Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 272

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

хохирогч С.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Э.Гт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Эийн Г, 1996 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, “...” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .../;

Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангай” халуун усны хажуу талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн ... УНТ улсын дугаартай “Тоёота Королла” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д "согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч С.Буяндэлгэрийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д заасан шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэхдээ хохирогч С.Буяндэлгэрийн зүүн талын хавирга ардаа 11, урдаа 7 хугарч цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдан дотор эрхтэнээ удаан хугацаагаар даран уушгинд нэвчдэс үүсгэн эмнэлэгт 70 гаруй хоног эмчлэгдсэн байхад түүний эмнэлэгт хэвтсэн эмчилгээний түүхтэй холбоотой баримт материалыг цуглуулж, бэхжүүлээгүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Э.Гт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Тухайлбал:

1. Хохирогч С.Буяндэлгэр нь гэмт хэргийн улмаас зүүн талын хавирга ардаа 11, урдаа 7, баруун талын хавирга 3, бүсэлхийн нэгдүгээр нугаламын баруун хөндлөн сэртэнг хугарч эмнэлэгт 70 гаруй хоног хэвтэн эмчлүүлэх үед уушгины нэвчдэс үүссэн байна. Энэ нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмын гуравт: Гэмтлийн хүнд зэрэг тогтоох шалгуурын 3.1.10 дахь хэсэгт заасан цээжний гэмтэл. Үүнд: Цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдуулсан, хоёр талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч, хавирганы хавхлаас шинж үүссэн бол энэ ангилалд хамаарна гэсэн заалтын шаардлагад хамаарах эсэх. Түүнчлэн хохирогчийн хавирга нэг талдаа буюу хоёр талдаа олон тоогоор хугарч, цээжний хэнхэрцэгийн хэлбэр алдагдан дотор эрхтэн уушгинд нөлөөлсөн эсэх, дангаараа хүндэвтэр гэмтэл болох бүсэлхийн нэгдүгээр нугалам баруун хөндлөн сэртэнг хугарсан зэрэг байхад шинжээч эмч нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эд эрхтэний бүтэц, эрүүл мэндийг дөрвөн долоон хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл гэж тогтоосон №08 шэ/593 тоот дүгнэлт нь үндэслэлтэй эсэхийг бүрэн тогтоогоогүй байна.

2. Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18, 1.2.21 дэх хэсгүүдэд: “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг, “Зорчих хэсэг” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг хэлнэ гэсэн байхад үйлчилгээний газрын гадаа талбайн боржуур дээр сууж байсан явган зорчигч хохирогч С.Буяндэлгэрийг зорчих хэсэг дээр зогссон, саатсан гэж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн дүгнэлт гарсан зэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн, оролцогчдын эрхийг хууль бусаар хязгаарласан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14-д заасан заалтыг ноцтой зөрчсөн байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан боловч гэмтлийн зэрэг тогтоох журмаар шинжээч эмчийн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс тогтоох ёстой учир шүүх хуралдааны дүгнэлтийн шатанд гаргасан улсын яллагч, өмгөөлөгч нарын хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч нь замын зорчих хэсэг дээр зогссон гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэх үндэслэлээр Э.Гт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Цэрэндалай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Э.Гын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал: Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэх мэт. Энэ нь Э.Гыг урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн баримт, хохирогч С.Буяндэлгэрийн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн хохирогч С.Буяндэлгэрийн зүүн талын хавирга ардаа 11, урдаа 7 хугарч цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдан дотор эрхтнээ удаан хугацаагаар даран уушгинд нэвчдэс үүсгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн... байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэжээ. Өөрөөр хэлбэл шүүх шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй гэмтлийг дурдсан байна. Мөн Э.Гт холбогдох хэргийг прокурорт буцаах тухай үндэслэлдээ: Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын гуравт: Гэмтлийн хүнд зэрэг тогтоох шалгуурын 3.1.10 дахь хэсэгт “Цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан, хоёр талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүссэн бол энэ ангилалд хамаарна гэсэн шаардлагад хамаарах эсэх, түүнчлэн хохирогчийн хавирга нэг талдаа буюу хоёр талдаа олон тоогоор хугарч, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдан дотор эрхтэн уушгинд нөлөөлсөн эсэх... зэргийг бүрэн тогтоогоогүй байна гэжээ. Гэмтлийн зэрэг тогтоох шалгуурын 3.1.10 дахь хэсэгт заасан “Цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан, хоёр талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүссэн...” гэх шинж нь олон тооны хавирганы хугарлаас үүссэн “Цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан” эсхүл хавирганы “хавхлаас шинж” үүссэн буюу цээжий гялтан хальс дотогшоо нэвтэрсэн байх ойлголт бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч С.Төгсбуян тодорхой тайлбарласан. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д хүний биеийн олон тооны хавирга хугарсан гэх шинжид 2 буюу түүнээс дээш тооны хавирга хугарсан байхыг хамааруулан ойлгоно. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн хавирга хугарсан боловч дээр дурдсан шинж тэмдэг илрээгүй бол гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Иймд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт ямар нэгэн эргэлзээгүй байна. Шүүх хохирогч С.Буяндэлгэрийн биед учирсан гэмтлийн талаар тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад шүүх хэтэрхий нэг талыг барьж хохирогч С.Буяндэлгэрийн биед учирсан гэмтлийг хүнд гэмтэлд хамаарна гэж урьдчилан дүгнэж хэрэгт мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч С.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх талаар санал нэгтэй байна. Цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдсан гэдэгт тухайн үед мэдэгдэхгүй байсан боловч одоо нүдэнд үл үзэгдэх хэмжээний алдагдалтай байгаа.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардлагатай асуудлаар мөрдөгчийн лавлагаа, шинжээчийн дүгнэлт гаргах, эдгээр нь тодорхойгүй бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл дүгнэлт эргэлзээтэй бол шүүх нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэхээр даалгах зэрэг ажиллагааг талуудын хүсэлтээр шүүхийн шатанд гүйцэтгэж болох бөгөөд шинжээчээс мэдүүлэг авах ажиллагааг хэрхэн явуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.8, 27.11, 35.21 дүгээр зүйлүүдэд тодорхой заасан байх тул шүүгдэгч Э.Гт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шинжээч томилох ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хохирогчийн биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №08шэ/593 тоот дүгнэлтэд эргэлзээ бүхий байдал байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах ажиллагааг шүүх өөрийн санаачлагаар хийж болох бөгөөд энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд харшлахгүй юм.

Иймд, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Э.Гт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 48 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Гт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