Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2235

 

МАГАДЛАЛ

 

2017.10.20                                                    Дугаар 2235                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

Д.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02529 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.А, А.Б нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “К Б” ХХК,

 

Д.А болон Б.А хооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүй тооцуулах, Б.А нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 57 дугаар байрны 109 тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах,

К Бтай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 300-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах,

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан ГД-000374944, Ү-2205001883 дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах,

Б.Анэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “К Б” ХХК-ийн “Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцны барьцааны эрхийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээний дагуу шударгаар олж авсан буюу шударга ёсны барьцаалагч болохыг тогтоолгох, Уг барьцаа хөрөнгөөр 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч болон Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “К Б” ХХК -ийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Я, Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Б.А, А.Б нар нь PC тоглоомын газар ажиллуулна гэж Д.Аминий Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хорооллын 57 дугаар байрны 109 тоот, орон сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Бид” ББСБ-д барьцаанд тавиулж 35 000 000 төгрөг авч, улмаар дээрх зээлээ “К Б” ХХК-руу шилжүүлбэл хүү багатай зээл авах боломжтой байна гэж итгүүлэн, байрны өмчлөх эрхийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах замаар шилжүүлэн авч залилан мэхэлсэн бөгөөд энэ нь Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 832 тоот Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тогтоогдож, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Б.А, А.Б нар нь өршөөлд хамрагдсан. Мөн прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 4-т хохирогч Д.А нь хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай гэж заасан. Иймд Б.Амарзаяатай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан орон сууц, худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, Б.Анэр дээр байгаа Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хорооллын 57 дугаар байрны 109 тоот орон сууцны өмчлөх эрхийг Д.Аминий нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулан, өмчлөх эрхийг шилжүүлэн авч, мөн энэхүү гэрээндээ үндэслэж, Орон сууц зээлээр худалдан авах нэрийдлээр 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “К Б” ХХК-тай 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ, 3004-2015/29 тоот Орон сууц зээлийн барьцааны гэрээ байгуулж, БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 57 дугаар байр, 109 тоот орон сууц (ГД-000374944, Ү- 2205001883)-ыг барьцаалж, 77 000 000 төгрөг зээлж авсан. Б.А, А.Б нарыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг прокурорын байгууллага тогтоосон. Мөн зээл авахын тулд К Бны ажилтнаас туслалцаа авсан гэж Б.А А.Б нар хэлж байсан. Өөрөөр хэлбэл К Б, Б.Ахооронд хуурамч хэлцэл хийгдсэн. “К Б” ХХК нь 2015 оны 12 сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б.АОрон сууцны зээлийн төлбөр 84 582 222 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул тус шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Мөн энэ хэрэгт намайг гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч нэхэмжлэгч “К Б” ХХК нь барьцааны зүйлийн талаар ямар нэгэн шаардлага шүүхэд гаргаагүй учраас шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

Б.А орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлэн авахын тулд нэн тэргүүнд “К Б” ХХК-ийн зээлийн барьцаанаас орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага давхар үүссэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээний талууд болох А.Батцэрэн, “К Б” ХХК-ийг нэмж оролцуулах;

К Бтай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 3004-2015/29 тоот Орон сууц зээлийн барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах;

2015 оны 02 дугаар сарын 12-ны 3004-2015/29 тоот Орон сууц зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 57 дугаар байр, 109 тоот Үл хөдлөх эд хөрөнгө (ГД-000374944, Ү- 2205001883)-ийг орон сууцны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг Б.А, А.Б, “К Б” ХХК-д даалгаж өгнө үү.

