толгойгоороо нүүр лүү маань мөргөөд авсан юм. Тэгээд тухайн үед бага зэрэг толгой өвдөөд байж байхад нөгөө зодоон эхэлсэн залуу Авирмэдийг очиж барьж аваад мөн адил толгойгоороо мөргөөд аваад байсан. Тэгээд тун удалгүй зодоон эхэлсэн залуугийн ардаас нь нэг мотоциклтой залуу ирснээ салгаад залууг мотоциклд нь суулгаж өгөөд явуулсан юм. ...Тэгээд маргааш нь өглөө Авирмэдийн нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан нүд өвдөөд байгаа гэсэн тэгээд би Авирмэдэд толгой тархи чинь өвдөөд байгаа бол аймаг явж үзүүлээрэй гэж хэлэхэд би ямартай ч цалингаа авч байж явахгүй бол болохгүй гэж хэлээд үргэлжлүүлэн ажлаа хийсэн.” гэх мэдүүлэг /ХХ 33-35/,

 

             Гэрч Б.Б-ын “... 2022 оны 04 сарын 14-ний өдрийн орой 23 цагт адуу маланд өвс тавьж өгөөд Түвшинзул гэдэг айлд байж байхад О.Б ирсэн юм. Тэгээд ирээд О.Б намайг дагуулаад явна гэж хэлэхээр нь би явахгүй та архи уусан байна. Тэгээд би гэрээсээ гараад оролгүй араас нь харж байхад гудмаар явж байсан нэг мотоциклыг гэрэлтүүлээд шахаад зогсоогоод орилоод байсан юм. Тэгээд би санаа зовоод яасан бол гэж араас нь мотоциклтой яваад очиход О.Б танихгүй нэг ахыг мөргөөд зодоод байсан тэгээд би салгах гээд очиход намайг түлхээд холдуулсан юм. Тэгээд О.Б тэр хоёртой муудалцаад орилоод хүчрэгдэхгүй байсан. Тэгээд Авирмэд гээд ахыг О.Б толгойгоороо мөргөөд авсан юм. Тэгэхээр нь Авирмэд ах уурлаад О.Быг бариад барьцалдаж авсан байхаар нь би салгасан юм” гэх мэдүүлэг/ХХ 40-41-р тал/,

 

           Гэрч Н.А-ийн “...Манай нөхөр Ч.А 2022 оны 04 сарын 14-ий өдөр газар тариалангийн ажлаар өдөр сүлжээгүй байж байгаад оройн 22 цагийн үед ажлаасаа буугаад тосгоны төвд дэлгүүр ороод ирнэ гэж ярьсан. Тэгээд тэр шөнө надтай буцаад холбогдоогүй байсан ба маргааш нь буюу 2022 оны 04 сарын 15-ны өглөө утсаар ярьж урьд шөнө би хүнд зодуулчихсан танихгүй нэг залуу ирээд намайг цохиод авсан гэж хэлсэн. Өглөө босоход нүд хавдсан байсан ба хавдсан нүд бүрэлдээд юм дутуу хараад байгаа гэж хэлсэн. Тэгээд би чи юу яриад байгаа хурдан ирж эмнэлэгт үзүүлээдэх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ 27-28-р тал/,

 

          Гэрч. Т.Х-ийн “...Ч.А гэдэг хүн 2022 оны 05 сарын 09-нд анх үзүүлсэн. Тэгээд тэрнээс хойш 2 удаа буюу 2022 оны 05 сарын 31-нд болон 2022 оны 07 сарын 05-нд үзүүлсэн. Үзсэн талаарх эмчлүүлэгчийн картад дэлгэрэнгүй бичиж өгсөн байна. Хараа нь анх үзүүлснээс хойш сайжирсан. Сүүлийн давтан үзүүлэхэд шарх сорив нь эдгэрээд хориодын урагдал эдгэрч цус нь шимэгдсэн байна. Эдгэрэх боломжтой. Хөдөлмөр чадвар алдалтаар группт орохгүй. Хараа нь сайн байгаа. Одоо бол сорвижоод эдгэрсэн байна.” гэх мэдүүлэг /ХХ24-25/,

 

           Шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 196 дугаартай 1. 2. Ч.Аийн биед баруун нүдний торлогийн доорх цус харвалт, хориодын урагдал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ49/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч Ч.А нь хэргийн материалд хохиролтой холбоотой баримт  ирүүлээгүй ба шүүгдэгч О.Б нь хохирогчид 2.100.000 төгрөг төлсөн байна.   

Шинжээчийн дүгнэлтэд “...нүдний хараа нь бууралттай байх ба эргэж хараа нь сайжрах эсэх нь одоогоор тодорхойгүй” гэсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч О.Бтай тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Бд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Б нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Ч.А-д 2.100.000 төгрөг төлсөн, хохирогч Ч.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Хондого овгийн Очирбатын О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.О.Бд сануулсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Ч.А-д 2.100.000 төгрөг төлсөн, хохирогч Ч.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөг, өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА