Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0007

 

А.Н*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч А.Н*******

Хариуцагч Х*******

Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “А.Н*******г ажлаас халах тухай” Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 7.683.923 төгрөг гаргуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 186 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Н*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д*******

Хариуцагч Н.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 126/2023/0170/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.Н*******гаас Х*******д холбогдуулан “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А.Н*******г ажлаас халах тухай Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү 7.683.923 төгрөг гаргуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 186 дугаар шийдвэрээр:

“...Боловсролын тухай /2002 оны/ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгож, А.Н*******г Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас 7683923 /долоон сая зургаан зуун наян гурван мянга есэн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Н*******д олгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж чадаагүйгээс сургуулийн дотуур байранд гэмт хэрэг, зөрчил гарсан, мөн хүүхэд удаа дараа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал гарсан тул Х******* өөрийн эрх хэмжээний хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамж гаргаж, ингэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 37 дугаар зүйлийн 37.1.8. 37.1,13, 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.4, 48.9, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийн 40.2, 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.3.1, 1.3.3, 1.5.3, 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг ба тус сургуулийн сурагчид гэмт хэрэгт холбогдсон талаар хэргийн зохигч тал буюу нэхэмжлэгч маргаагүй.

3.2.Энэ нь ерөнхий удирдлагын ноцтой зөрчил мөн гэж үзсэн нь үндэслэл бүхий зөрчил, мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн албан хаагч буюу ерөнхий боловсролын сургуулийн захиралд сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ба Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/25 дугаар захирамж нь дээр дурдсанчлан эрх зүйн зөрчилтэй, хууль бус захиргааны акт...” гэсэн нь ойлгомжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбарласангүй.

3.3.Нөгөө талаар шүүхийн шийдвэрт “...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н*******г ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь сургуулийн дотуур байранд гэмт хэрэг, зөрчил гарсан, мөн хүүхэд удаа дараа гэмт хэрэгт холбогдсон явдал бөгөөд хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсонд зөвхөн сургуулийн захирлыг буруутгах үндэслэлгүй...” хэмээсэн нь шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршдог. Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг түүний эрх олгосон этгээдийн томилсон гүйцэтгэх удирдлага удирдана. Гүйцэтгэх удирдлага нь ерөнхий боловсролын сургуульд захирал байна. Гэтэл захирал А.Н******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж чадаагүйгээс сургуулийн дотуур байранд гэмт хэрэг, зөрчил гарч, сурагчид удаа дараа гэмт хэрэгт холбогдсон.

Үүнд дүн шинжилгээ хийж дээрх асуудалд хариуцлага тооцож, сахилгын шийтгэл ногдуулж, А.Н*******г захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнийг тусгай хэрэгцээт боловсролын багшаар томилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүхэд нэхэмжилсэн цалингийн зөрүүг шүүх тогтоохдоо мэргэжлийн байгууллагын дүгнэлт буюу нягтлан бодогчийн дүгнэлт заавал гаргах ёстой.

3.4.Мөн анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудыг хэрэгжих боломжийг оролцогчдод олгоогүй.

Тодруулбал хариуцагч талаас нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт эрхэлж байсан  ажил үүрэгтэй нь холбогдуулан шалгагдаж байгаа тул нотлох баримтыг холбогдох газраас нь гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч хангалгүй орхигдуулсан, тэр хүсэлтийг өөр шүүгч шийдвэрлэсэн.

Нөгөөтэйгүүр Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу сумын Засаг дарга Ерөнхий боловсролын захирлыг томилж, чөлөөлдөг болсон. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан, эсхүл иргэний хэргийн шүүх шийдвэрлэх үү гэдгийг шүүх нягталсангүй.

3.5.А.Н******* нь уг хуулийн өөрчлөлтийн дагуу сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй ажиллаж байсан ба дээрх үйл баримтад талууд маргаагүй. Гэтэл дээрх байдлыг нягталж тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх шаардлагатай нийцсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.“Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж чадаагүйгээс сургуулийн дотуур байрны болон бусад хүүхэд удаа дараа гэмт хэрэгт холбогдож байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэсэнтэй нийцсэнгүй. 

Учир нь сургуулийн захирлын албан тушаал нь уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд маргаан бүхий актад үндэслэсэн 48.1.4-ийн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалт төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарахгүй, мөн захирамжийн үндэслэл болсон дотуур байрны болон нэр бүхий сурагчид хулгайн гэмт хэрэгт холбогдсон харилцаанд зөвхөн сургуулийн захирал төдийгүй Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуулиудад заасны дагуу эрх бүхий албан тушаалтнууд болох Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны бүх шатны байгууллага, сургуулийн нийгмийн ажилтан, түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд өөр өөрийн үүрэг хариуцлагатай, энэ нь нийтийг хамарсан олон талт хамтын харилцаа болох талаар шийдвэрт үндэслэлтэй дүгнэжээ.

2.Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа аймгийн Боловсролын газрын саналыг авалгүйгээр, зөвхөн А.Н*******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон талаар мэдэгдсэн нь тухайн үед мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг зөрчсөн, мөн бодит байдалд Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль 2022 оны үйл ажиллагааны үнэлгээгээр 92.6, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын үнэлгээгээр 2021 оны 1 дүгээр улиралд 88.4, 2 дугаар улиралд 91.0, 2022 оны 1 дүгээр улиралд 88.4, 2 дугаар улиралд 90 хувиар тус тус үнэлэгдсэн, аймгийн хэмжээний ерөнхий боловсролын нийт 34 сургуулийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн үнэлгээгээр Улаан-Уул сумын сургууль индексийн түвшин 4, гүйцэтгэл 90 хувь, ур чадварын үнэлгээ 22.5, эдгээр үзүүлэлтийг бусад сургуулиудтай харьцуулж үзэхэд дунджаас дээш хувьтай, мөн сургуулиудын захирлын үр дүнгийн гэрээний үнэлгээгээр нэхэмжлэгч А.Н******* 88.4 буюу сайн, энэ нь нийт 34 сургуулийн захирлаас 13-рт эрэмбэлэгдэж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, төрийн албанаас халагдах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн шийдвэрийн 39-т дээрхээс бусад зөрчлүүдийг “…захирамжийн үндэслэл болоогүй байх тул хэрэгт хамааралгүй…” гэж дүгнэснийг хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа үгүйсгэж маргаагүй, иймд захирамжид заасан үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3.Мөн захирамжид Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-өөс гадна 48.1.1-ийг давхар баримталсан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг зэрэг ногдуулсан мэтээр бичигдсэн байгаагаас үзэхэд “эрх зүйн зөрчилтэй акт” гэж дүгнэснийг буруутгахгүй.

Захирамж хууль хэрэглээний хувьд алдаатай, сахилгын 2 шийтгэлийг давхардуулж ногдуулсан мэтээр бичигдсэн, халах шийтгэл нь тухайн зөрчлийн шинж байдалд нийцээгүй, түүнчлэн шийдвэр гаргах процессын хувьд зөрчилтэй болсон байна.

4.Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дундажлан тооцоход зөрүү гарч байгаа энэ тохиолдолд нэхэмжилсэн дүнгээр бус харин зохих журмын дагуу тооцож нөхөн олгохыг хариуцагчид даалгах агуулгаар шийдвэрлэх нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангасантайгаа нийцнэ.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, …” гэж заасны дагуу нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс бүрэн гүйцэт олгогдох ёстой.

5.Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт бичсэнээс тус тус үзэхэд хариуцагч Улаан-Уул сумын Засаг дарга Н.Б******* нь өмгөөлөгч Л.Ц*******ын хамт шүүх хуралдаанд оролцсон байх тул “…шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. 

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Боловсролын тухай хуульд заасны дагуу хариуцагч сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан, түүний ахалсан хүүхэд хамгааллын баг ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн харъяаллын тухайд нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэхээс үл хамааран төрийн үйлчилгээний удирдах албан хаагчийн энэ төрлийн төрийн албаны маргааныг захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэж байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 186 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “…7.683.923 /долоон сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, …” гэснийг “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж,” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                               З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                              Э.ЛХАГВАСҮРЭН