Иргэн Б.А нэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 57 дугаар байр 109 тоот орон сууцны /ГД 000374944, Ү-2205001883/ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ гэрээг залилан мэхэлж хийгээгүй. Нотариат дээр хоёулаа байлцаж байгаад гарын үсэг зурж, тамга даруулсан. Худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийсэн гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Анадаас бэлнээр 2 000 000 төгрөг авч байсан. 6 000 000 төгрөг дансаар мөн авч байсан. Д.А мөнгийг буцаагаад өгч чадаагүй. Миний мөнгө банкны зээлийг төлж чадахгүй байна гээд хамтарч зээл авахаар тохиролцоод караоке, угаалгын газар түрээслэх зорилгоор хамт явж үзсэн. Бидний хувьд залилан мэхэлсэн зүйл огт байхгүй. Д.Ахувьд юу ч мэдэхгүй гэсэн зүйл байхгүй. Анхнаасаа ярилцаж тохиролцоод хийсэн зүйл байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга барьцаалагч болохыг тогтоолгох шаардлагын талаар. Б.А нь иргэн Д.Атай 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр "Орон сууц худалдан авах гэрээ байгуулсны дагуу тус банк нь Б.Амарзаяатай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээг тус банктай байгуулж, 77 000 000 төгрөгийг, жилийн хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээл олгосон. Мөн Б.Ань 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээг тус банктай байгуулж, дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн 000374944 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2205001883 тоот дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 байр. 109 тоот хаягт орших, 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан юм. Тус банк нь уг зээлийн барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцааны эрхээ баталгаажуулсан болно. Гэтэл тус барьцаа хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж банк дараах шаардлагыг гаргасан болно.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ" гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу банк нь тус хөрөнгийг шударгаар барьцаалсан юм. Банк нь дээрх иргэдийн хооронд хийгдсэн тохиролцоо, үүссэн маргаан болон өмчлөх эрхтэй холбоотой үүссэн асуудлыг огт мэдэхгүй болно. Өөрөөр хэлбэл банк нь иргэн Д.Аболон Б.А хоорондын яриа хэлцлийн талаар огт мэдээгүй, мэдэх боломжгүй, мэдэх ч шаардлагагүй юм. Учир нь үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлд тусгагдсаны дагуу өмчлөгчийг тодорхойлдог. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу банк тэрхүү бүртгэлд итгэхээс өөр арга байхгүй юм. Иймд банк нь тухайн орон сууцыг барьцаалах үед иргэн Б.А нь тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан тул тухайн иргэнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж барьцааны гэрээг байгуулан зээл олгосон. Мөн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээний 7.1 дэх заалтын дагуу барьцааны хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохоо түүнчлэн барьцааны гэрээг байгуулах өдөр болон түүнээс өмнөх хугацаанд хамрагдах барьцааны зүйлтэй холбоотой ямар нэг өр төлбөр, маргаан, гэрээний үүрэг хариуцлага байхгүй болохоо тус тус баталж маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус банкны эзэмшилд хадгалуулсан байдаг тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан юм. Д.Анэхэмжлэл, болон шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэхэд Д.А болон Б.А нар нь тус банкнаас зээл авахын тулд дээрх хөрөнгийг барьцаанд тавихаар харилцан тохиролцсон гэдэг нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлийн барьцаанд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн, тийм хүсэл зоригтой байсан, банкнаас авсан зээлийн хөрөнгөөр хамтран үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон гэдэг нь нэгэнт тодорхой байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас банк хохирох ёсгүй юм.

Барьцаа хөрөнгөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар, Зээлдэгч Б.Ань дээр дурдсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүний төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан. Гэтэл тус банкны шаардлагыг болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул зээлдэгч Б.Амарзаяатай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 84 582 222 төгрөгийг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт зээлдэгч Б.Агаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан. Уг иргэний хэргийн шүүх хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж шийдвэрлэгдсэн болно. Иймд тус банкыг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 байр, 109 тоот хаягт орших, 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны барьцааны эрхийг шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч мөн болохыг тогтоож, улмаар уг барьцаа хөрөнгөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү,

К Б нь Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр энэхүү шаардлагыг гаргаж байна.

Орон сууцны зээлийн барьцааны гэрээний дагуу шударгаар олж авсан буюу шударга, хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох,

Уг барьцаа хөрөнгөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай байгаа. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүчингүй болгох гэсэн ойлголт байхгүй. Гэрээний үр дагаварыг хүсэж буюу хүлээн зөвшөөрч хийсэн. Б.Аданснаас 109 000 000 төгрөгийг Д.А Хаан банкны данс руу орсон байгааг анхаарч үзнэ үү. Зээлтэй холбоотой асуудал дээр эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан, хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан, Д.А болон Б.Ахооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.Анэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 57 дугаар байрны 109 тоот орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах, К Бтай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 300-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-г хүчингүйд тооцуулах, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан ГД-000374944, Ү-2205001883 дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, Б.Анэр дээр байгаа Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасныг баримтлан, К Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцны барьцааны эрхийг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээний дагуу шударгаар олж авсан буюу шударга ёсны барьцаалагч болохыг тогтоож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцаар 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гуравдагч этгээд К Б ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд К Б бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 580 862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, А.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 542 950 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “К Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.А нь миний орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахдаа 110 000 000 төгрөгөөр, 50 000 000 төгрөгөөр орон сууц худалдан авах хоёр гэрээ байгуулсан боловч 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 50 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг Б.Ашилжүүлэн авсан тул уг хэлцэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан билээ. Анхан шатны шүүхээс "...2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээг талууд байгуулсан нь татвараас зайлс хийх буюу тухайн орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 110 000 000 төгрөгөөр худалдсан гэрээг халхавчлах зорилготой байсан болох нь тогтоогдож байна." гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг барьж энэхүү хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон атлаа хоёрдахь шаардлага буюу Б.Анэр дээр байгаа БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 50 000 000 төгрөгийн үнэ бүхий Орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Б.Амарзаяад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн тул хоёрдахь шаардлагыг хангах боломжтой. Б.Амарзаяатай 2015 оны 02 дугаар сарын 09, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээнүүд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх арга хэлбэр болсон байхад, мөн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 110 000 000 төгрөгөөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, энэ гэрээний дагуу өмчлөх эрх шилжээгүй байхад уг хэлцэлийг хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчиж байна. Б.Абидний хооронд байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээнүүдэд үндэслэн К Б Б.Амарзаяатай Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ, Орон сууцны зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулсан бөгөөд эдгээр гэрээнүүд хоорондоо харилцан хамаарал бүхий гэрээнүүд юм. Өөрөөр хэлбэл миний орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар уг орон сууцыг К Бинд барьцаалан    77 000 000 төгрөг авч, байрыг зээлийн өрөнд хаясан. Энэ бүх үйлдэлийг цагдаагийн байгууллага шалгаад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд Б.А, А.Б үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулна гэж амалсан тул өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс Б.Амарзаяатай байгуулсан болон, Б.А, А.Б нарын Капиран банктай байгуулсан гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Гэрээг хүчин төгөлдөр хэлцэл буюу К Быг шудрага барьцаалагчаар      тогтоосон нь гэмт хэр улмаас учирсан хохирлоо арилгуулах буюу орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах боломжгүй болгосон.

