Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 6

 

Эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн  индекс:114/2021/0003/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн “Хонгор сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  Г.У-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                    Д.Ч-, Ц.Б- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-, хариуцагч  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч-, Ц.Б- нар нь шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У- нэхэмжлэлийн шаардлага болох “Хонгор сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, маргааны талаар харилцан тохиролцож, доорх байдлаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулав Үүнд:

1. Нэхэмжлэгч тал “Т- Б-” ХХК-д Хонгор сумын Засаг даргын захирамжаар хуульд нийцүүлэн өөр байршилд газар олгох

2. Олгогдох газрын хэмжээ байршил газрыг тухайн нөхцөлд тааруулж тохиролцохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дугаар зүйлд зааснаар эвлэрлийн гэрээг байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “Т- Б-” ХХК-аас  хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211 дугаар захирамжийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэргийн оролцогчдоос олгосон итгэмжлэлд заасан эрх, үүргийнхээ хүрээнд харилцан буулт хийж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Ч-, Ц.Б- нарын хооронд байгуулсан  эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д “...хариуцагчтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь ...нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”,  нэхэмжлэгч, хариуцагч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлд заасан хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д “эвлэрэх” , 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно,” 68.2-т “нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар дахин нэхэмжлэлийн энэ шаардлагаар нэхэмжлэл гаргах эрхгүй болох, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх журамтайг танилцуулж хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар гарын үсэг зуруулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч-, Ц.Б- нар нь харилцан буулт хийж, шаардлагаа биелүүлэх арга замаа тодорхойлж хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-аас “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т- Б-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ”Т- Б-” ХХК нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болох бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх журамтайг дурдсугай.

 

 

                                                              ШҮҮГЧ                                     З.ЭНХТУЯА