Шүүхээс миний хохирлоо арилгуулах шаардлагыг орхигдуулж, харин ч К Быг шударга барьцаалагчаар тогтоосон нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4040 дугаартай захирамжийн биелэлтийг миний залилуулсан өмч хөрөнгөөр хангах нөхцөлийг бүрдүүллээ. Энэ шийдвэрээр хэргийн гол эзэн Б.А, А.Б нар ямар үүрэг, хариуцлага хүлээхгүйгээр хоцорч байна. Энэ шийдвэрт хохирлыг барагдуулах талаар нэгч заалт алга. Мөн энэ шийдвэрээр миний хохирлыг хэн, яаж арилгах нь ч тодорхойгүй байна. К Б нь Б.Амарзаяатай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний төлбөрт Б.А84 582 222 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Б.Абүхэлд хүлээн зөвшөөрсөн тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4040 дугаартай захирамжаар зөвшөөрлийг баталсанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл дээрхи гэрээтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул энэ асуудлыг шүүх дахин авч хэлэлцэх ёсгүй.

Шүүх дээрхи шийдвэрт үндэслэн К Бны хоёрдахь шаардлага буюу БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, 57-р байрны 109 тоот орон сууцаар 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа К Бны эхний бие даасан шаардлага буюу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээний дагуу шударгаар олж авсан буюу шударга хууль ёсны барьцаалагч болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хоёрдмол утгагүй байх хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Мөн Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 тоот тогтоолын 1.2-т "...гэмт хэрэг үйлдсэн этгээд өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас өршөөгдсөн бол хохирол арилгуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө" гэж заасан байхад шүүхээс надаас нэхэмжлэл гаргах дутамд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж төлүүлж байсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “К Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар К Бнаас гаргасан бие даасан шаардлагын нэг болох "БГД, 19 хороо, 57 дугаар байр, 109 тоот орон сууцаар буюу барьцаа хөрөнгөөр 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай" шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс дээрх шийдвэрийнхээ үндэслэлийг шийдвэртээ "...2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4040 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй." гэж тусгасан байна. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн 4040 тоот захирамжаар гагцхүү зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тусгасан байдаг. Энэ нь тухайн захирамжийн 1, 2, 3, 4 дэх заалтуудаар тогтоогдоно. Эдгээр заалтуудад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахтай холбоотой нэг ч зохицуулалт үг, утга тусгагдаагүй болно. Үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. Иймээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах асуудлыг 4040 тоот захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байгаа болно. Мөн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар банкийг "шударга барьцаалагч" гэж үзсэн хирнээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Банк нь шударгаар барьцаалсан бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд К Бны дээр дурдсан бие даасан шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Ань хариуцагч Б.А, А.Б нарт холбогдуулан Д.Аболон Б.Ахооронд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, Б.Ань К Бтай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан     3004-2015/29 тоот Орон сууц зээлийн барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, уг гэрээгээр барьцаалсан БГД-ийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 57 дугаар байр, 109 тоот Үл хөдлөх эд хөрөнгө (ГД-000374944, Ү-2205001883)-ийг орон сууцны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг Б.А, А.Б, “К Б” ХХК-д даалгах, Б.Анэр дээр бүртгэгдсэн дээрх орон сууцны /ГД 000374944, Ү-2205001883/ Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

“К Б” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2017/24440 тоот захирамжаар шийдвэрлэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гуравдагч этгээдийн шаардлага хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Д.Ань “К Б” ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2017/25192 тоот захирамжаар “К Б” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн.

Дээрхээс дүгнэвэл “К Б” ХХК-ийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн байхад түүний гуравдагч этгээдийн хувиар гаргасан шаардлагыг шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар хариуцагч этгээд нь бие даасан шаардлага бус сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй юм. “К Б” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагад Б.Амарзаяаг “хариуцагч” гэж тодорхойлон, түүнтэй байгуулсан барьцааны гэрээний зүйлээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байх тул хариуцагч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан гэж үзэхээр байгааг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй нь буруу байна. Тухайлбал, нэхэмжлэгч Д.Ань хариуцагч Б.Амарзаяатай 2015 оны 02 дугаар сарын 09, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгуулахаар шаардсан, уг гэрээг үндэслэн өмчлөх эрхийн улсын бүртгэл хийгдсэн байхад гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон атлаа энэ гэрээнд үндэслэн хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй болсон байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулах, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/02529 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70 200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШЗ2017/15041 тоот захирамжаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

                                                                         

 

                         ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